Ким Юн Хун: Зүрхний хэм алдагдалтай өвчтөнүүдэд аппарат тавина

2014-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

БНСУ-ын “Анам” эмнэлгийн эмч нар манай улсад ирж, амьдралын боломж тааруу, яаралтай эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдэд зүрхний хэм алдалтыг эмчлэх  аппарат суулгахаар болжээ.  Энэ тухай Кореа их сургуулийн эмнэлгүүдийн ерөнхийлөгч, Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Солонгос улсын Зүрхний хэм алдагдлын холбооны ерөнхийлөгч Ким Юн Хунтай ярилцлаа. 

-“Анам” эмнэлгийн эмч нар энэ удаа хэчнээн хүнд ямар эмчилгээ хийх вэ?

-Манай Кореа их сургуулийн “Анам” эмнэлгийн Зүрх судасны төв, Монгол Улсад хэд хэдэн төсөл хэрэгжүүлдэг. Эдгээр төслөө бид энэ жил дахин өргөтгөж, зүрхний хэм алдагдалтай өвчтөнүүдэд зүрхний хэмийг нь удирддаг пейсмейкерын аппарат тавьж эмчилгээ хийхээр  болсон. Энэ удаа бид  дөрвөн өвчтөнд  пейсмейкерын  аппарат тавина.

-Эхний удаа амьдралын боломж тааруу өвчтөнүүдийг сонгож авсан гэж байсан. Энэ талаар?

-Зүрхний хэм цөөрсөн өвчтөнүүдийн цорын ганц үр дүнтэй эмчилгээ нь пейсмейкерын аппарат тавьж, зүрхний хэмийг удирдах юм. Бид өмнө нь Монголд үзлэгээр ирэхэд пейсмейкерын эмчилгээ зайлшгүй шаардлагатай боловч санхүүгийн боломжоос болоод эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа өвчтөнүүдтэй их тааралдсан. Пейсмейкер эмчилгээг хийхэд туршлагажсан эмч, аппаратын үйл ажиллагааг хянах эрүүл мэндийн мэргэжилтэнүүд, сүүлийн үеийн чанартай технологи их чухал. Тиймээс бид шаардлагатай өвчтөнүүдэд Монгол эмч нарын багтай хамтран пейсмейкерын аппарат тавьж, өмнө нь Солонгост манай эмнэлэгт пейсмейкер тавиулсан өвчтөнүүдээ бас хянаж, тэдгээрийн аппарат ердийн ажиллагаатай байгаа эсэхийг нь  шалгах юм. 

-Зүрхний хэм алдалтыг аппаратаар удирдана гэхээр цээжин дотор уг аппаратыг суулгана гэсэн үг үү.  Эмчилгээ болон аппаратын талаар тодорхой ойлголт өгөөч?

-Пейсмейкер гэдэг нь цээжний хананд байрлуулдаг бага оврын цахилгаан машин юм. Энэ машин нь цахилгааны утсаар зүрхэнд байрлуулсан цахилгаан дамжуулагчтай холбоотой байдаг. Зүрхтэй холбосон дамжуулагчийн тусламжтайгаар зүрхний үйл ажиллагааг хянаж, зүрхний цохилтын тоо хэт цөөрсөн тохиолдолд пейсмейкер идэвхижнэ. Уг аппарат  идэвхижиж, цахилгаан импульс гарган зүрхний хэмийг тогтворжуулдаг. Үүний дүнд пейсмейкерын аппарат нь зүрхний хэмийг тогтворжуулж, өвчтөний амь насыг авардаг. Зүрхний хэм цөөрснөөр ядарч сульдах, толгой эргэх,  амьсгал давчдах, ухаан балартах шинж тэмдэг илэрдэг өвчтөнүүдэд пейсмейкерын аппарат суулгах эмчилгээ нь  илүү үр дүнтэй эмчилгээ болдог.  

-Өмнө нь энэ төрлийн эмчилгээг Монголд хийж байсан уу. Хагалгаанд орох өвчтөнүүдээ хаанаас сонгож авсан бэ?

-Монголд өмнө нь  энэ эмчилгээг П.Н.Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч нар хийж байсан боловч пейсмейкерын аппарат нь нэгдүгээрт, өндөр үнэтэй, хоёрт, олдоц муу учраас амьдралын боломж тааруу, энэхүү аппарат зайлшгүй шаардлагатай өвчтөнүүд эмчилгээгээ хийлгэж чаддаггүй байсан. Тиймээс бид  өвчтөнөө сонгохдоо нэгдсэн гуравдугаар эмнэлэгт эмчийн хяналтад байдаг хүмүүсээс сонгосон. Өвчтөн сонгохдоо тухайн хүний 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг, өвчтөний зовиур зэрэг шалгуурыг үндэслэн өвчтөнөө сонгосон. Гол төлөв хөдөө орон нутгийн өвчтөн сонгогдсон.

-Эмчилгээний зардлыг хаанаас дааж байгаа вэ. Энэ эмчилгээ солонгост ямар үнэ ханштай байдаг бол?

-Өмнөд Солонгос Улсад пейсмейкер тавих зардлыг  үндэсний эрүүл мэндийн даатгалаас төлдөг учраас тухайн өвчтөн эмчилгээнийхээ  зардлын 5 хувийг  өөрөө төлдөг. Пейсмейкер эмчилгээний нийт зардал 12.000-15.000 ам.долларын үнэтэй байдаг. Уг аппаратын дэлхийн зах зээлийн үнэ нь 10.000 ам.доллар. Монголд хийгдэх эмчилгээний өртөг нь манай зүрх судасны төв, төслийн хүрээнд санхүүжиж байгаа.

-Энэ удаа солонгос эмч нар “Туул ротари” клубынхэнтэй хамтарч ажиллах сураг байсан. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-“Туул ротари” сан Монголд өмнө нь сайн дурын олон үйлсийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Тиймээс бид “Туул ротари” сантай хамтран ажиллахаар шийдсэн.

-Солонгост энэ зүрхний хэм алдалтын эмчилгээ  хэзээнээс нэвтэрч эхэлсэн юм бол. Хүмүүст мэдээлэл өгөх зорилгоор эмчилгээ болон аппаратын  давуу талуудаас дурьдахгүй юу?

-АНУ-д 1960 онд анх пейсмейкерын аппаратыг тавьсан. Харин Солонгост 1968 оноос тавьж эхэлсэн. Пейсмейкерын аппарат нь эхэндээ маш том зайтай, зайны үйл ажиллагаагаа хадгалах хугацаа нь их богино байсан боловч тасралтгүй сайжирсаар өнөөдөр хэмжээгээрээ жижиг гар утасны хэмжээтэй болж, үйл ажиллагаагаа 8-12 жилийн хугацаанд тогтвортой хадгалах боломжтой болсон.

-Зүрхний хэм алдагдал гэдэг нь зүрхний  цохилт, давтамж алдагдахыг хэлж байгаа юу. Ер нь энэ өвчин нь юунаас үүдэлтэй юм бэ?

-Зүрхний хэм дамжуулалт хямраснаар үүсэх эмгэгийг бид бүхэлд нь зүрхний хэм алдагдал гэж нэрлэдэг. Зүрхний хэм дамжуулалт цөөрч болно, эсрэгээрээ олширч болно, мөн жигд бус болдог. Үүнээс үзэхэд зүрхний хэм алдагдал гэдэг нь маш өргөн хүрээний олон өвчинг хамрах эмгэг юм. Тиймээс зарим хэлбэрийн зүрхний хэм алдагдал нь аюул багатай,  зарим нь амь насанд маш аюултай, гэнэт зүрх зогсох эсвэл тархинд цус харвах шалтгаан болдог. Насжилт, даралт ихсэлт, амьдралын буруу хэв маяг, архины хэрэглээ, стресс, зүрхний хавсарсан эмгэг зэрэг нь зүрхний хэм алдагдлын гол шалтгаан болдог.

-Хүмүүс зүрхний хэм алдагдалтай гэдгээ яаж мэдэх вэ. Биед илэрхий зовиур байх уу. Зарим хүний зүрхний цохилт мэргэжлийн онцлогоос шалтгаалаад удаан, цөөн байдаг гэж ярьдаг  шүү дээ. Тухайлбал тамирчин хүний зүрх удаан цохилдог гэдэг?

-Хүний зүрх ердийн тайван үед минутанд 60-80 удаа цохилдог. Зүрхний хэм алдагдалтай эсэхээ мэдэхэд их хялбар. Бугуйны артери дээрээ дөрвөн хурууны өндгөөр зөөлөн дарахад артерийн судасны цохилт мэдрэгддэг. Нэг минутын турш хэд цохиж байгааг нь тоолоход таны зүрхний хэм дундаа тасалдаж байгаа эсэх нь шууд мэдэгдэнэ. Мөн түүнчлэн зүрхний хэм алдагдлын гол шинж нь өвчтөнд өөрт нь зовиур илрэх. Зүрх дэлсээд, амьсгаа авахад цээжин дээр дарсан мэт шинж илрэх гэх мэт шинж илэрдэг. Мөн хүмүүс анзаарсан болов уу. Шөнө унтахдаа их хурхирч унтдаг хүмүүс гэнэт 5 секунд орчим огт амьсгалахаа больдог. Эдгээр хүмүүс зүрхний хэм алдагдал бий эсэхээ нягтлах хэрэгтэй.

-Зарим хүн зүрх чичрээд, дэлсээд байна гэж ярьдаг  хэрнээ зүрхний хэм алдалтын талаар  ярьдаггүй. Энэ өвчин хүмүүст илэрхий мэдэгддэггүй болохоор тэр үү?

-Зүрхний хэм алдагдлын хамгийн гол аюул нь байнга илрээд байдаггүй. Нэг илрээд, хэсэг гарч ирээд бас гэнэт илэрсэн шигээ арилдаг. Тийм болохоор хүмүүс тоохгүй явсаар байгаад хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг. Тэгэхэд өвчин нь даамжраад, зарим өвчтөнд зүрхний дутагдал үүсээд их хүндэрсэн байдаг. Зүрхний хэм алдагдлыг эрт олж мэдсэн бол амь насанд аюултай эсэхийг нь нягтлаад эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Зүрхний хэм алдагдлын үед өвчтөн дур мэдэн эм хэрэглэж болохгүй. Түрүүн хэлсэнчлэн, зүрхний хэм алдагдал нь маш өргөн хүрээний эмгэг, хэрэглэдэг эм нь хүртэл олон янз. Зүрхний хэм нь хэт цөөрөөд байгаа хүн дураараа зүрхний хэм алдагдлыг эмчлэхдээ зүрхний хэмийг цөөрүүлж эмчлэх үйлдэлтэй эм уувал амь нас эрсдэх аюултай. Тиймээс эмчилгээ болон уух эмээ маш нарийн сонгох хэрэгтэй.

-Баярлалаа. Сүүлчийн асуултыг таньд үлдээе?

-Кореа их сургуулийн “Анам” эмнэлгийн Зүрх судасны төв 2010 оноос хойш тасралтгүй Монгол Улсад зүрхний өвчтэй хүмүүст зориулан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн.  Манай төслийн санхүүжүүлэгч компаниуд нь Солонгосын компаниуд байдаг. Монголд хийгдэж байгаа бүх эмчилгээний өртөг зардлыг Солонгосын төслийн ивээн тэтгэгчдээс авдаг. Мөн эмч нарын сургалтыг ч мөн адил ивээн тэтгэдэг. Жишээ нь бид Солонгосын пейсмейкер нийлүүлэгч компанитай гэрээ байгуулаад энэхүү гэрээгээр монгол өвчтөнүүдэд пейсмейкер тавих боломж бүрдсэн. Гэхдээ энэ удаагийн бидний ажиллагаанд том хүндрэл гарсан. Эмч мэргэжилтнүүдийн замын зардал, Монголд байрлах зардлыг ивээн тэтгэгч компани маань гаргахаас татгалзсан. Тиймээс бид Монголын компаниудаас ивээн тэтгэх хүсэлт гаргасан. Бидний хүсэлтийг хүлээн авсан Өмнөговь аймгийн Сайнжаргал захиралтай “Эрхэм нар” компани,  “Туул ротари” клуб, Мөнхзул захиралтай “Жүр-Үр” компани, “World Wide” зэрэг компаниудад талархал илэрхийлье.

“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

20 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

2 цаг 55 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

3 цаг 41 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

3 цаг 47 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

9 цаг 49 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

9 цаг 49 мин
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 13 цаг 35 мин
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Өчигдөр 13 цаг 32 мин
Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

2025-06-27
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

2025-06-27