
Доржийн ОЮУНЧИМЭГ
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэлсэн. Энэ талаар эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.
-Манай улсын эдийн засаг 20 орчим тэрбум ам.доллар болж өссөн хэдий ч хадгалж чадахгүй байна гэдэг шүүмжлэл байдаг. Мэдээж өсөлт болоод бууралтад нөлөөлсөн хүчин зүйлс бий л байх?
-Хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь Монгол Улсын эдийн засаг, уул уурхайгаас хамааралтай. Экспортын 90 гаруй хувь нь түүхий эд бөгөөд БНХАУ руу экспортлогдож байна. Нөгөөтээгүүр түүхий эдийн үнийн мөчлөг нь удаан байдаггүй. Тухайлбал, 3-4 жил өндөр өсөлттэй байж байгаад унадаг. Ихэнхдээ үнэ буурдаг жамтай. Тийм болохоор түүхий эдийн үнэ өндөр байх үед орж ирсэн орлогоороо эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй гэдгийг байнга л ярьж байна. Уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг халахын тулд өөр салбараа хөгжүүлэх шаардлагатай. Ингэснээр түүхий эдийн үнэ “унах” байх үед бусад салбарууд нь эдийн засгийн өсөлтөө, хөгжлөө дэмжих учиртай. Тэгэхээр Монгол Улсын хувьд дан ганц уул уурхай, түүхий эдийн салбараас хамааралтай байгаа учраа эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалж чадахгүй байна.
-Эдийн засгийг солонгоруулахын тулд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэж ярьсаар л байна. Магадгүй дараагийн анхаарал хандуулах, найдвар тээх гарц гэж харж байгаа болов уу. Та санал нийлэх үү?
-Хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбар бол Монгол Улсын хувьд зайлшгүй хөгжүүлэх ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Мэдээж эдийн засгийн өсөлтийг хадгалах, солонгоруулах нэг гарц мөн үү гэвэл, тийм. Бид мал аж ахуйгаа дутуу ашигладаг. Зөвхөн мах, ноос, ноолуур, арьсыг нь хэрэглэж байна. Тэгэхээр энэ салбарыг хөгжүүлж эдийн засгийн нэг хөшүүрэг болгохын тулд дорвитой, далайцтайгаар ажиллах цаг болсон гэж хардаг. Нэгэнт уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг бууруулахын тулд бусад салбаруудын хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд ажиллаж байгаа бол хөдөө аж ахуйн салбар нэн тэргүүнд байх нь зөв. Гаднын улс орнуудад бол малаас гарч буй түүхий эдийг 100 хувь ашигладаг юм билээ.
-Хөгжлийн бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх шатанд асуудал тулгарснаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг тухай хүмүүс хэлдэг. Таны бодлоор?
-Улс орон болгон өөрийн гэсэн хөгжлийн бодлоготой байх ёстой. Түүнийгээ урт хугацаанд дагаж мөрдөж хэрэгжүүлдэг. Тэгэхгүй сонгуулиар байнга өөрчлөгддөг байж болохгүй л дээ. Мөн бид маш үрэлгэн сэтгэлгээтэй улс болсон. Тодруулбал, орлого өсөх хэмжээгээр хуримтлал үүсгэхгүйгээр үрж байх санаатай болсон байна. Экспорт нэмэгдэх, эсвэл түүхий эдийн үнэ өсөж төлөвлөж байснаас орлого давах хэрээр төсвөө тодотгож байгаад зарцуулдаг “зуршилтай” болчихлоо. Зүй нь нэгэнт төсөвтөө тусгасан зардлыг орлогодоо нийцүүлж зарцуулна гэж л хууль болгон баталсан биз дээ. Тэгтэл орлого төсөөлснөөс нэмэгдэж эхлэхтэй зэрэгцээд тодотгож байгаад баруун, солгойгүй л зарцуулах юм. Энэ нь буруу жишиг гэдгийг хангалттай сануулж, хэлж байгаа шүү дээ.
Монгол Улс эдийн засгаа чадавхжуулахын тулд олон төлөвлөгөө, хөтөлбөр, бодлогын бичиг баримт гаргасан. Энэ хүрээнд хуримтлалын сантай болох асуудал ч багтана. Нэгэнт хуримтлал үүсгэхээр бэлтгэлээ базаасан бол түүнийг хоосон байлгах хэрэг алга. Учир нь хуримтлалын санд байршуулах орлого олж чадна гэдгийг бид өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн өсөлтөөс харсан. Өнөөдөр болтол бид баялаг ихтэй орон гэж байгаа атлаа өрнөөсөө ч салж чадахгүй л байна. Жишээлбэл, Герман улс нийгмийн баримжаатай эдийн засгийн загвартай. Монгол Улс энэ загварыг нутагшуулахад илүү эерэг үр нөлөө гарна гэж хардаг.
