Цээнзэнгийн ГАЛБАДРАХ
Хээр талд дэрсэн далай долгилно. Дэрсэн далай дундуур жижигхэн цоохор морьтой хүн цогиулж явна. Яаруу яваа нь илэрхий. Байдгаараа бөхийж жолоо цулбууртай гараа урагш савчин урт тэнзэн ташуураа мориныхоо бүдүүн гуян дээр байн байн зөөлхөн буулгана.
“Цаг болох нь. Багш ямар хайрхан болж төрөө бол. Хүний заяанд эргэж төрөх гэж яарч байгаа даа”. Тэр өөрийн мэдэлгүй амандаа ийн шивнэх авай.
…Балгар Өршөө багштанд шавилаад хэчнээн ч жил болсон юм бэ дээ. Аав нь анх таван настай хүүгээ дагуулан багшийнд нь очиж байснаас хойш даруй нэгэн жаран улиран оджээ. Тэгэхээр бүтэн жарныг багшдаа шавилж элээсэн гэсэн үг.
Өршөө багш нутаг нуга, дэнж дэвсгийн олныхоо хайр хүндлэлийг цуглуулсан хувилгаан шидэт, ухаан төгс, өглөг нүнжигтэй эрдэмт буурал. Бие сэтгэл, билэг ерөөлөө бултад зориулж, нэгэн насаараа ном буяны мөр хөөсөн гэгээн хүн.
Хол ойрын улс амьтан тэдний рүү цаг үргэлж цуваастай. Золгоно. Мэнд мэднэ. Мэргэ төлгө тавиулна. Элдэв үйл хэргийнхээ зам мөрийг тэгшлүүлж, хийморио сэргээнэ. Дөрвөн улирлын хэмнэл, хөдөлгөөн дунд аянчин гийчний хөл тэднийхээс тасрах гэж үгүй.
Ижий ааваас хайрласан Цэрэндоёддорж гэж унаган нэрийг нь эдүгээ өөрөөс нь өөр мэддэг хүн байдаг сан уу, үгүй юү, бүү мэд. Амтай бүгд “Өршөө багш” хэмээн авгайлан дуудаж, асрал хүндлэл үзүүлэх. Тангад төвд таван хэлийн хүн амьтны өршөөл авралын тэнгэр, өглөг буяны даллага болсоор ирснийх нь том, тод тусгал нь дээрх өргөмжит алдар.
Өршөө багшийн ухаан санаа саруул цэлмэг ч бие лагшин нь тэнхээрхэх болсонд ус гол, хотол хошуугаараа их багагүй санаа зовцгоох болсоор хоёр гурван оны нүүр үзэж буй.
Нар хайлмагтсан дулаан шаргал нэг өдөр хэн хэндээ өмөг түшиг болж, олон жил айл аймаг явсан Балгарыг Өршөө багштан дуудуулав. Салхи савиргүйд, гэрийн яндангийн хөнгөн цэнхэр утаа хаяагаар суунаглаж нялуурсан үдэш Балгар багшийндаа явж орлоо. Олон хоног хэвтсэнээс бие нь ядарч нялхарсан өвгөн багш түүний орж ирэх чимээнээр “Ойрт” гэж дуулдах төдий шивнэн хажуудаа суулгаад нэг хэсэг дуугаа хураав. Багшийнхаа юу хэлэхийг хүлээж ядсан Балгарыг чихээ аманд нь ойртуулвал Өршөө багш хүч муутайгаар хоолойгоо засан аядсанаа үгээ хоёр нэгээр зөөж:
-За, Бал...гар минь, чамд аминчилж захих…, захих ч гэж дээ… гуйх зүйл байна гэлээ.
-Юу тэр вэ, багш аа.
-Энэ уяхан замбуутивд хүмүүн төрлийг олж төрнө гэдэг дээдийн заяа. Гэвч дур зоргоороо, санасан хүссэнээрээ хүн болж төрдөггүй юм байна… Энэ бие минь ханан гэрээсээ холдож хадан гэртээ очих цаг ойртлоо… Наян жилийн нар, салхи үзлээ…Боллоо доо… Өтөл намайг лус таалжээ… Ирэх төрөлдөө би… могой…, могой болж төрнө…
Ийм үг сонсоно чинээ огтоос санаагүй суусан Балгар цочиж:
-Аан… хэмээн чангаар хэлсэндээ сандран амаа жимийв.
-Тээгийн эхэнд хэсэг бөөн цагаан дэрс байдаг даа.
-За, тийм багш аа.
-Ямар ч гантай жил… тэр хэдэн дэрс эхэлж ногоордгийг хэн хүнгүй мэднэ... Тэнд… тэнд би могой болж төрнө. Харин…, харин багш нь могой баймааргүй байна. Эргэж хүн болж… төрмөөр байна… Чи… могой жилийн... могой сарын... могой өдрийн... могой цагт тэнд очоорой…
-За, багш аа.
-Тэнд багш нь могой болж төрсөн байна… Харин чи… түүнийг үг дуугүй цавчиж хороо...гоо...рой…
Балгар дахиад л давхийн цочиж буруу юм сонсов уу энэ чинь гэсэн шиг нүдээ том болгоод хоёр гараа духандаа авчирч хавсран наминчилж:
-Ээ бурхан минь, нүгэл байгаа даа... Багштан минь юу айлдана вэ хэмээн хоолой чичрүүлэн шивэгнэв.
-Айх, гайхах хэрэггүй ээ… Багш нь чамаас аминчлан гуйж байна… Чамаас өөр миний гуйлтыг биелүүлж чадах итгэлтэй хүн энэ хавьд байхгүй… Могойн төрлөөсөө эргээд хүн болж төрөх юм, би…ойлгов уу…, Балгар аа.
-За, багш аа.
Өршөө багштан дахиад ам нээсэнгүй. Балгар руу удаан гэгч нь тогтон харснаа нүдээ алгуурхан анилаа. Энэ бол Өршөө багшийнх нь сүүлчийн захиас гуйлт байсан агаад тэр шөнөө тэнгэрт дэвшсэн болой.
…Балгар газар дээр заяасан ганц багшийнхаа сүүлчийн хүсэлтийг гүйцэлдүүлэхээр яаравчилж яваа нь энэ.
“Өнөөдөр чинь зуны тэргүүн, могой сарын шинийн арван таван. Багшийн хэлсэн могой өдөр өнөөдөр тохиодог нь цаанаа л учиртай”. Балгар ийн бодсоноо багшийнхаа зааснаар нөгөө хэсэг бөөн цагаан дэрсэнд дөхөж очив. Хавраар бороошиж, цаг эрт дэлгэрснийх эндхийн дэрс жил жилээс онцгой сайхан ургажээ.
“…За байз, хаахнуур нь байгаа юм бол доо”…
Дэрс болгоны үндэс ёроол руу нүд гүйлгэн харав. Захын, сондгой ганц дэрсний дэргэд юм хөдлөх шиг. Тэрхэн зуурт бие нь зарсхийсэн ч тогтож харвал “ээ бурхан минь, лам гурван эрдэнэ минь” нэгэн урт, суман хайрхан толгойгоо цогнойлгон ширтэж байх нь тэр. “Таньж байна уу. Би багш чинь байна” гэсэн шиг элэг цагаан, гөлгөр хайрсан биеэ наранд гялалзуулан мушгирав.
Балгар морьтой хөшөө аятай хэсэг алмайран харж зогстол мөнөөх могой толгойгоо ийш тийш хөдөлгөн хэлээ гозгонуулж, сүүлээрээ газар ороолгоод авлаа.
“Юуг нь харсан юм. Хурдал гэж байгаа юм болов уу”.
Балгар мориноосоо яаравчлан бууж цулбуурынхаа үзүүрээр тушингаа тэр зүгт өөрийн эрхгүй харц чулуудлаа. Могой цээж толгойгоо өндөр өргөн эвхэрч, сүүлээрээ газар алгадан цамнаж харагдана.
“Их яарч байгаа бололтой. Шалавхан ирээд цавчаад өгөөч гэж байж ядаж байгаагаас зайлахгүй”. Бодолтойгоо уралдан гар нь ганзагалаатай богцноос хангинуур сүхээ сугалан могойн зүг эргэлээ. Харахнаа нь хөрвөөж ч байх шиг, бүжиглэж ч байх шиг эвхрэлдэнэ.
“Марталгүй санаад ирсэнд минь баярлаад байх шиг байна. Очоод шууд л цавчья” хэмээн хангинуураа далайн алхаагаа түргэсгэвэл могой мөргөх мэт толгойгоо газар руу хоёр гурвантаа хатгаснаа дэрсний ёроолын нүх рүү алавхийн шургаж, далд орлоо.
Балгар гайхан зогтусав. “Яагаад нүх рүү орчихов”. “Биш байсан юм болов уу”. “Яг л мөн дөө, урьд нь хүн харсан могой хэзээ ингэж байлаа. Шууд л зугтан гулгадаг шүү дээ”. “Хачин юм даа”.
Хэсэг зуур учраа олохоо байж гайхширсан Балгар “багш могойн” байсан газар руу харвал эрээчиж сараачсан үй түмэн зураас үзэгдэв. Сайн ажвал төдхөнөө нөгөө зураасууд үг болж хувирах нь тэр.
-Амь өршөө, шавь минь. Амьтан бүхэн төрсөн төрөлдөө хайртай байдаг юм байна. Багш нь могой баймаар байна” гэсэн бичээс дэрсний дэргэд, Балгарын нүдний өмнө тодоос тод гэрэлтэн харагдаж байлаа.