Хотын фракцаас салж чадахгүй бол МАН “будаа болно”

2013-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монголын нийгмийг муухай харагдуулж, бүх нийтийн бухимдлыг төрүүлж, хараалын үгийг барж байгаа хүчин зүйлийн хамгийн эхэнд  нийслэл хотын маань байдал ордог. Хөгшид нарлах, хүүхэд тоглох газаргүй, сургуулиуд сурагчдаа гаргаж суниалгах талбайгүй, өдрөөр өсч олширч байгаа “Төмөр цох”-нууд явах замгүй, зогсох зогсоолгүй болсон. Нийслэлийн дүүргүүдэд өмнө нь байсан, одоо байхгүй болсон  тэр олон  уужим саруул талбай, цэцэрлэгт хүрээлэн хаачсан бэ. Газрын наймаанд өртсөн. Улсын гэсэн нэртэй том үйлдвэрүүд, соёл гэгээрлийн төвүүд, ялангуяа хүүхдийн гэсэн тодотголтой төрийн өмч хаачсан бэ. Цөөн хэдэн хүний өмч болоод дууссан. Долоон буудалд хэдэн айлын хашаа байшин шатаж байна. Галын машин нэвтрэх боломжгүй тул гал сөнөөгчид холоос харж зогссоор, сор залах үзвэр болоод л дуусдаг. Замын түгжрэлээс болж алба, амины бүх ажил хэвийн явагдах нөхцөл алдагдаж, амар тайван ажиллаж амьдрах боломжгүй болсон. Энэ бүхэн үнэн. Малаа барсан иргэд хөдөөнөөс нүүж ирээд нийслэлийг ийм болгосон гэдэг. Энэ харин худал. Нүүж ирсэн байж болно. Нэгэнт нийслэлээ зориод ирсэн л бол тосч үйлчлэх төрийн үүрэг бий.

Тэр уүргээ нийслэлийн удирдлага биелүүлээгүй. Өнөөдөр бүхэлдээ айлын жорлон, муу усны нүх болсон Чингэлтэй хайрханыг төрийн хамгаалалтад авлаа гэж сүржигнэж байна. Энэ үнэн. Машин хэт олширсноос нийслэлийн гудамжинд  түгжрэл үүссэн  гэнэ. Энэ харин худал. Чөлөөт зах зээлийн хуулиар иргэд аминдаа машинтай болно гэдгийг эртнээс тооцож хот төлөвлөөгүй, газраа наймаалж дуусгасан. Энэ үнэн. Таван хүний нэг нь машин унаж, хэрэв хотынхон дүрвэн нүүх болвол цөмөөрөө амины унаандаа багтаад зугтахаар болсон. Машинтай болсон иргэдийн буруу гэж байхгүй. Энэ үнэн.

Харин хотын газар багадаж байна гэдэг нь худал. Дөрвөн уулын дунд, таван голын бэлчирт улсынхаа нийслэлийн шавыг тавьсан. “Хүн чулууны хөндий” бол дэлхийд ховорхон гоё хот босох ирээдүйтэй газар байсан. Энэ талбайгаас бараг хоёр дахин бага нутагтай, арав гаруй  сая хүнтэй, казиногийн төв Макао улсын нийслэл хот төлөвлөлт зохион байгуулалтаар дэлхийд тэргүүлдэг. Хорлонтой тоглоомыг нь хорхойсч сурсан манай баячууд хот төлөвлөлтийг нь сонирхсонгүй. 

Нийслэлд шинээр барихаар төлөвлөсөн амаржих газар, шүдний төв, дүүргийн түргэн тусламжийн салбарууд гээд эрүүл мэндийн үйлчилгээний олон барилга газар байхгүйгээс 4-5 жилээр хойшилсон. Улсын номын сандаа ч газар өгсөнгүй. Малаа бараад амьдрал хөөж нийслэлд ирсэн иргэд уулын орой, үерийн аман дээр бууж амьдралаа сүйрүүлж байхад нэг хэсэг нь жанжныхаа талбайд газар аваад Засгийн ордныг шахаж байна.

Богд уулыг нүхлэнэ, дүүжин гүүр хийнэ, давхар зам тавина, метро байгуулна, атомын цахилгаан станц босгоно, гэр хорооллыг хотоос гаргана, хүн амд цахилгаан галт тэргээр үйлчилдэг болно гээд Нийслэл хотын хэтийн хөгжлийн тухай олон сайхан үлгэрт  итгэж, иргэд горьдсоор өдий хүрсэн нь үнэн. Хог түүдэг хүмүүс, траншейныхан, тэнэмэл хүүхдүүд, архичид нийслэлийг муухай харагдуулж байгаа гэдэг харин худал. Тэдгээр хүмүүс бол нийгмийн үнэн нүүр царайг илчилж, та нараас болж бид ийм болсон шүү гэж нийслэлийн удирдлагад өдөр бүр сануулж байгаа иргэд олон нийтийн төлөөлөл юм. Овоо босгоогүй бол шаазгай хаана суухав, олон түмэндээ үйлчилж чадсан бол огт байгаагүй ядуу зүдүү хэсэг хаанаас үүсэх вэ.Траншейныхнаас өвлийн улиралд шөнөдөө 4-5 хүн нас бардаг. Хаяггүй, эзэнгүй шарилыг нь цагдаа нар л учрыг нь олдог гэж ярьж, бичиж байна. Цагдаа шарил зөөхөөр томилогдсон гэж үү. Ер нь нийслэл хотоо хүн амьдрах нөхцөлгүй болгочихоод зөрчил гарвал хэдэн цагдаагаа нохойд барьдаг мод мэт ашиглаж, хүч түрж зохицуулалт хийдэг болж байна.

Буух буйргүй, уух усгүй, суух сургуульгүй гэр хорооллынхонд хотын иргэний ухамсарын тухай яриад ч хэрэггүй. Харин сонгууль болоход л тэднийг мал биш, иргэний үнэмлэхтэй хүн гэдгийг санаж, бас нэлээдгүй хайртай болцгоож, юухан хээхнээр саналыг нь худалдаж авдаг. Энэ бүхний эцэст хэн ер нь нийслэлийг ийм болгочихов оо гэсэн асуулт гарна.  Сургууль 2-3 ээлжинд хичээллэж, цэцэрлэгийн насны хүүхдийн дөнгөж 25 хувь нь үйлчилгээнд хамрагдаж, ясли устсан байхад өөрсдөө болохоор тэнгэрт тулсан байшин бариулаад тансаглаж суугаа нийслэлийн удирдлага уу. Нийслэлийн захирагч байсан мөртлөө дүүргээс сонгогдож чадахгүй байгаа “Улаан хацарт” Ц.Батбаяр уу. Өөрийгөө мэдрээд сонгуулиас зугтсан  Ц.Мөнхбаяр уу. Тэгвэл аль нь ч биш, харин нийслэлийг ийм болгосон нь “Хотын фракц” юм.  Толгойлогч нь М.Энхболдыг  гэцгээдэг. Хотыг тэр хүн захирч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн экс сайд  Т.Бадамжунайг Ерөнхий менежер байхад  нэг талаас төрийн  өмч эзэнгүйдэж, нөгөө талаас газрын үнэ тэнгэрт хадаж сул олзны “алтан үе” эхэлсэн.  “Хотын фракц”-д М.Энхболд, Т.Бадамжунай нартай уутач, уургач нь болж ажиллаж, нийслэлийг одоогийн ийм байдалд хүргэсэн бүлэг хүмүүс бий. Тэд албан тушаал, авцаа өгцөөгөөр холбогдсон болохоор андгай тавьсан цусан барилдлагатай ахан дүүс гэнэ. Тийм байж болно. Тэгээд сайн ажиллаж, нийслэлээ хөгжүүлсэн бол хэлэх үг алга. Харамсалтай нь өөрсдөө баяжаад, тариалангийн талбайг иддэг царцаа мэт фракцаараа явж бүхнийг дийлдэг. Яг л царцааны нүүдэл бүтэн бугыг 15 минутад иддэг гэдэг шиг.

Тэд цөм “Ху” гаралтай намынхан. АН-хан дотор ч гар хөлтэй. Тэд болоод тэдний үе залгамжлагчид нийслэл хотыг завсарлагагүй 20 жил мөлжсөн, тэгээд хөлжсөн гэнэ.  Эгээ л хүзүү мэт эргүүлж мөлжсөн. Тэднийг олигархиуд гэнэ. Олигархийг нь тогтоох шалгуур алга. Нэрээ цэвэрлэх гээд өөрийн саналаар шалгуулдаг Н.Энхбаяр шиг хүмүүс тэд биш. “Ху” намынхан тус фракцаас айна. Тиймээс М.Энхболдыг заавал дарга болгоно. Тэдэнд “Ху” намын мөнгөний хүүдий, нэг ёсондоо даллагын уут нь байдаг. Тэд намдаа ч хандив өгнө. Намын дарга нартаа ч хандив өгнө. Н.Багабандид хандив өргөсөн гэж дуулаагүй. Харин С.Баяр, У.Хүрэлсүх цөм л тэднээс хандив авч намаа ч, өөрсдийгөө ч борлуулсан гэж үздэг гэнэ. С.Баяр яагаад гэнэт баяжив гэвэл “Хотын фракц”-ынхны ивээлээр гэсэн бэлэн хариулт сонсоно.

Харин “Хотын фракц”  гэж ёстой л дарагддаггүй том хөзөртэй “маас”  гэдэг шиг арваад жил болж,  толгойлогч М.Энхболд нь Ерөнхий сайд ч болж үзлээ. Шадар сайдын албан тушаалаас  бол бараг салсангүй. Түүний эрхэлдэг ажил нь бас их таатай. Баяр наадам, эсвэл гамшиг осол. Наадам болвол ноён мэт малилзаж харагдана. Гамшиг болвол их буянтай тэгээд баян мэт юм тарааж харагдана. Хийх ёстой урьдчилан сэргийлэх ажлаа орхисноос хүний амь осолдох, эсвэл Онцгойхон түлэгдэж амь алдах нь түүнд падгүй. Монголын хүүхдийн хөгжлийг тэр хариуцдаг. Чухам ямар ажил хийдгийг нь хэн ч мэдэхгүй.

“Элсний-13” гэж нэг илүү зантай “новшнууд”  нийлж түүнийг Ерөнхий сайдаас ховхлоогүйсэн бол “Хотын фракц” өдийд Ерөнхийлөгчтэй болчих байсан. Тэд өс авах мэргэжилтэй. Фракцаас урваснаас болж ажил, албагүй болсон хүн ч зөндөө  юм билээ.  “Хотын фракц”-тай муудсан Н.Энхбаяр яаж нийслэлээс сонгогдох юм бэ. Шоронд орсон нь ч бас тэдний тавьсан зангатай холбоотой байсан гэлцдэг. Мөнгөтэй, эрх мэдэлтэй “Хотын фракц”-аас “Ху” гаралтай намынхан, одоо бол МАН-хан бүгд сүүлээ хавчина. “Равсал панзын гар урт” гэдэг шиг тэдний төлөөлөлгүй яам, тамга, агентлаг, аймаг хот, ТВ, сонин сэтгүүл гэж үгүй. “Хотын фракц” гэж их ярьдаг ч тэдний үнэнийг бичих сонин сэтгүүл, үзүүлэх телевиз байхгүй.

М.Энхболдын үнэнийг улайтал хэлсэн УИХ-ын гишүүн, сайд асан Н.Болормаа алба ажилгүй таван жил болоод одоо цагаачлах   тухай ярьж явна.Туршлагатай, тууштай улс төрч гэгддэг Ц.Шаравдорж, Т,Очирхүү, Д.Одбаяр гээд “Элсний”-хэн цөм жийгдсэн. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар  МАХН-д үлдэж, Д.Арвин урвасан.

Юм бүхэнд хугацаа бий. Сүүлийн үед “Хотын фракц”-ын тар танигдаж, ганц нам дотроо ч биш, Монголын нийгэмд тэднээс салахын төлөөх уур амьсгал бий болж эхэллээ. Нийслэлийн сонгуулийн тойрог, хэсэгт өөрийн сүлжээтэй, амархан олсон мөнгөөрөө санал худалдаж авч гаршсан “Хотын фракц”  өнгөрсөн сонгуулиар   юу болсныг харъя л даа.  “Элсний -13”-ын хүчинд гарч ирээд “Хотын фракц”-ыг түшиж өндийсөн С.Баяр нь улс төрөөс зугтах болов.  Ц.Мөнхбаяр хэрээ мэдээд УИХ-д өрсөлдсөнгүй. Т.Бадамжунай нь нэгдүгээрт,  тариалангийн бизнесээ бодоод, хоёрдугаарт,  муу нэртэйгээ мэдээд Архангай руу явсангүй.  “Улаан хацарт” нь Хан-Уулд уначихав. Түүнд, энэ фракцид хамаагүй хүн болох гэж оролдсон шанг нь өгч байгаа нь тэр. Урд нь Сүхбаатар дүүргийг бусниулсан Ц.Цогзолмаа нь АН-ханд мад тавиулсан.    Э.Бат-Үүлийн баг гээч “балагтай” юм гарч ирж  Нийслэлийн сонгуулийг нь будаа болгож, “Хотын фракц”-ыг хоолноос нь салгачихлаа. МАН-хан бага хурал гээчийгээ хийж дайнд явах гэж байгаа юм шиг 30  хүнтэй Удирдах зөвлөл байгуулахад “Хотын фракц”-аас М.Энхболдоо дагаж Т.Бадамжунай, Б.Ундармаа нарын хэдхэн хүн сонгогдсон гэж намынхан нь ярьж байна. Гэхдээ Ерөнхий нарийн бичгийн дарга  болсон Г.Занданшатарын хувьд  Т.Бадамжунай, У.Хүрэлсүх хоёртой 14 сая төгрөгөөр казинодсон, тэдний гар хөл гэдгийг Монголын нийгэм мар­таагүй. “Хотын фракци” нийслэлийг муухай харагддаг болгосон шигээ, МАН-ын муу нэр дуулах гол нөхцлийг бүрдүүлж ирсэн нь одоо л тодорч байна. Ер нь Улаанбаатар хотын сонгуульд нийслэлийнхний өгдөг санал улам бүр буурсны учир энэ. Үнэг залиараа гайхуулна. Хавханд орохоор нь үнэгийг ялна гэж мэргэн үг бий. Ямартаа ч гэсэн энэ  фракциас Монголын нийгэм салах тийшээ хандаж байна. Ингэж чадвал нийслэл төдийгүй нийгэм цэвэршиж таарна.

 Х.Баттулга, Э.Бат-Үүл нар  гар нийлж  тэдэнтэй хариуцлага тооцож чадах болов уу. Тэд өөрсдөө зориглон хөдөлбөл нийслэлийн иргэд дэмжихэд бэлэн байгаа. Яах бол, юунаас эхлэх бол гэж Монголын нийгэм харж байна. Нийслэл хот нийгмийн бухимдлын хонхор болсныг яаж өөрчлөх вэ. Нийслэлийг ийм болгосон эзэд нь харин цөм амьд сэрүүн, авцаа өгцөөгөө тооцож яваа. Гилбэлзэж яваа тэднийг дарж чадвал “Хотын фракц” одоо  сульдсан байна. МАН- хан сая Бага хурлаараа сонгуулийн дүнг ярьж, дарга нартаа хариуцлага тооцсон хэмээн ярьж буй ч үнэндээ бол “Хотын фракц”-аас салгаж өгсөн АН болон ард түмэнд баярласан сурагтай. Тэднийг цэвэрлээгүй байхад намын шинэчлэл гэж яриад ч нэмэргүй. Албан тушаалгүйгээр амьдарч чадахаа байсан тэд харин амархан урваж, дахиад Э.Бат-Үүл тэргүүтэй фракц байгуулахсан гэж бодож суугаа байж магадгүй. Улаанбаатар маань Азийн цагаан дагина биш, луйварчдын гарт орж амаа скочдуулаад байгаа бүсгүй мэт болсон нь үнэн. “Хотын фракц”-ынхан хотоо алдсан нь бас үнэн. Тэгсэн атлаа МАН-ыг авахаар явуулга хийж байгааг нь ч тааж ядах юмгүй, бас л үнэн.

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Уржигдар 14 цаг 12 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Уржигдар 14 цаг 04 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08