-Ирэх жилийн төсвийг олон нийтээр хэлэлцүүлж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Төсвийг олон нийтээр хэлэлцүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ өмнөх жилүүдийн жишгийг харахад санал болгосон асуудлыг авч тусгасан нь төдийлөн хангалттай байж чадахгүй байгаа нь анзаарагдсан. Хууль тогтоомжийн тухай хуулиар олон нийтээс санал авах ёстой гэсэн байдаг. Тэгэхээр хуулиа хэрэгжүүлэх нь сайшаалтай ч харамсалтай нь хэлэлцүүлгээс гарч байгаа санал төсөвт тусгагдахгүй байгаа нь бодит асуудал болж байна шүү дээ.
-Нүүрсний экспорт хүлээлтээс бага байх эрсдэл тулгарч байна. Ирэх оны төсөвт нүүрсний экспортыг хэрхэн тусгасан бол?
-Одоогийн байдлаар 2026 оны төсвийн төсөл гараагүй учраас нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Сүүлийн хоёр жилийнхтэй ойролцоо байх болов уу гэсэн таамаглалтай сууна. Харин энэ жилийн төсөвт 85 сая тонн гэж төлөвлөсөн байгаа.
-Ойрын хоёр жил эдийн засгийн томоохон сорилтуудтай нүүр тулахыг эдийн засагчид сануулсаар байна?
-Ойрын жилүүдэд эдийн засаг хүндхэн байна байх. Худалдааны дайн, геополитикийн нөхцөл байдлаас гадна АНУ-ын тарифын өөрчлөлтүүд ямар нөлөө үзүүлэхийг тодорхой хэлэх боломжгүй. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн байнгын өөрчлөгдөж байгаа тарифын хэмжээ, хэрэгжих хугацаа болон гэнэтийн шийдвэрүүд нь эрсдэлүүдийг дагуулж байна. Жишээлбэл, БАНХАУ-тай хэрэгжих хугацааг хойшлуулсаар ирсэн шүү дээ.
-Бодит хөрсөнд буухгүй хэт өөдрөг төсөөлөл төсвийн алдагдлыг бий болгодог. Магадгүй энэ удаад ч байдал давтагдвал яах вэ?
-Төсвийн төсөл гараагүй байгаа болохоор тодорхой хэлэх боломж алга. Ер нь бол төлөвлөхдөө биет хэмжээг нь ч өндөр, үнийг нь ч хэт өөдрөгөөр төсөвлөчихдөг. Тухайлбал, 2024 оны сүүлээр 2025 оны төсвийг батлахдаа нүүрсний үнийг 105 ам.доллароор төсөвлөсөн байсан. Хэт өөдрөг төсөвлөх нь олон эрсдэлүүдийг дагуулдаг тийм болохоор урьд өмнөх алдаануудаасаа сургамж авч ирэх оны Монгол Улсын төсвийг төлөвлөнө гэж найдаж байна. Мөн хэлэлцүүлгээс гарах саналуудыг төсөвт тусгах, төсөөллийг бодитоор харж оруулах хэрэгтэй.
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд инфляц тогтвортой байлаа. Гэхдээ инфляцад нөлөөлдөг гол хүчин зүйл нь хүнсний бараа. Мэдээж шатахуун бас нөлөөлнө. Манай хойд хөрш шатахууны импортдоо хязгаарлалт тогтоох тухай шийдвэр гаргасан. Тэгвэл эдийн засагт энэ нь хэрхэн нөлөөлөх бол?
-Шатахуун бол эдийн засагт чухал үүрэгтэй байдаг. Шатахууны үнэ тогтвортой байхын зэрэгцээ хангамж хангалттай байж эдийн засгийг тогтвортой байлгах хөшүүрэг болно. Хэрэв шатахуунд хязгаарлалт хийвэл хомсдол үүсэж бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс гадна бүхий л байгууллагын үйл ажиллагаа доголдох эрсдэл тулгарна. Тиймээс эрсдэл тулаад ирвэл маш нарийн төлөвлөхийн сацуу хоорондын уялдаатай бодлогын зохицуулалт хэрэгтэй. Нэн тэргүүнд түргэн тусламж, онцгой байдал зэрэг зайлшгүй шаардлагатай салбарыг эрэмбэлэх замаар хуваарилалт хийх нь зүйтэй.
Магадгүй шатахуунд хязгаарлалт нөлөөлж эхэлвэл нийслэлийн түгжрэл буурна байх. 1970-аад онд Европт шатахууны хямрал болоод үнэд орж байсан тохиолдол бий. Тэр үед хүмүүс машинаа унахаа больж замууд эл хуль болж байсан гэдэг. Гэхдээ шатахууны асуудлыг Монгол Улс нухацтай авч үзэх шаардлага тулгарч байгаа юм. Байнгын хараат байдлаас гарахын тулд хэрэгжих боломжтой төслүүдийг яаравчлах нь зүйтэй. Түүнчлэн ойрын хугацаандаа импортын шатахууны хэрэглээтэй байх нь тодорхой учраас урт хугацаанд, тогтвортой худалдан авалт хийх боломжийг өөр сувгуудаас эрэлхийлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ОХУ эдийн засгийн хоригт орсонтой холбоотой засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэгээ авч чадахгүй байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Үүнтэй холбоотой хязгаарлалтууд үүсэхээр магадлалыг манай улс тооцоолох нь чухал байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 149 (7646)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.