“Зууны мэдээ” сонин Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн “USP” сэтгэл зүйн зөвлөгөөний төвтэй хамтран танд хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

31 жилийн дараа дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрнэ. Олуулаа байх сайхан ч дэлхий маань даах уу. Энэ үед хамгийн их хэрэгцээтэй зүйл мэдээж хүнс. Нэг ширхэг талхны цаана буудай, хөрс, ус, эрчим хүч. Хүнсний хомсдол, түүнээс үүссэн сөрөг үр дагавруудыг өнөөдөр эрдэмтэд тооцоолж байна. Үүний хажуугаар уур амьсгалын өөрчлөлт гэж аюултай зүйл дэлхийн тогтолцоог өөрчилж байгаа. Тэгвэл өнөө үеийнхэн үүнд хэрхэн дасан зохицож амьдрах вэ. Энэ асуултын хариуг эрсэн нэгэн уулзалт ярилцлагыг Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн захирал, доктор Ч.Базар оюутнуудтайгаа хийлээ. Эх орноо хайрлая гэж хэлэх нэг өөр. Эх орондоо хайртай гэж хэлэх бас нэг өөр. Хайртай гэдгээ үйлдлээрээ харуулах энгийн олон зүйлийг жишээлж ярилцсан энэ уулзалтаар оюутнууд амьдарч буй гэр орон, сургуулийнхаа эрчим хүчийг хэмнэх, усаа зүй зохистой хэрэглэх, цаасаа хэмнэж, хоёрдогч зүйлээр бүтээл хийж ашиглах, автомашинаар бус автобусаар сургуульдаа ирэхийн цаад утга учрыг ойлгож мэдрэв. Мэдээж, цаад утга учир нь аливаа зүйлд энэрэнгүй сэтгэлээс гадна зөв мэдээлэлтэй байж зөв хандлагаар хандах. Дэлгүүрээс нэг талх авахын төлөө нэг гялгар уут худалдаж авахын хэрэггүй. Гялгар уут хаягдал болж хэчнээн олон мянган амьтны ходоодоор дамжин аминд нь хүрч, улмаар экологийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж байгааг мэдсэн хүн өөрийн үйлдлээ хянана. Энэ хандлага л өнөөдөр орчин үеийн хүний боловсрол, төлөвшлийг нийгэмд харуулж өгч байна. Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль “Монголын анхны ногоон дээд сургууль” болох зорилт тавин ажиллаж байна. Зорилго нь байгаль, хүрээлэн буй орчныхоо баялгийг зөвхөн өөрийн тусын тулд бус үе үеийнхэндээ зориулан хэрэглэдэг орчин үеийн хүнийг төлөвшүүлэхэд оршдог. Тийм хандлагатай 10 тэрбум хүн 2050 оны дэлхий дээр амьдрахын төлөө өнөө үе өөрийгөө бэлдэх учиртай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин