
Б.Туул, Т.Жанна
Улсын болон хувийн их, дээд сургуулиудын элсэлт бараг жигдэрчихсэн. Зарим хувийн сургуулиудын нэмэлт бүртгэл үргэлжилж байгааг эс тооцвол ирэх хичээлийн жилд их сургуулийн босго алхах оюутнууд “Сургалтын төлбөрөө яаж төлөх вэ?” гэсэн асуудалтай нүүр тулгараад байгаа. Тиймээс зарим оюутанд сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хэрхэн хамрагдаж болох талаар дараах мэдээллийг хүргэж байна.
Сургалтын төрийн сангийн зээлд хэрхэн хамрагдах вэ?
Бүрэн дунд боловсролыг амжилттай эзэмшиж, их дээд сургуульд суралцах хүсэл тэмүүлэлтэй олон сурагч сургалтын төлбөрөөс болж, хүссэн сургуульдаа орж чадахгүй тохиолдол байдаг. Эсвэл тэдний олонх нь сургуулиасаа жилийн чөлөө авч, хугацаа алдах, сургууль завсардах явдал цөөнгүй гардаг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх тухай бас нэгэн боломжит хувилбарыг Сургалтын төрийн сангаас хайж болох юм. Улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн нийт 73 сургууль бий. Хэрэв та 2014-2015 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын өдрийн ангийн сургалтад элсэн орсон бол сургалтын төрийн сангийн зээлд хамрагдах боломжтой юм. Харин төрөөс сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж авах суралцагч хамгийн түрүүнд Сургалтын төрийн сантай гэрээ байгуулах хэрэгтэй гэдгийг албаны хүн хэлж байна. Учир нь, уг гэрээг үндэслэн Сургалтын төрийн сангаас таны сургалтын төлбөрийг тухайн сургуульд тусгай хуваарийн дагуу шилжүүлдэг юм байна. Тухайн жилд зээл, тусламжид хамрагдах суралцагчдын хяналтын тоог салбарын яамнаас сургууль тус бүрээр баталж, жил бүрийн долдугаар сарын 1-ний дотор холбогдох сургуульд мэдэгддэг. Тиймээс материалаа бүрдүүлээд, есдүгээр сарын 1-ний дотор тухайн сургуулийнхаа сургалтын албанд өгөх хэрэгтэй гэдгийг Сургалтын төрийн сангийнхан хэлж байна.
Муу дүнтэй суралцвал зээлээс хасна
Сургалтын төлбөртөө санаа зовинон суугаа оюутнуудын олонх нь төрөөс олгох буцалтгүй тусламжийн талаар илүү их дэлгэрэнгүй мэдээлэл сонирхдог.Тиймээс энэ талаар БШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Б.Зоригоогоос тодруулсан юм. Улсын хэмжээний олимпиадад эхний гурван байр эзэлсэн суралцагчийн сургалтын төлбөрийг улсаас даадаг юм байна. Мөн Олон улсын уралдаан, тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон бол энэ тусламжид хамрагдаж болох нь. Түүнчлэн бүтэн өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчийн зардлыг улсаас даадаг аж. Мөн өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь статистикийн газраас тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиас доогуур орлоготой бол, мөн өрхийн нэг гишүүнд 50 хүртэл толгой мал ногдох малчин өрхийн нэг суралцагчийн төлбөрийг улсаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгодог юм байна. Харин та суралцах явцдаа идэвх чармайлт гаргаагүй, сурлагын амжилт тань ямар нэгэн байдлаар ахиагүй, тааруухан үнэлгээтэй суралцвал энэхүү зээл тусламжаас хасагдах магадлалтай гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй юм. Учир нь, сургалтын төлбөрийн зээл тусламжид хамрагдсан оюутнуудын сурлагын үзүүлэлтэд жил бүр хяналт шалгалт хийж, сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байвал, бусад нөхцөлөөр буцалтгүй тусламж авч суралцсан оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байвал гэрээг сунган буцалтгүй тусламжийг үргэлжлүүлж олгодог гэв.
Цэргийн алба хаасан залуус зээлд хамрагдах боломжтой
Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцна гэж төрийн албаны хуулинд заасан байдаг. Гэтэл "Хүний хөгжил сан"-гийн 500 мянгыг оюутнуудын сургалтын төлбөрт олгож эхэлснээс хойш "халамж давхардуулахгүй" гээд энэ заалтыг хүчингүй болгосон. Тиймээс энэ жилийн хувьд зээлийн нөхцөл өөрчлөгдсөн, нэмэгдсэн, хасагдсан зүйл бий эсэхийг Сургалтын төрийн сангийн мэргэжилтэнгээс тодруулсан юм. Тэрээр “Хоёр жилийн өмнөөс төрийн албан хаагчийн хүүхэд төрийн сангийн зээлд хамрагдах нөхцлийг журмаас хассан. Энэ жилийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтадаа 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч, голч нь 2.8 ба түүнээс дээш дүнтэй суралцаж байгаа оюутан, хагас өнчин, малчин өрхийн хүүхэд, амьжиргааны түвшин доогуур буюу нэн ядуу өрхийн суралцагч, гэрээт цэргийн алба хоёр жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч төрийн сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой” гэсэн юм. Мөн өнгөрсөн жилээс эхлэн төрийн өмчийн их, дээд сургуульд багшийн мэргэжлээр суралцах оюутнуудын элсэлтийн шалгалтын дүнг харгалзан үзээд, сургалтын төлбөрийг 70-100 хувиар хөнгөлдөг болсон гэв.
Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Одоо харин шинээр оюутан болж байгаа хүүхдүүд энэхүү зээл, тусламжид хэрхэн хамрагдах талаар товчхон мэдээлэл өгье. Ирэх хичээлийн жилд их, дээд сургуульд шинээр элсэж байгаа оюутнууд хөнгөлөлттэй зээлд хамрагдахын тулд элсэлтийн шалгалтын 600-гаас дээш оноотой байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа аж. Харин хуучин суралцаж байгаа оюутнууд голч дүнгийн хувьд 2,8-аас дээш байх ёстой. Хэрэв тухайн оюутан чөлөө авсан, эсвэл журамд заасан голч дүнгийн шаардлага хангахгүй суралцсан тохиолдолд тухайн сургуулийн албан ёсны мэдэгдэл, саналыг үндэслэн гэрээг цуцалж, санхүүжилтийг зогсоох арга хэмжээ авдаг. Хасагдсан суралцагчийн оронд 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа өөр нэгэн суралцагчийг зээлд хамруулдаг гэдгийг дээр дурьдсан. Хэрэв та энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.sts.mn сайтад хандаж болох юм байна. Мөн энэхүү зээл тусламжид хамрагдахын тулд элсэгчид харьяа сум, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт холбогдох материалаа бүрдүүлэн Засаг даргаасаа дэмжсэн тодорхойлолт авч, тодорхойлолт болон бусад бичиг баримтаа элсэн орох их, дээд сургуульдаа өгдөг журамтай. Ингэхдээ есдүгээр сарын 1-ны дотор бичиг баримтаа бүрдүүлж өгөх хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс анхааруулсан. Шаардлагатай гэж үзвэл эдгээр бичиг баримт дээр нэмээд Сургалтын төрийн сангаас зээлийн баталгаа шаарддаг юм байна.