
Нэг.Пүүлээ маш олон найзтай, түүнтэй нөхөрлөх нь миний үеийнхний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Намайг 4-р ангид дэвшин суралцдаг 1970 онд манайх Зүүнговь сумаас Баруунтурууны САА-д шилжин ирсэн юм.Би ч нилээн хөдөлгөөнтэй,юм юманд оролцомтгой хүүхэд байсан боловч тэр жил тэрүүхэндээ сургуулийн хичээлийн байрны “Долоон тасалгаат” гэх бага ангийнхан хичээллэдэг байр хавьдаа л намар,өвлийг өнгөрөөж хавар амьтан ичээнээс гарах цагаар хөдөлгөөнд орж сургуулийн биеийн тамирын талбайд өнждөг болов.Тэр үеийн хүүхдүүдийн голлох тоглоом тэвэг өшиглөх,маатагдах, мөнгөдөх,сагс, хөл бөмбөг,турник,савлуур, модон моринд харайх,барилдах,зэргээр эр бяр авхаалж самбаагаа харуулах,бидний нэрлэж заншсанаар “Баобоб” модондочиж Их голд шумбах зэргээр тоглож өдөр өнгөрөөдөг байлаа.Дээрх төрлийн тоглоомуудын хурд,хүч шавхсан төрөлд нилээд биерхүү, үеийнхнийгээ хойноосоо хуйлран дагуулсан,далиу том толгойтой нөхөр тэргүүлэх бөгөөд түүнтэй үе үе тааралдах боловч нэг их ойртож нөхөрлөөгүй байсан цаг.Нөхрийг гаднаас нь ажихад бас ч ганган маягийн, формын бор хилэн хувцсан дээр түүнийг тодорхойлох идэвхтэн сурагчийн цэнхэрэмжээртэй улаан галстук хэн болохыг ерөнхийд нь илтгэж бас чамин харагдуулна. Манай сургуулийнхан 5-р ангиасаа эхэлж бидний бахархал болсон сургуулийн 2 давхар барилга руу шилжин хичээллэж, бага ангийнхан 7 тасалгаатад хичээллэдэг байснаас бид хоёр танилцаж амжилгүй хагас жил өнгөрсөн хэрэг. Түүний талаар ангийнхнаас Шаравын Пүрэвсүрэн гэх онц сурдаг,олон улсын “Артек”пионерийнзусланд амарч ирсэн нэгэн болох сураг сонсогддог байв. Түүнийг ойрын дагалдагсад гэвэл нэг ангийн андууд гэх Дэндэвийн /САА-н даргын хүү/ Алтай буюу Бор,Даваа жолоочийн Дамиран, тэдний нэг лагерийн найз дээд ангийн Гэндэний Иванов нар байсан юм. Тэд ч нилээн сахилгагүйчүүд энд тэнд элдэвлэн дэггүйтсэн тухай зарим нэгэн факт дуулдаж бидний үеийнхэнд тэдний үйлдлүүд бахархан дуурайх чамирхал болдог байв.Одоо бодоход Турууны хүүхдүүдийн найзын хүрээлэл эхэн үедээ цэцэрлэгийн нэг ангиар эхэлж, дараа нь дарга нарын,жолооч нарын,багш нарын гэх лагеруудын хүрээллээр эгнээгээ тэлж, тэрхүү жижиг дов дошуудад хүүхдүүдийн дунд хэлдгээр тэрүүхэндээ олон олон атаманууд төрж хоорондоо дотносож бүлгэрхдэг байж дээ. Бидний үед Турууны Дэнжийн клонкийн лагерьт Доржийн Жамсран,Мянганбаярын Зоригоо, манай лагерьт Даваажавын Хуягаа,Сайжрахын Цогоо, эмнэлгийн лагерть Доньдийн Самбуу гэх зэргээр атаман гэх нөхөд явж өгнөө.Тэр үеийн атамануудын зодоон бүлэглэлүүдийн толгойлогчдыг дагаж дарвигсдын чулуу нүүлгэлтээр эхэлж, гар зодооноор төгсдөг боловч эхлэл өрнөл зодооны явц байдлаас шалтгаалан өөр өөр байдаг байлаа.Энэ бүхэнд миний дурсамжийн баатар гол дүрээр оролцдог байсныг ингээд төгсгөе. Найз маань зуны лагерьт томчуулд зориулсан кино ший үзэх, үдэшлэгт хулгайгаар оролцон хөөгдөж туугдах, айлын яндан чавхаар харваж явсан дэггүйтэл,томчууд оройн үзвэр үзээд тарж харьцгаах гол замын нарийн гудамжинд төмөр утас татан унагажшоглодог, цэцэрлэгийн гал тогооноос өрөм зөөхий хулгайлж иддэг, зурам туулайны ан хийж хөглөж явсан гэх зэрэг бага насны бишгүй хөгжилтэй явдлуудаа өөрөө дурсан бодож хөгсөнө биз, ингээд өндөрлөе.
Хоёр.Тамирчин Пүүлээ
Турууныхан түүнийг хөгшин залуугүй Пүүлээ гэж авгайлна. Пүүлээг 6-р ангийн сурагч байхаас л бидний нөхөрлөл дотносож түүний авъяаслаг тамирчин болохыг мэдэрч эхэлсэн дээ.Тэр анхлан хөнгөн атлетикийн дөрвөн төрөлтөөр хичээллэж аймаг сумандаа аваргалж, баруун бүсийн тэмцээнд оролцож байсныг санаж байна.Түүнийг ядро,диск маш хол шидэж байхыг нь хараад тухайн үедээ биширч л явлаа.Найз ер нь спортын аль ч төрлөөр хэний ч дор орохооргүй амжилт үзүүлдэг нөхөр байсан.Цана,тэшүүр,гар бөмбөг,сагсан бөмбөг,хөл бөмбөг гэх төрөлд л бид ана мана үзэх боловч хүч тамир эв шаардсан хөл бөмбөг,сагсан бөмбөг тоглохдоо бид түүнээс айдаг байлаа.Айх шалтгаан гэвэл сагс,хөл бөмбөг тоглохдоо тэр их түрэмгий, зайлж холдохгүй л бол дайрч унагаагаад дээгүүр харайгаад явах энүүхэнд.Одоо бодоход бидний үед хурд, хүч шаардсан америк хөл бөмбөгийн спорт дэлгэрсэн бол тэр ёстой алж өгөх байсан байх гэж бодогддог юм.Найз маань бөхөөр тууштай хичээллэсэн бол өдийд улсын начин байг гэхэд аймгийн арслан цол энүүхэнд байсан юмшүү.Бидний үеийн түүний нэг ангийн анд дотны найз самбо бөхийн дэлхийн аварга гавъяат тамирчин,улсын заан Ганболд,дээд ангийн сурагч улсын начин,гавъяат тамирчин гавьяат Д.Төрмөнх,улсын начин Жанчивдорж нартай ана мана, ач тач үзэлцэн дээлийн сугаа ханзартал барилдаж явсан цаг саяхан даа.
Би 8-р ангид сурч байсан жил Пүүлээ, Д.Төрмөнх бид хэд аймгийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн оролцохоор явлаа. Аймгийн төв Баруунтуруунаас 180 км зайтай,11-р сарын жавар тачигнасан хүйтэнд тэр хол зайнд авто машины задгай тэвшин дэр сууж явна гэдэг одоо бодоход тэнэг хэрэг л дээ.Бид Баруунтуруунаас гарч 45 км яваад Зүүнговь суманд Д.Төрмөнхийн аавынд бууж хоол цай болчихоод шөнө цаашаа давхиж явтал Төрмөнхийн маань гэдэс базалж бөөн асуудал үүслээ. Даарахгүйн тулд бие биенээ налан, хэвтэх суухын завсар явсан бид машинаа зогсооё гэтэл Төрмөнх хэрэггүй явуут дунд нь хүндэрчихье гэж байна шүү. Төрмөнх: Би тэвшний хойд булан руу дөхөжсууя, та хэд миний хоёр гарнаас сайн барьж бай гэснээр бид нөхөртөө тусалж, тэр сур харваж,тавгүйтсэн бие засарснаар аймгийн төв орж байв даа.Хэрэв машин хүчтэй донсолсон бол юу болох байсан болоо? Одоо бодоход бидний тухайн үйлдлийг тэнэглэл гэх үү,дэггүйтэл гэх үү мэдэхгүй юм даа базарваань.
Аймгийн аваргад амжилт үзүүлсэн омогшил дүүрэн багачууд бид Туруундаа буцаж ирэхдээ Төрөөгийн аавынхаас нууцаар авсан шимийн архиа дотуур байранд аавын цээж гарган ууждарвицгаан асуудал үүсгэж байв шүү хөөрхий.
Гурав.Хөгжимчин Пүүлээ
Биднийг 6,7-р ангид суралцаж байхад үлээвэр хөгжмийн дугуйлан хичээллэж Тогтох гэх хүн бидэнд хөгжмийн цагаан толгойн “А” зааж эхэлсэн юм. Пүүлээ бид хоёр труба,Д.Алтай баритон, Т.Тулгабаатар альт,Д.Цогтсайхан калернит,Д.Дамиранбаси үлээж, Е.Самбуу цан,бөмбөр нүдэж хөгжим тоглож сурах гэж нилээн ч нухлуулдаг, бид ч түүндээч их дуртай байцгаасан юм.Бид ч хөгжим тоглож сурсны ачаар хааяахан хагас сайн өдөр сумын клубт томчуулын бүжгийн хөгжим тоглож кайф авдаг тэр нь ч бидэнд маш зугаатай байсан даа. Түүнчлэн хаврын баяр Майн нэгэнд болох сүрт жагсаалын хөгжим тоглодог байсан бөгөөд жагсаалын бэлтгэлийн үеэр захирал Т.Цэвгээ багшийн алхалт гишгэлт, командлал,тойргийн сумуудаас ирсэн зарим нөхдийн хоёр гараа зөрүүлэн савлах буруу зөрүү алхалт, үйл хөдлөлөөс болж бид элгээ хөштөл инээлддэгсэн.
Найз маань баян хөгжмийг маш чадварлаг тоглодог байсан бөгөөд сургуулийн зааланд хагас сайн өдөр болгон тогтмол явагддаг үдэшлэгт хоёр цаг орчим тасралтгүй тоглож,үстэй дээл, эсгий гуталтай бүжигчид чхөлсөө дуслуулан бүжиглэж, долоо хоногийн алжаал тайлах дасгал болдог бөгөөд тэрхүү цэнгүүнүүд олон олон дурсамж,үерхэл нөхөрлөл, хайр дурлал шохоорхлын суурь болж байсан байх шүү.
Дөрөв.Багын наргианчнайзархаг, тусч Пүүлээ
Пүүлээтэй хамт ширээний ард тухлан сууж яриа өрнүүлэхэд уйдна гэж байхгүй.Тэр маш өргөн хүрээний мэдлэгтэй бөгөөд яриагаа давсалж амталж ярих нь сонирхолтой,шимтэн сонсохоос аргагүй байдалд автуулж ярина.Тиймээс бид түүний ярихыг сонсож,мэдлэгийн хүрээгээ тэлж алжаал тайлж хааяахан уулзах нь маш сайхан байдаг ба түүний ярианд эхнэр Булгаа нь хааяахан шигтгээ хийж оролцдог нь ч ухаантны дэргэд ухаантан амьдардаг гэлтэй бас гоёл доо. Тэд хойно ЗХУ-д Москвад Ломоносовын нэрэмжит их сургуульд сурч байхад дотносон танилцаж гэр бүл болсон хоёр бөгөөд оюутан ахуйд нь тэднийх бараг л Москвад очсон найз нөхдийн буудал шахуу байсан гэлцдэг.Ялангуяа олон улсын тэмцээнд оролцохоор очсон,Москвагаар дайрч өнгөрсөн самбо,жүдогийн тамирчид миний найзын тус дэмийг ч олон хэлбэрээр авч байсан гэж тэр үеийн бөхчүүд бахархалтай ярьцгаадаг, ер нь түүнтэй үерхэж нөхөрлөөгүй тэр үеийн спортыхон ч ховор л байх. Миний найз аливаад үнэн сэтгэлээс ханддаг,хүнд худал ярьж хуурч мэхлэх зангүй,ер нь аливаад голчтой, шуналгүй, атаа жөтөөгүй,хор шаргүй, ховорхон нэгэн бодьгал билээ.
