
Баярын їеэр дэмбээ, хуруу, найрын дууны аваргаа шалгаруулахын зэрэгцээ хамгийн сайхан айраг, сайхан морь, эд хэрэглэл, эртний хєхїїрийг шалгаруулдаг уламжлалтай
Т.БАТСАЙХАН, Э.ОРХОНСҮРЭН
Их хаадын Өлгий болсон Архангай аймгийн Хотонт сум Улаанбаатараас 400 гаруй км зайд бий. Уйгарын хаант улсын нийслэл байсан Хар балгас, Дойтын толгойн туурь, Дөрвөлжингийн амны туурь, Эрдэнэ уулын хадны зураг гээд энэ л нутагт эртний дурсгалт газар олон. Тиймээс нутгийн зон Их хаадын өлгий хэмээн нутаг усаа өргөмжлөн ярьдаг. Хотонт уулаа түшиглэн аж төрөх энэ зоныг алдаршуулдаг бас нэгэн зүйл бий. Тэр нь айраг хэмээх ундаа. Архангайн Хотонтын айраг гэхээр улс даяар андахгүй. Арга ч үгүй юм. Өгөөдэй хаан энэ газарт айраг идээнийхээ хөрөнгийг исгэн хүртдэг байсан түүхтэй. Авчирч уух биш очиж уувал илүү ид шидтэй гэх энэ ундаагаа нутгийнхан үе дамжин исгэж, түмэн олондоо хүртээсээр ирсэн. Сүүлийн үед Өгөөдэй хааныхаа хүртэж байсан идээний хөрөнгөд хүндэтгэл үзүүлэн, өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хадгалж үлдэх зорилгоор айрагны баяр зохион байгуулдаг болжээ. Энэ жилийнх энэ сарын 13-нд Хотонт уулын өвөр, Орхоны хөндийд тохиолоо. Эртнээсээ адууч ард түмэн буман сүргийнхээ захад, гоё ганган морьдоороо гангарч, ид шидтэй ундаандаа халгин цалгин нэгэн өдрийг баярлаж өнгөрүүлэв. Хотонтынхон уралдаж, хуруудаж дэмбээдэж айргаа ууна. Ногт чөдөр зангидаж, найрын дуугаа уянгалуулан айргаа хүртлээ. Хөхүүр дэх айраг исэж, тэр нь дуусаж дундрана ч гэж үгүй. Айрагны баяр гэдэг аргагүй сайхан юм. Айраг адуу хоёр ч монгол түмний ааг омогшлыг ямар их бадраадгийг энэ баяраас харж болохоор байв.
Баярын үеэр дэмбээ, хуруу, найрын дууны аваргаа шалгаруулахын зэрэгцээ хамгийн сайхан айраг, сайхан морь, эд хэрэглэл, эртний хөхүүрийг шалгаруулдаг уламжлалтай. Айл айлын айраг өөрийн гэсэн онцлог үнэр амттай. Мөн амьтай мэт исэх исэхгүй, ээдэж, ааш гаргах нь ч бий. Тиймээс айрагны баяраар хамгийн сайхан иссэн айргийг шалгаруулж ирсэн зочдыг дайлдаг юм байна. Энэхүү тэмцээнд оролцож гурван удаа түрүүлсэн Хотонт сумын малчин Г.Гүндэгмаа “Манайх энэ жил 20 гаруй гүү барьсан. Өдөрт 50-80 литр айраг исгэдэг. Энэ удаагийн айрагны баярт 120 литр айрагтай ирлээ. Айраг сайхан исэхэд хамгийн чухал нь бүлэлт. Тэр дундаа хөхүүрт исгэсэн айраг их сайхан. Жил бүр шилдэг айраг шалгууруулж байгаа нь бидэнд маш их урам өгдөг” хэмээлээ. Мөн охин дааганы уралдаан хүмүүсийн сонирхлыг татаж байлаа. Очсон зочид охин даага уралдуулж байгаад ихэд гайхаж байсан. Гэхдээ энэ уралдаан их учир утгатай ажээ. Өгөөдэй хааны үед түрүү магнайд ирсэн гүүнээс идээний сайн нь гарч, адууны шандас нь “төрдөг” хэмээн үздэг байж. Тиймээс охин даага уралдуулж адууны сайныг шалгаруулдаг байжээ. Айраг хэмээх ундааны амт чанарыг нь зуун зуун дамжин хадгалж ирсэн Хотонтынхон охин даага уралдуулдаг уламжлалыг ч түүчээлэн авч үлдэхээр шийдсэн нь энэ юм.
Мөн хүмүүсийн дунд мартагдах дөхсөн хуруу, дэмбээ, хөхүүр, ногт чөдөр зангидах зан үйл ч айрагны баярын үеэр сэргэж, ”Монгол түмэн ийм сайхан уламжлалтай шүү” гэдгийг батлан харуулж байлаа. Энэхүү уур амьсгалыг айрагны баяр үзсэн хүмүүсийн сэтгэгдэл, аливаад хандах хандлагаас харж болохоор байв. Нарны шил зүүж, пүүз шорт өмссөн хотын ганган залуу сур барьж ногт чөдөр зангидаж сурахыг хичээнэ. Дөрөв таван настай болов уу гэмээр хөвгүүн дэмбээ сурахаар хуруугаа нууж, гаргана. Айраг баярын ач холбогдлыг хамгийн энгийнээр тайлж харахад ийм байв.
Баярын үеэр Хотонт сумын Засаг дарга Д.Батбаатарын сэтгэгдлийг сонссон юм. Тэрээр “ Манай сум Орхоны хөндийг дагасан уулынхаа баруун энгэрт байрладаг. Эртний домогт Орхоны хөндийг даган нутаглаж байсан Өгөөдэй тэргүүтэй олон хаадын айргийг манай суманд хийж түгээдэг байсан гэж ярьдаг. Тэр үеэс өвлөж ирсэн айрагны хөрөнгө одоо ч хадгалагдан үлдсэн. Тиймээс бид энэ сайхан уламжлал үүх түүхтэй түшиглэн жил бүр баяр хийхээр боллоо. Булган, Дундговь аймгийг сайхан айрагтай гэж ярьдаг. Гэвч айрагны анхны хөрөнгийг тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр Булган аймгийн Сайхан, Дорноговь аймгийн Эрдэнэдалай сумаас ирж хөрөнгө залаад явдаг. Тэр утгаараа манай сум Монголын хамгийн сайхан айрагны хөрөнгийг авч үлдсэн газар даа” хэмээв. Үнэхээр Хотонт сум Монголын айрагны өлгий нутаг ажээ. Үүнийг нь олон зүйл баталж байна. Айрагны өлгий нутагт ирсэн болохоор айраг гэдэг үгний утгыг тайлахаар сонирхов. Энэ үгийн талаар “Монхангай” группын зөвлөх С.Сэргэлэнгээс асуулаа. Тэрээр энэ нутгийн хүү бөгөөд айрагны баярыг олон улсын баяр болгох нууцхан мөрөөдөлтэй явдаг нэгэн. Айраг гэдэг Хотонтоос гарсан үг ажээ. Хархоринд хот бий болоход хотын иргэдийг цагаан идээгээр хангадаг хүмүүс нь Хотонтынхон байсан гэнэ. Өгөөдэй хаан “Миний эцгийн байгуулсан энэ улсын иргэд цангаж өлсөх учиргүй” гэж хэлсэн байдаг. Ингээд зүг зүгээс түмэн гүү авчирч цэгээ /айраг/ гаргадаг байжээ. Цэгээг гаргаж авдаг байсан газрыг айраг гэж нэрлэдэг байжээ. Тэгэхээр айраг идээ ундааны нэр биш айраг хийдэг газрынх нэр байсан аж. Ийнхүү энэ ундаа он цагийн аясад цэгээ нэрээ гээж айраг болсон түүхтэй ажээ.
Мөн айрагны баярын үеэр эртний эдлэлийн үзэсгэлэн олны хүртээл болов. Эмээл хазаар, алт мөнгөн аяга, аварга том айрагны хулнууд үзэгчдийн нүдийг хужирлав. Үзэсгэлэнгийн эмээл хазаар нь ур хийцээсээ хамааран 50-80 сая төгрөгийн үнэтэй байв. Эртний эдлэл цуглуулагч А.Саруулболд “Хотонт айраг, адууны нутаг. Энэ хоёр зүйлтэй холбоотой эд эдлэлүүд энэ нутагт олон бий. Монгол дарханы ур хийц улам л нарийн болж байна. Техник технологи манай салбарт ч их нарийн болсон. Гэхдээ мэдээж эртний эд гэдэг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй” хэмээв. Хотонтын мянгат малчин Б.Лхагважирт Халхад ганцхан байдаг хийцтэй эмээл бий гэнэ. Түүгээрээ ч энэ жилийн айрагны баярт оролцож, хамгийн сайхан морины хэрэглэлээр шалгарсан юм.
Айрагны баярын тайзны голд үхэр тэрэг байна. Номхон дөнжин шарыг түүнд дөрлөжээ. Яг л ийм хөсгөөр нүүдэлчин ард саяхныг хүртэл нутаг сэлгэн буудаг байлаа. Харин одоо энэ тэрэг моторт хүлгээр солигдон нэгэнт цагаа илээсэн мэт санагдана. Гэсэн баярт ирсэн хүмүүс түүнийг тойрон хүрээлж, зургаа авахуулан удаан уулзаагүй танилтай таарсан мэт баяртай байв. Энэ нь бид өв соёлоо мартаагүй, санаж үгүйлж байдгийг харуулах мэт санагдав. Ийнхүү айраг, ардын дуугаар сэтгэлээ сэргээж, өв уламжлалаараа гайхуулсан “Айрагны баяр” нэгэн өдрийн мандах нартай зэрэгцэн эхэлж, шингэх нартай уралдан өндөрлөлөө. Их хаадын өлгий нутаг Хотонт сум Хотонт уулынхаа хормойд бараантан хоцров.
Хотонтынхон Єгєєдэй хааны хїртэж байсан айрагны хєрєнгєд хїндэтгэл їзїїлэн, єв соёлоо тїгээн дэлгэрїїлж, хадгалж їлдэх зорилгоор айрагны баяр зохион байгууллаа
Їзэсгэлэнд оролцсон эмээл хазаар хосоороо ур хийцээсээ хамаарч 50-80 сая тєгрєгийн їнэтэй байв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин