
Ч.ГАНТУЛГА
Америкийн Чикаго хотын Техникийн их сургуулийн төгсөх курсийн оюутан Р.Ононбаттай онлайнаар холбогдлоо. Тэрээр энэ жилийн дэлхийн шилдэг 100 оюутны тоонд багтсан. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Дэлхийн шилдэг оюутан болсонд тань баяр хүргэе. Энэ мэдээг сонсоод өөрөөр тань бахархаж байлаа?
-Жил бүр дэлхийн боловсролын нэгдсэн байгууллагаас шилдэг 100 оюутанг шалгаруулдаг юм билээ. Энэ жил би сургуулиасаа ганцаараа шалгарсан. Сэтгэл хангалуун байна.
-Чикагод амьдраад хэр удаж байгаа вэ. Одоо бүр дасчихсан уу?
-Монголд дунд сургуулиа төгсөөд гэр бүлээрээ Америкт ирж сууршисан. Одоо 12 жил болж байна. Эхэндээ хэл мэдэхгүй эх орноо, найзуудаа санаад хэцүү байсан. Удаад ирэхээр дасдаг юм билээ. Гэхдээ хүнд эх орноос нь илүү эрхэм зүйл гэж юу байхав. Монгол хүн учраас эх орноо санаад хааяа уйлдаг юм.
-Хамгийн сүүлд хэзээ эх орондоо ирсэн бэ. Сургуулиа төгсөөд ирж ажиллах бодол бий юу?
-Бараг 10 жилийн өмнө очсон санагдана. Тэр болгон явах боломж олдохгүй юм. Монгол маань илүү сайхан хөгжсөн байх. Би дараа жилээс магистрт сурах бодолтой байгаа. Хүссэн сургуульдаа мэргэжил дээшлүүлэх эрхээр шагнуулсан юм.
-Монгол маань өдрөөс өдөрт хөгжиж байгаа шүү. Бас эх орон чинь таныг хүлээж байгаа?
-Сайхан санагдаж байна. Би механикийн инженерээр сурдаг юм. Хоёр жил мэргэжил дээшлүүлчихээд заавал Монголдоо очно гэсэн бодол бий. Өөрийнхөө сурсан, мэдсэн зүйлийг эх орондоо зориулмаар байна. Харин гадаадад сурдаг монгол оюутнууд боломж гарвал тэндээ суурших бодолтой байдаг юм билээ. Миний хувьд эсрэгээрээ.
-Тэд яагаад эх орондоо ирэх бодолгүй байдаг юм бол?
-Монголд очоод ажлын байр байхгүй, цалин багатай гэсэн ойлголттой байдаг. Харин Америкт бол өөр. Төрөөс залуусаа дэмждэг, ажлын байраар хангадаг юм. Сургуулиа амжилттай төгссөн бол санаа зовох асуудал гарахгүй. Америкчууд залуусаа дэмждэг, боломж олгодог учраас дэлхийд хөгжлөөрөө манлайлж байна.
-Монголд энэ бодлогыг хэрэгжүүлвэл хөгжил ойрхон байгаа гэж та бодож байна уу?
-Залуус бол эх орны эд баялаг, хөрөнгө шүү дээ. Би өдөр бүхэн Монголын цахим хуудас руу орж мэдээлэл уншдаг. Манай залуус дэлхийн хэмжээний уралдаан,наадмаас шагнал хүртэж, оюунаараа дэлхийд манлайлж байна. Тэднийгээ төрийн зүгээс харж үзвэл хөгжил ойрхон байгаа гэж боддог. Гэхдээ Монголыг хөгжлөөрөө буурай орон гэж бодохгүй байна. Дэлхийн өнцөг булан бүрт манай залуус сурч байгаа. Тэд удахгүй эх орондоо очоод өөрчлөлтийг бий болгох байх.
-Тэдний нэг нь та байгаасай гэж хүсч байна. Монголдоо ирээд хамгийн түрүүнд юу хийнэ гэж боддог вэ?
-Хамгийн эхэнд төрсөн нутагтаа очмоор байна. Дараа нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана гэж бодож байна. Механикийн инженер нь дэлхийд эрэлттэй, хэрэгцээтэй байгаа мэргэжлийн нэг. Судалж үзэхэд Монголд ч ялгаагүй боловсон хүчин дутмаг байдаг юм билээ. Үнэхээр сайн, мэргэжилдээ эзэн нь болсон инженер болоод очвол эх орныхоо төлөө хийж чадах хамгийн том хөрөнгө оруулалт минь юм болов уу.
-Америкийн сургалтын төвшин ямар вэ. Бусад оронтой харьцуулахад?
-Манай найз Хятадад сурдаг юм. Хааяа холбогдохоороо лекц л орох юм гэдэг. Харин энд бол практикийг илүүд үздэг. Биднийг лекцээр шахдаггүй. Нэгдүгээр курст ерөнхий мэдлэгийн хичээлээ орчихдог болохоор хоёрдугаар курсээс дадлагат гаргачихдаг. Тэр нь ч бидэнд амар байдаг юм.
-Жишээлбэл та ямар газар дадлага хийсэн бэ?
-Би Чикагогийн “Super cars” гээд машины компанид дадлага хийсэн. Мэргэжлийнхээ дагуу машины техник угсралт, оношлогоо хийж сурсан. Тус компани нь дэлхийн 20 гаруй оронд машин нийлүүлдэг байсан. Тэндээс их зүйлийг сурсан шүү. Сургуулиа төгсөөд ирж ажиллаарай гэсэн санал тавьсан. Хааяа хичээл тарсны дараа болон амралтаараа очиж ажилладаг юм.
-Америк залууст хичээлээс гадуур ажил хийх бололцоо хангалттай байдаг уу?
-Курс ахих тусам хичээл нь багасдаг учир америк оюутнууд бүгд цагийн ажил хийдэг. Дэлгүүрт зогсох, өглөө сонин тараах, кофены газар зөөгч хийх гээд ажил мундахгүй бий. Тиймээс зарим оюутан чөлөөт цагаараа ажиллаад төлбөрийнхөө мөнгийг олчих жишээтэй.
-Монгол найзуудтайгаа хэр холбоотой байдаг вэ?
-Монгол найз бараг байхгүй. Эх орноос яваад 10 гаруй жил болчихсон болохоор ихэнхтэй нь холбоо тасарсан. Харин энд сурдаг монгол оюутнуудтайгаа дотно нөхөрлөдөг юм. Бид амралтын өдрөөр уулзаж хөл бөмбөг, сагс тоглодог. Мөн хамтдаа аялалд явж, цагийг зугаатай өнгөрөөх дуртай.
-Америк найз олон бий юу. Тэдэнтэй хэр дотно нөхөрлөдөг вэ?
-Манай анги 25 оюутантай. Түүнээс зөвхөн 10 нь л америк. Үлдсэн нь хятад, вьетнам, орос оюутнууд бий. Миний хувьд ангийнхаа болон амьдардаг хорооллынхоо америк залуустай нөхөрлөдөг. Тэд харьцангуй илэн далангүй, ямар ч сэдвээр ярилцаж чаддаг чөлөөтэй байдал нь таалагддаг шүү. Мөн монгол оюутнуудад их сайн. Энд ирээд нөхөрлөсөн Жейк, Томм гээд найзууд маань байдаг. Тэд надаас үргэлж Монголын тухай асуудаг.
-Та гурав чөлөөт цагаа ихэвчлэн хаана өнгөрөөдөг вэ?
-Биднийг холбож өгдөг нэг зүйл нь спорт гэж бодож байна. Уулзахаараа зааланд бэлтгэл хийж, хөл бөмбөг үздэг. Хааяа мэдээж үдэшлэгт явна.
-Үдэшлэг гэхээр цэнгээний газар гэсэн үг үү. Америк залуус нэлээд задгай юм шиг харагддаг?
-Цэнгээний газарт насанд хүрээгүй бол оруулдаггүй. Манайхан Америк гэхээр л багаасаа согтууруулах ундаа хэрэглэсэн, хараал урсгасан нөхдүүд гэж боддог. Тийм биш шүү. Тэд бидэнтэй адилхан л залуус. Харин ч цэнгээний газар хэрхэн үйлчлүүлэх соёлоо мэддэг.
-Тэгвэл Чикагод чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөх газар хэр хүртээмжтэй байдаг вэ?
-Хангалттай бий. Чикагод булан эргээд л номын сан байдаг. Энэ нь надад таалагддаг юм. Оюутнууд үнэмлэхээ үзүүлээд хүссэн номоо үнэгүй унших боломжтой. Мөн спорт заал ихтэй. Ер нь америкчууд спортлог хүмүүс. Зун бол гадаа талбайд хөл бөмбөг, гар бөмбөг тоглож өнгөрөөдөг. Харин өвлийн улиралд ширээний теннис, заалны хөл бөмбөг тоглодог юм.