
Х.БАТ-ЯЛАЛТ
ОРШЛЫН ОРОНД
Өнгөрсөн үйл явдлыг дүрслэн сэргээж, бодит үнэнийг тогтоох урлаг бол шүүхийн таслан шийдвэрлэх ажиллагаа юм. Энэ ч утгаар үйл ажиллагаа нь өнгөрсөн цаг хугацаанд болсон үйл явдлыг тухайн орчинд үлдсэн ул мөр, нотлох баримтын хүрээнд сэргээн дүрсэлж үйл явдал болох үед дэргэд нь байгаагүй хүмүүс хэлэлцэн, шүүн тунгааж хэн буруутай эсэх, ямар хариуцлага хүлээлгэх эсэхийг таслан шийдвэрлэдэг онцлогтой үйл ажиллагаа байдаг.
Маргаан нь ямар төрлийнх болохоос хамаарч таслан шийдвэрлэх үйл ажиллагаа өөр өөр байдаг. Ерөнхийдөө захиргааны, иргэний, эрүүгийн гэх үндсэн гурван төрлийн маргаан түгээмэл үүсдэг.
Монгол Улсын хувьд хэрэг, маргаан шийдвэрлэх арвин түүх бүхий уламжлалтай. Нийгмийн харилцаа, хүний хөгжлийг дагаад хэрэг, маргаан шийдвэрлэх зарчим, хэлбэр, агуулга маш ихээр өөрчлөгдөж байна. Тиймээс ч захиргаадалтын системээс ардчилсан системд шилжих оролдлого хийсэн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хууль зүйн салбарт ямар нэгэн өөрчлөлт шинэчлэл хийгдсэнгүй. Зарим талаараа хууль зүйн салбарт хөгжил дэвшил гэхээсээ алдаа дутагдалтай өөрчлөлтүүд ажиглагдаж улмаар зайлшгүй засч залруулах амьдралын шаардлага бий болсон. Тодруулбал, олон намын тогтолцоотой болж ард түмний төлөөллийн байгууллагад улс төрийн намууд өрсөлдөн олонх болсон нь төрийн эрх барьж засаг төрөө байгуулдаг болсон нь хууль зүйн салбарт сөргөөр нөлөөлж хэнээс ч хараат бус байх ёстой салбар улс төрийн нам эвсэл, хэсэг бүлгийн ашиг сонирхолд хөтлөгдөх чиг хандлагатай болсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Хууль зүйн салбарын алдаа завхрал нь тухайн салбарт ажиллаж буй албан хаагчдын үйл ажиллагаа, шийдвэрээр дамжин нийгмийн бухимдлыг үүсгэн илэрдэг. Хэрэг маргааныг буруу шийдвэрлэх, эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй хүний үйлддэг гэмт хэрэг илрэхгүй байх гэх мэтчилэн шинж тэмдгүүд ажиглагдаж улмаар ард иргэд шударга ёс, тэгш эрх, ардчилал хаана байна гэж нэгнээсээ асууж, эрж хайх нь элбэгшдэг юм байна.
Өнгөрсөнд болсон үйл явдлыг бодитоор нь сэргээн дүрслэх чадвараа алдсан нь хууль зүйн салбарыг зайлшгүй шинэчлэх амьдралын шаардлага юм. Тиймээс ч шинэчлэл хийх амьдралын энэхүү шаардлагыг төр засагт уламжлан тэмцсэн ард түмний дуу хоолойг улс төрийн нам, зарим овсгоотой улстөрчид ашиглан нэр төр алдар хүндээ өсгөх хувийн ашиг сонирхолдоо ашиглан ард түмнээ хууран мэхэлж итгэл үнэмшлээр нь тохуурхан даажигнаж байгааг судлаач хүний хувьд чимээгүй хараад суух нь ёс зүйгүй хэрэг. Хууль зүйн салбарын хүрээнд зайлшгүй хөндөх ёстой хэдэн асуудлуудын тухай санал бодлоо хуваалцъя.
Хууль зүйн салбарын шинэчлэлд анхаарах үндсэн асуудал нь хяналтын систем, төр ба иргэний харилцааны тэнцвэрт байдал юм. Хяналтын системийн талаар төрийн эрх хэт давамгайлсан нийгэмд хүний эрх маш ихээр хязгаарлагдаж хууль хэрэглэгч төрийн албан хаагчдын хэлсэн үг бүхэн хууль мэт сонсогдож эхэлдэг. Социалист нийгэм буюу захиргаадалтын нийгэмд ийм л байсан. Төрийн албан хаагчдын үг хууль мэт, үйл хөдлөл нь сүрлэг сүрдэм. Энэ л сэтгэлгээ өнөөдрийг хүртэл бидний ой тойноос гарахгүй байна. Ялангуяа хууль зүйн салбарын хүчтэй нөлөө бүхий төлөөлөл болох шүүгч, прокурор, цагдаагийн ажилтнуудад эрхэлсэн ажилдаа үнэнч шударга байх зарчим алдагдаж эзэн, ноёндоо үнэнч дуулгавартай захирагдах ёстой гэсэн өөрчлөлт явагдаад байгааг бид анзаарахгүй байна. Шат дараалсан маш олон хяналтын системийг нэвтлээд гараад ирсэн олон тооны алдаатай шийдвэрүүд буюу хууль зүйн салбарын гологдол бүтээгдэхүүнүүдийг олноор нь дурьдаж болох юм. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын системийг сайжруулж сэргээх нь хууль зүйн салбарын шинэчлэлийн үндсэн зорилт байх ёстой.
Хууль зүйн салбарын шинэчлэлийн түлхүүр үг нь “АЛДАА” гэдэг үг гэж ойлгож байгаа. Төрийн эрх бүхий албан хаагчид, дарга, эрх мэдэлтнүүдийн үйлдсэн аливаа шийдвэрт алдаа байгаа эсэхийг цаг алдалгүй илрүүлдэг, гаргасан алдааг нь залруулдаг, алдаа гаргасан этгээдийг зэмлэн шийтгэдэг механизм байх ёстой юм. Харамсалтай нь өнөөгийн улс төржсөн засаглалд төр өөрийгөө хянах чадваргүй болох нь батлагдаж байна. Тиймээс Ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулахаар зорьж буй бидэнд төрийн аливаа үйл ажиллагааг хянах эрх мэдлийг иргэний байгууллагад шилжүүлж төрөөс хараат бус байлгах нь нэн оновчтой юм. Ингэснээр төрийн үйл ажиллагаа тогтворжиж хөгжил дэвшлийн үүд нээгдэх нь гарцаагүй юм.
Харин төр ба иргэний харилцааны тэнцвэрт байдлыг хангах тухайд төрийн эрх ба хүний эрхийг тэнцвэржүүлж хууль тогтоомжиндоо ухаалгаар томъёолж баталгаажуулах нь хууль зүйн салбарын шинэчлэлийн үндсэн тулгуур багана, бодлого нь байх ёстой. Дээр хэлсэнчлэн төрийн эрх нь хэт давамгайлаад ирэхээр хүний эрх хязгаарлагдаж төрийн алдаатай үйл ажиллагаанаас болж хүний эрх зөрчигдөх явдал нэмэгддэг байна. Ялангуяа өнөөгийн улс төржсөн засаглалд улс төрийн намаар дамжин төрийн тодорхой албан байршсан чадваргүй, мэдлэггүй, ёс зүйгүй алба хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж салбарын хямрал тод илэрдэг. Энэ тохиолдолд хүний эрхийг нэмэгдүүлж төрийн эрхийг тодорхой нарийвчлан зааж өгөх шаардлагтай юм. Ингэснээр төрийн эрх ба хүний эрхийн тэнцвэрт байдал хангагдаж эргэлзээ багасна. Төрийн эрх ба хүний эрхийн тэнцвэрт байдалд хүчтэй нөлөө үзүүлдэг үндсэн хоёр ойлголт байдаг. Энэ нь хараат бус байдлын тухай болон нууцын тухай ойлголт юм. Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд дээрх хоёр ойлголтыг илүү тодорхой томъёолж, нэгдмэл ойлголттой болж амьдралд хэрэглэх хэмжээ заагийг нарийвчлан зааж өгөхгүйгээр салбарын шинэчлэл амжилттай хийгдэхгүй юм. Тодруулбал ямар цаг хугацаанд хараат бус байдал хамаарагдах юм, нууц гэж юуг хэлэх юм, ямар хугацаатай нууц байх ёстой юм, хууль бус хуйвалдааны шинжтэй үйл хөдлөл, баримт нотолгоо нь нууцад хамаарах уу үгүй юу гэх мэтчилэн олон асуулт хараат бус байдал, нууц хэмээх үгсийн цаана байдаг. Хүний эрхийг нэмэгдүүлнэ гэдгийг дээрх үгсийг хэрэглэх хэмжээ заагийг тодорхойлохтой хамааруулж ойлгох хэрэгтэй юм.