Ташууртай найрагч

2019-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Эх орны өмнөд хилийн бүс, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд  хуулиас давсан үйл ажиллагаа явуулж, ингэхдээ хилийн бүст дураар авирлаж, хилийн торыг тасалсан зөрчил илэрсэн байна. Энэ талаар “Зууны мэдээ” сонины 2018 оны тавдугаар сард “Сүхбаатарын Эрдэнэцагаан сүйрлийн ирмэгт” цуврал нийтлэл, сурвалжлагыг уншигчдад хүргэж  байв. Тэгвэл оны өмнөхөн “Босоо Хөх Монгол” НҮТББ-аас оны өмнөхөн тус суманд очиж нөхцөл байдалтай танилцсанаа  олон нийтэд мэдээлсэн билээ. Үүний дараа “Босоо Хөх Монгол” НҮТББ ташаа мэдээлэл цацсан  гэх мэдээлэл ч бас гарсан. Эх орны өмнөд хилд юу болоод байгаа талаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Р.Чойномын нэрэмжит  шагналт, яруу найрагч, сэтгүүлч Зоригтнууд овогт Айлтгүйн Төмөр-Очир газар дээр нь очиж танилцжээ. Явсан хүнээс үг сонсъё хэмээн түүнтэй уулзаж хөөрөлдсөнөө тэмдэглэснээ хүргэе. Үлэг гүрвэл шиг эх орны минь баялгийг үхсэн тэмээний сэг шиг үнэг, чоно, хярс зэрэг махчид барьж идэж байна Ташууртай найрагч маань “Сэтгэлийнхээ  дуудлагаар хөдөөгөө зорилоо” гэж өнгөрсөн намар  цахим хуудастаа бичснээс хойш  зүүн аймгуудыг зорьсон тухайгаа нүүр номдоо товчхон бичсэн байсан юм. Мөн тэрээр “Хүнд хүн чанар гэж нэг юм  бий. Хүнд болоод эх орон, түмэн олондоо хүн чанараа гаргах, сэтгэл өвддөг зүйл надад бий” хэмээн тэр хэлж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн  намар  их сайхан урт намар болж, урин дулаан ч байсан. Энэ л цагаар тэрээр зүүн бүс нутгийг дайлаар морджээ. Энэ тухайгаа “Цэвэлмаагийн Нэргүй гэж Р.Чойномын талыг дааж явсан яруу найрагч байлаа. Би  цагтаа Ц.Нэргүй ахын талыг дааж, наргиж даргиж, дайралцаж явсан уран бүтээлийн их  анд байлаа. Тэр хүн бурхан болсон.  Өнгөрсөн намар 80 насных нь ой Хэнтий аймгийн Норовлин суманд болсон юм. “Уулынхаа ногоо  шиг ургаж явнаа, Улзынхаа гол шиг урсч байнаа” гэж шүлгэн хөшөө босгож үлдээсэн сайхан яруу найрагч андынхаа 80 насны ойд зорьж очлоо. Би хөгшин хүн, үхсэн хоёрт хайртай. Үхсэн хойно нь ч найз нөхөддөө үнэнч байх  нь тэнгэрээс сүнс нь хардаг байх гэж тэнгэрийн буурал найрагчийг аргадлаа. Бид залуус, хойч үеэ бас харж явах ёстой. Одоо дардаг, дарамталдаг, худал хэлж, хулгай хийдэг, нэгийгээ дарж, дарамталж  дээшээ гардаг гажиг зарчимтай болж. Би сэтгүүлзүй, яруу найрагт олон залуусыг аль аймаг, нутаг нь хамаагүй өөрийн чадах мэдэхийг харамгүй хэлж, дэмжиж байдаг. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, яруу найрагч Батжаргалын Алтанхүү “Зүрхэнд хөглөрмүй” анхны номоо гаргаад  бөөн баяр болж нээлтэд нь урьснаар Дэлүүн Болдогийн орой дээр уянга дуу, тэнгэр аргадаж, Чингис хааныг анх төрөхөд угаасан Хажуу булгийн ус, Баян хан, Сант хайрханы хормойд сэтгэл сэргээж хоёр хонолоо. Тэндээсээ Хөлөнбуйр сумаар дамжин Дорнод аймаг орсон. Амралтын өдөр таарсан болохоор найз нөхөдтэйгөө уулзахын зэрэгцээ, гадны хүний нүдээр орчин тойрныг нь харлаа” хэмээн дурсч байна. [caption id="attachment_55960" align="aligncenter" width="838"] “Макс-Ойл” компанийн нэртэй ч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай газрын тосны компани хилийн торыг таслан хоёр тийш эвхэж тавиад өрөмдлөг хийж байна.[/caption]

УРГАХ НАРНЫ ДОР МАТАД, УХУУЛЖ ТӨНХҮҮЛЭЭД УЙЛЖ БАЙНА

-Дорнод аймагт хятад иргэд олноор ирж суурьсан гэлцдэг. Ямар байгааг нь анзаарч ажиглав уу?   -Би ч тэгж дуулсан. Тэгээд албаны хүмүүсээс нь асуусан. Аймгийн төвд нь хятад эзэнтэй нэг ч аж ахуйн нэгж алга. Улаанбаатарын Эмээлтээс эхлээд хүнсний зах, зочид буудал, баар ресторанууд тэр чигээрээ хятад эзэнтэй байна. Дорнодод харин ч харьцангуй цөөн юм. Уул уурхай, газрын тосны хятад ажилчид төв рүү орж ирж хоол, хүнсний нөөцөө авдаг гэж хүмүүс ярьж байсан. Даян дээгүүр дуулдаад байдаг шиг хятдууд нөмөрч ирээд айдас хүйдэстэй болчихсон юм харагдсангүй. Дорнод том аймаг, том газар том л байдаг. Намайг очиход баярын амралтын өдрүүд таарсан учраас ерөнхийдөө аймгийн төвөөр нь дамжаад гарсан. Би цаашаа Халхын таван уул, Хятадын газрын тосны XIX талбайд хүрч очиж байдлыг харсан. Би дарга, цэрэг биш бичиг, баримт шалгадаг эрх бүхий нэгэн биш. Тэнд очоод дарга цэрэг нь хаана байна, бичиг баримтыг чинь шалгая  гэж яваагүй. Харин тэнд байгаа ард түмний сэтгэл ямар байна, уул ус нь юу ярьж байна вэ гэж л явлаа. Уул ус юм ярина шүү, ойлгож чадвал. Ухуулчихаад байгаа газар шороо урдаас үг хэлнэ шүү. Дорнод аймгаас гарахад Газрын тосны Монгол дахь төлөөлөгчөөр 1998 оноос хойш 16 жил ажилласан Ш.Октябрь гэж ах надтай зам нийлж газарчилсан юм. Ер нь бол одоо тэндхийн газар тосны талбайнууд Их хурлын гишүүдийн шахааны гэдэг юм уу, ар өврийн гэдэг ч юм уу хүмүүс,  залуусаар  дүүрсэн юм байна. Тэр их төвлөрсөн газарт хог новш гэж уул овооноос их, ухаж төнхсөн нь ч их. Ш.Октябрийг тэнд ажиллаж байхад бид тэмцэл хөдөлгөөн гээд очдог, шаарддаг байлаа. Дарга нар нь бас ч гэж  шаардлага хүлээж авдаг байсан. Түүнээс хойш 16 жил өнгөрчээ, Ш.Октябрь ах ч ажлаасаа гарчихаж. Тэнд газрын тосыг нь ухаж аваад оронд нь юугаа ч юүлдэг юм бэ байгаль орчин бохирдсон  хэцүүдсэн зүйл өчнөөн байна. -Газрын тосны салбарын тухайд та юу хэлэх бол? -Товч дүгнэхэд манайд газрын тос гэж ярьдаг болохоос  энэ салбар огт хөгжөөгүй байна.  Туршлага ч алга. Энэ 20 жилд харин утга учиргүй, үг сүггүй ухсан, төнхсөн нь их байна. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын цагаан дээлэндээ 10 хурууны хар хээ дарснаас хойш зүгээр л байгаль эхийгээ сүйтгэж, саваа бэлдээгүй байж саалиа гадагш юүлсэн, ийм л юм болсон. АНУ-ын СОКО компани гэж байгаад сүүлд Петро Дачин Тамсаг компани худалдаж авсан. Тэнд 20 жил болоход ямар нэг хот суурин, орон сууц, түүнийг дагасан дэд бүтэц, зам харилцаа, сургууль, цэцэрлэг, ажилчдын нийгмийн асуудлыг шийдсэн юм байхгүй. Үүнийг аль ч Засгийн газар асуудал болгож тавьсангүй, аймаг орон нутаг ч ажил хэрэг болгосонгүй. Үйл ажиллагааг нь зогсоож байгаад замыг нь тавиулж болох байсан, сургууль, цэцэрлэг барь гээд ажилчдын нийгмийн асуудлыг шийдүүлж болох байсан. Гэтэл 20 жил тэр хүмүүс чингэлэгт амьдарч, сэндвичэнд ажиллаж байна. Анх тийм байсан, одоо ч тийм л байна. Хоноцын сэтгэлээр ингэж л хандаж байна шүү дээ. Ажилчид 14 хоноод буцдаг, ирдэг, хоёр талд амьдарсаар гэр бүл салж сарнидаг нийгэмд хортой байдал тэнд ажиглагдаж байна. Ямар ч бүтээн байгуулалт хийсэнгүй. “Эрдэнэт” гэхэд тэнд том хот боссон, одоо “Эрдэнэт дууссан” гэж ярьж байгаа ч тэнд дахин 30 жил болоход юм бий. Өнгөрсөн намар Дорнод аймгийн удирдлагууд Дачин Тамсаг компанийн үйл ажиллагааг зогсоож зам харилцааг засах, тавих асуудал ярьж шаардлага тавьсан байсан. Ер нь манайд газрын тосны лаборатори байхгүй. Гадагшаа шинжилгээ явуулж хариуг нь ирэхэд уншиж чадах хүн ч байхгүй. Газрын тосоо гаргаж байгаа байдлыг Засгийн газар нь ярьдаг л байх. Аль ч Засгийн газар нь хулгайч, өөрийн эрх мэдэл, албан тушаалын төлөө хийж ирсэн. Энэ хооронд газар шороо минь уйлж, эх орон туйлдаж ирсэн. “Ургах нарны доорх Матад Ухуулж төнхүүлээд уйлж байна Алтан нарны доорх Матад Ариун хэвлийгээ төнхүүлээд дуншиж байна” гэж би олон жилийн өмнө би “Матад” гэж шүлэг бичиж байсан. Оны өмнөхөн очиж байдлыг хараад ирлээ. Сайжруулсан шороон зам гэж хавартаа нэг юм Бичигт рүү тавьдаг, нүд хуурдаг. Намартаа тэр нь алга болдог, тэр л байдлаараа одоо ч явж байна даа. Гэхдээ одоо эх орон минь Энэтхэгийн тусламжаар Дорноговьд нефтийн үйлдвэртэй болохоор шав тавьсан, сайхан болно байгаа. [caption id="attachment_55961" align="alignright" width="411"] Харуулын постыг нь татан буулгасанаас хаягдсан эл байшинг тойрсон чонын мөр л үнэнийг илтгэх мэт шийрлэжээ /2018.11.25-ны байдлаар/[/caption]

