Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойд зориулан 1969 оны цэрэг, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Н.Сүхдорж гуайн цэрэг, эх орны сэдэвт шүлгийг толилуулж байна.
ФРОНТЫН СУВИЛАГЧ ХӨӨРХӨН СҮНЖЭЭ
Тахимаа шүргэсэн хар гэзгээ
Гурваар дарж хойш шидсэн
Талимаарсан алаг нүдээр
Орчлонг уярааж зүрх гижигдсэн
Хорь шүргэсэн хонгор бүсгүй
Хорооны сувилагч хонгор Сүнжээ
Цэрэг бүхний цээжинд ургаж
Хороо дүүрэн алхаж явах
Цэнхэр дурдан алчуур намируулж
Хуаран салаандаа гунхаж явах
Хээрийн задгай галын дэргэд
Амрагийн дуу аялж суух
Хэний хүүг зүрхэндээ мөрөөдөж
Хайрын зурвас хүлээж цөхөх
Хорь шүргэсэн хонгор бүсгүй
Хорооны сувилагч Хөөрхөн Сүнжээ
Дайны галын тэргүүн шугаманд
Дайчин хороотойгоо алхаж явсан юм
Томдосхийсэн саарал шинельтэй
Торгон хилээ хамгаалж явсан юм.
Бууны дуутай дайны талбарт
Нуувчин дотроо бүжиглэж явсан юм
Булаг шандын ширүүн тулалдаанд
Дарийн утаа анх үнэртсэн юм.
Түргэн дохионы ханхийх дуунаар
Эмнэлгийн цүнхтэй жаахан бүсгүй
Түрүүчийн сумантай яралзтал давшин
Галын шугаманд зэрэг хүрсэн юм
Энд бөмбөг дэлбэрч сум шунгинаж
Элст манхан буцалж байхад
Гал дүрэлзэн утаа манарч
Газар шороо гасалж байхад
Суман мөндрийн доогуур Сүнжээ
Үхэлтэй өрсөн давшиж явсан юм
Суманд өртсөн дайчин нөхдийнхөө
Алтан амийг аварч байсан юм.
Улаан хэрээстэй цагаан малгайгаа
Тэргүүн дээрээ ихэмсэг залаад
Улаа бутарсан сайхан инээмсэглэлээр
Гэрэл цацраан дүүрэн мишээгээд
Хороо дүүрэн гунхаж явдаг
Хонгор Сүнжээ дайны талбарт
Цэрэг бүхний амийг сахьсан
Ижий бурхан дүрээрээ байсан юм
Дайны талбарт шархадсан л бол
Дайсны өөрийн ялгаа нь үгүй
Хамгийн түрүүн туслах тангарагтай
Ханцуйндаа хэрээстэй цэрэг бүсгүй
Монгол цэргийн сэлмэнд цавчуулж
“Морилох” шахсан “ноён” самуурайг
Молцогт манхны үхлээс аварч
Галын шугамнаас гаргаж явахад нь
Үхэл эрсэн зэрлэг сум
Ангир цээжинд нь туссан юм
Үүрч явсан дайснаа дэрлэн
Хонгор Сүнжээ унасан юм
Аав ээжтэйгээ ч золгож чадсангүй
Амрагийнхаа болзоонд ч очиж чадсангүй
Алагхан үрээ ч тэвэрч чадсангүй
Ай хөөрхий хонгор Сүнжээ
Цэцэг урласан цэнхэр алчуураа
Цээжний гүндээ нууцлан хадгалж
Хариу нэхсэн. Хайрын захидлуудаас
Хатуурхан зугатсаар од шиг харавсан юм.
ЖАНЖИН ТУГ ШИГ ХӨВҮҮД МИНЬ
Ангийн захирагч асан Монгол Улсын баатар хурандаа П.Чогдонд зориулав.
Шуугин исгэрэх сумны өөдөөс
Сумангаараа яралзтал давшаад
Жагсаал саландаа эргэж ирээгүй
Жаргалтай орноо хамгаалж үлдсэн
Ээжийн олон хөвүүдийн амиар
Эх орон минь мөнхөд үлдсэн юм аа
Тэргүүн хорооны жанжин туг шиг
Тэр цэргүүд мөнхөрч үлдсэн юм аа
Аюул нүүрлэсэн дайсны өөдөөс
Аргамагтайгаа яралзтал давшаад
Ахан дүүсдээ эргэж ирэлгүй
Алтан хилээ хамгаалж үлдсэн
Ээжийн олон хөвүүдийн амиар
Эх орон минь мөнхөд үлдсэн юм аа
Тэргүүн хорооны жанжин туг шиг
Тэр цэргүүд мөнхөрч үлдсэн юм аа
Төрийн сүлдтэй дархан хилээ
Төмөр хэрэм шиг батлан хамгаалаад
Хүй дарсан нутагтаа ирээгүй
Хүйтэн чулуунд үүрд шингэсэн.
БИ ХАЛХЫН ГОЛЫН ЦЭРЭГ
Домогт жанжин Ж.Лхагвасүрэнгийн ихэр ахмад дайчин манай ангийн албаны дарга байсан хошууч Ж.Зундуйд зориуллаа.
Халхын голд тулалдаж явсан
Залуу нас минь содхон байна
Хамт зэрэгцэн давшиж явсан
Анд нөхөд минь тодхон байна
Би Халхын голын цэрэг юм шүү
Бид нар Халхын голын ялалт юм шүү
Би морин хорооны цэрэг юм шүү
Бид нар Монгол Улсын ялалт юм шүү
Суманд эрсэдсэн дайчин нөхрөө
Элгэндээ тэврээд уйлж явлаа
Сумангаараа яралзтал давшаад
Магнай тэнийлгэн дуулж явлаа
Би Халхын голын цэрэг юм шүү
Бид нар Халхын голын ялалт юм шүү
Би морин хорооны цэрэг юм шүү
Бид нар Монгол улсын ялалт юм шүү
Дайны түймэр шуургалан байсан
Халхын гол минь амгалан байна аа
Дайсны омгийг өвдөглөн дарсан
Дайчин хороо минь алхаж явна аа.
ЭЛСТ МЯНГАНЫ ХАРУУЛ
Хилчин агсан төрсөн дүү хошууч Нямжавын Батсүхийн гэгээн дурсгалд зориулав.
Туульс хайлсан буурал уулсынхаа
Чулуу бүхнийг тоолон таньдаг
Үүлс нүүсэн хөх тэнгэртээ
Дуулах шувуухайн жиргээг мэддэг
Элст мянганы дайчин эрсийг
Хавтаг Байтагийн уулс мэднэ
Ээж хайрхан Цэнхэр номингийн
Ээрэм тал говиуд мэднэ
Зэрэглээ наадсан цэнхэр говийнхоо
Зээр гөрөөсийг зүслэн таньдаг
Өлмийд дэлгэрсэн алаг цэцэгсийг
Салхинд таалах үнэрээр нь мэддэг
Элст мянганы дайчин эрсийг
Хавтаг Байтагийн уулс мэднэ
Ээж хайрхан Цэнхэр номингийн
Ээрэм тал говиуд мэднэ
Аагтай сэлэм шиг цэл залуугаараа
Атаатнаа дараад эргэж ирээгүй
Ассан гал шиг хилийнхээ ууланд
Аньсага нь хараастай мөнх нойрсон
Элст мянганы дайчин эрсийг
Хавтаг Байтагийн уулс мэднэ
Ээж хайрхан Цэнхэр номингийн
Ээрэм тал говиуд мэднэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.3.18 № 55, 56 (6022, 6023)