“Үнсгэлжин”-гээс “Жаргаагүй нар” хүртэл...

2016-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа УДЭТ-ын найруулагч  Чимэддоржийн Түвшинг урилаа.  Бидний яриа найруулагчийн хоёр дахь гэр болсон театрm өрнөсөн юм.  Их урлагийн ариун сүмд найруулагч Ч.Түвшин 30 гаруй жил “амьдарч” байна.  18 настайдаа тайз засалчаар ажилд орж, түүнээс хойш энэ л театрт амьдралаа зориулж яваа. Урлагийг гэх жигүүр нь энд ургаж, дээшээ тэмүүлж байна. Хэзээ нэгэн цагт энэдээ  л бөхнө байх хэмээн найруулагч ярьж байлаа. 

 

ТЕАТР НАДАД ИД ШИДИЙН ЕРТӨНЦ МЭТ САНАГДАЖ БАЙВ

 

Найруулагч Ч.Түвшингийн аавыг монголын ард түмэн Хүүхэлдэйн Л.Чимэддорж гэдгээр нь сайн мэднэ. Түүний өвөө нь Лхамсүрэн гээд нутагтаа нэртэй морин хуурч, эмээ нь уртын дуучин байсан гэдэг.  Мөн ээж нь Хүүхэлдэйн театрын жүжигчин байв. Тэрээр өмнөх үеийнхээ  асаасан урлагийн галыг унтраалгүй түүчээлж яваа нэгэн.  Хүүхэд насаа бага тойруугийн Банкны 84 дүгээр байр, Хүүхэлдэйн театрын үзэгчийн суудал дээр өнгөрүүлсэн болоод ч тэр үү театрын урлагтай тэр л үеэс сэтгэлийн сэжимээр холбогдсон байдаг.  Тэрээр “Бага байхад интернэт, утас гэж байхгүй хүүхдүүдийн харилцаа их амьд байжээ. Аав ээжүүд  нийлээд байрны гадаа мөсөн гулгуурын талбай хийж өгнө. Цана, тэшүүрээр гулгах, матка тоглох гээд л тэр үеийн хүүхдүүдийн л нэгэн адил Түвшингийн бага нас өнгөрсөн. Ер нь тухайн үеийн нийгэм хүүхдүүдийг их өв тэгш хүмүүжүүлдэг байж. Бүгд кино жүжиг үзнэ, номын санд сууж, спортоор хичээллэнэ.  Хүүхдээ лидер болгох гээд дайрдаг хүн ч байсангүй. Нэг л тийм нам гүмхэн атлаа сайхан цаг үед хүүхэд нас минь өнгөрсөн юм даа” гэж байв.  Мөн тэрээр тухайн үеийн хүүхэлдэйн театрын бүтээлүүдийн анхны үзэгч нь байв. “Хүрэн морь”, “Хоньчин Найдан, “Зурхай загасны тушаал” зэрэг жүжгүүдийг үзэж, театр гэдэг ид шидийн ертөнц юм хэмээн тухайн үедээ бодож байсан гэдэг.  Тэрээр энэ тухайгаа “Театр руу ороход ид шидийн байшинд орж байгаа юм шиг сэтгэгдэл надад төрдөг байлаа. Энэ бодол маань одоо шинэ сэргэг хэвээр байна. Өглөө бүр театрын хаалгаар ороход ид шид санагдаж, найруулсан жүжгээ нээхэд ид шидийг бүтээсэн мэт бодлууд хөвөрдөг.   Энэ нь миний хаа нэгтэйгээс хэзээ ч мултарч унахгүй бодол юм даа” гэв.

 

18 НАСАНДАА ТЕАТРЫН АЖИЛТАН БОЛЖ БАЙЛАА

 

