Ж.ЦОГ
Хүүхэлдэйгээ хувцаслаж, унтуулж, өлгийдөж өсөөгүй охин хүүхэд гэж үгүй байх. Гэхдээ эмэгтэй хүүхэд болгон барбиг сонирхдог гэвэл бас үгүй. Үнэндээ хүүхдүүд яг л өөртэйгөө адилхан бяцхан гүнжээр “тоглохыг” хүсдэг байж мэдэх билээ.
Нэгэн цагт Америкт барбинаас өөр охидын тоглоом байсангүй. Найман настай охин яг л өөр шиг нь өхөөрдөм “найз”-тай болохыг хүсээд байдаг, гэтэл дэлгүүрийн лангуун дээр нас бие гүйцсэн бүсгүй хүнийг санагдуулам хүүхэлдэйнүүд өрөөстэй. Энэ бол АНУ-ын хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлд эзнээ хүлээсэн орон зай байжээ.
Энэ зайг нөхөх нэгэн гайхалтай санааг олсон хүн бол Плисант Роуланд байв. Роуланд 1941 оны гуравдугаар сарын 8-нд АНУ-д мэндэлжээ.
Тэрээр 1986 онд өөрийн хүүхэлдэйн үйлдвэрлэлээ “Pleasant Company” нэрээр эхэлсэн юм. Түүний үйлдвэрлэсэн хүүхэлдэйнүүд ердөө л 8-12 насныхныг санагдуулна. Тэгээд болоогүй, хүүхэлдэй бүр өөрийн номтой. Нүд, арьсны өнгөөрөө ялгаатай энэ бүтээлүүд бүгд АНУ-ын үндэстнүүдийн аль нэг түүхийг өөртөө шингээжээ. Энэ түүхээ тэд номоороо дамжуулан хүүхдүүдтэй хуваалцахыг зорьсон нь бүр ч илүү сонирхолтой.
Тэдний хувцас, хэрэглэл, гоёл чимэг нь аль ч дэлгүүрийн лангуун дээрх барбинуудыг хол орхихоор өвөрмөц, дахин давтагдашгүй. Нэг үгээр хэлбэл, эдгээр хүүхэлдэйг Роуланд өөрийн гараар урладаг болохоор үйлдвэрийн нэг загварын “талх” шиг биш юм.
Тиймдээ ч түүний бизнес АНУ-ын тоглоомын шилдэг үйлдвэрлэлийн зах зээлд олгодог шагналыг найман удаа хүртсэн байна. Тийм ч учраас энэ хүүхэлдэй нь асар их эрэлттэй, үнэтэй бүтээгдэхүүнд тооцогддог аж.

Хүүхэлдэйнүүд 46 см өндөртэй. Тэгэхээр тийм ч жижигхэн эд биш. Найман нас хүрсэн охид бүр хүүхэлдэйнхээ номыг уншиж, түүний үндэс угсаа, амьдралын гайхамшигтай түүхээр аялна. Магадгүй бүр боолчлолын системийн үед амьдарч байсан өнгөт арьс охиныг төлөөлсөн хүүхэлдэй хүүхдэд өнгөрсөн үеийн бараан бас гунигтай түүхийг олж мэдэх цонх болох билээ. Ялангуяа, тухайн үед хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдээр хэрхэн боолчилж байсныг, дайн дажин хүний нийгэмд хэрхэн нөлөөлснийг хүүхдүүд өөрийнхөө хэмжээнд хүүхэлдэйгээрээ дамжуулан ойлгож авахад тустай.
1995 онд Роуланд бүтээгдэхүүнээ “Америк охин” хэмээн нэрлэж байсан бол 2006 оноос эхлэн “Би яг чамтай адилхан” гэж өөрчилсөн. Үүний дараа 2010 онд “Миний америк охин”, 2015 онд “Жинхэнэ би” гэх зэргээр хүүхэлдэйнхээ нэрийг өөрчилж байжээ.
Өнгөрсөн хугацаанд тэрээр 77 төрлийн үндэстэн ястныг харуулсан хүүхэлдэй урласан байна. Хүүхэлдэй болгон давтагдашгүй чанарыг агуулахаас гадна, нүд, арьс, үсний өнгө нь ч ялгаатай. Түүгээр ч зогсохгүй 2009 онд орон гэргүй Гвен хэмээх нэртэй хүүхэлдэйг цөөн тоогоор гаргаж, түүний түүх бүхий номыг худалдаанд гаргасан нь ихээхэн шуугиан тарьж байсан юм.

2014 оны арванхоёрдугаар сард тус хүүхэлдэйнүүдийн үнэ хэт өндөр байна гэсэн шүүмжлэл гарч байв. Учир нь хүүхэлдэйн хувцас болон хэрэглэлийг харгалзахгүйгээр зөвхөн өөрийнх нь үнэ 115 ам.доллар байсан юм. Тэгэхээр худалдан авагчид энэхүү хүүхэлдэйн хувцас, хэрэглэл, номыг бүрнээр нь авахын тулд 600 ам.доллар зарцуулах хэрэгтэй болж байсан юм.
“Pleasant Company” компаниас жил бүр 500 мянган ам.долларыг орон гэргүй хүмүүсийн амьжиргааг сайжруулах сайн дурын үйлсэд зориулдаг аж. Америк хүүхэлдэй 2001 онд дэлхий даяар 350 сая ам.долларын борлуулалт хийгдсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn