Эх орон ба Их өр

2019-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_58888" align="alignright" width="300"] Монгол улсын “Гавъяат эдийн засагч”
“Сүхбаатарын одонт”
“Монгол улсын шилдэг менежер”
Бөөхүүгийн Осоргарав[/caption]

Нэг: Эхлэл.

Монгол эх орон эдийн засгийн хямралд орж, Монгол улсын Засгийн газар Евро бондын өрийн эхний хэсэг болох 580 сая ам долларыг төлөх мөнгөгүй улсын сангийн авдар хоосорсон гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ард, түмэнээ байж суухын аргагүй болтол нь ярьж, ард, түмнийхээ толгойг угааж, өмнөхөө муулж байсан тэр үе буюу 2017 оны 1-р сард; Би; Монголын ард түмэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” Эх орныхоо төлөө хандив, тусламж, дэмжлэг үзүүлэх хөдөлгөөн өрнүүлж, бүгдээрээ эв санаагаа нэгтгэн, эвлэлдэн нэгдэж, нэгэн санаа зорилго, “Эх орныхоо төлөө” гэсэн уриан дор БНСУ-ын ард түмний жишгээр Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө 8 настай балчираасаа эхлэн 80 настай азай буурлаа хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийн үйлчилгээний ажилтанаасаа эхлэн захирал, даргаа хүртэл, захирал,  даргаасаа эхлэн УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, Монгол улсын Ерөнхийлөгчөө хүртэл идэвхийлэн оролцож “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” энэхүү санал, санаачлагад нэгдэхийг уриалж, уриалга гаргасан.. Их эзэн Чингис өвөг эцгийн эцсийнхээ мөчийг хүртэл байлдан тулалдаж Монголчууд та бидэнд өвлүүлж үлдээсэн энэ сайхан эх орноо та, бид алаг дэлхийн бусад үндэстэн ястан, хүн ардад муу муухайгаар харагдуулах ёсгүй билээ. Тийм эрх та бидэнд байхгүй. Би бээр эзэн Чингисийн хүй цэглэсэн өдөр буюу Монгол бахархалын баярын өдөр; Телевизээр Их монгол улсыг байгуулахын төлөө бидний өвөг дээдсийн тэмцэж байсан тэмцлийн түүхэн үйл явдлыг харуулсан кино, нэвтрүүлгүүдийг үзэж суухдаа; Бидний өвөг дээдэс энэ эх орны төлөө ингэж тэмцэж, халуун амь, бүлээн цусаа урсгаж явсан байхад, цөөхөн Монголчууд бид эх орноо эдийн засгийн ийм хүндрэлтэй үед яагаад хоорондоо хэрэлдээд сууж байдаг билээ гэсэн бодол төрж, ер нь ард түмэн бид нэгийг бодож, хоёрыг тунгааж, “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө”  хөдөлгөөн өрнүүлбэл яасан юм бэ? гэсэн санаа, сэтгэлд минь зурсхийн орж ирсэн тэр өдөр энэхүү санал санаачлагын эхлэл тавигдсан юм. Энэ өдрөөс хойш энэ ажлыг ямар хэлбэрээр, яаж энэхүү хөдөлгөөнийг өрнүүлэх вэ гэсэн олон янзын бодол эргэцүүлэлийг хийж бага зэрэг тооцоо, судалгаа хийгээд явж байтал 1924 онд Монгол улс шинэ үндсэн хуулиа баталж, Монгол улсын тусгаар тогтнолыг тунхагласан өдрийн баяр 2016 оны 11-р сард болж миний бие; Энэ үеээр хэвлэл мэдээлэл, телевизүүдээр явсан нэвтрүүлгүүд намайг бүр зүгээр суухын аргагүй болгож, ард түмэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ямар хэмжээний хандив, тусламж дэмжлэг хүсэх, уриалах, ёстой юм бэ? гэсэн тооцоо, судалгаа хийх ажилд намайг идэвхийлэн оруулж, ард, түмэндээ танилцуулах тооцоо, судалгаагаа хийж бэлэн болгосон. Улс, эх орондоо 50 шахам жил хөдөлмөрлөж, Төр, түмнийхээ хайр, ивээлийг бишгүй хүртэж, Монгол улсын “Гавъяат эдийн засагч” цол болон Монгол эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө амь биеэ үл хайхран зүтгэж явсан хатан зоригт хөвгүүн  “Сүхбаатар”-ын одонгоор Төрөөрөө шагнуулсан би энэ үйлсийг эхлүүлэх нь зүйтэй юм байна гэсэн хатуу шаардлагыг өөртөө тавьж тооцоо, судалгаагаа хийсэн. Тэнхлүүн явахад тэмээгээр туслахын оронд, тэвдэж явахад тэвнээр тусла. . . гэсэн өвөг дээдсийн чин үнэн сургаалыг зон олон минь санаж “Эх орноо өр, зээл, эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хүн бүр хичээл зүтгэл, сэтгэл гарган энэхүү ажилд оролцохыг уриалсан. Хандив цуглах боломжийг нь бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн бүлэгт хувааж, тооцоо судалгаагаа төрөлжүүлэн хийж танилцуулсан. Тухайлбал: 1.Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө 8 настай балчираасаа эхлэн 80 настай азай буурал хүртэлхи Монгол улсын 2015.12.31-ний байдлаархи хүн амын тоог Үндэсний статистикийн хорооноос авч, хүн амын нас, амьдралын тодорхой мөчлөгөөр үечлэн, хандивлаж болох их, бага хэмжээний төгрөгийн тоогоор үржүүлэн бодож тооцоолоход дээрхи өдрийн байдлаар байгаа 3,041,303 хүнээс 214,092,889,000 төгрөг цугларч болох юм гэсэн тооцоо гаргасан. 2.Улс, орны удирдлагын шат шатанд Төр, Засгийн өндөр албан тушаал хашиж байсан ба одоо хашиж байгаа тодорхой хүмүүсээс “Эх орныхоо төлөө” хандивлаж болох төгрөгийн тооцоо, судалгаа
Хүний тоо Төгрөг Бүгд төгрөг
2012-2016 он
1 УИХ-ын гишүүд (үлдсэн нь 2016 онд дахин сонгогдсон) 46 100,000,000 4,600,000,000
2 Засгийн газрын гишүүд 5 100,000,000 500,000,000
3 Дэд сайд нар 12 25,000,000 300,000,000
4 Агентлагийн дарга нар 36 50,000,000 1,800,000,000
5 Дэд дарга нар 38 20,000,000 760,000,000
6 Аймаг, Хотын ИТХ-ын дарга, Засаг дарга нар 44 50,000,000 2,200,000,000
7 Аймаг, хотын засаг даргын орлогч нар 26 20,000,000 520,000,000
8 Дүүргийн ИТХ-ын дарга, засаг дарга нар 18 25,000,000 450,000,000
Дүн 11,130,000,000
2016-2020 он
1 УИХ-н гишүүд 76 100,000,000 7,600,000,000
2 Засгийн газрын гишүүд 7 100,000,000 700,000,000
3 Дэд сайд нар 11 50,000,000 550,000,000
4 Агентлагийн дарга нар 28 50,000,000 1,400,000,000
5 Дэд дарга нар 30 20,000,000 600,000,000
6 Аймаг , Хотын  ИТХ-ын дарга, засаг дарга нар 44 50,000,000 2,200,000,000
7 Аймаг, хотын засаг даргын орлогч нар 25 20,000,000 500,000,000
8 Дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар 18 25,000,000 450,,000,000
Дүн 14,000,000,000
Бүгд дүн 25,130,000,000
  3.Төр болон хувийн хэвшлийн том, дунд аж ахуйн нэгжүүдээс зээлээр буюу хандиваар орж болох төгрөгийн тооцоо: Том, дунд аж ахуйн нэгж гэж манай улсад 6000 шахам байгаа гэсэн тооцоо бий. а. Үүний том аж ахуйн нэгж 35% нь гэж үзвэл: 6000*35%=2100         (том аж ахуйн нэгж) 2100*100,000,000 төгрөг = 210,000,000,000 төгрөг б. Дундаж аж ахуйн нэгж 65% нь гэж үзвэл: 6000*65%=3900         (дунд аж ахуйн нэгж) 3900*50,000,000 төгрөг = 195,000,000,000 төгрөг в. Эдгээрээс бүгд:                      405,000,000,000 төгрөг 4.Оффшор бүсэд байршуулсан мөнгө ба биет хөрөнгийн талаар:

а.  Хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн оффшор бүсэд байгаа мөнгө, хөрөнгийг Монголдоо оруулж ирэх  хуулийг 1-р улиралд маш яаралтай батлан гаргаж,  оффшор бүсэд байгаа мөнгө, хөрөнгөө 2-р улиралдаа багтаан Монголдоо оруулж ирүүлсэн байх заалтыг хуульчлах.

б. Энэхүү хуулиар оффшор бүсээс мөнгө, хөрөнгөө Монголдоо оруулж ирсэний төлөө хүмүүс, аж ахуйн нэгжид ямар нэгэн хуулийн хариуцлага тооцохгүй байх заалт оруулах.

в. Хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн оффшор бүсээс Монголдоо оруулж ирсэн мөнгө, хөрөнгийн 60-70%-г шууд “Эх орныхоо төлөө” тушаахаар зааж, үлдсэн 30-40%-г өөрсдөө Монголынхоо эдийн засагт эргэлтэнд оруулахаар хуулинд тусгах.

г. Хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн оффшор бүсэд болон гадаад орнуудад байгаа биет хөрөнгүүдийг Олон улсын харилцааны шугамаар яаралтай тогтоож, тодорхой хэсгийг нь худалдан борлуулж, мөнгийг нь эх орондоо хандивлуулах талаар хуулинд тусгах.

д. Оффшор бүс, өөр бусад улс орноос Монголдоо оруулж ирж, “Эх орныхоо төлөө” мөнгө, хөрөнгөө хандивласан,эргэлтэнд оруулсан хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн  хандивласан, эргэлтэнд оруулсан мөнгө, хөрөнгөний дүнг албан ёсоор зарлаж, нэрсийг нууцласан байх заалтыг уг хуулинд тусгаж өгөх.

5.Эцэст нь ойролцоогоор тооцож үзэхэд:

1.Хүн ам, хувь хүмүүсээс эх орныхоо төлөө оруулах хувь нэмэр 214,692,889,000 төгрөг

2.Төр, Засгийн өндөр албан тушаалыг 2012-2016 онуудад хашиж байсан ба 2016 оноос одоо хашиж байгаа тодорхой албан тушаалтануудаас “Эх орныхоо төлөө” оруулах хувь нэмэр 25,130,000,000 төгрөг

3.Манай улсын том ба дунд аж ахуйн нэгжүүдээс “Эх орныхоо төлөө” оруулах хувь нэмэр 405,000,000,000 төгрөг

►Эдгээр 3 хэсгээс “Эх орныхоо төлөө” оруулах хувь нэмэр бүгд 644,822,889,000 төгрөг

4.Үлдсэн оффшор бүсээс орж ирэх их мөнгөнөөс “Эх орныхоо төлөө” санд оруулах хувь нэмэр 355,177,111,000 төгрөг гэж тооцвол ойролцоогоор 1 их наяд төгрөг “Эх орныхоо төлөө” санд оруулах боломж, бололцоо байна.

5. Энэхүү тооцоо бол зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлсэн тооцоо юм.

6.Энд хамаарагдах бусад зүйлсүүд:

1.УИХ-аас байгуулагдан Ерөнхийлөгч болон УИХ-аас томилогддог, Монголын төрийг чиглэл, чиглэлээрээ удирдахад оролцдог өндөр эрх мэдэл бүхий Шүүх, Прокурор, Үндсэн хуулийн цэц, АТГ, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, ҮАГ, Монгол банк зэрэг том, том институцүүдийн ерөнхийлөгч, дарга, орлогч, гишүүд гэсэн олон том том албан тушаалтнууд бий. Өмнөх 4 жилд болон одоо хашиж байгаа эдгээр өндөр албан тушаалтнууд иргэнийхээ насны тоогоор хандиваа өгөөд болчихно гээд “Эх орныхоо төлөө” зүгээр гараа хумхиад, хараад, ажиглаад суухгүй байхаа.

2.Монголд төрийн болон хувийн хэвшлийн том том их, дээд сургуулиуд асар олон байна. Эдгээр сургуулиуд нь нэгэнт л Ард түмний хөрөнгөөр өсөж, өндийж өдий зэрэгтэй болсоныг та, бид харсаар байгаа. Эдгээр сургуулиуд ч зүгээр хараад суухгүй байх.

3.Том аж ахуйн нэгж гэсэн зэрэглэлийн дотор банк, санхүү, даатгалын байгууллагууд багтдаг. Эдгээр байгууллагууд миний дээр тооцсоноос ч илүүг “Эх орныхоо төлөө” нэг удаа хандивлах сэтгэл гаргах байх.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын хандивласан ихээхэн төгрөгийг нь татвар ноогдох орлогоос нь хасч хөнгөлөлт үзүүлэх Төр, Засгийн дэмжлэг байж болох.

4.Эзэн Чингисийнхээ өвлөж үлдээсэн газар нутаг, түүний доорхи эрдэс баялагаар тэжээгдэж байгаа Монголын хамгийн том аж ахуйн нэгж гэгдэж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК, “АПУ” ХХК, “Номин” ХХК, “Тамхи Со” ХХК,”Женко” ХХК, “Оргил”групп, “Эрдэнэс Монгол” ХХК, “Монголын алт” ХХК, “Энержи Рэсурс” ХХК, “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Нарантуул” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Цайрт менерал” ХХК “Петровис” ХХК, “Монроуд”ХХК, Эм Си Эс” групп, “Таван богд” групп, “Бишрэлт холдинг”, “Мобиком”, “Юнител”, “Гангар инвест”, “Цаст контракшин” “Мон цемент” ХХК, “Жигүүр гранд” ХХК, “Ажнай” групп, “Эрдэнэс таван толгой”зэрэг олон зуун том том сайхан компаниуд болон газрын тос олборлогч “Доншин газрын тос” ХХК, “Петрочайна Дачин тамсаг” ХХК болон алт, зэс, мөнгө, жонш, шохойн чулуу, нүүрс зэрэг эдгээртэй эн зэрэгцэхүйц Монголын байгалийн баялаг олборлогч мөн олон зуун том том аж ахуйн нэгжүүд миний энд тооцсон тооцооноос ч дахин илүүг “Эх орныхоо төлөө” хандивлах сэтгэл гаргах байх.

5.Түүнчлэн Монголын ашигт малтмал, эрдэс баялгийг ашиглахын төлөө лицинз эзэмшигч 1800 гаруй олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд байгаа. Эдгээр компаниуд ч Монгол эх орны газрын доорхи эрдэс баялгийг ашиглах гэж байгаа болон ашиг хүртэж байгаагийнхаа хувьд “Эх орныхоо төлөө” багагүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

6.Том, дунд аж ахуйн нэгжүүдээс гадна Монгол эх орондоо бага ч гэсэн бизнес эрхлэж, үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй жижиг аж ахуйн нэгжүүд байгаа гэсэн статистик байдаг.

7.Төр, түмэн олныхоо төлөө сэтгэлээрээ болон гадны орнуудын зээл, тусламж, хандив дэмжлэг, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг 10 000 гаруй ТББ-ууд Монголд байгаа.

Эдгээр жижиг гэж нэрлэгдэх 80000 гаруй аж ахуйн нэгжүүд, 10 000 гаруй ТББ-ууд  нэг нь л 2,0-2,5 сая  төгрөгийн хандив, дэмжлэг, туслалцааг  “Эх орныхоо төлөө”  үзүүллээ гэхэд л 200 гаруй тэрбум төгрөг цугларахаар байна.

8.Түүнээс гадна Монголын арилжааны банкуудад 9,1 их наяд төгрөгийн хадагламжтай 2,854,300 иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд байгаа гэсэн статистик байдаг.

Энэхүү хадгаламж эзэмшигчдийн мөнгөний 50%-ийг тодорхой хугацаагаар, тодорхой хүүтэй, хүүгүйгээр “Эх оронч”  сэтгэлээр зээлэхэд л 4,5 их наяд төгрөг болохоор байна.

Тэгвэл манай хүн амын 93,8% нь банкинд их, бага ямар нэгэн хэмжээгээр хадгаламжтай, улсын нэг жилийн төсвөөсөө давсан мөнгө хадгаламжинд байгаагаас харахад бидний дотоодод нөөц бололцоо байгаа нь харагдаж байгаа юм.

Энэ нь “айлаас эрхээр авдараа уудал” гэсэн өвөг дээдсийн алтан сургаалын хэрэгжилт болох бусуу?

9.Дээрхи мөнгөөр илэрхийлсэн тооцооноос гадна “Эх оныхоо төлөө” гэсэн сайхан сэтгэлт

Монголчууд, аж ахуйн нэгжүүд, байгууллагууд, хөрөнгө оруулагчид, гадаад оронд амьдарч, ажиллаж байгаа Монголчууд, Гадаадын сайн санаат хүмүүсээс өгөх хандив, дэмжлэг, мөнгөөр болон биет зүйлээр өгөх алт, мөнгөн эдлэл (ээмэг, бөгж), үнэт чулуун эдлэл, эд хөрөнгө, мал аж ахуй,  тариа, ногоо зэрэг  биет зүйлээр  “Эх орныхоо төлөө” санд их хэмжээгээр хандив дэмжлэг нэмэгдэж орох байхаа гэж бодож байна.

 “Эх орныхоо төлөө” би өөрийнхөө хандивыг өргөе.

1.Арван сар тээж

        Ангир шар уургаа шимүүлэн өсгөсөн

Ачлалт ээжийнхээ ачийг бодож

Арван сая төгрөг “Эх орныхоо төлөө” хандивлав.

2.Ажил, амьдрал, аз жаргалын шүтээн

Ачлал, аврал, энэрэлийн бурхан

Аав таны минь хүү Б.Винтовдоо өвлүүлж үлдээсэн адуун сүргээс

Төрсөн ах наддаа бэлэглэсэн азрага адуун сүргийг би үржүүлэн өсгөсөөн

Ачлалт аавынхаа алтан сургаалыг эрхэмлэж

“Эх орныхоо төлөө” ногттой 10 адуу хандивлав.

3.Их эзэн Чингис өвөг эцгээс

Өвлүүлж үлдээсэн газар нутгийн доорхи

Эрдэнэс баялгийн дээжис болгож

Алтан бөгжөө “Эх орныхоо төлөө” хандивлав.

  “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” Эх орныхоо төлөө хандив, тусламж, дэмжлэг үзүүлэх хөдөлгөөнийг эхлүүлж, уриалга гаргах хэвлэлийн бага хуралд: Уг уриалгыг санаачлагч Монгол улсын “Гавъяат эдийн засагч”, Сүхбаатарын одонт Б.Осоргарав, Монголын менежментийн холбооны ерөнхийлөгч, доктор, профессор Д.Цэрэндорж, Монгол улсын Ардын багш Ж.Дүгэр, Чингэлтэй дүүргийн иргэн, өндөр настан Н.Цэрэн, Баянгол дүүргийн иргэн, өндөр настан Г.Дулмаа нар.   Өнөөдрөөс эхлэн “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хандив тусламж өгсөн хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэвлэл, мэдээлэл, радио, телевизээр нэг бүрчлэн тухай бүр олон нийтэд мэдээлж байх болно. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас “Эх орныхоо төлөө” өргөсөн хандив, тусламж, дэмжлэгийг хүлээж авах, бүртгэх, тооцох, хяналт тавих комисс, удирдах нэгжийг байгуулан олон нийтэд ил тод зарлаж, олон нийтийн хяналтын дор ажиллуулж, тайланг сар, улирлаар ард түмэндээ тайлагнуулж, цугларсан мөнгө, хөрөнгийг сар, улирал бүр хэвлэл мэдээлэл, радио, телевизийн сурвалжлагчид, олон нийтийн хатуу хяналтын дор Төр, Засгийн эрх бүхий байгууллагуудын тодорхой албан тушаалтнуудад олон нийтийн өмнө хүлээлгэн өгч сурталчилж байх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. Эцэст нь: Та, бидний судсаар эзэн Чингис, өвөг дээдсийн минь халуун цус гүйж байгаа болохоор Монгол эх орноо өр зээлгүй, өнгөтэй өөдтэй байлгах нь та, бидний ариун үүрэг гэдгийг ухамсарлана гэдэгт гүнээ итгэж байна. Одоо та, бид бүгдээрээ тэр тэгсэн, энэ ингэсэн, түүнээс болсон, үүнээс болсон, чи тэгсэн, би тэгсэн гэж хойтох, урдахаа муулахаа больцгоож, урагшаа харж ажиллаж, амьдарцгаая. Улс, эх орон мөнгөгүй, би мөнгөгүй гэж урвайж суухаа больцгооё. Хүн бүр толгой гудгар, зовхи доошоо биш, харц дээгүүр алхацгаая. Хүн бүр оюун ухаанаа уралдуулан, арай өөрөөр сэтгэж, гараа арай түргэн хөдөлгөж, алхаагаа хурдасгаж ажиллацгаая. Ер нь та, бидний эх орны хөгжил, цэцэглэлт, эдийн засгийн өсөлт, эрч хүч, чадавхи ард түмэн та, биднээс л шалтгаална. Эх орон минь өр зээлнээс гарч, мөнгө төгрөгтэй болж, бүгдээрээ сайн сайхан амьдрана гэж маргаашаа өөдрөгөөр харж ажиллаж, амьдарцгаая! Монголчууд та, бид бол зовхи нь өөдөө, босоо хийморьтой ард түмэн. Хувь заяаны эрхээр энэ алаг дэлхий дээрхи 200 гаруй улс орны дотроос цөөхөн оронд заяасан 4 улиралтай, нарлаг сайхан Монгол эх орны газар нутаг дээр эзэн болж төрсөндөө та, бид баярлан, эх орноороо бахархаад баршгүй. Монгол ард түмэн минь ээ! Энэ удаа эх орныхоо төлөө цэлмэг хөх тэнгэр, алтан шар нар, өөр өөрсдийнхөө шүтээндээ мөргөн залбирч, “Эх орныхоо төлөө” буян үйлдэж, гурван саяулаа өглөгийн эзэн болцгооё. Энэ бол та бүхнийг зүгээр шүтээд, мөргөөд, залбираад, суугаад бай гэсэн үг биш. Монголчууд хэзээнээсээ ухаан төгс, оюунлаг хүмүүс билээ... Төрийн минь сүлд өршөөж, түмэн олон та, бид амар амгалан байх болтугай. Их эзэн Чингис, өвөг дээдсийн минь  буян заяа та, биднийг мөнхөд ивээн түшиж, Сайн үйлс дэлгэрэх болтугай гэж ард, түмэндээ хандаж уриалсан. Миний энэхүү санал, санаачилга, уриалгыг маш зөв зүйтэй гэж олон арав, зуун мянган хүн цахим ертөнцөөр болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дэмжиж байсны дотроос УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100,000,000 төгрөг, Н.Оюундарь 20,000,000 төгрөг, тэтгэвэртээ гарсан өндөр настан Х.Содномванчиг 10,000,000 төгрөг гэх мэт Эх орноо гэсэн олон арван сайхан сэтгэлт хүмүүс дэмжиж, хандиваа өргөсөн. Энэхүү хандиваар цугларсан мөнгө, төгрөг Сангийн яамны Төрийн сангийн 100900080800 төгрөгийн, Төрийн банк 106030080800 вальютийн тусгай дансанд байгаа. “Эх орныхоо төлөө” сэтгэл гаргаж хандив өргөсөн гол гол хүмүүстэйгээ ярилцаж байгаад цугларсан мөнгөө яахав гэдгийгээ шийдвэрлээд ард түмэндээ мэдэгдэх болно.   УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН, Н.ОЮУНДАРЬ НАР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЖ, Б.ДЭЛГЭРСАЙХАН 100 САЯ ТӨГРӨГ, Н.ОЮУНДАРЬ 20 САЯ ТӨГРӨГ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХАНДИВЛАСНАА ЗАРЛАВ. Цахим ертөнц, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарим хүмүүс энэхүү уриалгыг халуунаар дэмжиж, хүлээж авч байх нэг хэсэг байхад эсэргүүцэх нэг хэсэг ч байлаа. Улс орныг ийм байдалд оруулж, мөнгө хөрөнгө, эд баялгийг завшсан луйварчдад бид бас мөнгө өгөх хэрэг үү? гээд дайрч давшилах нэгэн ч байсан. Таны энэхүү сайхан санал, санаачилга, уриалгаар цугларсан мөнгө, төгрөг, эд зүйлсийг наад дээрхи хэд чинь хувааж аваад идчихнэ л дээ. Түүнээс биш ард түмэн, бид хандив, дэмжлэгээ хэдийг ч болсон гар татахгүй, харамгүй, эх орныхоо төлөө өгөхөд бэлэн байна гэж нэг хэсэг нь санаа бодлоо илэрхийлж байсан. Энэ нь Төр, Засаг, түүний удирдлагад ажиллаж байгаа өндөр албан тушаалтнуудад ард түмний итгэх, итгэл байхгүй болсны илэрхийлэл байлаа. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар улс орноо эдийн засгийн хямралаас гаргахад дэмжлэг үзүүлэх хандивын аянд нэгдэж байгаагаа хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл гарган, жирийн иргэн Б.Осоргарав улс, эх орныхоо төлөө санаа зовж, 10,000,000 төгрөг хандивлаж, уриалга гаргаж байхад төрд ажиллаж байгаа албан хаагчид, та, бид болон Төрийн өндөр албан тушаалтнууд, үндэсний компаниуд энэ санал санаачилгад нэгдэхийг уриалж, надад дэмжлэг үзүүлж байсан сайхан сэтгэлт УИХ-ын энэхүү 2 гишүүнд туйлаас баярлаж явдаг. Энэхүү уриалга гарсаны маргааш буюу 2017.01.31-нд Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намайг Төрийн ордонд хүлээн авч уулзаад; Б.Осоргарав таны эх оронч сэтгэл, ард түмнийг эвлэрэлд дуудсан санаачилгыг хүндэлж, хүлээж авч байна. Манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн, бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Үүнээс үндэслээд хэлэхэд хамгийн гол нь би таны эх оронч сэтгэл, ард түмнээ эв нэгдэлд дуудсан санаачилгыг хүндэлж, бас үнэлж байна гэж дахин дахин дурсаад таны санал, санаачилга, уриалгыг дэмжиж ажиллана. Маргааш болох Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулж, Сайд нарт чиглэл чиглэлээрээ дэмжиж ажиллах үүрэг, даалгавар өгнө гэж хэлээд миний ажилд амжилт хүссэн юм.   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХАНДИВ ЦУГЛУУЛАХ УРИАЛГА ГАРГАСАН Б.ОСОРГАРАВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ БАЙГАА НЬ Гэтэл маргааш нь буюу 2-р сарын 1-нд (Лхагва гараг) болсон Засгийн газрын хуралдаанаар энэ уриалгын талаар хэлэлцээд, дараа нь Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэхдээ; Хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож, энэ хугацаанд ирсэн хандивыг олон нийтэд мэдээлж байхыг Сангийн сайдад үүрэгдэв. Энэ санал, санаачилга, уриалгыг дэмжээд байгаа юм байх гэтэл Хандив цуглуулах уриалгын зорилгыг тэс өөр зүйл рүү эргүүлж <<Монголын Төр, Засгийн газар хандивын мөнгөнөөс нэг ч төгрөг Евро бондын өрөнд төлөхгүй, бондын өр төлөх шийдлээ Засгийн газар олсон. Хугацаанд нь төлнө. Иргэдээс цугларсан мөнгө, төгрөгийг эрүүл мэнд, боловсролын салбарт, нийслэлийн утааг бууруулах, дэд бүтцийн шинэчлэл зэрэгт зарцуулна>> гээд зарлачихдаг байгаа. Өчнөөн, төчнөөн эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих, дэд бүтэц шинэчлэх, утаа арилгах нэрээр танил тал, эхнэр, нөхөр, ах дүү, танил талдаа тендер нэрээр өгч хувааж иддэгийг нь эрх биш ард түмэн мэддэг болохоор, сургууль, цэцэрлэг барихад хандив, мөнгө өгөхгүй гэж ард түмэн дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ нь нэг үгээр хэлбэл; Евро бондын өрийг та нараар төлүүлэхдээ тулаагүй. Би өөрөө төлчихнө гээд л хэлчихлээ. Ард түмний өгч байгаа хандивыг өрөнд өгөхгүй, яаж зарцуулахыг тэд нар мэдэхээр болоод явчихлаа л даа. Хандив өгсөн хүмүүст дурсгалын бичиг, батламж өгнө ч гэх маягийн юм ярьж, ард түмний дургүйг хүргэлээ. Ард түмэн, бид чинь хэн нэгнээс хариу нэхээгүй, бэлэг подарак авах гээгүй, улс, эх орноо худалдаж баяжсан хүмүүс шиг илүүдээ гартал баяжчихаад хэдэн төгрөг, алтан бөгж, агт морьдоо өгөөд байгаа юм биш. Эрх мэдэлтэн, эрхтэн, дархтангууд, . . . бид чинь эх орондоо хайртай, Эх орон өрөнд баригдчихлаа гэж өдөр, шөнөгүй хашгираад байхаар нь их, бага ч гэсэн туслах гэж сайхан сэтгэлийн гараа сунгаж байгаа санаатай юм л даа. Ард түмэн, бид чинь, гээд. . .  цахим ертөнц, хэвлэл, мэдээллээр шуугиж гарсан. Сү.Батболдын Засгийн газрын үед Хөгжлийн банкаар дамжуулж Олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон Евро бондын өр болох 5,75%-ийн хүүтэй 5 жилийн хугацаатай 2012 онд авсан 580 сая ам.долларыг хэдхэн хоногийн дараа төлөх, төлж чадахгүй бол Монгол улс дефолт зарлах буюу дэлхий нийтийн өмнө дампуурлаа зарлах гутамшигт байдалд хүрэх үе тулж ирээд байсан цаг хугацаа юм л даа. “Бондын өрийг чинь ард түмэн бид төлье гэж уриалаад байхад, төлүүлэхгүй байж, Хятадаас зээл аваад үзээрэй” гэж “Өдрийн сонин” тухайн үед бичиж байсан. “Нэрэлхээд нэрээ идэхгүй, гэртээ хариад гэрээ идэхгүй” гэж өвөг, дээдсийн алтан сургаал байдаг. Ардчиллын буянаар Монголчуудад авдар сав, хадгаламжиндаа цааш нь хийсэн хэдэн бор юм бий л байх. Үндэсний том том компани, аж ахуй нэгж, хөрөнгөтнүүд бий. Оффшор бүсэд манай хөрөнгөтнүүдийн аваачиж нуусан олон тэрбум төгрөг байгаа гэж мэдээлж байгаа. Түрүүчээсээ зарим нь ч Монголдоо оруулж ирж байх шиг байна. Ийм, иймэрхүү, зүйлүүдээс хуримтлуулж, цуглуулаад л эх орноо боймолсон өрнөөс нь гаргачихъя гэж л энэ санал, санаачилга, уриалгыг гаргасан юм. Энэхүү санал, санаачилга, уриалгын үр дүнд ихээхэн мөнгө, хөрөнгө цугларч, тухайн үед Монгол эх оронд тулгамдаж байсан Евро бондын өр болох 580 сая ам.долларыг, дахин өр тавихгүйгээр, төлчих боломж бүрдэх байсныг тухайн үеийн Засгийн газар, түүний тэргүүний харалган бодлого, болчимгүй хэлсэн үгнээс болж энэхүү аяны эрч хүч суларсан юм. Миний энд бичсэн “Эх орон ба Их өр” гэсэн гарчигийн дор “Эхлэл” гэсэн 1-р хэсгийн хамгийн эхэнд “өмнөхөө муулж” гэснээс энэ Ерөнхий сайд нөхөр чинь тэр үед АН, МАН-ын хамтарсан Засгийн газар байхад тодорхой хугацаанд өнөөх сангийн авдар дээр чинь сандайлчихсан, хоослолцоод сууж байсан нөхөр байна  шүү дээ гэсэн бодол гэнэт орж ирж байж билээ. Төр, Засгийн удирдлагууд нам, мам, зөөлөн сандал, ширээгээ бодолгүйгээр энэхүү санал, санаачилгыг УИХ-ын 2 гишүүний жишээгээр дээрээсээ дэмжиж туслаад явсан бол ард, түмний эв нэгдэл нэг шатаар ахиж, энэ удаагийн өр, зээлээ дахин өр тавихгүйгээр төлчихсөн, гадаад талдаа Монголын нэр, хүнд өсчихсөн, эх орныхоо төлөө ард, түмэн нь эвлэж, нэгдэж, нийлж чаддагаа дэлхий дахинд харуулчихсан байх байсан юм. “Гэм нь урдаа, гэмшил нь хойноо” гэдэг шиг бодлогогүй үйл хийчихээд дараа нь түүндээ харамсан гэмшдэг дээ. Манай алаг дэлхийн газар нутгийн ихэнхийг хамарч 1939-1945 онд үргэлжилсэн Дэлхийн хоёрдугаар дайн хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн аймшигтай дайн байсан.Энэ дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан байдаг.Нийт 70 гаруй сая хүн амь үрэгдсэний дийлэнх нь энгийн иргэд байв.Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар нэг триллион ам доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайнд тооцсон тухай “Википедиа” нэвтэрхий толь бичигт бичсэн байдаг. Дэлхийн хоёрдугаар дайнд Монгол улс онцгойлон оролцсон. Тухайлбал: Фашистын Герман 1941.06.22-нд итгэлийг эвдэн ЗХУ-д довтолсоноос 4 хоногийн дараа буюу 6-р сарын 27-нд Монгол улсын иргэн Дугарын Авид, БНМАУ-ын СнЗ-ийн дарга, маршал Х.Чойбалсантай ирж уулзан, шар үхэр бэлэглэхийг хүсэхэд; “Танд баярлалаа, таны энэхүү сайхан сэтгэл, сайн үйлсийг дэлгэрүүлнэ” хэмээжээ. Түүнээс гадна ЗХУ-ын элчин төлөөлөгчийн газрын ажилтан Ц.Ж.Дамдинжапов дурсан ярихдаа; 1941 оны намар УБ хот дахь Зөвлөлтийн төлөөлөгчийн газарт, хижээл насны нэгэн эр ирж, 2 сайн морио Улаан армид бэлэглэе, би өөрөө сайн дураараа фронтод явж, хүний үнэргүй махчдыг бут ниргэхэд өөрийн биеэр оролцохыг хүсэж байгаагаа хэлсэнд, Элчин төлөөлөгч Иванов хүлээн авч уулзан, ЗХУ болон ард түмнийхээ өмнөөс гүн талархал илэрхийлж байсан гэх мэт асар олон жишээ байна. . . Улаан армид туслан, дайны хүнд хүчрийг бага ч болов хагаслахыг эрмэлзэх болсон Ард түмнийхээ санал санаачлагыг дэмжиж 1941.09.06-ны өдөр хуралдсан БНМАУ-ын Ардын СнЗ-ийн 46-р хурлаас. . . Ард түмнээс ирүүлсэн хандив, тусламж, бэлгүүдийг хүлээн авах, ЗХУ-д хүргүүлэх ажлыг зохион байгуулах Засгийн газрын Төв комиссыг байгуулж, энэхүү Төв комиссын даргаар Гадаад Яамны орлогч сайд Э.Намсрайг томилж, бүх аймгийн намын хороо, ҮЭ-ийн зөвлөлийн дарга нарт мэдэгдэж, аймаг бүрт комисс байгуулагдан, зохион байгуулж байсан байна. ”Бүхнийг фронтод, бүгдийг Ялалтын төлөө”  уриан дор Төр, Засгийн газраас дэмжин, удирдан зохион байгуулж байсан байна. Улмаар ард түмний санал, санаачлага, хөдөлгөөнийг зөвөөр зохион байгуулах, хандив, тусламж, дэмжлэг, бэлэглэлийг зөвөөр удирдах ба эмхлэн шинээр зохион байгуулах Төв комиссыг өргөжүүлэн, өөрчлөн зохион байгуулж, Төв комиссын даргаар МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга С.Янжмааг томилж, орлогч дарга нараар нь 3 Яамны орлогч сайд, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн даргыг томилж, энэхүү комисс нь дайн дуустал удирдан зохион байгуулан ажиллаж байжээ. . .                                                 Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад хэргийн Яам, ШУА-ийн түүх,                                                 археологийн хүрээлэнгээс 2015 онд эрхлэн гаргасан Монголын Ард түмэн,                                               “Бүхнийг фронтод бүгдийг Ялалтын төлөө” номноос. . . 1942 онд БНМАУ-ын Бага хурлаас “Хувьсгалт Монгол” танкийн цувааг байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрийн талаар манай нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байуулахад зориулан ард түмний хүч, хөдөлмөрөөр хуримтлуулсан 300 кг шижир алт, 100 мянган ам.доллар, 2,5 сая төгрөг биетээр шилжүүлснээ мэдэгдэж, Германы фашистын зандалчдыг бут ниргэх үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь, нэмэр болгон хүлээн авахыг хүсч байжээ. Тэрчлэн “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, “Ла-5” сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны 9-р сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн  II хороонд шилжүүлжээ. Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөг (тухайн үеийн ханшаар)-ийн хөрөнгөөр бүтсэн нийтдээ 600 гаруй галт тэрэгний найман цуваа бэлгийг биечлэн хүргэж, манай Төр, Засгийн удирдлагууд биечлэн очиж гардуулж байсны дотор Улаан армид 500 мянган агт морь бэлэглэсэн байдаг. Ганцхан жишээ дурьдахад: Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь, Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд “Фронт Бадам” нэр хайрлаж байсан түүхтэй. Тэр үеийн 10,000 төгрөг гэдэг чинь өнөөдрийн ханшаар 100 сая төгрөг үү?, 1 тэрбум төгрөг үү? Эх орны дайнд Оросын ард түмнийг ялуулахын тулд Монголын ард түмэн эвлэлдэн нэгдэж, нэгэн санаа зорилгоор хандив, тусламжаа өгч, туслаж чадсан уу?, чадсан!!! Монголын ард түмэн чинь ийм л агуу түүхтэй, өгөөмөр сэтгэлтэй ард түмэн. Тэр аймшигт хэцүү тэр цаг үед улс, эх орон, ард түмнээ удирдаж байсан Монголын Төр, Засаг, түүний удирдагууд ямар их нэр хүндтэй, шуналгүй, шудрага, эв найрамдалтай, мундаг сайхан хүмүүс байсны бэлээхэн жишээ гадаадад биш, та, бидний дунд байсан. Хол биш, ойрмогхон байсан. Ард түмэн мартаагүй байна ►   2017 оны эхэнд төлөх байсан Евро бондын өр болох 580 сая ам.долларыг төлөх үед гарсан тэр санал, санаачлага, уриалгыг, Дэлхийн 2-р дайны үед БНМАУ-ыг удирдаж байсан ухаант удирдлагууд шиг, дэмжиж, туслаад явдаг тийм мундаг удирдлагуудтай өнөөгийн Монгол улс байсан бол ихээхэн мөнгө төгрөг, эд хөрөнгө цугларч, Монгол улс дахин өр тавихгүйгээр, өмнөх нэг ч гэсэн өрнөөсөө салах байсан бол уу. . . Тэрхүү аймшигт дайны дунд явж амь, биеэ унтахын чинээ ч бодохгүй, гадны болон өөрийн Эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа урсган зүтгэж явсан азай буурлуудаас одоо, та бидний дунд зарим нь амьд сэрүүн, үг сургаалаа айлдаад байж байна. ►   Ингэж Монголын ард түмэн, бидний өвөг дээдсүүд ганцхан өөрийн эх орныхоо төлөө ч биш, хүний эх орны төлөө амь биеэ үл хайхран тулалдаж, бусдад үлгэр дууриал үзүүлж, нигүүлсэнгүй, нинжин сэтгэл гаргасныхаа ачаар Гитлерийн фашизмын эсрэг хамтран тэмцсэн 3 их гүрэн ЗХУ, АНУ, Английн Засгийн газрын тэргүүн нарын 1940.02.04-11-нд “Крымын Ялтад” хийсэн түүхэн бага хурлаар Монгол улсын тусгаар тогтнолыг ЗХУ-ын Засгийн газрын тэргүүн хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Оросын ард түмэн чадсан!!! Монголын Төр, Засаг, түүний мэдлэг чадвартай зөв санаатай удирдагчид, элгэн халуун, өгөөмөр, нинжин сэтгэлт Монгол ард түмний ач тусыг дахин бодож, ЗХУ-ын дараа дараагийн үеийн Төр, Засгийн удирдлагууд социалист нийгмийн үед манай улсын эх орны бүтээн байгуулалтанд авч хэрэглэж байсан 10 тэрбум гаруй шилжих рублийн их өрийг тэглэж өгч ачийг саналаа.            Туурга тусгаар Монгол улсын иргэд дахин нэг өрийн дарамт болох зээл авахгүйгээр улсынхаа энэ удаагийн өрийг дарчих байсан. Бусад улсын ард түмэн эх орноо хайрлахдаа ээмэг бөгж, хэдэн төгрөгөө өгөхдөө харамлаагүй, оочирлон зогсож байгаад хандиваа өгч байсан. Солонгосын ард түмэн чадсан!!! Чингисийн Монголын ард түмэн түүнээс ч илүү чадах байсан!!!   Эх орон Олон зууны өвгөн салхинд өвс нь найгаад Он цагийн уртад арилаагүй шаргал түүхтэй Ахин төрөөд зуун зуун жил амьдармаараа Хосгүй баян ижилгүй тансаг эх орон минь Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй Эх орноос минь сайхан нутаг даан ч үгүй Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Хайдавын Чилаажавын шүлгээс. . .  

Хоёр: Сэтгэл зовоосон их өр

  Монгол улсын гадаад өр, зээл 27.4 тэрбум ам.долларт хүрлээ гэсэн мэдээллийг 2017 оны эцэст уншиж, сонсож мэдээд миний сэтгэл мөн л сэрдхийлээ. За байж, энэ их өр, зээлийг Хэн төлөх үү? хэзээ төлөх үү? юугаар төлөх үү? яаж төлөх үү? гэсэн бодол зурсхийн толгойд орж ирсэн юм. Нэг жилийн өмнө Төр, Засаг, ард түмэндээ хандаж гаргасан миний уриалга, тавьсан зорилтыг өмнөх Засгийн газар болон түүний тэргүүн Ж.Эрдэнэбат сарниулсан. Тэгсэн хэрнээ Евро бондын өрийн эхний шатны төлбөр болох 580 сая ам.долларыг төлөхийн тулд дахиад дэлхийн хөрөнгийн зах зээл дээрээс “Хуралдай” нэртэй бонд гэгчийг босгож, зээл авч, өр тавиад, уг өрийг төлчихлөө гэж сайрхаж, ард түмний толгойг угааж, хуурсан. Энэ нь дахин өр тавьж, энэхүү өрийг төлсөн гэсэн хэрэг шүү дээ. Гэтэл Монгол улсын гадаад өр, зээл 27.4 сая ам.доллар болчихсон байдаг. Дахиад тэрбум, тэрбумаар нь өр зээл авах тухай ярьж сайрхаад байдаг. Үүнийг ер нь яах ёстой юм бэ? гэсэн асуултыг өөртөө тавьж, хэсэг хугацаанд бодсоны эцэст миний гаргасан шийдэл бол; Ерөөсөө энэ асуудлаар Монголын өмнөө барьдаг, толгой эдийн засагч нартай уулзаж, санал бодлоо солилцъё гэсэн шийдэлд хүрч хамгийн эхэнд МУИС-ын багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Ч.Хашчулуунтай уулзаж, энэ асуудлын талаар санал бодлоо хуваалцахад; би таны санал, санаачилгыг 100% дэмжиж байна. Ямар сайхан санал бэ, энэ асуудлаар тантай хамтарч ажиллахад би бэлэн байна гэсэн. Эх орон, Монгол улсынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлт, Монголын нэрт эдийн засагч эрдэмтэн, надад урам хайрлаж, улмаар хэн хэн гэдэг эдийн засагч нартай уулзахаа ч ярьж зөвлөлдлөө. Ч.Хашчулуун багшаар сайшаалгаж, урмын сайхан үгнүүдэд нь зориг орсон би гэдэг хүн дараагийн шатны ажилдаа өндөр сэтгэгдэлтэй, урам зоригтойгоор орсон юм. Энэхүү сайхан уулзалтын дараа Монгол улсын “Гавъяат эдийн засагч” Б.Баалийхүү гуайтай уулзаж бас л баахан урмын үг сонсож, хамтран ажиллахаар санаа зорилго нэгдлээ. Үргэлжлүүлэн МУИС-ын бизнесийн сургуулийн багш доктор, профессор Л.Оюун, мөн тус сургуулийн багш А.Ганзориг, СЭЗИС-ийн санхүүгийн удирдлагын багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми, эдийн засагч Т.Доржханд, Ч.Отгочулуу нарын зэрэг олон  сайхан хүмүүстэй уулзан ярилцаж, зөвлөгөө авсаны эцэст энд нэр дурьдсан сайхан хүмүүстэй бүгдээрээ санаа сэтгэл нэгдэн нийлж эхний цугларалтаар ер нь энэ их өр, зээлийн сайн, муу тал, хожмын үр дагаврын талаар хүн бүр санал бодлоо солилцож, цаашид бүгдээрээ сэтгэл санаа нэгтэйгээр хамтран ажиллах төлөвлөгөөгөө хэлэлцэн, хүн бүр хийх ажил, тооцоо судалгаагаа хуваарилж авсан юм. Бидний есөн эдийн засагчид Монголчуудын цөөхөн хэсгийн төлөөлөл боловч Монголын ард, түмэн эвлэлдэн нэгдэн нийлж, юу хийж чаддагийн үлгэр жишээг харуулахаар зорив.   Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ

Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Энгүй өргөн тал нь оюун эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эгэлхэн бүсгүйн гоёл нь сувд эрдэнэ Эрэлхэг ард түмний эв нь ган эрдэнэ Эх орон та минь есөн эрдэнэ

Мөнх бусыг дагасан ачит буурлаа хүндэлж Миний ард түмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ Мөхөлгүй эрдэнийн дээж есөн эрдэм төгс Миний ард түмэн улсаа бадруулж яваа билээ. Мөрөөдөл хүслийн дээд эв хамтад хүрч Миний ард түмний есөн хүсэл бүтэх билээ

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалийн хэсгээс. .   Ер нь бүгдээрээ нийлээд “Эдийн засагчдын зөвлөл” байгуулъя, үүн дээрээ түшиглээд ТББ байгуулж ч болох юм гэж ярилцаж байгаад энэ удаа ерөөсөө Монголын өр, зээлийн талаар судалгаа, тооцоо хийсэн өрийн “Монгол улсын өр” гэсэн ном  гаргая гэдэг дээр санал нэгдэж хүн бүр судалгаа, тооцооны ажилдаа орцгоосон юм. Ингэж л энэхүү “Монгол улсын өр” гэсэн ном гарах эхлэл тавигдсан түүхтэй. Улс төрчдийн сонгогдсон зөвхөн цөөхөн сар, жилийн хугацаанд нам ба зөөлөн сандал ширээгээ бодож бий болгосон энэ их өр, зээлийг хэзээ, хэн, юугаар, яаж төлөх вэ? гэсэн асуултанд хариулж чадах эрхтэн, дархтангууд нь бид биш учраас хариулж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ асуудлыг гаргаж тавих нь эдийн засагчид бидний үүрэг гэж ойлгож энэхүү номыг тэрлэж, Төр, Засгийн удирдлагууд, ард түмэндээ танилцуулах зорилгоор “Монгол улсын өр” гэсэн ёаарал номыг бид нар 2018 оны хавар гаргасан юм. Энэхүү “Монгол улсын өр” гэсэн номоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд болон УИХ-ын гишүүдэд гардуулаад өгчих боломж олдохгүй жил шахам болж байна. Улс төрчид бол ердөө л улс төрчид. Тэд тухайн хугацаандаа ард түмэнд сайхан харагдах нь тэдний эрхэм зорилго. Улс төрчид, эрх ямбатангууд тухайн үедээ тавьсан өр, зээлийг маргааш хэн, хэзээ төлөх үү? юугаар, яаж төлөх үү? гэдэг нь тэдэнд ердөө падлий байхгүй. Бидний нам буюу бид өнөөдөр л ард түмэнд таалагдаж, гоё, тансаг сайхан байх ёстой гэсэн ганцхан үзэл бодлоор ханддаг нь даанч харамсалтай. Өнөөдөр гадаад, дотоодын (банк, санхүү, ХЗХоршоо, ломбард гэх мэт) мөнгө хүүлэгчдийн тоолуур эргээд л байна. Өр, зээл нэмэгдээд л байна. 2017 оны эцэст 27.4 тэрбум ам.доллар гэж байсан бол 2018 оны эцэст 30 тэрбум хол давсан байхаар байна. Энэ нь Монголын нэг иргэнд  10,000 ам.доллар буюу 24 сая төгрөгийн өр ногдож байна.Нэг сартай балчираас, 80 настай азай буурлаа хүртэл хүн бүр 24 сая төгрөгийн өртэй болоод байна. Бидний өвөг, дээдэс “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг сэн. 1990 оноос зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжсэнээс хойш бидний ажил хийх, амьдралаа авч явах, түүнийхээ төлөө зүтгэх сэтгэл, чадвараас үл хамаарч, зүгээр л санхүүгийн заль мэхээр улс, эх орныг маань манай эрхтэн, дархтангууд, гадаадынханд өрөнд оруулж, өөрстөө идэж ууж, баяжин тансаглаж, оффшорт мөнгөө шилжүүлж, нууж байна. Бүхий л түүхий эд, газрын баялагаа, гадаадынханд бөхөлзөн өгч, улс орноо өрөнд оруулдаг, оффшорчид, хулгайчдыг бий болгодог загварт улс, эх орон, ард түмэн бид орчихоод байна. Манай улс өнгөрсөн 28 жил увиагүй шуналчид, мэдлэг чадваргүй, албан тушаалын хэнээтнүүдээр улс орноо удирдуулсаар өрөнд орж гүйцлээ. Монгол улс 2018 онд төсвийн орлогынхоо гуравны нэгийг Гадаадаас авсан зээлийн төлбөрт төлж байна. Мөн 2019 онд 2.6 их наяд төгрөгийг үндсэн өрөнд, хүүнд нь 1.2 их наяд төгрөг төлнө. Энэ нь төсвийн орлогын тал хувьтай тэнцэнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өндөр дуугаар 2018.05.04-нд УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. “Өнөөдөр” сонины 2019.02.11-ний №26-д “Манай улс 2021-2024 онд нийт 3.15 тэрбум ам.долларыг бондын өрөнд төлнө” гэж бичсэн байна. Энэ нь 2020 онд болох УИХ-ын сонгуулийн дараа гарч ирэх Засгийн газар 2016 оных шиг өмнөхийн тавьсан өр, одоо яадаг билээ гээд л хашгирна гэсэн үг. . . 2021-2024 онд төлөх “Чингис” бондын 1 тэрбум, “Хуралдай”-н 600, “Гэрэгэ”-гийн 800 сая ам долларын өр байгаа. Энэ нь өрийн дарамт үргэлжилсээр байхаар байгаа биз. . . Үүний дээр 4,125%-ийн хүүтэй 2018 оны эхэнд Чингис бондын 500 сая ам. долларын өрийг төлсөн. Энэ их долларыг өнгөрсөн хугацаанд Авто зам, орон сууц, “ТЭЦ-3”-ын өргөтгөл, гудамж, зам талбай, засч залруулахад  зарцуулсан гэж байгаа. Авто зам барих, гудамж талбай засварлахад оруулсан хөрөнгө урт удаан хугацаанд үр өгөөжөө өгдөг учраас гадны улс орнууд урт хугацаатай, асар бага хүүтэй зээлээр ийм төрлийн бүтээн байгуулалтуудыг хийж, улс орныхоо нүүр царай, өнгө төрхийг өөрчилсөн сайхан  туршлагууд олон байна. Уг нь Монгол улсын өр зээл, дэлхийн улс орнуудын дэргэд юу ч биш л дээ. Гэхдээ манай орон чинь хүн ам цөөтэй, жижиг эдийн засагтай учраас үүндээ л тааруулж, үр ашигтай хөрөнгө оруулалтыг, дэлхийн сайн туршлагаар, зөв сайн менежментээр явуулах ёстой. Ер нь эцсийн эцэст төсвийн сахилга бат, тансаглал, үрэлгэн байдлыг багасгаж байж л өр зээлнээс гарна. Энэ асуудалд хүн бүр анхаарлаа хандуулж байж л улс орны эдийн засаг, санхүү, сайжирч, өр зээлнээс гарах болно. ►   Улс орон маань энэ их өр, өр зээлнээс хэрхэн, яаж гарах арга зам, төсвийн үрэлгэн урсгал зарлагыг багасгах, сахилга батыг сайжруулах талаар судалгаа, тооцоо, олон улсын туршлага, тэдгээрийн туулсан замналын нь талаар манай баг, хамт олны нэрт эдийн засагчид “Монгол улсын өр” номонд өгүүлсэн юм. Төр, Засгийн бүтэцийн байгууллагууд, аппарат болон орон тоо, цалингаа нэмж, Төр захиргааны байгууллагуудад ард түмнээ ажиллуулах маягаар тэжээдэг биш, өөрсдөө ажиллаж, амьдрах боломжийг нь Төр, Засгаас олгож, өөрсдөө толгойгоо ажиллуулж, гараа хөдөлгөж хоолоо олж, гэдэсээ тэжээх аргад буюу бэлэнчлэх сэтгэлгээнээс салгаж, ард түмнээ сайн сайхан амьдардаг болгож сургахад Төр, Засгийн бодлогыг чиглүүлэх асуудал юу юунаас чухал болоод байна. Улс, эх орондоо хийх бүтээн байгуулалтыг хасч багасгахгүйгээр төсвийн алдагдлыг  тодорхой хувиар бууруулах бодлогыг жил бүр эрчимтэй хийснээр ойрын 4-6 жилд төсвийн алдагдлыг тэглэх хэрэгтэй. 1997-2005 онуудад Төрийн албаныхаа бүтэцийг зоригтой шинэчилж, төсвийн үрэлгэн зардлаа үндсээр нь бууруулж чадсанаар өрийн дарамтаа эрс бууруулж чадсан Финлянд улсын бэлээхэн туршлага байна.  Улс орны эдийн засгийг тодорхойлдог 2 гол бодлого болох мөнгөний бодлого, санхүүгийн бодлого хоёрыгоо зөв тодорхойлж, аль бодлого нь зохимжтой, үр ашигтай, өгөөжтэй вэ? гэдгийг олон улсын туршлагыг сайн судалж, улс орноо эдийн засгийн аргаар, зөв менежментээр удирдах явдал шаардагдаж байна. Улс, эх орон дааж давшгүй өр, зээлэнд орсоны дээр өр, зээлгүй Монгол иргэд, гэж бас алга байна. Төгрөгийн ханш өдрөөс өдөрт унаж байна. Монголын Төр, Засгийн нэрийг баригчид маань ард түмнээ зээл, төгрөгийн ханшийн уналт, татварууд гэсэн 3 үндсэн зүйлээс үүдсэн өрийн дарамтанд оруулж байна. Ард түмэн маань цалингаас цалингийн хооронд, зээлнээс зээлийн хооронд, өрнөөс өрний хооронд өлмөн зөлмөн амьдарч байна. Төгрөгийн ханш унаад байхаар авдаг хэдэн бор юмаараа өр, зээлээ дарж чадахгүй, өрнөөс гарах аргагүй болоод байна. Бага боловч хэдэн төгрөгийн цалин авдаг нь нэг иймэрхүү байхад, цалингүй бор хоног өнгөрөөж байгаа нь бүр яах вэ??? Өнөөдрийн байдлаар Гадаадад тавьсан 27.4 тэрбум ам.долларын өр, зээлийг Засгийн газар төлнө биз гэж ард түмэн андуурч ойлгодог. Гэтэл Засгийн газар гэж мөнгө ургуулдаг, үйлдвэрлэдэг газар биш. Засгийн газар өр, зээлийг төлдөггүй юм. Засгийн газар тэр айхтар өр, зээлийг чинь төлөхийн тулд эсрэгээрээ ард түмэн, та биднээс авах татвараа нэмдэг юм. Харин ард түмэн, та биднээс нэмэн, нэмэн авсан татварыг чинь ил далд идэж, ууж,  дэлхийн жишигт байхгүйгээр өрөөгөө томсгон, суперээр засварлуулж, сандал, ширээ, машин тэргээ шинэчлэн, хамгийн үнэтэй гоё машин дахин авч, цалин, зардлаа нэмэгдүүлэн, үрэн таран хийж, үр ашигүй зарцуулан тансаглаж, хүнд сурталддаг юм. “Татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг болохоос, төсвийн мөнгө гэж огт байдаггүй юм” гэж Маргарет Тетчер хэлсэн байдаг. Эцэг өвгөдөөс үлдээсэн Монгол эх орон, ард түмэн, та бид; хувь заяаныхаа, өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ эзэн нь байя гэвэл одоо яах ёстой вэ? гэдэг цаг, мөч та, бидний өмнө тулгарч ирсэн байна. Бидний өвөг дээдсүүд “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй юм” хүүхдүүд минь гэж захидаг байсан сан. Дэлхийн 2-р дайныг хазаарлан зогсоох аугаа их үйл хэрэгт өчүүхэн ч гэсэн хувь нэмэрээ оруулж, 70 жил өвөр, түрүүндээ орох шахам мөр зэрэгцэн, нэгэн социалист нийгэмд хамт байсан ОХУ маань Монголчуудынхаа ачийг бодож 10 гаруй жилийн өмнө манай улсын ОХУ-д төлөх, Монголд бүтээн байгуулалт хийгдсэн 10 гаруй тэрбум шилжих рублийн өрийг тэглэж өгч, эх орон, ард түмний нурууг тэнийлгэж, өвгөд, дээдсүүдийн минь магнайны үрчлээсийг багасгаж байлаа. Тэгвэл өнөөдрийн та, бидний амьдарч байгаа нэгнийгээ барьж идэхдээ нэг их юм бодохооргүй зэрлэг капиталист хөрөнгөтний нийгэмд Монгол эх орны минь дээд түвшиндээ зувчуулаад, хуваагаад идчихсэн, ард түмэнд ач буянаа өгөөгүй манай энэ их өр, зээлийг тэглээд өгдөг олон улсын байгууллага, улс орон байх болов уу??? Туркмен улс шиг л зээлийнхээ өрөнд газар нутгаасаа тасалж өгөх л хэрэг болох байхдаа, яана даа??? Эх орныхоо газар доорхи хамаг баялагаа үнэгүй шахам цөлмүүлж, хэзээ ч тасрахгүй гинжин өрийн сүлжээнд орж, дээр нь үр хүүхэд, залуучуудаа гадаадад явуулж, боолын хөдөлмөр хийлгэн, насыг нь богиносгон мөлжүүлж байгаа энэ эмгэнэлт байдлаасаа хэзээ, яаж, ямар арга замаар гарч, нуруугаа тэнийлгэцгээх вэ??? Монгол улс одоо өрнөөс өр дамжин хөгжих үү, өргүйгээр эдийн засгаа хөгжүүлэх үү? гэсэн асуудал бидний өмнө тулгараад байна.Засгийн газрын өрийн эмзэг байдлыг ОУБС-ийн өрийн тогтвортой шинжилгээний аргачлалд үндэслэн дүгнэхэд ихэнх үзүүлэлт нь дээд хязгаараасаа давсаныг тогтоосон. Тухайлбал: Засгийн газрын гадаад өр болон валютын өр нь их хэмжээгээр давснаас Монгол улс дэлхийд итгэлээ алджээ. Иймээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн Мега төслүүдээ эрчимтэй зөв менежментээр хөдөлгөх, улмаар улс төрийн тогтвортой байдалдаа анхаарах явдал юу юунаас чухал болоод байна. ►  Ганц яргай загасгүй байсан Чили орон гаднаас яргай загас авчиран нутагшуулан үржүүлж, үүнийг нь Төр нь бодлогоороо дэмжиж, гаднаас шууд хөрөнгө оруулалтыг орох үүд хаалгыг нээж, дэлхийн яргай загасны зах зээлийг атгаж, энэ экспортоороо жилд 3 тэрбум ам.доллар олж байгаа сайхан туршлага байна. Тэгвэл манай орон ганц уул уурхай түүний дотор нүүрс, зэс гэж орилолгүйгээр 66 сая малаа дагуулаад боловсруулах үйлдвэр, өргөн уудам газар нутгаа дагуулаад газар тариалангаа, үзэсгэлэнт сайхан газар нутаг, байгалаа дагуулаад аялал жуулчлалаа, эрдэс баялагаа дагуулаад баяжуулах үйлдвэр, төмөр замаа гэх мэт бусад салбаруудаа Төрийн бодлогоор эрчимтэй хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах явдал чухал байна. Оюу толгойн гэрээ, түүний Дубайн төлөвлөгөө болон Эрдэнэт үйлдвэрийн 49%, “Жаст”-ын Ш.Батхүүгийн Стандарт банкинд тавьсан өр, зээл, ЖДҮ болон сангуудаас завшиж, хувааж авсан луйвар зэргүүдийг нягтлахаар УИХ, хууль хяналтын байгууллагуудаараа байгуулагдсан ажлын хэсгүүдийн ажлыг жаахан шуурхайлуулан, дүгнэлтүүдийг нэг мөр цэгцлэн дуусгаж шийдвэрлэх. Ер нь Төр, Засгийн ажлыг “Үхэр тэрэг”-ний явдлаар биш, морины явдлаар биш юмаа гэхэд, ядахдаа морин тэрэгний явдлаар ажлаа явуулдаг болоход анхаарч ажилламаар болоод байна. Монголын ард түмний хандив, тусламжаар “Евро” бондын өрийг төлүүлэхгүй гэж “Хуралдай” бондыг гаргаж ирсэн шигээ, бүр цаашилбал Монгол улсын “Соёлын гавъяат зүтгэлтэн”, өндөр настан Б.Дашзэвэгийн “завдсан” хэргийг Төр, хууль, хяналтын байгууллагууд  асар богино хугацаанд шийдвэрлэсэн шигээ ажил, асуудлуудаа хурдан, шуурхай шийдвэрлээд  явдаг Төр, Засагтай болох асуудал л юу юунаас чухал болоод байна даа. . . БНХАУ 2018 онд 60 сая хүнийг ядуурлаас гаргаад Хятад улс ядуу ард түмэнгүй болно гээд дээд чуулганаараа дэлхийд зарлачихлаа. Гэтэл манайх газрын доороо дэлхийд байхгүй шахам баялагтай, 66 сая малтай, 1,565.000 метр квадрат өргөн уудам газар хутагтай, 3 сая ард түмнээ ийм ч ядуу зүдүү амьдруулах ч гэж дээ. Бид нар ер нь нэг; Толь Гэндэнгийн үлгэрээр л яваад байнаа даа. . .  Хүсэлт болгоход: Энэ Засгийн газар МАНАН ба 60 тэрбумын асуудлыг цэгцлэх гэж байгаа шигээ “Энэ их өр” хэзээ хэзээнээс, яаж яаж бий болсон, тэр их мөнгийг юу юунд, яаж яаж зарцуулсаныг нэг гаргаж, дэлгэж тавиасай гэж хүсэх юм.  

Гурав: Эрсдэл дагуулсан өр, зээл

  Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд болон Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас өр, зээл авч байгаагаараа гайхуулаад, эрсдэлтэй зээл аваад улс, эх орон, ард түмнээ сүйрүүлж байгаа улс орны сургамж, муу жишээ зөндөө байна. Мозамбик гэдэг улс Олон улсын хөрөнгийн зах зээлээс уул уурхайдаа түшиглэн асар их мөнгийг, ирээдүйд олно гэсэн төсөөлөлтэйгээр зээлснээр өр, зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрч, улс орон нь дампуурлын ирмэгт тулж очоод бүх мөнгөнийх нь гүйлгээг юань эзэлж, аргаа барсан ард түмэн өнөөдөр “Заанаа” хүртэл өрөндөө өгөөд байна гэж хэвлэл мэдээллээр бичээд байна. Мозамбикийн энэ гашуун түүх Монголд давтагдахгүй гэх баталгаа байна уу??? Хөгжил буурай орнуудыг эдийн засгийн талаар хараат байдалд оруулж, түүхий эд, газрын баялгийг нь хямд төсөр үнээр авах бодлого явуулдаг өндөр хөгжилтэй орнууд бидний хол биш ойр байна. Хэвлэл, мэдээллээс авсан мэдээллээр бол: Одоогоор Хятадын эзэмшилд оччихоод байгаа Тажикстаны уулархаг муж нь вольфрамаас аваад газрын ховор элементийн ашигт малтмалаар асар их баялагтай бүс нутаг. Хятадууд тэнд олноор суурьшиж, Тажикстаныг ханьжуулах (хан үндэстний нөлөөлөл) бодлого явуулж, орон нутгийн оршин суугчдыг өөрийн бүсэд байршуулж байна. Хятадууд тажикуудын оршин суугаа дүүргээ “Халтар тосгон” гэж нэрлэдэг. Хятадаас авсан хоёрхон миллярд зээлийн өр ийм л үр хөврөлийг энэ улсад авчирчээ. “Тажикстаны эдийн засгийн 60 хувийг Хятад дангаар хянаж байна” гэж эдийн засагч, социологч Н.Цэрэнхүү бичсэн байсан. Мөн Туркмен улс Хятадаас авсан зээлийнхээ өрөнд газар нутгаа өгсөн гашуун түүхийг бид мэднэ. Тажикстан, Узбекстан, Туркмен орнуудад Хятад улс 80 гаруй том төслийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлдэг. Эдийн засгийн хувьд Хятадын хараат болоод буй эдгээр улс орнуудын Оростой харилцах харилцаа сүүлийн жилүүдэд суларсныг Хятад гүрэн ийн ашигласан гэдгийг судлаачид хэлдэг. Гаднаас авсан их өр, зээл ийм аюул дагуулж байна. Дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэхийн тулд Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэт их зээл авч, өрийн хавханд орохоос сэрэмжлэхийг Азийн хөгжлийн банкны (АХБ) ерөнхийлөгч Тахэхико Накао Монгол зэрэг улсад анхааруулсныг Японы “Nikkei” сонин 2018 онд уламжлав. Мөн тийм сэрэмжлүүлгийг Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард 2018 оны эхэнд өгсөн байна. Тэрбээр Хятадад хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Хэдийнэ өрийн дарамтанд орсон орнуудын байдлыг “Бүс ба Зам” санаачилга улам хүндрүүлж болзошгүй. Тэдгээр улс санхүүгийн менежментээ маш болгоомжтой хийх нь чухал. Ингэвэл ирээдүйд санхүүгийн бэрхшээлд орохоос сэргийлэх болно” гэжээ. Хятад улс санаачилгынхаа хүрээнд Ази, Европын хооронд орших худалдааны маршрутуудын дагуу найман их наяд ам.долларын өртөг бүхий дэд бүтэц байгуулахыг зорьсон. ►   Үүний сацуу “Дэлхийн хөгжлийн төв” судалгааны байгууллагаас 2018 оны гуравдугаар сард гаргасан мэдэгдэлд; Хятадын дэд бүтцийн санаачилгатай холбоотойгоор өрөө нэмсний улмаас 23 улс өрийн хямралд нэрвэгдэх эрсдэлтэй. Тухайлбал, найман улс, тэдгээрийн дотор Монгол, Мальдив, Пакистан, Лаос, Тажикстан, Кыргызстан өрийн хямралд орох эрсдэл илүү өндөртэй гэж тодорхойлжээ.                                           (“Өнөөдөр” сонин 2018.05.07 №088-рт)  

Дөрөв: Төр ба ард түмэн + өр

  Эрсдэлтэй зээлүүдийг гаднаас аваад тэвдэж, сандарч, шаналж суухын оронд ард түмнийхээ хандив, дэмжлэгийг аваад санаа амар байх байсан биш үү? гэсэн асуулт эндээс урган гарч ирж байгаа юм. Ард түмэн, үндэсний аж ахуйн нэгж, банк, санхүүгийн байгууллагуудаасаа зээлсэн ч болох байсан. Хэрвээ ингэж чадсан бол тендер, төсөл, хөтөлбөр, сан нэрээр ард түмний татварын мөнгийг дээдэсүүд идэж, ууж, өөрсдийгөө санхүүжүүлэхээ ч зогсооход тус нэмэр болох байсан.Ингэсэн нөхцөлд ард түмний хяналтанд орно. Ард түмэн, үндэсний аж ахуй нэгжүүд Төрдөө итгэл үзүүлж мөнгөө зээлэх нь Төр, ард түмний хоорондох хонгил үгүй болох байсан бус уу?  Ингэж Монгол Улс, ард түмэн, үндэсний аж ахуй нэгжүүдийнхээ хүчинд өрнөөсөө гарч, ард түмэндээ эргүүлж өрөө төлөх болоод ирэхээр Төр, Засаг нь шудрага, ёс зүйтэй, хүнд сурталгүй, хөнгөн шуурхай, эрч хүчтэй, шамдаж ажилладаг болно. Монгол улсын хөгжил дэвшлийн нэгэн шинэ түүх ингэж эхлэх байсан бус уу??? Өнөөдөр Төр, Засаг, ард түмэн хоёрын харилцаа ямар байгаа билээ. Төр гэж тусдаа вант улс шиг аашилдаг. Ард түмэн нь Төрөө харааж зүхэхээс өөрийг мэдэхээ байсан. Ямар ч хүнтэй уулзахад “Монголын 76 луйварчин” (үе үеийн) гээд зүхээд эхэлдэг. Монгол ард түмэн, манай улс орон чинь Төртэй гэж бодоод л “Төрийн минь сүлд өршөө” гэж залбираад олон жил явж байна. Гэтэл Төр нь байхгүйтэй адил болсон.  Ард түмэн Төр, Засгаа хүндэлхээ больсон. Яагаад ийм болов??? Энэ нь Төр нь Төр шиг ажиллаж, бусад улс орнуудын удирдагч нар шиг улс эх орноо зөв сайхан удирдаж, ард түмнээ амар амгалан, өнгөтэй өөдтэй, мөнгөтэй төгрөгтэй, аятай тухтай, сэтгэл санаа өөдрөг амьдруулж чадахгүй байгаатай шууд холбоотой. Япон, Солонгос, Сингапур шиг биш, газрын хөрсөн дороо алт, эрдэнэсээр хязгээргүй баян Монгол орон. . . Төр, Засгийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүс та, нар минь ард түмнийхээ Төрдөө итгэх итгэлийг дээшлүүлэх талаар нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг болсон бус уу??? Нам гэж намбигналгүй, эрх ямба, албан тушаал, сандал, ширээнийхээ төлөө биш, эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл, зүтгэл, шудрага, ёс зүйтэй, хүнд сурталгүй ажиллаад эхэлбэл, өвөг дээдсээсээ уламжлагдсан гүйлгүүр ухаант ард түмний төрдөө итгэх итгэл нь дээшилж, сэтгэл санаа нь сэргэж, улс эх орон өнгөтэй, өөдтэй болоод ирнэ гэдэгт итгэлтэй байна. Ард түмэн чинь энийг л хүсч байгаа. Манай дээдсүүд энийг нэг жаахан бодож ажиллаасай. Одоо та нар минь идэж, ууж, ханаж, цадсан шүү дээ. Одоо та нар минь ард түмэндээ жаахан ч гэсэн ажиллаж, амьдрах бололцоо олгооч!  

Тав: Төсвийн зардал, алдагдлыг бууруулахад  дэм болох улс төрийн тогтолцооны талаар

  ► Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлэхэд: Монголын ард түмний хуваагдал, эв нэгдэлгүй байгаа нь Төрийн сүлдэндээ морио гэдсээр нь хуваагаад залчихсантай холбоотой. . . Юманд чинь нэг бэлэг дэмбэрэл гэж байдаг даа. Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаа юм бол; Дараах хэдэн томоохон өөрчлөлтүүдийг хийвэл яасан юм бэ? 1.Төрийн сүлднийхээ морины хэлбэрийг ч гэсэн өөрчлөх хэрэгтэй мэт санагддаг юм. Үндсэн хууль доторхи хэдэн үг, өгүүлбэрээс болоод Төр нь ийм болчихоод байгаа юм бол Төрийн чинь билэгдэл болсон сүлднийхээ морийг гэдсээр нь хуваагаад залчихсан чинь бүр болохгүй байгаа юм биш үү??? 2.Түүнээс гадна Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөрөө орон нутгийн засаг захиргааны нэгжийн өөрчлөлтйиг давхар хийж, төсвийн үрэлгэн зардлыг бууруулах хэрэгтэй. Жишээ нь: Гурван сумтай Говь-сүмбэр аймгийг татан буулгаж, Дорноговь аймагтай нэгтгэх. Төв аймгийн Сэргэлэн сум, Дорнод аймгийн Баянтүмэн сум, Хэнтий аймгийн Мөрөн сум гэх мэт аймгийн төвөөсөө 7-20 км-т байгаа бусад аймгуудын сургуулиуд нь нэг ангидаа 5-6 сурагчтай олон сумуудыг татан буулгаж, зэргэлдээ сумуудад нь газар нутаг, айл өрхүүдийг харъяалалаар нь шилжүүлэх зэрэг өөрчлөн зохион байгуулалтыг, сонгуульд санал өгөхгүй болчихно гэж өнөө, маргаашийн ахархан бодлогогүйгээр ирээдүйг харж, улс, эх орныхоо эдийн засаг, санхүү, өр зээл, төсвийн алдагдлаа багасгах том зорилгын дор хийх цаг нь болсон байна. 3.Авгай, нөхрийг салгаж, ах, дүүсийг хагаралдуулж, анд нөхдийг эвдэрэлцүүлж, ард түмнийг талцуулсан, нам гэж нэг мамыг хатуу гишүүнчлэлгүй болгочих, 4.Нэг хүн, нэг компани нам байгуулж, ард түмэн, улс орноор тоглодогийг болиулж, нам байгуулах босгыг өндөрсгөж, хамгийн багадаа 20,0-30,0 мянган хүн нийлж нам байгуулдаг эрхтэй болгох. Монгол шиг 3 сая хүн амтай улсад 3-5 нам байхад л хангалттай. Тэгэхэд одоо манайд 30-аад нам байгуулагдаад байна. Энэ тоглоом нь Монголд дэндүү хатуудаж байна. 5.УИХ-ын гишүүн нь дахин сонгогдоод байхын тулд улсын төсвийн алдагдлыг өсгөн байж, үр ашиг муутай жижиг хөрөнгө оруулалтуудын төслүүдийг төсөвт суулган батлуулж байдаг сонгуулийн жижиг мажоритар системийг одоо таслан зогсоох хэрэгтэй. Сонгуулийн энэ системээр 6 удаа сонгууль явуулж, улсын төсвийн хөрөнгийг үрэн таран хийлээ. Одоо томсгосон тойрог дээр + намын квотоор УИХ-ын гишүүдийг сонгодог системд орохоос өөр аргагүй болжээ. Үүнийг Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтөнд суулгаж өгье. Энэ нь улсын нийтлэг эрх ашиг, макро эдийн засгийн өргөн цар хүрээтэй эрүүл бодлогыг явуулахад нэмэр болох болов уу??? 6.УИХ-ын гишүүнд нэр дэвших насыг 40-өөс дээш гэж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөндөө зааж өгье. Манай өвөг дээдсүүдийн айлдсанаар “Дөч хүрсэн эр, дөрөв дарсан ат”, “Гэрээ засаад, Төрөө зас” гэсэн алтан сургаалиудыг нэг санацгаая. Ер нь тэгээд ажил, амьдралын туршлага, хат суугаагүй, юуны ч учир олохгүй, хэдэн төгрөгтэй аавын хүүхдүүд Төр, засагт гарч ирээд Улс орон, ард түмнээр яаж тоглож, нэр нүүр бузарлаж байгааг та, бид хангалттай харлаа, үзлээ. Үндсэн хуулиндаа иймэрхүү нэмэлт өөрчлөлт, заалтуудыг оруулсан нөхцөлд арай дээрдэх байлгүй дээ гэж хэлэх байна.Тэгэхдээ үнийг бурхан (оюунлаг) ард, түмэн мэдэх биз. . .  

Зургаа: Баялагаа зөв ашигласан сайхан жишээ

  Байгалийн хий, газрын тосны баялагаа “чулуу” болгож баяжсан Африкийн орнуудын нэг нь Алжир улс байна. Африкийн орнуудын толгойн өвчин болсон ган, гачиг энэ оронд мөн л тохиолддог байна.”Ганц хөлтэй” гэж шоглодог байсан эдийн засагаа Төр, засгийн зөв бодлогоор төрөлжүүлж чадсан байна. (мал, аж ахуй, загас агнуур, нефть, хими, тээврийн салбар гэх мэтээр) Алжир улс байгалийн баялагийг зөв хувиарлаж, зарцуулбал ямар хөгжил, цэцэглэлтэд хүрч болдогийг баталсан орнуудын нэг болоод байна. Алжирын байгалийн баялаг нь төмөр, цахиур, зэс, сурьма, каламин, гэх мэт эрдэс баялаг элбэг байдаг байна. Алжирын Засгийн газар инфляцыг ганц хувьд барьдаг дэлхийн цөөхөн орны нэгд багтаж чадсан. 1999 онд 28 тэрбум ам.долларын гадаад өртэй байсан бол тус улсын Засгийн газар баялагаа, орлогоо зөв тооцоолон ашиглаж, зөв зарцуулж, зөв хувиарлаж чадсаны үр дүнд энэ том тоо 5 тэрбум ам.доллар болж буурсан байна. Түүнчлэн тус улс “Дэлхийн хамгийн аз жаргалтай 100 улс” жагсаалтын 38-рт эрэмблэгдэж байна. Ард нийтийн санал, асуулгад оролцсон Алжирчуудын дийлэнх нь өөрсдийгөө аз жаргалтай байна хэмээн тодорхойлсон байна. Мөн “Ард, иргэд нь адил тэгш аз жаргалтай 147 улс”-ын жагсаалтын 47-д бичигдсэн байна. “Улс төрийн тойм” сонин 2018.04.23 №14 Ийм сайхан жишээ олныг дурьдаж болно. Алжир орноос дутахгүй байгалийн баялагтай Манай Монгол орон. Жишээлбэл: Дэлхийн банкны 2011 оны тооцоо судалгаагаар “Монгол улсын баялагийн нөөцийн хэмжээ 1,3 их наяд ам.доллар” гэж тогтоосон байдаг. Гэтэл өнөөдөр манай улс ямар өрөнд баригдчихаад, ард иргэд нь ямархүү байдалтай амьдарч байна вэ??? Ямар гээ ч Сангийн “торонд” орчихоод доороо дэвхцэж байна вэ??? Монголд хамгийн их зээл, тусламжийг үзүүлдэг Япон улсыг авч үзье. Энэ улс дэлхийд их зээлтэй. Дэлхийд дээгүүр байр эзлэх зээлтэй ч гэсэн Япон улс манайд “Өвсний үндэс”  хөтөлбөр хэрэгжүүлж, улс орны бүхий л салбарт зээл, тусламж үзүүлж байна. Гэвч Япон улс зээлээ үр ашигтайгаар зарцуулж чадаж байгаагаас бусад орнуудад тусламж үзүүлж, мөн зээл өгч улс орон нь цэцэглэн хөгжиж байна. Түүнчлэн өр зээлээ багасгаж байгаа олон орнууд байгаагаас Саудын араб, Египт, Энэтхэг, Аргентин зэрэг улс, орнууд бараг өр зээлгүй шахам гэж хэлж болохоор болж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээг хурдацтай өсгөж, эдийн засгаа сайжруулсаар байгаа сайхан жишээнүүд олон байна. Саудын Араб улсад 2017 онд эхэлүүлсэн авлигатай тэмцэх компанит ажлын хүрээнд улсын хун тайж нар болон бизнес эрхлэгч 200 гаруй хүнийг баривчлан 3 сар орчим хугацаанд саатуулан шалгасны эцэст; Саатуулагдаад байсан хүмүүсийн 90% нь авлига өгч, авсанаа хүлээн зөвшөөрч, хөрөнгийнхөө тодорхой хэсгийг хураалгаж, эрх баригчдынхаа саналыг хүлээн авч, улсад учируулсан нийт 106 тэрбум ам долларын хохирлыг бүрэн барагдуулсан баана. Энэхүү авлигын хэргийн хүрээнд ойролцоогоор 380 гаруй хүнээс байцаалт авч, уг асуудлыг шийдвэрлсэнээс одоогийн байдлаар 50 гаруй хүн үргэлжлэн хоригдож байгаа мэдээлэл байна. Гэтэл энэ асуудал өнөөдөр манай улсад ямархуу байгаа билээ. Ард, иргэд болон  Улсын Ерөнхийлөгчийнхөө гаргасан санал санаачлага, уриалга, шийдвэрийг дээр, доргүй үл тоомсорлон дотооддоо заримыг нь банкны хадгаламжинд хадгалуулсан, заримыг нь  үл хөдлөх хөрөнгө болгочихсон, заримыг нь гадаадад оффшорт хадгалуулчихаад намаараа хамгаалуулаад хөдлөхгүй сууцгааж байгааг юу гэж ойлгох вэ??? Эх орон минь мал, газар, баялагаар мөн ч баян байдаг. Ээ хийх ажил минь мөн ч их байдаг. . . 2018.05.15  Хаврын адаг сарын 29-ний билэгт сайн “Улаан морь” өдөр
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Уржигдар 11 цаг 53 мин
ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөрийг томилохоор болжээ

ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөр ажиллана

Уржигдар 11 цаг 47 мин
Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Уржигдар 11 цаг 13 мин
Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд хүлээх цаг байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025–Уур амьсгалын өөрчлө

Уржигдар 06 цаг 00 мин
34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох процесс өчигдөр

Уржигдар 06 цаг 00 мин
Хувьдаа 3000 вагонтой, төмөр замаа төрдөө бэлэглэчихсэн сайд салбараасаа юу хулгайлах вэ?

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий

2025-06-12
Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

2025-06-12
Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

2025-06-12
О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

2025-06-12
Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

2025-06-12