Түүний урлагийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор аав ээж нь Пеонерийн ордны зургийн дугуйланд оруулав.  Н.Энхболд багшийн удирдлага дор уран зураг  заалгаж зургаан жил суралцсан байдаг.  Хүүхдийн жүжгээс тайзны урлагийг багаасаа мэдэрсэн түүнд уран зураг заалгана гэдэг бас л нэгэн ид шидийн ертөнц байжээ.   Тэрээр “Би  урлагт хайртай болж өссөн ч гэлээ өөрөө  урлагийн хүн болно гэж бодож шатаж явсангүй.  Ер нь бага насны мөрөөдөл гэхээсээ илүү хувь тавилан, ерөөлөөр урлагт орчихсон юм” гэж байв.  Ч.Түвшин аравдугаар ангиа төгсөөд ЗХУ-д Дүрслэх урлагийн сургуульд явах гэж байсан ч цаг үеийн шалтгаанаар тэр нь бүтсэнгүй. Тэгээд 18 настайдаа шууд л театрын босгоор алхжээ. Ч.Түвшин “Тухайн үед хүмүүс ном их уншдаг урлагт хандах нийтийн боловсрол сайтай байлаа.  Урлагийнхан ч харьцангуй нэр хүндтэй байсан. Тэгэхээр аав минь  намайг урлагт ороход нэг их дургүй байгаагүй.  Гэхдээ “Энэ золиг чадах болов уу” гэсэн эмзэглэл байсан биз. Тэр эмзэглэлийг тайлж чадсан эсэхээ би одоо ч мэддэггүй” гэв.  Түүний театрт ороод хийсэн анхны ажил нь тайз засалч.  Хүүхэд байхаасаа үзсэн хүүхэлдэйн жүжгүүд, дунд ангиасаа суралцаж эхэлсэн зургийн дугуйлан, мөн урлагт хайртай сэтгэл нь энэхүү ажлыг хийхэд их л дэм болж байсан гэдэг.  Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч  “Гургалдайн дуут шөнө” жүжгээ тавьж, тус жүжгийн тайз засалчаар Ч.Түвшин анх ажиллажээ.  Тухайн үедээ тэр жүжгээр ямар урлагийн мэдрэмжтэй гэдгээ  ажлынхандаа таниулж чадсан байна.  Түүний дараа Б.Мөнхдорж найруулагчийн А.Чеховын “Интоорын цэцэрлэг” жүжигт ажиллалаа.  Тайзан дээр цэцэрлэг бий болгохын тулд Сонгинын ам руу явж бургас авчирч тайзаа засч байсан гэдэг. Ийнхүү тэрээр тайз засалчаар өөрийгөө таниулж, тухайн үеийн найруулагчдын хамгийн сайн туслагч нь байсан гэдэг.

 

ТАЙЗ ЗАСАЛЧААС НАЙРУУЛАГЧ

 

Театрт тайз засалчаар жил гаруй ажилласны дараа Ч.Түвшинд цэргийн зарлан иржээ.  Эр хүний албанаас эмээх зүйл байсангүй.  Театрын ажлаасаа түр чөлөөлөгдөн эх орны хүү болохоор  Сулин хээрийн отрядыг зорьсон байна.   Цэрэгт байх хугацаандаа ч урлагийн тайзаа орхилгүй Дорноговь аймгийн театрт “Хүү минь”  жүжигт тоглож байсан гэдэг. Тэрээр энэ тухайгаа “Дорноговь аймгийн  театрын найруулагч Э.Санчигдан надад их сайн байлаа. Тэр хүний ачаар цэрэгт байхдаа урлагийн тайзан дээр жүжигчний хувиар гарч байсан.  Миний үзэл санаанд их нөлөөлсөн хүн.  Дэргэдээ байнга дагуулж явна. Одоогийнхоор модернист урлагийг их сайн хийдэг найруулагч байлаа.  Түүний “Там”, “Сүүн гол”, “Албин” гээд жүжгүүдийг үзвэл бусдаас өөрөөр сэтгэдэг хүн гэдгийг нь мэднэ” хэмээн дурсан ярьж байв.  Ийнхүү тэрээр  цэргээс халагдаад дасал болсон театртаа ирсэн байдаг. Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу найруулагч нарынхаа зөвлөгөө зөвлөмж хайр, халамж  дунд уран бүтээл нь өсч, театрт улам л хайртай болж байсан гэдэг.  

-Танд яг хэзээнээс найруулагч болох хүсэл төрсөн юм бэ?

-Найруулагч болно гэдэг тайз засалч хүүхдэд хэцүү шүү дээ. Гэхдээ л Э.Санчигдан найруулагч гэрэлтүүлэгч, гавьяат жүжигчин  Б.Алтан-Өлзий оператор байлаа.  Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагч маань бас л бага ажлаас уран бүтээлээ эхэлсэн. Тэр бүхнийг бодоод нээрээ би яагаад найруулагч хийж болохгүй гэж гэсэн бодол сэмхэн төрж байлаа.  Хамгийн эхний алхам маань мэргэжлийн сургуульд нь  сурах байсан юм. Тэгээд 1990 онд Москвагийн Урлагийн их сургуульд шалгалт өглөө.  Тэнцээд явах гэж байтал Орос,Монголын харьцаанаас шалтгаалаад бас л явж чадаагүй. Тэгээд 1991 онд СУИС-ийн Радио телевизийн найруулагчийн ангид шалгалт өгөөд унаж байлаа. 

Унагасан хүн нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар.  Голд живж байгаа хүний этюд дээр ажилласан байдаг.  Тэр маань сэтгэлд нь хүрээгүй байх. Ямарч гэсэн шалгалтдаа унасан.   Тэглээ гээд няцаагүй.  Дараа жил нь дахиад л шалгалт өгч тэнцэж байсан даа гэв. Түүнийг СУИС-д тосч авсан хүн нь гавьяат жүжигчин  Л.Лхасүрэн багш  байв.  Том сэтгэдэг, мэдлэгийн хүрээ сайтай багш нар байснаараа Ч.Түвшин өнөөдөр найруулагч болсон хэмээн боддог байна.  Түүнээс  биш намхан нуруутай, царай тааруухан, дотогшоогоо ярьдаг надад найруулагч болох бяд дутаж байсан гэж байв. Энэхүү дутагдлуудаа яаж давуу тал болгох талаар их бодож хичээлээ сайн хийж зүтгэж байж сургуулиа төгссөн гэдэг.  Мөн УДЭТ-т тайз засалчаар нэлээд хэдэн жил ажилласан нь түүнийг сайн найруулагч болоход нөлөөлсөн гэдэг.  Тэрээр энэ тухайгаа “Тайзан дээр жүжигчин яаж бэлтгэлээ хийдэг, найруулагч хүн бүтээлээ зүрхнээс зүрхэнд хүргэхээр яаж шатаж явдгийг тайз засалч байхдаа хөндлөнгөөс мэдэрч явсан болохоор  СУИС-ийн багш нарын заасан хичээлүүд шууд л толгой руу бороо шиг цутгаж байлаа” хэмээв. Тэрээр дипломын ажлаа “Эдип хаан” жүжгээр амжилттай хамгаалжээ.  Театраас илгээлт авч суралцсан болоод ч тэр үү дипломын ажлынхаа тайзыг хүртэл театраас ачаад гарч байсан гэдэг.  Түүнийг нь харсан Г.Доржсамбуу найруулагч “Өө Түвшин гуай давраад байна уу үгүй юу.  Онц төгсөхгүй бол хариугаа хүртэхээ мэднэ биз” хэмээн хошигнон инээж байсан гэдэг.

 

ТҮҮНИЙ АНХНЫ ЖҮЖИГ НЬ “ҮНСГЭЛЖИН” БАЙВ

1991 онд СУИС-ийн Радио телевизийн найруулагчийн ангид шалгалт өгөөд унаж байлаа.  Унагасан хүн нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар байсан даа.

 

Ийнхүү Хүүхэлдэйн театрын үзэгчийн суудлаас эхлэлтэй түүний урлагийг хайрлах сэтгэл нь зураачийн дугуйлан, тайз засалч, тайзны машинист зэргээр дамжин СУИС-д авчирч түүнд  театрын найруулагч гэх  алдрыг зүүжээ.   1996 онд найруулагч мэргэжлээр сургуулиа төгсөөд театртаа эргээд очих уу болих уу гэдэг дээр багахан эргэлзэж байсан гэдэг.  Зах зээлийн хүнд хэцүү үе таарч хүн бүхэн театраас зугатах нь холгүй байсан гэдэг.  Гэсэн ч тэрээр эргээд л УДЭТ-ын алтан тайзнаа иржээ.  Тэрээр “Надад тэр үед гадагшаа гарчих санаа байсан юм. Хэл сурч хорвоо дэлхийтэй танилцах сонирхолтой байсан.  Гэхдээ би театрт зайлшгүй хэрэгтэй, театр миний хувь тавилан л байж дээ л гэж боддог юм.  Тухайн үеийн сонголтдоо нэг удаа ч харамсаж байсангүй. Энэ сонголт байхгүй байсан бол би өнөөдөр ард түмэндээ танигдсан уран бүтээлгүй хий дэмий мөрөөдөгч л явж байх байсан биз дээ. Хүний амьдрал чинь сонголт юм шүү дээ” гэж байв.  Ингэж их театрын хүү эрдэм ном сурч, эрийн цээнд хүрэн эргэн тайзнаа ирсэн байдаг.  Анх  “Ромео Жульетта”  жүжигт туслах найруулагчаар ажиллаж түүнээс хойш театрын бараг бүх л жүжигт тус­лахаар ажилласан байна. Тэрээр “Театр маань ганцхан туслах найруулагчтай байлаа.  Тэр нь би.  Тэглээ гээд би хэрүүл хийдэггүй байсан.  Одоо л хэрүүлч болоод байгаа болохоос. Жүжгийн бүх л зүйлийг ганцаараа гүйцэтгэж ёстой гүрийж байсан даа” гэсэн юм. Түүний дараахан  1998 онд УДЭТ-ын дарга Б.Зориг,  найруулагч Б.Мөнхдорж, Ч.Найдандорж нар Ч.Түвшинг дуудаад “Хүүхдийн жүжиг хийх цаг нь болсон” гээд түүнд итгэл хүлээлгэжээ.  Ийнхүү тэрээр алтан тайзнаа өөрийн нэрээр тамгалсан “Үнсгэлжин”-гээ  нээж байлаа.  Л.Лхасүрэн багшийнхаа үндсэн арга барил болох дуулалт, инээдмийн төр­лөөр жүжгээ бүтээжээ. Хүүхдийн жүжгээр ангасан байсан тухайн нийгэмд нэлээд шуугиан тарьж өдөрт таван удаа тоглож байсан гэдэг.  Тэр жилээ “Үнсгэлжин” жүжгээр  шилдэг дүрийн шагналыг Ж.Оюундарь хүртэж байсан гэдэг.  Ийнхүү театрын түүхэнд түүний нэртэй анхны жүжиг тэмдэглэгдсэн нь “Үнсгэлжин” байв.

 

ОДООГООР 200 ОРЧИМ БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАСАН БАЙНА

Жүжиг бүхэн дээр “Энэ хэн бэ. Энэ хүн юу хүсдэг юм болоо”  гэсэн гол дүрийн талаарх хамгийн эхний асуулт тулгардаг.  Тэр тайллыг найруулагч хүн өөрөөрөө дамжуулж үзэгчдэд хүргэх ёстой юм.

 

Түүний дараа У.Шекспирийн “Зуны шөнийн зүүд” хэмээх жү­жигт ажиллажээ. Энэхүү жүжигт Жамбалжамц гэдэг найз нь их тус болсон гэдэг.  Жүжгээрээ Унгарын Будапешт хотод болдог наадамд оролцож,  Зүүн Европын Соросын сангийн гүйцэтгэх захи­ралтай уулзан У.Шекспирийн жүжгийг синтетик төрлөөр эх орондоо  тавих мөрөөдлөө ярьсан байна. Түүний мөрөөдөл биелэж энэхүү төслийг Соросын сангаас санхүүжүүлэн УДЭТ-т тогложээ. Энэ нь  ямар нэгэн хүний даалгавраар биш өөрөө бодож, зорьж шатаж хийсэн бүтээл нь байсан юм.   Тэрээр энэ тухайгаа “Би ер нь синтетик урлагийн зарчмаас ухрах сонирхолгүй хүн. Яагаад гэхээр, өнөөдөр цаг үе, даяаршиж биднийг нийлмэл шинж чанарт улам ойртуулсан. Мөн жүжгийн утга санаагаа нийлмэл хэлбэрээр хүргэхгүй  бол энэ олон үзэл бодлын ертөнц дунд өөрөөр илэрхийлэх боломжгүй болоод байна” гэсэн юм. “Зуны шөнийн зүүд” жүжигт цирк, загварын урлаг, бүжиг гээд бүх л урлагийн төрлийг нийлүүлэн тоглосон юм.  Магадгүй тэрээр энэхүү жүжгээрээ  У.Шекспирийн бүтээлийг синтетик төрлөөр тоглосон анхны найруулагч болсон байх.

-Та үүнээс хойш хэдэн уран бүтээлд ерөнхий найруулагчаар ажилласан бэ. Ер нь найруулагчийн ажилд гаршина гэж байх уу?

-Байхгүй дээ. Жүжиг бүхэн дээр “Энэ хэн бэ. Энэ хүн юу хүсдэг юм болоо”  гэсэн гол дүрийн талаарх хамгийн эхний асуулт тулгардаг.  Тэр тайллыг найруулагч хүн өөрөөрөө дамжуулж үзэгчдэд хүргэх ёстой юм. Тэгэхээр бүтээл бүхэн л шинэ байдаг учраас энэ мэргэжилд гаршина, гарт орно гэж байхгүй дээ.  Их баялаг атлаа ухаан хайрласан мэргэжил.  Би одоогоор 200 орчим бүтээл дээр ажилласан байна. Түүнээс 40-50-д нь ерөнхий найруу­лагч хийжээ.  Нэг жү­жиг хийхэд нэлээд су­­далгаа хийнэ. Сая гэхэд “Жаргаагүй нар” жүжгийн дараа Д.Нацагдорж гэдэг хүнийг өмнөхөөсөө тэс өөрөөр хардаг болсон. Д.Намдаг, Пагмадулам, тухайн үеийн сэхээтнүүд ний­гэм гээд бүхнийг өөрөөр харж байж хийсэн.

-Жүжиг бүхнээс өөр зүйлийг дахин мэдэрч хийдэг гэлээ. Үүгээрээ найруулагч хүн нийгмээс түрүүнд алхаад байгаа болов уу.  Найруулагч хүн өөрийгөө тоох, их зантай байхаас өөр аргагүй ч юм шиг. Та энэ ойлголтыг юу гэж боддог вэ?

-Найруулагчид бүгд л их зантай. Найруу­лагчдын академи бай­гуулъя гэсэн яриа гардаг.  Гэтэл одоо хүртэл бай­гуулагдаагүй л байна.  Яагаад гэхээр дандаа л биеэ тоосон хүмүүс байдаг. Ер нь бодоход яаж цуглахав дээ.  Энэ биеэ тоолтыг бид зөв ашиглах хэрэгтэй.  Тунг нь тааруулахгүй бол сүүлдээ тэнэглэл болно.  Мундаг гэдэг ойлголтын цаана бүтээл л байх хэрэгтэй гэж боддог.

 

ХАНИЙГАА ХААЯА ӨРӨВДДӨГ ЮМ

Найруулагч Ч.Түвшингийнх гурван охинтой.  Түүний хань жүжиг­чин Н.Цолмонсүрэн одоогоор уран бүтээлээ түр орхиж, бизнес хийж байгаа юм байна. “Цайны ертөнц” компанийн гүйцэтгэх захир­лаар ажиллаж байна.  Тэрээр “Би гурван охиноо жинхэнэ утгаар нь эрхлүүлдэг. Юу хүссэн тэрийг нь авч өгнө.  Аавыгаа байгаа цагт жаргаасай гэж хүсдэг. Охид маань их давлиун шүү дээ. Ааваа та “Тийм жүжиг хийгээч, энэ дүрд тэр жүжигчин тохирно ч гэж байх шиг”  Би охидууддаа хэдэн бүтээл үлдээнэ ээ.  Түүнээс эд хөрөнгө үлдээж чадахгүй. Харин эхнэрээ хааяа өрөвддөг шүү дээ. 

Ханийгаа тайзан дээр дахин харах юм сан гэж боддог.  Гэхдээ амьдрал хувь заяа тайзнаас нь холдуулсан. Би хэзээ нэгэн цагт эхнэртээ зориулж жүжиг бичнэ гэж боддог” гэсэн юм. Түүний эхнэр жүжиг­чин О.Цолмон  СУИС төгсөөд драмын театрт нэ­лээд хугацаанд жүжигч­нээр ажиллажээ. “Чонын алтан шагай”, “Гэр” гээд дэлгэцийн бүтээлд ч дүрээ үлдээжээ. Ийнхүү найруулагч Ч.Түвшингийн бүтээл төрдөг өрөөнд өрнөсөн бидний яриа өндөрлөлөө.  Саяхан “Жаргаагүй нар” жүжгээ нээсэн тэрээр аль хэдийнэ дараагийн уран бүтээлдээ оржээ.  Тэрээр “ Одоо ч уг нь супер цаг үе л дээ. Би ч гэсэн супер байж дэлгэцийн бүтээл хиймээр л байна. Гэхдээ театрын үндсэн үүрэгт ажлаасаа ховхорч чадахгүй юм даа” гэсээр үлдлээ.  Тэрээр хоёр найзынхаа амьдралаас сэдэвлэн нэгэн зохиол бичиж байгаа бөгөөд тэр нэгэн өдөр тайзнаа төрнө хэмээж байлаа.

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2 цаг 49 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2 цаг 53 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

3 цаг 46 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

12 цаг 51 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

12 цаг 51 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Өчигдөр 17 цаг 12 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Өчигдөр 15 цаг 55 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Өчигдөр 15 цаг 45 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Өчигдөр 15 цаг 42 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

Өчигдөр 15 цаг 01 мин