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙГ ХЯТАДУУД “МАНАЖ”  БАЙНА

-Бичигт гэснээс та Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгаар явж, бүр хилийн бүсэд нь очиж байдлыг үзээд ирсэн юм байна лээ. Би ч гэсэн 2018 оны хавар тэнд очиж сурвалжлага хийгээд ирсэн. Оны өмнө “Босоо Хөх Монгол” НҮТББ-ынхан очиж ирээд мэдээлэл хийсэн нь үнэн, худал гэсэн талцлыг бас бий болголоо. Бодит байдал ямар байгааг эх орончийн  хувьд та л хэлнэ дээ? -Эрдэнэцагаан сум, Бичигтийн боомт, хилийн зурвасаар явж үзсэн. Тэнд бас л газрын тосны уурхайн үйл ажиллагаа явагдаад эхэлчихсэн байна. Эрдэнэцагаан сум хуучин цагт 33 шаврантай, 1000 гаруй ламтай том хийдтэй, байгаль орчин нь эрүүл их сайхан нутаг байсан. Одоо бол 33 уурхайтай, гадна, дотны хулгайч нар баяжсан, өнөө маргаашийн сум орны дарга нар нь тэдэнтэй хуйвалдаж, сонгуулийн хугацаа дуусахаас өмнө өвөр түрийдээ төгрөг мөнгө чихдэг ийм л болсон. Сум орон нутгийн удирдлага нь ах дүүсэг, гэр бүлсэг, садан төрөл шиг болчихсон. Эрдэнэцагаан том сум хэдий ч элэг эмтрэм байдалтай, сэтгэлгүй хүмүүсээр  дүүрчихэж. Ард түмэн энэ байдлыг ойлгож, халаглаж, харамсч сууна лээ. Тэмцэж байгаа иргэд, малчид, ганц нэг ИТХ-ын төлөөлөгч байна. Гэсэн ч тодорхой үр дүнд хүрч чадсангүй. Би Бичигтийн заставаас цааш явж Хилийн 146 дугаар ангийн Арбулгийн застав орсон. Тэр заставын хамгаалж буй хилийн зурваст “Макс Ойл” компанийнхан өрөм тавьж байна. Хилийн торыг таслаад хоёр тийш нь эвхээд тавьчихсан өрөм тавьж байгаа хэл амны бай болсон тэр компанийн байгаа газар дээр очсон. Намайг тэр хавиар явж байхад завшаан болж аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар өөрийн биеэр ажлын хэсэг ахлаад явж байгаатай таарсан. Тэнд Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээ гэхчилэн ярьдаг хүн олон байна. Нар шингэхийн алдад компанийн байгаа газарт хүрч очиход олон хятад, монгол  ажилчид  байсан. Отрын “майхан”, чингэлэг дотор байрлацгаасан. Тэнд нь очоод яваад үзэхэд Хятад, Монголын  хилийн торыг хоёр тийш эвхэж тавьчихаад өрөм тавиад үйл ажиллагаа явуулж байна лээ. Тэнд хоёр жил гаруй ажилласан бололтой юм. Хил хамгаалах ерөнхий газрын Ш.Лхачинжав генералын гарын үсэгтэй 2018 оны аравдугаар сарын 19 хүртэл ажиллах эрх бүхий  бичиг үзүүлсэн. Намайг 2018 оны арваннэгдүгээр сарын 14-нд очиход  тэнд хятад ажилчдаас гадна Монголын 53 хүн байна гэж мэдэгдэж байсан. Хятад ажилчид нь шалгалт ирэхээр зугтчихдаг, ийш тийш шилжүүлээд гэрт хийгээд хаалгыг нь түгждэг, тооноор нь орж гараад байж байдаг гэсэн яриа нутгийнханд байсан. -Та тэдний гэрээ, бичгийг нь үзэв үү? -Кэмп дээр очиход бичиг цаас үзүүлдэг л юм байна лээ. Би тэрэнд нэг их ач холбогдол өгөөгүй. Энэ бол Үндсэн хууль, Хилийн хууль зөрчсөн, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй, нутгийн уугуул иргэдийн эрх ашиг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчсөн асуудал юм. Тухайн компани мөнгө олж, ашигтай ажиллах гэж байгаа бол тэнд чинь Монгол Улсын хил гэж  нэг юм байгаа шүү дээ. Үндсэн хуульд дархан хил хэн ч халдашгүй гээд оруулсан байдаг биз дээ. Дээр нь тэнд оршин амьдарч байгаа уугул иргэдийн эрх ашиг гэж байгаа. Гэтэл эрхтэн дархтангууд ингэж хууль зөрчиж зөвшөөрөл олгоод, тэр нь нутгийн иргэдийн эрх ашгийг зөрчиж, дургүйцлийг төрүүлж  байна. Малынх нь бэлчээр байхгүй, зээр ан гөрөөс нь дайжаад, буга согоо, чоно нохой давхилддаг нутаг сүйдээд, хилийн тор нь байхгүй болсон учраас тэнд зөвхөн өрөм тавьж байгаа компаниуд дураараа хөлхөлдөж, олон км газар түймэрт өртөөд хилийн шонгууд нь шатаад ор мөргүй болсон ийм л байна. Бичигтийн боомтоос нааш цааш давхихад хилийн тор гэж юм ерөөсөө алга. Шонгууд нь унасан, хугарсан, шатсан, алга болсон, хааяа шонгийн сэг зэм цухуйсан, эгэлдэргэлсэн байдалтай байна. Хилийн байдал маш хүнд байна. Хилийн цэрэг гэдэг чинь “Вант улс” гэсэн нэртэй болжээ. Хамгийн муухай юм нь Арбулгийн заставын хилийн постыг татан буулгасан байгаа юм. Хилийн пост гэдэг бол өдөр, шөнийн 24 цагт харуул, манаа гардаг цэг шүү дээ. Гэтэл зөвхөн тэр заставын уурхайн хэсэг дэх постыг татан буулгачихаж. Тэр нь уурхай явуулах, хэдэн тэрэг зорчих вэ, эмх замбараагүй  байдал үүсэх үү гэдэг боломжийг олгож байгаа. Би зургийг нь аваад тухайн үед  нүүр номдоо тайлбартай нь оруулсан, хүмүүс дор нь янз бүрийн сэтгэгдэл бичсэн  харагдана  лээ. -Хил хамгаалах ерөнхий газраас ташаа мэдээлэл гэж мэдэгдсэн байсан? -Намайг яваад ирсний дараа тэр  постоо буцаагаад тавьж байгаа дуулдана лээ. Монголын хил дээр хууль хэрэгжихгүй, эх орондоо хайртай иргэд, эх орончид очихгүй гэж үзэж байгаа юм уу. Газрын хязгаар гэж үзэж байгаа юм уу. Хатуу үнэнийг хэлэхэд Монгол Улсын хилийг өнөөдөр Хятадын хилчид харж, “манаж” байна. Яагаад гэвэл Хятад улс өндөр хэмжээнд байгуулсан тог, цахилгаанаар хангасан хашаа хэрэм татчихсан. Нутгийн иргэд, малчид олон хүн тэнд тэмцэл хийж байна. Мөн тэнд АДД гэдэг компани сумын төв дундуур урсч байгаа хүн малын ундаа болсон Чоно голын эх ундаргаас хоногтоо 40 тонн ус авч  хэрэглэдэг. Тэнд асар том талбайг хашаад авчихсан байж байна.  Бэлчээрийн мал аж ахуйтай Монгол орон, малчид нь яаж тэр нутаг орондоо амьдрах вэ. Ер нь бол эх орны минь зүүн хязгаар Эрдэнэцагаан сум жижиглэнгээр зарагдаад дууслаа гэж хэлэх байна даа, эцэст нь. -Нэг суманд 33 уурхайн лиценз олгосон гэхээр  тэгж хэлэхээс аргагүй юм даа? -Ганц  сумын нутгийг хэчнээн хуваах ёстой юм бол, үүнийг би үнэхээр гайхаж байгаа. Тиймээс Эрдэнэцагааны нутгийг жижиглэнгээр зарж байна л гэж харж байна. Сумын Засаг дарга нь хүртэл Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн ТУЗ-д ороод цалинжаад явж байгаа юм байна лээ. Энэ байдлыг хүмүүс үнэн, худал гэж ярьж, оны өмнө “Босоо Хөх Монгол” ТББ-ынхан очоод ирсэн байсан. 50 гаруй хүн очсон, очоод 4-5 уурхайг  хаалаа гэж ярьсан. Уурхайг хаах, нээх гэдэг бичиг баримтыг нь хүчингүй болгосон уу гэдгээр ярихаас биш очингуут нь хятад ажилчид зугтаж нуугдаад хаалгаа түгжсэнийг  уурхайг хаачихлаа  гэхгүй л дээ. Дээр нь тэр 50 гаруй хүнийг урьж аваачихад малчдаас эргээд дөрвөн сая төгрөгийн зардал гарсан. Унааны зардал, шатахуун, зочид буудал байр, хоол унд гээд. Тэр мөнгийг малчид гаргасан. Гэтэл малчдын амьдрал ямар билээ, жирийн иргэд малчид бэлчээр нутгаа сүйтгүүлж талхлуулах, дээр нь Хятадын аж ахуйн нэгж, бизнесийнхэнд дарлуулах, энэ бүхний эцэст нутаг орныхоо төлөө тэмцэж зардал чирэгдэл болж байгааг яах вэ. Эрдэнэцагаан сумын орлогч даргаар олон жил ажиллаад тэтгэвэртээ гарсан, нүүрсний уухайн  “Андын илч” компанийг   үүсгэн байгуулагч З.Зэмбэ гэж хүн ТУЗ-өө шинэчилсэн. Үндсэн хуульд “Газрын доорх баялаг ард түмний өмч” гэж заасан ч тэд дохио зангааны хүмүүсээ шургуулсан юм байна лээ. -Тойргоос сонгогдсон гишүүн Ч.Улаанд хэлсэн ч тоохгүй, холбогдох байгууллагууд нь ажлаа хийхгүй байгаа учраас Төрийн бус байгууллагад хандаж тусламж хүссэн гэж нутгийн иргэд ярьж байсан? -Төр нь тоодоггүй, ТББ-аас тус дэм хайсан нь тэр гэж ярьцгааж байна лээ. Монголын төр дээрээ “60 тэрбум”, “ЖДҮ” болчихсон, түүн шиг Эрдэнэцагаан сумын ЗДТГ нь бас ЖДҮ хусчихсан гэнэ лээ. ИТХ-ын төлөөлөгчид нь өөрсдийгөө тойрсон таван хүнд л ЖДҮ-ийн зээл, тусламж дэмжлэгийг өгдөг юм байна. Баримттай, эзэнтэй гэж иргэд ярьсан. Би биеэ нөөлгүй, бензин тосоо өөрөө хийж яваад алгаараа харж, арваараа зургийг нь аваад бичсэн юмыг хэн ч худлаа,  хэлмэгдүүлсэн гэхгүй байх аа. Даяаршлын хөлд чирэгдэж байгаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг төрийн өндөрлөгүүд анхаарах ёстой. Би хэвлэл, мэдээллийн захад 30 гаруй жил явсан хүн. Сонины захад нэрээ гаргаж бичиж тэмдэглэж явсан. Сошиалд орж ирээд 5-6 жил болж байна. Ингэхдээ нэр, нүүрээ нуугаагүй. Би нэг ч хүнийг хэлмэгдүүлэхгүй, гөрдөхгүй, гүтгэхгүй. Надад тийм зүйл байгаагүй. Би олон асуудлаар Монголын нийгэмд дуу хоолойгоо гаргаж явсан. Төрд байгаа энэ олон Энхболд улс орныг хөлдөө чирж байна. Хулгай нүүрлэж, хууль гууль боллоо. Олон хүнийг “Шударга бусын хонгил” руу чихсэн  хөлдүү нийгмийг би 30 жил шүүмжилсэн. Бурхан намайг сайхан нийгмийг үз гээд аюулт өвчнөөс амь гаргасан. Сайхан нийгмийг би бүтээлцэнэ гэж бодож яваа. -Та цаашид яруу найрагчийн, эх орончийн, иргэний  үүргээ биелүүлсэн энэ  аяллаа үргэлжлүүлэх үү? -Эх орныхоо зүүн бүсээр тойрлоо. Удахгүй Өмнөговь руу явна. 380 мянган тонн нүүрс сох дутлаа гээд тэндээс мэдээлэл гарч байна. Цагаан сарын дараа цаг дулаарвал би гурван говиор явна. Тэнд болж, болохгүй байгаа зүйлүүдийг гаргаж тавина. Жишээ нь, Өмнөговийн Тосон бумбын нуруу, нүүрсний зам дагаад цаашаа Цагаан хад, Дорноговийн  газрын тосны үйлдвэр гээд байна. Энэ мэт очих газар олон байна. Яруу найрагч гэдэг зүгээр нэг шүлэг бичдэг хүн биш, ард түмний хүү юм. Найрагчийн зүрхэн дотуур ард түмний нулимс, зовлон зүдгүүр урсч байдаг юм. Тиймээс эх орноо тойрч явна гэж бодож байгаа. Эх оронч сэтгүүлчид байвал  надтай нийлээд явбал нээлтэй. Хараад байхад олон шилдэг сэтгүүлч оны шагнал аваад байж байдаг юм билээ, юу хийсэн улс байдаг юм бол. Алтай, хангайгаа туулахгүй, дуулахгүй байж магтагдаад сууж байгааг нь би гайхдаг. Ямартай ч Монгол орноо тойрох төлөвлөгөө надад байна. Сайн яваарай гэж  надад хэн ч хэлээгүй. Компаниудын зүгээс ярьсан, дарамтлах гэж оролдсон. Би хэлсэн, та нар намайг явлаа гээд байгаа юм уу, би угаасаа явдаг хүн. Бичлээ гээд байгаа юм уу, би бичдэг л хүн шүү дээ. Харин орох ёсгүй газраар орлоо, хэлэх ёсгүйг хэлчихлээ, худал ярилаа, дэгсдүүллээ гэж байгаа бол баримтаа хэл. Тийм юм байхгүй бол битгий олон юм ярь гэнэ. Би цаашид дахиад ч явна. Монголын сэтгүүлзүй бүгд хаалтын гэрээнд орчихоогүй байх, задрах байх, эх орон руугаа эргэж харах байх, хамт яваад сурвалжлах эх орончид бий гэдэгт найдаж байна. Баярлалаа, надаас энэ сэдвээр  ярилцлага авсанд. Эх сурвалж www.polit.mn  
АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүллээ

АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүллээ

10 цаг 43 мин
Б.Батцэцэг: “The times” сайтад үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

Б.Батцэцэг: “The times” сайтад Монгол Улсын дотоод улс төрийн нөхцөл байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

10 цаг 46 мин
Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядлуулсан таван этгээдийг баривчлах тогтоол гаргалаа

Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядлуулсан таван этгээдийг баривчлах тогтоол гаргалаа

10 цаг 54 мин
Д.Туяа: “Эрдэнэс Тавантолгой” ХК нь химийн бодис ашиглах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь усны гэрээ хийгээгүй, усны дүгнэлт гаргуулах

11 цаг 59 мин
Б.Наранмандах: Малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна

Б.Наранмандах: Малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна

14 цаг 6 мин
Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо

Банкны ажилтан, банкируудын ажил мэргэжлийг таниулах, тэдний бүтээлч санаа, шинэ сан

14 цаг 30 мин
Хүүхдийн ордны зуны эрчимжүүлсэн сургалтын бүртгэл үргэлжилж байна

Хүүхдийн ордны зуны эрчимжүүлсэн сургалтын бүртгэл үргэлжилж байна

14 цаг 53 мин
Улс төрийн тогтворгүй байдлаас болж том төслүүд гацаад эхэллээ

“…Монголын улс төр тогтворгүй боллоо” гэдэг мессэж гадаад, дотоодгүй таржээ.

20 цаг 50 мин
Г.Занданшатарын “зөвшилцөл” хэзээ дуусах вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо маргааш засгийнхаа бүтц

20 цаг 50 мин
Ордны гурван давхрын АН-ын хоёр “гүйдэл”

Улс төр ч заримдаа хошин шогоос дор болох юм. Энд улс төр хөл толгойгоо алдаж,

20 цаг 50 мин