Тав. Анчин Пүүлээ
Хүүхэд ахуй цагаасаа Баруунтурууны шугуйгаар багын найз Алтайтаагаа тэнэж, Алтайгийн өвөө анчин Цэрэн гуайнхаас хулгайлж авсан хавхаа үнэгэнд тавьдаг түүнд нь туулай ороод тэрийг нь нөгөө овт шар муухай орилох чимээнээр нь шөнөд нь ирээд идчихдэг, тавьсан хавханд нь туулайн хөл нь үлдсэн байдаг талаар бидэнд ярина. Нэг удаа бүр Баазар гуайн сумандаа нэртэй том эр хонь тэр хоёрын тавьсан хавханд нь орж, бөөн хэл ам болж байсныг би мартдаггүй юм. Тэр үед эр хонь 300 төгрөг байлаа. Пүүлээгийн аавынх нь сарын цалин гэсэн үг.
Бас нэг удаа мань хүн оюутныхаа зуны амралтаар Өндөрхангайд тарвага агнахаар иржээ. Миний дүү Батгэрэлтэй ахын цоо шинэ гурван дугуйтыг хөлөглөж аваад гарч өгч. Тэгсэн нь гай таарч замдаа онхолдон мань гурав азаар ямар ч гэмтэлгүй амь гарч байж билээ. Их хурдтай явсан учраас гурвуулаа шидэгдчихсэн юм билээ. Тэгээгүй бол мотоциклондоо индүүдүүлэн өдийд амьд явах нь эргэлзээтэй байсан хэрэг.
Зургаа.Оюунлаг,эрдэмлэг эрдэмтэн багш Пүүлээ
Найз маань дунд сургуульд сурч байхын л ангийнхнаасаа тасарсан сурлагатан байв.Түүнд тухайн үеийн сургалтын программ үнэндээ жижигдэж байсан байх.Тэр аль нэг байдлаар хичээл давтаж өөрийгөө нухлан зовоож суралцаагүй, тийм боломж орчин нөхцөл ч байгаагүй, өөрийн зөнгөөрөө л ээж аав,бурханаас заяасан өгөгдлөөр сурч байсан байх гэж би боддог. Пүүлээ маань умгар монгол гэрт ах дүү бараг арвуулаа чихэлдэн өссөн хүн.Түүнд хичээл давтаж суух тусгайлсан ширээ сандал,орчин нөхцөл байгаагүй.Найз маань өөрт оногдсон хувь тавилангаар сурч,хүмүүжиж бүхний манлайд явж ирсэн.Тэр “Таван онцын эзэн”, “Нацагдорж тэмдэгтэн”, бүлгэмийн зөвлөлийн гишүүн гэх сэтэртэй идэвхтэн сурагч төдийгүйфизик,математик,хими гэх байгалийн шинжлэх ухааны төрлийн хичээлүүдээр явагддаг сургуулийн олимпиадын аваргаар жил бүр шалгаран аймагт очиж өрсөлдөнтэргүүлэгчдийн эгнээнд байнга явж ирсэн өрсөлдөгчгүй манлайлагч байсан бөгөөд нийгмийн ухааны төрлийн хичээлд ч түүнтэй эн зэрэгцэх сурагч тэр үед л лав байгаагүй байх шүү.Тиймээс найз маань сурлагаараа шалгарч тухайн үедээ хүн бүхэн хүссэн ч эс хүрэх ховор боломж түүнд олдож, Москва хотод Ломоносовын нэрэмжит Их Сургуульд суралцаж мөн сургуульдаа эрдмийн зэрэг хамгаалсан Монголын ховорхон эрдэмтдийн нэг билээ.Тэр Монголоо гэсэн сэтгэлтэй, уг нь бусдын адил хувиа бодож АНУ гэх зэрэг оронд явж эрдмийн ажлаа үргэлжлүүлэн тэнд амьдарсан бол манай хүн дэлхийд нэр алдраа мөнхөлсөн дэлхийн эрдэмтэн байх байсан юм даа.
Долоо. Улс төрч,ногоон байгалийн улаан хамгаалагч Пүүлээ
Улс нийгэм, хүн ардынхаа төлөө сурсан эрдэм мэдлэг, оюун ухаанаа бүрэн зориулах чин сэтгэл түүнд бий. Гэвчиг түүн шиг ариухан сэтгэлтэн, халаас нимгэн, гэнэн цайлган, эрдэмлэг хүн тэрхүү орчинд багтах орон зай энэ цаг үед байхгүй болсон үе.Түүн шиг олон аавын хүүхэд энэ орчноосоо тусгаарлагдан,зарим нь гадаадын оронд өөрийнхөө эрдмийг үнэлүүлж амар тайван амьдарч байгаа.Хөмөрсөн тогоо шиг харанхуй бурангуй, үл ойлгогдох, үл мэдэгчдээр улс нийгмээ удирдуулсан энэ улс орон хэзээ өөдлөх юм бол доо. Найз маань гэнэн итгэмтгий зангаар ард олон өөрийг нь сонгож магадгүй хэмээн сохроор итгэж, улс төр рүү явсан боловч мэдээж бүдэрсэн. Гэвч Байгаль орчны сайдад өөрийн мэдэх чадахаа зөвлөж явсан тавилан түүнд бий.Миний найзад улс төрчдийн уваагүй араншин, худал хэлж, хуурч мэхлэх зан төлөвшил угаасаа байхгүй болохоор тэнд түүнд хийх ажил орон зай байгаагүй. Төр барилцах ажил уг нь олонд хүндлэлтэй эрхэмсэг ажил мөн боловч энэ цаг үед хулгайч, луйварчид боловсролгүй үл мэдэгчдээр дүүрсэн төрд ажиллах нь бүү хэл ойртохоос ч сэжиглэм цаг үед бид амьдарч байна даа хөөрхий.Гэвч тэрээр эх нутаг газар шорооныхоо төлөө цуцалтгүй тэмцэж яваа жинхэнэ улаан хамгаалагч хүн. Эх орноо лиценз нэрээр худалдагсад, алтны төлөө нутаг орон, ард олноо хордуулагчдын эсрэг “Ногоон Загалмай нийгэмлэг” ТББ 1997 онд санаачлан байгуулж шантралгүй тэмцэж яваа түүний зүтгэлийг хэвлэл мэдээллээр байнга харж дэмжиж явдаг хүний нэг билээ би.
Найм. Эцэст нь Пүүлээгийн гэр бүлийн тухайд хэдэн үг
Бид гэр бүлийн найзууд.Би найздаа болон түүний гэр бүл үр хүүхдүүдийг хүндэтгэн тэдэнтэй ойр байхыг хичээдэг. Миний найзын гэргий Ховд аймгийн Булган сумын уугуул вангийн торгууд Хонгораачин овогт Доржийн Батбулгаа гэж оюунлаг эрдэмлэг, даруу төлөв найзтай маань хамт Ломоносовын Их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгсөж ирээд Багшийн сургуульд ажиллаж байсан,адтай,одтой хөөрхөн бүсгүй байдаг юм.Булгаа маань дунд сургууль суралцаж байхын л Пүүлээгийн адил онц сурлагатан байсан гэдэг.Тэдний хүүхдүүд дунд сургуульд сурч байхын л аав болон ээжийгээ дуурайсан оюунлаг,эрдэмлэг хүүхдүүд билээ.Хүү Эрдэнэбилиг нь 11-р дунд сургуульд суралцаж байхдаа физик, математикаар улсын олимпиадад удаа дараа түрүүлж, Турк, Индонези, Сингапур, Турк, Тайван улсад болсон олон улсын олимпиадад шалгаран оролцож байсан оюунлаг хүү 1-р арван жилийг онц төгсөөд ШУТИС-д урилгаар элсэн суралцаж байгаад АНУ-д боловсрол эзэмшиж одоо Оюу толгой ХХК-нд ажиллаж буй. Охин Төгсөө нь орос, англи, испани, хятад, япон солонгосоор чөлөөтэй ярьдаг хэлний онцгой ховор авьяастай охин. АНУ–д боловсрол эзэмшин3 хүүхдийн ээж болж тэндээ ажил амьдралаа зохицуулж аав,ээжийнхээ хүсэл мөрөөдлийг аль нэг байдлаар биелүүлэн сайн сайхан амьдарч явна.
Миний найзын буян заяа үүрд дэлгэрч үр хүүхэд хань ижил нь сайн сайхан амьдарч явах болтугай гэсэн ерөөлөөр энэхүү дурсамжаа өндөрлөе.
Дурсамж бичсэн Тайж овогт Цэдэвийн Дангаасүрэн 20018-04-17
