Т.БАТСАЙХАН
АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэнд Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Баттулга агсныг дурсаж, түүний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, ардчиллын төлөөх үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэхээ илэрхийлэв. АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдааныг нээж, АН-ын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэв.
Тэрээр “Ардчилсан Намын шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэн авснаас хойш гурван сарын хугацаанд бид бүх шатандаа “Нээлттэй, Цэгцтэй” шинэчлэлийг өрнүүлж дотоод зохион байгуулалтаа бүрэн шинэчиллээ. Ардчилсан Намын бодлогыг зангидах Үндэсний бодлогын хорооны 378 гишүүд та бүхэнд амжилт хүсье. Ардчилсан Нам цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно. Хувийн ашиг сонирхлоос илүү нийтлэг үнэт зүйл, зарчмыг дээдэлж чадвал нам жинхэнэ институт болж төлөвшинө. Институт болсон нам л тогтвортой бодлого хэрэгжүүлж, улс орны хөгжлийг урт хугацаанд чиглүүлж чадна. Түүнчлэн хөдөлмөрлөсөнд илүү боломж олгодог нам байх болно. Хүчээ зориулсан, зарцуулсанд нь илүү боломж олгодог байна. Иргэдийнхээ итгэлийг олсон, даасанд нь илүү эрх, боломж өгдөг нам байх болно. Ардчиллын шинэ тэмүүллээр жигүүрлэсэн анд нөхөд та бүхэндээ амжилт, ялалт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Давхар ялалтын төлөө хамтдаа хичээцгээе” гэжээ.
Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонбат нар даргалан явуулав. Хурлаар ҮБХ-ны гишүүдийн бүрэн эрхийг батламжилж, Улс төрийн зөвлөлийн 2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн хурлаас санал болгосон ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулав. Дугаар шилжих мөчид АН-ын ҮБХ-ны хурал Төрийн ордонд үргэлжилж томилгоотой холбоотой асуудлаа хэлэлцэж байв. Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг сонгох бөгөөд дэд дарга нарыг сонгох үйл явц өрнөж байсан юм. АН-ын дэд даргад УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, Ч.Лодойсамбуу нарын хүмүүс өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ЗГХЭГ-ын дарга асан Сэлэнгэ аймгийн АН-ын дарга С.Баярцогтыг сонгохоор талууд тохирсон гэх мэдээлэл ч байсан юм. ҮБХ-ны хуралдаан хаалттай болсон юм.
АН-ын дарга О.Цогтгэрэлийг огцруулав
Тэгвэл нөгөө талд АН-ын зарим гишүүд Онц их хурал зарлан хуралдуулав. Тус хурлаар нийт гурван асуудлыг хэлэлцэхээр батлав.
1. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах
2. Ардчилсан намын дотоод сонгууль бүхэлдээ хүчингүй болох хуулийн үндэслэл бий болсон. Хуулийн, ёс зүйн давж үл болох улаан шугам давсан. Мөнгөөр бороо орсон, тролл армиар санал өгүүлсэн, хүч түрсэн, хулгай луйвраар дүүрэн сонгууль болж өндөрлөсөн учир энэхүү хулгайн сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгох
3. АН-ын дотоод сонгуулийг ҮБХ, Нийслэлийн намын хороо, дүүргийн намын хорооны гишүүдээс авсан хандив, хураамжийг хууль бус зарцуулж, хууль бусаар ашигласныг хүчингүй болгож буцаан олгох асуудлыг хэлэлцсэн юм.
Улмаар жагсаалтын эхэнд багтсан, намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах асуудлыг гишүүд хэлэлцэж, хуралд оролцогчдын 95 хувийн саналаар огцруулах шийдвэрийг дэмжлээ. Ингэснээр Ардчилсан намын удирдлагын түвшинд томоохон өөрчлөлт хийх шийдвэр “Онц их хурал”-аас гарч байгаа бөгөөд цаашид намын дотоод зохион байгуулалт, удирдлагын асуудал хэрхэн шийдэгдэх нь анхаарал татаж байна.
Уг хурлыг хуралдуулах болсон шалтгаан нь "Ардчилсан намын дотоод сонгууль бүхэлдээ хүчингүй болох хуулийн үндэслэл бий болсон. Хуулийн, ёс зүйн давж үл болох улаан шугам давсан. Мөнгөөр бороо орсон, тролл армаар санал өгүүлсэн, хүч түрсэн, хулгай луйвраар дүүрэн сонгууль болж өндөрлөсөн” гэж үзсэн юм.
Мөн АН УИХ-ын бүлгийн болоод намын анхан шатны үүр хүртлээ бүх шатандаа хоёр тал болон хуваагдсан. Энэ хуваагдал ирэх хоёр сонгуулийн үр дүнг шууд илтгэж байгаа нь ойлгомжтой. Тиймээс Ардчилсан намын гишүүд Онц их хурлаа хийж энэхүү хулгайн сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгох, улмаар намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах зэрэг асуудлыг хөндсөн бшэд. Тэд О.Цогтгэрэлийг ҮБХ-ийн бүрэлдэхүүнд ноцтой зөрчил гарсан гэж үзсэн гэжээ. Тодруулбал, ҮБХ-ийг 378 гишүүнтэй бүрдүүлэхдээ өөрт ойр хүмүүсийг давамгай оруулсан, улмаар дотоод ардчиллыг алдагдуулсан гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 68 (7810)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn