Р.ОЮУН
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд өнгө өнгийн хувцсаар ижилсэн гоёсон бүсгүйчүүд цугласан нь Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн 0257 дугаар ангийн хилчин эмэгтэйчүүд байв. Тэд хоёр жилд нэг удаа болдог Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтдаа оролцож тулгамдаж байгаа асуудал болон ирэх жилүүдэд хэрхэн ажиллахаа ярилцахаар ирсэн нь энэ байлаа. Чуулга уулзалтад Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга н.Гандэлгэр болон аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Цэнд-Аюуш нар оролцож хилчин бүсгүйчүүддээ цаашдынх нь ажилд амжилт хүслээ. Мөн энэ үеэр гэр бүл ямар байх, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх болон далд ухамсараар өөрийгөө хэрхэн эмчлэх талаар эрдэмтэн багш нар мэдээлэл өгсөн нь хилчин бүсгүйчүүдэд ихэд таалагдсан юм.

Өнөөдөр хилчдийн ар гэрийн амьдралыг сайжруулах ялангуяа, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхээр төр, засгаас олон арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, хилийн заставт алба хааж байгаа офицер, ахлагч нарын ажил эрхлээгүй гэр бүл, хүүхдэд нь улсын төсвөөс улиралд нэг удаа тэтгэмж олгож байна. Мөн алс бөглүү газарт 20 гаруй настай, 2-3 хүүхэдтэй залуу гэр бүлийн зөвхөн нөхөр нь ажил хийж байгаа бөгөөд эхнэр нь ажилгүй, хүүхэд нь цэцэрлэг, сургуульд хамрагдаж чаддаггүй. Тиймээс залуучуудыг энэ хүнд нөхцөлд улсын хилд алба хаалгах зорилгоор улсаас тодорхой арга хэмжээг авч байгаа ажээ. Ялангуяа, хил хамгаалах байгууллагад гарсан ажлын байр, орон тоон дээр хилчдийн гэргийг эхний ээлжинд албанд авч ажлын байраар хангах хуультай юм байна. Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдлын төлөө нойр, хоолоо умартан зүтгэж яваа хилчин дайчдын ар гэр мөн хилийн албанд эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн алхаж байгаа дайчин эмэгтэйчүүд Монгол Улсын тусгаар тогтнолын өмнө үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Чуулганы үеэр холбогдох албаны хүмүүстэй уулзаж хилчин эмэгтэйчүүдийн талаар ямар ажил хийж байгааг нь сонирхсон юм.
[caption id="attachment_57727" align="aligncenter" width="850"]

Хилчин бүсгүйчүүдийг улаан хивсний ёслолоор хүлээж авав.[/caption]
[caption id="attachment_57728" align="aligncenter" width="657"]

Ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр бүсгүйчүүддээ баяр хүргэж сарнай бэлэглэв.[/caption]
Хилийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр: Эмэгтэйчүүдийнхээ үүрэг оролцоог нэмэгдүүлнэ
-Энэ жил ангийнхаа түүхт 40 жилийн ойн арга хэмжээний өмнө зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Чуулга уулзалтын гол зорилго нь өнөөдөр улсын хилийн хамгаалалтыг газар дээр нь зохион байгуулж байгаа хилийн заставын офицер, ахлагч нарын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хилчин дайчдынхаа сэтгэл санааг тогтвортой байлгах. Мөн гэр бүлийн аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд бид энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ялангуяа, гэр бүлийн хөгжлийг бий болгох, хүүхдийн хүмүүжлийг сайжруулахаар гадаад, дотоодын олон багш, эрдэмтэн судлаачдыг урьж сургалт зохион байгууллаа. Мөн эмэгтэйчүүдийнхээ зөвлөлийн хурлыг хийж, энэ онд хийх ажлаа төлөвлөсөн. Манай ангийн нийт бүрэлдэхүүний 25 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Хил хамгаалах албанд эмэгтэй хүмүүсийн үүрэг оролцоо ямар их байгаа нь харагдаж байна. Тиймээс эмэгтэйчүүдийнхээ үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор чуулга уулзалтаа амжилттай зохион байгууллаа.
Мөн хүүхдүүдийн сурч, амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор зарим хилийн заставт хүүхэд харах үйлчилгээг ажиллуулахаас гадна ажилгүй байгаа гэр бүлийн хүмүүст аймгийн удирдлагатай ярьж зээл, хөтөлбөрт хамруулж, ажлын байраар хангахаар төлөвлөж байна. Сүүлийн 3-4 жил аймгийн удирдлагатай хамтран тогтмол жижиг бизнесийг дэмжих сангаас олон төсөл хөтөлбөрийг авч хилийн заставынхаа эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж байна. Зарим нь нэхмэлийн машин худалдан авч малгай, ороолт үйлдвэрлэхээс гадна төрөл бүрийн цагаан идээ хийх, ахуйн үйлчилгээний зориулалттай үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг нөхөрлөлүүд ч бий.
Хөвсгөл аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Цэнд-Аюуш: Төрийн өмнө үүрэг хүлээсэн өвөрмөц, бахархалтай алба
[caption id="attachment_57730" align="aligncenter" width="850"]

Хил хамгаалах байгууллагад олон жил ажилласан эмэгтэйчүүдэд ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс гарын бэлэг гардууллаа.[/caption]
-Монгол Улсын дархан хилийг хамгаалах үйлсэд гар бие оролцон хүчин зүтгэж байгаа хилчин эмэгтэйчүүддээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Төрийн өмнө үүрэг хүлээсэн өвөрмөц, бахархалтай ч хэцүү алба байдаг. Энэ албыг гүйцэтгэхэд эмэгтэйчүүдийнхээ оролцоог дээшлүүлэх, хөгжүүлэхэд ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр болон хамт олны зүгээс дэмжиж, хамтран ажиллдаг. Хөвсгөл аймгийн эмэгтэйчүүдийн холбоо 25 зөвлөлтэй. Үүний нэгд “Хилчин эмэгтэйчүүдийн зөвлөл” байдаг. Зөвлөлүүдээ тэргүүлж, манлайлж ажилладаг “Хилчин эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг онцлон дурдахыг хүсч байна. Ялангуяа, “Хилчин эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс зохион байгуулдаг чуулганы арга хэмжээ манай нийт бүсгүйчүүдэд үлгэр дууриал болсон цогц үйл ажиллагаа байдаг. Би хоёр дахь удаагийнхаа чуулганы үйл ажиллагаанд оролцож байна. Манай эмэгтэйчүүд урлаг, спортын тэмцээн уралдаан, үзвэр үйлчилгээ, бие биетэйгээ туршлага судлах, хийж бүтээснээ дэлгэн тавих мөн хувь хүний хөгжил гэсэн олон талын ажлыг цогцоор нь зохион байгуулдаг. Нийт эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулдаг арга хэмжээнд хилчин эмэгтэйчүүд зохион байгуулалттай, ач холбогдол өгч оролцдог. Энэ жилийг “Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Эмэгтэйчүүдийн манлайлал” арга хэмжээг зохион байгуулж 300 эмэгтэйг хамруулсны дотор 13 эмэгтэй заставаа төлөөлж оролцсон. Хилчин эмэгтэйчүүдийнхээ ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр: Энэ жил найман төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна
-Хөвсгөл аймаг 36399 өрхтэй, 134 мянган хүн амтай. Хүн амынхаа тоогоор улсдаа тэргүүлж байна. Нийт гэр бүлийн дотор хилчин гэр бүл, хилчин албан хаагчид маань тухайн байр суурийг эзэлж, тодорхой үүрэг оролцоотойгоор хамтран ажиллаж байна. Хилийн 0257 дугаар анги аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай 2019 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд найман төрлийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулна. Үүнд гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой нөлөөллийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлнэ гэсэн заалт орсон. Хилийн 0257 дугаар ангийн албан хаагчдын гэр бүлийн ялангуяа, эмэгтэйчүүдийн чуулга уулзалт бусдаас онцлог болдог. Тиймээс гэр бүл рүү нь хандсан бодлого, үйл ажиллагаа, гэр бүлийн гишүүд өнөөдөр хүүхдийн, гэр бүлийнхээ өмнө үүрэг хүлээгч болохын хувьд ямар асуудал дээр анхаарах вэ гэдэг ерөнхий асуулгаар мэдээллүүдийг өгсөн.
Хилийн 0233 дугаар салбарын ээлжийн холбоочин Б.Идэрмөрөн: Эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа бахархдаг
-Би 20 дахь жилдээ ажиллаж байна. Чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа ангийн удирдлага, эмэгтэйчүүдийн зөвлөлдөө баярласнаа хэлмээр байна. Бид тэр бүр уулзаад байж чаддаггүй. Өнөөдөр нэг газар цуглараад инээж баясан, стрессээ тайлж, хичээл сургалтад хамрагдан хэдэн жил ажиллах эрч хүчийг авсандаа баяртай байна. Эх орноо хамгаалж байгаа эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаагаараа бахархдаг. Улсын хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа эр нөхрийгөө хүлээж байгаа нь бахархал гэж боддог. Нийт хилчин эмэгтэйчүүддээ эрүүл саруул, элэг бүтэн, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе.
Хилийн 0257 дугаар ангийн Соёлын төвийн дарга, ахмад Б.Нямсайханы гэргий Д.Дэлгэрмаа: Хилчдийн жинхэнэ түшиг тулгуур нь бид
-Эмэгтэйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Чуулга уулзалт маань өргөн хүрээг хамарсан. Өнөөдрийн сургалтыг харж байхад зөв хооллолт, зөв дадал зуршил, далд ухамсар гэсэн сонирхолтой сэдвээр хичээл орлоо. Бидэнд мэддэг атлаа мэддэггүй зүйл их байдаг юм байна. Эмэгтэйчүүд маань тодорхой хэмжээний оюуны хөрөнгө оруулалт хийлээ гэж бодож байна. Хилчдийн жинхэнэ түшиг тулгуур нь бид. Тэд маань бараг гэртээ байдаггүй. Монголчууд “Зан сайтай айлд хүн их ордог” гэдэг шиг аль аль тал дээрээ ажил мэргэжлээрээ ар талынхаа ажилыг зохицуулж байгаа түшиг тулгууртай гэр бүтэй хүмүүс ажлаа сайн хийдэг болов уу гэж боддог. Энэ утгаараа эрчүүд маань сэтгэл амгалан, өнгөтэй зүстэй ажлаа сайн хийдэг байх.
Би ч гэсэн нөхрийгөө тодорхой хэмжээгээр тийм байдаг болов уу гэж боддог. Би үсчин, гоо сайханч мэргэжилтэй. Мэргэжлээрээ 20 жил ажиллаж байна. Нөхөртэйгөө амьдраад 18 жил болоход тал хувийг нь ганцаараа өнгөрүүлсэн байдаг юм билээ. Ийм сайхан ажлыг зохион байгуулсан Хилийн 0257 дугаар анги буюу хил хамгаалах байгууллагын удирдлагуудад хилчин эмэгтэйчүүдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна.
Хилийн 0231 дүгээр салбарын Хөдөлгөөнт харуулын холбоочин, дэд ахлагч Ч.Насанбуян: Цэргийн эмэгтэйд тэсвэр тэвчээр, эр зориг хэрэгтэй байдаг
-Хилийн цэрэгт алба хаагаад зургаан жил болж байна. Өмнө хоёр жил бага ангийн багш хийж байгаад нөхрөө дагаж ирээд зургаан жил болоод цэргийн цол авсан. Ер нь цэргийн эмэгтэйд тэсвэр тэвчээр, эр зориг хэрэгтэй байдаг. Хилийн цэрэгт орсноороо энэ бүх зүйлийг биеэрээ мэдэрч байна. Эр нөхөр нь хил рүү 14 хоног яваад гэртээ ирээд эхнэр, хүүхэдтэйгээ байх цаг хугацаа цөөхөн байдаг.
Үүний ард хилчин эрчүүдийн ар тал болсон эмэгтэйчүүд маань үнэхээр тэсвэр тэвчээртэй, хатуужилтай, эр зоригтой дайчин бүсгүйчүүд байдаг гэж миний хувьд үзэж байгаа. Хилчин эмэгтэйчүүд маань ихэнх цаг хугацааг ганцаараа өнгөрүүлэхээс гадна үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг. Мөн амьдрал ахуйгаа авч явна, албаа хашина гээд бүх зүйлийг хийж яваа. Би хилчин болсноороо их бахархдаг. Хил хамгаалах байгууллага хүмүүсийнхээ амьдралыг сайн дэмжиж тусалдаг.
Хилийн 0257 дугаар ангийн Захиргааны нөөцийн тасгийн нийгмийн ажилтан, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Я.Эрдэнэтунгалаг: Хүн бүр бүтээлч, өрх болгон үйлдвэрлэгч байя
[caption id="attachment_57725" align="aligncenter" width="850"]

Õèë÷èí ýìýãòýé÷¿¿äèéí óðëàñàí á¿òýýë¿¿ä õ¿ì¿¿ñèéí ñîíèðõëûã èõýä òàòñàí þì.[/caption]
-Хилийн 0257 дугаар ангийн эмэгтэйчүүд амжилттай зохион байгууллаа. Энэ цугларалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ангийн захирагчдаа болон ангийн нийт бие бүрэлдэхүүн, хилийн дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчиддээ талархал илэрхийлье. Чуулга уулзалтаар бид хичээл сургалт болон хурал цуглаанаа хийж цаашид хийх ажлаа ярилаа. Энэ жил манай ангийн 40 жилийн ой болно. Тиймээс ой руу чиглэсэн томоохон ажлыг зохион байгуулахаар зорилт дэвшүүлэн ажиллахаар боллоо. Мөн бид “Анддаа туслая” аян өрнүүлж өрх толгойлсон эмэгтэйчүүддээ өөрийн гэсэн байртай болоход нь дэмжлэг үзүүлэхээр уриалга дэвшүүлсэн. Бас “Хүн бүр хуримтлалтай болъё” гэсэн уриалга дэвшүүлсэн байгаа. Хилчдэд бэлэн мөнгөний хэрэглээ бага байдаг ч эдийн засгаа сайн тооцоолж, цалингаа зөв зохицуулж хуримтлалтай болох уриалга гаргасан.
Ер нь хүн бүр бүтээлч, өрх болгон үйлдвэрлэгч байя гэсэн зорилт дэвшүүлээд ой тайгын бүсийн эмэгтэйчүүдийг тэргүүний эмэгтэйчүүдийн зөвлөл болно гэсэн уриалгыг мөн дэвшүүлсэн. Сургалтууд маань сайхан болсон. Эмэгтэй хүн гэр бүлд ямар үүрэгтэй байх юм, эмэгтэй хүн ямар байвал гэр бүл тогтвортой, амгалан тайван, баяр баясгалантай, аз жаргалаар дүүрэн байх талаар сургалтууд явагдсан. Хүүхнүүд маань маш сайн хүлээж авсан. Амьдралдаа, цаашдынхаа ажилд эрдэмтэн багш нарын орсон хичээлээс тусгаж авна гэдэгт итгэлтэй байна. Хилчин эрсийнхээ найдвартай ар тал, халамжит хань нь байж эх орныхоо торгон хилийг хамтдаа хамгаалж, мөр зэрэгцэн ажиллаж байгаа эмэгтэйчүүддээ болон хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье гэв.
Чуулга уулзалтын үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд “Өнөөдөр миний бие аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас гадна Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн даргын үүрэгт ажлыг хариуцан ажилладаг. Тиймээс та бүхэнд хөнгөлөлттэй зээл гаргахад бэлэн, та бүхний санал санаачилгыг бүрэн дэмжинэ. Мөн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих тал дээр дэмжлэг үзүүлж болно. Төсөл хөтөлбөрийн ямар боломж байна тэр боломжоор нь хэрхэн шийдэхэд дэмжиж өгнө. Хөдөлмөр эрхлэлтийн сангийн хөнгөлөлттэй зээлд 1-2 жилийн хугацаанд жилийн 7-8 хувийн хүүтэй зээлд хамруулах боломжтой гэдгээ хэлье” гэсэн юм.
“Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д 150 гаруй бүсгүй оролцож өөрсдийн хийсэн бүтээлийг дэлгэж тавьсан нь оролцогчдын сонирхлыг ихэд татаж, таалагдсан зүйлээ худалдан авч байлаа. Тэд номын дуу сонсохоос гадна эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан юм. Бүсгүйчүүд 17 баг болж “Дуун цэнгүүн”-д авьяасаа сорьсноос Хилийн 0233 дугаар салбарын “Мойлхон” хамтлаг тэргүүлсэн юм. Мөн эмэгтэйчүүдийн тэргүүний заставаар шалгарсан нь тэдэнд их урам хайрлалаа. Чуулга уулзалтын хамгийн сайхан нь буюу гурав дахь өдөр нь Хилийн 0257 дугаар ангийн эрчүүд цугларалтад ирсэн бүсгүйчүүдийг ангиас 50/100 Эвант холл руу машинаар цуваа болгон авч яван хүрэх газраа очингуут сугадан улаан хивсэн дээр алхуулж, ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр 50/100 Эвант холлын үүдэнд зогсон ирсэн зочдод улаан сарнай өгсөн нь тэдний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.3.11 № 49, 50 (6016, 6017)