Б.Балгансүрэн: Дугаар шилжүүлэх үйлчилгээ хэрэгжих болоогүй

2014-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОРМАА

Хууль тогтоогчид өнгөрсөн мягмар гаригт Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэхүү өөрчлөлтөөр иргэд өөрсдийн ашиглаж буй дугаартайгаа өөр оператор компани руу шилжих боломж нээгдэж байгаа юм. Ямар онцлогтой хууль болов, хэзээнээс хэрэгжих талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэнтэй ярилцлаа.

-Харилцаа холбооны тухай хуульд иргэдэд таалагдах нэгэн өөрчлөлтийг орууллаа. Харамсалтай нь, асуудал дагуулсан олон төслийн сүүдэрт энэ хууль дарагдах шиг боллоо. Дугаартайгаа шилжих гэдгийг энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Энэ нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон шинээр хэрэглэгч болох үедээ шилжин очиж буй үйлчилгээ эрхлэгчээс дугаар авахгүйгээр хуучин дугаараа барих боломж гэсэн үг. 1990-ээд оноос эхлэн энэ үйлчилгээг Хонконг, Англи улс анх хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 78 улс энэ үйл­чилгээг өөрийн орондоо нэвтрүүлээд байна. Үйлчилгээний зорилго нь зах зээлд шударга өрсөлдөөнийг жинхэнэ утгаар нь бий болгох юм. Хоёрдугаарт, хэрэглэгчдэд үйлчилгээний  чанар, сүлжээний хамрах хүрээ гээд  бусад олон давуу талыг ашиглах боломжийг бүрэн нээж өгөх юм. Манайх техник, технологио хангаад энэ үйлчилгээнд нэвтэрвэл 79 эсвэл 80 дах орон нь болно. Нөгөө талаас хэрэглэгчдэд дугаараа хадгалан үйлчилгээ эрхлэгчийг сонгох боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв чиглүүлэх юм. Тухайлбал, үүрэн холбооны оператор компаниуд нь хэрэглэгчээ дугаараар нь барьж тогтоох, дугаарын үнэ цэнийг хий хөөрөгдөх, үнэ тарифын хямдралаар өрсөлдөх бус үйлчилгээний чанар, сүлжээний хамрах хүрээ, хэрэглэгчийн хүсэл, таашаалд нийцсэн үйлчилгээг үзүүлэхэд чиглэнэ гэсэн үг.

-Тэгвэл “Мобиком”-ын хэрэглэгч “Скайтел” компани руу шилжлээ гэхэд “Скайтел”-ийн ярианы тариф, үйлчилгээний хөнгөлөлтөөр үйлчлүүлнэ гэсэн үг үү?

-Тэгнэ.

-Зарим оператор компанийн техник технологи, сүлжээ өөр, өөр байдаг. Тэр нь яах вэ?

-Нэг зүйлийг тод­руулж хэлье. Дугаар бол үйлчилгээ, техник технологитой огт ха­мааралгүй. 2G үйлчил­гээний хувьд Юнител, Мобиком компанийн хэрэглэгчдэд чөлөөтэй. Яагаад гэвэл энэ хоёр компанийн техник технологид ялгаа төдийлөн байхгүй. Харин 3G үйлчилгээ нь дөрвөн оператор компанид адилхан чөлөөтэй.

-“Юнител”-ийнхэн “Бид 21 аймгийн бараг бүх суманд сүлжээгээ оруулсан” гэдэг.  Ийм тохиолдолд бас яах вэ?

-Дээр хэлсэнчлэн дугаартайгаа шилжих үйлчилгээ бол дугаараа ашиглаад өөр үйлчилгээ эрхлэгч компанийн үйлчилгээг ашиглах юм. Харин хамрах хүрээний хувьд үндэсний роуминг буюу гадаадад гар утастайгаа явдагтай адилхан аймаг, суманд очоод нөгөө үйлчилгээ эрхлэгчийнхээ сүлжээг ашиглана гэсэн үг. Мэдээж “Скайтел”, “Жи-мобайл” компанийн хувьд технологи нь өөр учраас роуминг үйлчилгээг ашиглах  бололцоогүй.

-Дугаартайгаа шилжсэнээр зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгоно гэсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Зах зээл дээр давамгайлагч компани үйлчилгээнийхээ үнэ тарифаа хэт буулгавал бусад өрсөлдөгч компанийг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл бий болгоно. Одоогоор манай улсад давамгайлагч компани нь “Мобиком” байна. Гар утас хэрэглэгч иргэдийн 43 хувь нь энэ компанийн үйлчлүүлэгч. Өрсөлдөөний тухай хуулиар 34-аас дээш хувь эзэмшигч бол давамгайлагч гэж үздэг. 43 хувь гэхээр илт давамгайлж байгаа биз. Харин нөгөө гурван оператор компани үлдсэн 57 хувийн зах зээлийг хувааж эзэлж байна. Тухайлбал, “Юнител” 30 хүрэхгүй хувь, “Скайтел”  20 орчим хувь, “Жи-мобайл” 10 гаруй хувийн эзэмшигчтэй. Ийм бага хувь хэмжээ эзэлж байгаа компаниудтай байхад 43 хувь эзэмшигч маань хэрэглэгчдээ татах гэж үнээ буулгах нь шударга өрсөлдөөн биш.

-Үнээ буулгахгүй юм бол харилцагчаа алдах юм биш үү?

-Бусад өрсөлдөгч компаниуд зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлж, хэрэглэгчдийнх нь тоо тогтворжсоны дараа давамгайлагч компани буюу “Мобиком”-ынхон үнээ  тодорхой хэмжээгээр буулгаж болно.

-Тодорхой цаг хугацааны дараа төлбөрөө бууруулна гэсэн үг үү?

-Хэрэв “Мобиком” үнээ буулгаад 100 хувийн эзэмшигч болвол дараа нь энэ зах зээлийг хянах бололцоогүй болно. Тэгэхээр дугаар шилжээд үнэ тариф шууд багасна гэж ойлгож бас болохгүй.

-Энэ хууль батлагдах сургаар төлбөрөө багас­гасан оператор компани байна уу?

-Байхгүй.

-Чуулганы хурал­даа­наар зарим гишүүн хэлж байсан. “Мобиком энэ хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байна” гэж. Яагаад гэвэл хэрэглэгчдэд зориулсан хөнгөлөлт, үйлчилгээ муу учраас иргэд бухимдалтай байдаг гэх юм?

-Гараа өргөөд зөвшөөрнө гэж байхгүй шүү дээ. Энэ үйлчилгээг нэвтрүүлсэн 78 улсын давамгайлагч компани нь эсэргүүцэж л байсан. Ер нь бусад улсад дугаартайгаа шилжих үйлчилгээ нэвтэрснээр харилцагчаа алдсан оператор компани гэж байхгүй. Олон улсын дунджаас харахад 15-20 хувь нь тодорхой хугацаагаар үе шаттай шилжсэн байдаг. Түүнээс биш нэг сарын дотор 30-40 хувь нэгэн зэрэг шилжинэ гэсэн ойлголт байхгүй.

-Энэ үйлчилгээ хэзээнээс хэрэгжих вэ?

-Хууль батлагдлаа гээд шууд хэрэгжихгүй. Зөвхөн эрх зүйн хувьд боломжийг нь нээж өгч байгаа юм. Техник технологийг нь бэлтгэхэд хугацаа хэрэгтэй байна. Олон улсын туршлагаас харахад бэлтгэл ажилд 3-6 сар зарцуулдаг юм билээ.

-Тэгэхээр хэзээнээс гэсэн үг вэ. 2015 оноос уу?

-Харилцаа хол­боо­ны зохицуулах хороо­ноос оператор компаниудтайгаа уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх учиртай. Тэднээс хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гээд олон зүйлийг бэлэн болсных нь дараа энэ үйлчилгээг нэвтрүүлнэ. Тэгэхгүй бол хууль өчигдөр батлагдсан. Өнөөдөр хэрэгжүүлье гэвэл зах зээлийг нь тогтворгүй болгох эрсдэлтэй учраас хугацаа хэрэгтэй байгаа юм. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэн ч гэсэн үүнд болгоомжтой хандах хэрэгтэй.

-Уг нь хууль батлагдсан өдрөөс эсвэл заасан тодорхой хугацааны дараа хэрэгждэг шүү дээ. Ийм бүрхэг байдаггүй?

-Хууль батлагдсанаар зөвхөн эрх зүйн боломжийг нь нээж байгаа бөгөөд тодорхой хугацаанд бэлтгэл ажлыг хангах, техник технологийн шийдлийг эцэслэх, холбогдох зохицуулалтын журам гарах зэрэг ажлууд зайлшгүй хийгдэнэ.

-Дугаартайгаа шилжих үйлчилгээ хэдэн төгрөгт багтах вэ?

-Оператор ком­паниуд­тайгаа уулзаж байж тогтоох асуудал. Тэгээд ч Харилцаа холбооны зохи­цуулах хорооноос үнэ тариф тогтоож болох­гүй. Гэхдээ мэдээж шилжих үйлчилгээ нь шинэ хэрэглэгч болсноос хямдхан байна.

-Манай улсад гар утас хэрэглэгч хэдэн иргэн байдаг бол?

-2013 оны эцсийн байдлаар 4.2 сая хэрэглэгч байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 34 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 46 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 52 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин