
Б.ҮЕНЧ
Монголын хэвлэлийн хүрээлэн, Германы Дойче Велле Академи, МҮОНРТ, Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төвүүд хамтран Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулсан юм. Энэ үеэр МҮОНРТ-ийн редактор Д.Бямбацэцэгтэй ярилцлаа.
-Таны хувьд нийгмийн далд асуудлыг шүүмжилж, эрэн сурвалжлах олон нэвтрүүлэг хийж ирсэн.Арван жилийн өмнөх, дараах ойлголт, үр дүн хэрхэн анзаарагдаж байна вэ?
- МҮОНРТ-д 2003 онд анх сэтгүүлчээр ажиллаж эхэлж байлаа. Тухайн үед эрэн сурвалжлах нэвтрүүлгийн талаарх ойлголт бага байсан. Гэхдээ эрэн сурвалжлах элемент бүхий асуудал дэвшүүлсэн, баримт дэлгэсэн нэвтрүүлгийг Үндэсний олон нийтийн радио телевиз 51 жилийн өмнөөс буюу байгуулагдсан цагаасаа эхлэн хийж ирсэн гэж хэлж болно. Үүнийг сүүлийн үед олон улсын нэр томъёогоор Эрэн сурвалжлах хэмээн ярьж байна.
Тухайн үед би Өглөө хөтөлбөрт редактор, Нээлттэй дэлгэц зэрэг голдуу танин мэдэхүйн нэвтрүүлэг хийж байсан ч эрэн сурвалжлах чиглэлийг илүүтэй сонирхож, энэ чиглэлээр ажиллахыг хүссэн. Мэдээж телевизийн бодлого, чиглэл үүрэг даалгавар байсан. Тэгээд нийгэмд далд байдаг биеэ үнэлэлт, хар тамхи, архиний үйлдвэр гэх зэргээр Үл үзэгдэгч нийгэм гэсэн 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэж байлаа. Өглөө хөтөлбөрт ажилладаг мөртлөө эрэн сурвалжлах жанар руу тэмүүлсэн нь магадгүй Бямбацэцэг гэдэг сэтгүүлчийн мөн чанар байсан юм болов уу. Уг нь Өглөө хөтөлбөрт Миний найзын тухай, Сонгодог урлагийн ертөнцөөр гэх зэрэг хөнгөн “хөөрхөн” нэвтрүүлэг хийдэг байсан ч хувь хүн талаас надад тохирохгүй байсан хэрэг. Миний хувьд нийгмийн болохгүй, бүтэхгүй зүйлийг дэлгэж гаргамаар санагдаж эрэн сурвалжлах чиглэл рүү “урвасан” гэж хэлж болно. Үндэсний олон нийтийн телевизид Гообадарч зэргээр эрэн сурвалжлах чиглэлийн чансаатай нэвтрүүлэг хийж байсан мундаг сэтгүүлч, найруулагчид бий. Бид эдгээр хүмүүсийнхээ арга барилаас санаа сэдэл авч их зүйлд суралцаж ирсэн. Үндэсний олон нийтийн телевизэд эрэн сурвалжлах төрлийн нэвтрүүлэг, уран бүтээл хийх үүрэгтэй, нөгөө талаас хангалттай туршлагатай хүмүүс нь бий.
Эрэн сурвалжлах чиглэл бол сэтгүүлзүй дотроо хөрөнгө мөнгө, элдэв дарамт шахалт хэдэн сар, жилээр судалдаг хамгийн хэцүү төрөл. Сэтгүүлч үүрэг хариуцлага хүлээж ял шийтгэлд унахгүйн тулд баримтыг маш сайн цуглуулж, нягтлах ёстой учраас цаг хугацаа их шаарддаг. Тиймээс тэр бүр энэ чиглэл рүү зориглож орох сэтгүүлч цөөн байна. Эрэн сурвалжлах төрлөөр бүтээл бэлтгэж ард түмэнд хүргэж байгаа хүн бол нийгмийн зүтгэлтэн юм. Тиймээс нэр хүндтэй, үнэ цэнэтэй байх хэрэгтэй.
-Эрэн сурвалжлах чиглэл хөрөнгө мөнгө, дарамт, цаг хугацаа их шаарддаг ч хамгийн гол нь сэтгүүлчийн хүсэл тэмүүлэл хэрэгтэй гэдгийг олон улсын сэтгүүлчид онцолж байсан. Манайд хөгжих боломж хэр байна гэж хардаг вэ?
-Сэтгүүлчид нийгмийн болохгүй, бүтэхгүй бүхнийг хараад тийм нэг аазгай нь хөдөлдөг байх ёстой. Чанартай сайн нийтлэл, нэвтрүүлэг хийх гээд цаанаас нь “юм” хатгаад байж сууж чадахгүй болтлоо мэргэжилдээ дурлах хэрэгтэй юм шиг санагддаг. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнөөгийн байдал бол ямар ч асуудал хөндсөн хадны цуурай болоод өнгөрч байна. Үүний нэг шалтгаан нь сэтгүүлчид нэгдэж чаддаггүй, нэгнийгээ дэмждэггүй. Нэгийгээ дэмжээд давлагаа үүсгээд, бүгдээрээ зэрэг дуугараад эхэлбэл хэдэн зуун хэвлэл мэдээллийн байгууллагатай билээ. Үр дүнд хүрч л таарна. Сэтгүүлчдэд их хүч бий. Цөөн хүн амтай манайх шиг улс оронд нэгдэж, нэг сэдвийнхээ төлөө тууштай явж чадвал эрүүл нийгмийг бүтээж чадна.
Мөн Монголчууд их нутгархаг. Сонгуулийн үеэр энэ үзэл улам тодорно. Өөрийнх нь эсвэл танил тал, нутаг усных нь хүний талаар асуудал хөндөгдөхөөр эмзэглэдэг. Тэгээд гаргахаа болиоч гэж гуйдаг. Нэг талаар энэ шалтгаанаар эрэн сурвалжлах сэтгүүлзүй сайн хөгжихгүй байна.
-Сэтгүүлчид олон талын эх сурвалжтай ажиллаж чадахгүй байна. Тэр дундаа хэлний мэдлэг, мэдээлэл дутмагаас гадны багтай хамтарч ажиллахгүй байна гэсэн асуудал хурлын үеэр хөндөгдлөө?
-Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийн гол үндэс нь баримтыг хэрхэн олж авах, яаж нягтлах вэ гэдэг. Яг энэ чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч Монголд алга. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөл одоо л хөгжих суурь нь тавигдаж байна. Магадгүй 4-5 жилийн дараа илүү чанартай, мэргэшсэн бүтээл гарах байх. Гадаад хэлний мэдлэгийн хувьд ч олон улсын багуудтай хамтран ажиллах түвшинд хүрэх байх.
Олон улсын хурлаар сэтгүүлчид гадны эх сурвалжтай хамтарч ажиллаж чадахгүй байна гэж ярьж байна. Энэ бол хамгийн чухал зүйл. Тиймээс сэтгүүлчид мэргэших хэрэгтэй, гадаад хэл болон олон талын мэдлэгээ сайжруулж олон улсын түвшинд гарч ажиллах шаардлага тулгарч байна. Ингэж байж эрэн сурвалжлах сэтгүүл зүй шинэ түвшинд гарна.
-Эрэн сурвалжлах сэтгүүлчийн аюулгүй байдал хөндөгдөж байна. Манай улсын хувьд ч жишээ баримт бий. Сэтгүүлч өөрийгөө, редакци нь сэтгүүлчээ хамгаалах шаардлага тулгарч байна?
-2011 онд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог Ц.Балдоржийн шагналыг хоёр удаа жил дараалж авч байсан. Тухайн үед эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийхдээ юунаас ч айдаггүй байлаа. Энэ чиглэлийн нэвтрүүлэг олон байгаагүй болохоор хүмүүст их хүрч байсан. Тэр дундаа шийдвэр гаргах түвшний хүмүүст нөлөөлж байсан үе цөөнгүй. Тухайлбал, Явган монгол буюу хориотой бүс гээд МИАТ-ын менежментийн хувьчиллыг илчилсэн нэвтрүүлэг гарсны дараа тухайн үед Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдорж манай дарга руу утасдаад “Танай нэвтрүүлэг маш сайн болсон. Нэвтрүүлэг хийсэн хүмүүсийг Засгийн газраас шагнамаар байна. Бид энэ асуудлыг анхааралдаа авч судалж үзнэ” гэж хэлж байсан. Ингэж тухайн үед төр засгийг хөдөлгөдөг байсан бол өнөө цагт эрэн сурвалжлах сэтгүүл зүйд үзүүлэх хариу урвал харьцангуй дутмаг болсон байна. Тиймээс эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж байгаа сэтгүүлчид алдаа оноогоо ярилцаж, хамгийн гол нь нэгдэж хамтын хүчийг харуулах хэрэгтэй гэж боддог.
-МҮОНРТ-тэй холбоотой асуудалд ч хөндөгдлөө. Олон нийтийн телевиз хэдийнээс албан ёсоор эрэн сурвалжлах чиглэлийн нэвтрүүлэг хийж эхэлсэн байдаг вэ?
-Үндэсний олон нийтийн радио телевиз 2006 оноос Олон нийтийн хуультай болсон. Түүнээс хойш бид төр иргэн хоёрын гүүр болж ажиллах, ард түмний өмнө тулгамдаж байгаа шударга бус асуудлыг хөндөх, шийдвэр гаргах түвшний хүмүүс хэрхэн ажиллаж байгааг олон нийтэд мэдээлэх үүргээ жинхэнэ утгаар нь биелүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл, эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийх цаг нь болсон байна гэж үзсэн хэрэг.
-Үндэсний телевиз төрөөс татаас авдаг олон нийтийн телевиз боловч яагаад эрэн сурвалжлах алба байдаггүй юм бэ гэсэн асуултыг оролцогчид удаа дараа тавилаа. Телевиз энэ чиглэлээр ямар бодлого баримталж байна вэ?
-Үндэсний радиод Баримт гээд эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийдэг залуус бий. Балдоржийн шагналыг 2-3 удаа авлаа. Харин Үндэсний олон нийтийн телевизэд Эрэн сурвалжлах алба гэж тусдаа статус байхгүй ч эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийдэг хүмүүс байгаа. Тиймээс эрэн сурвалжлах мэргэшсэн нэгж, редакци бий болгох шаардлагатай. Үндэсний олон нийтийн телевиз удахгүй Эрэн сурвалжлах албатай болохоор төлөвлөж байгаа. Энэ үүргээрээ шударга бус нийгмийн эсрэг тэмцэж ард түмний дуу хоолой болно гэдэгт найдаж байна.
-Төсвөөс санхүүждэг болохоор улс төрийн ашиг сонирхол саад болдог гэсэн зүйл ч яригдлаа?
-Тийм зүйл яригддаг. Гэхдээ одоогийн удирдлагуудын зүгээс ч юмуу асуудал хөндсөн нэвтрүүлэг хийлээ гэхэд хориглож, хязгаарлах зүйл гардаггүй. Ер нь цаашид Үндэсний олон нийтийн телевизийн удирдах албан тушаалтнаас гүйцэтгэх албан тушаалтан хүртэл нам бус байх нь зөв санагддаг.
Эх сурвалж: www.polit.mn