Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

1 цаг 28 мин
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-АН байгуулагдсаны 36 жилийн ойн өдөр тантай уулзаж байна. Та хэдэн онд энэ намын гишүүн болж байв. Тэр цаг үеэс яриагаа эхэлье?

-Би 2006 онд анх Ардчилсан намд элссэн. Яг улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцож эхэлсэн нь гэвэл 2010 он юм. Тухайн үед Монгол Улсын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг намайг зөвлөхөөрөө ажиллах санал тавьж, би ажилласан.  Түүнээс хойш өнөөдрийг хүртэл намын болон улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

-Улс төрийн намын гишүүн болж, намын үйл ажиллагаанд идэвхтэй байх гол шалтгаан нөхцөл нь юу болж байв.  Мэдээж хамтран ажиллах санал ирсэн нь нөлөөлсөн байх.  Хувь хүн, үзэл бодлын хувьд?

-Хамгийн нэгдүгээрт, гэр бүлийн минь хүмүүжил нөлөөлсөн.  Миний өвөг дээдэс 1930-аад оны хэлмэгдүүлэлтэд өртөж явсан хүмүүс. Зөвхөн манай аавын тал ч биш, Өвөрхангай аймгийн Уянга, Хайрхан, Баруунбаян-Улаан зэрэг сум, мөн Архангай аймгийн Тариат сумын олон хүн энэ хэлмэгдүүлэлтэд өртсөн байдаг. Энэ гашуун түүх манай гэр бүлийн үнэт зүйл, үзэл бодолд гүн нөлөө үзүүлсэн.  Аав минь хэдийгээр ЗХУ-ын үед Украинд цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн ч үзэл бодлын хувьд эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэдэг, дэмждэг хүн байлаа.

Энэ нь надад маш хүчтэй нөлөөлсөн.  Тэгэхээр улс төрийн үзлийн маань эхний суурь бол яах аргагүй миний гэр бүлийн хүмүүжил. Хоёр дахь нь оюутан цаг үе минь юм.  Би МУИС-д сурч байхдаа либертари буюу чөлөөт зах зээлийн үзэл санаатай илүү ойртож, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлсэн. Тухайн үед “Капитал” нэртэй цуврал нэвтрүүлэг хийж, хувийн өмч, чөлөөт худалдаа, үйлдвэрлэл, үнэ, өрсөлдөөн зэрэг ойлголтуудыг судалж, олон нийтэд хүргэж байсан. Энэ бүхэн надад чөлөөт эдийн засаг, хувь хүний эрх чөлөөний үнэ цэнийг илүү гүн ойлгуулсан. Тэгэхээр би өөрийгөө хоёр өөр суурьтайгаар төлөвшсөн хүн гэж хэлнэ. Нэг талаасаа гэр бүлийн уламжлал, үндэсний, консерватив үнэт зүйлс.  Нөгөө талаасаа хувь хүний эрх чөлөө, либерал үзэл санаа. Миний хувьд эдгээр хоёр чиг хандлага огт зөрчилдөхгүй, харин ч нэг цэг дээр огтлолцдог. Тэр нь ардчиллын үнэт зүйл юм. Харин МАН-ыг би өнөөдрийг хүртэл түүхэн угшил, үзэл баримтлалынхаа хувьд коммунист шинж чанараа бүрэн орхиогүй нам гэж хардаг.

 -Уламжлал ба либерал үзлийг хослуулж явдаг, чиг баримжаагаа болгодог хүмүүс тийм ч олон биш болов уу, ялангуяа улс төрд. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намын үйл ажиллагаанд оролцохдоо ямар зарчим баримталж ирэв?

-Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм. Улаанбаатар хот ч гэсэн монгол ахуй, соёлын онцлогийг шингээсэн атлаа орчин үеийн хот  болон хөгжих шаардлагатай. Монголын баялаг, нөөц боломжийг ч энэ зарчмаар хөгжүүлэх ёстой. Жишээлбэл, монголчуудын уламжлалт ухаан, амьдралын философи нь дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдолтой мэдлэг болж, хөгжих бүрэн боломжтой. Учир нь бид түүхийн хувьд асар их өвтэй үндэстэн. Чингис хааны байгуулсан Их гүрэн нь хүн төрөлхтний түүхэнд шинэ эрин үеийг авчирсан.  Чингис хаан бол Цезарь, Наполеон зэрэг дэлхийн түүхэн удирдагчидтай зүйрлэхүйц хэмжээний нөлөө бүхий үнэт өв юм.  Ийм учраас би Оксфордын их сургуульд Чингис хааны үзэл санааг орчин үеийн судалгааны арга зүйгээр шинээр тайлбарлах судалгаа хийж байгаа. Зорилго нь уламжлалт сэтгэлгээг орчин үеийн мэдлэг, технологитой уялдуулан, ирээдүйд хэрэгжих боломжтой хэлбэрт оруулах явдал юм. 

Тэгэхээр миний хувьд уламжлал ба шинэчлэл гэдэг хоёр тусдаа зүйл биш, харин нэг цогц ойлголт. Улс орны хөгжил гэдэг нь өнгөрснөө үгүйсгэх биш, харин түүнийгээ шинэ түвшинд гаргаж ирэх үйл явц гэж боддог. Залуу үе нь ахмадаа хүндэлж, өв соёлоо дээдэлж, тэр мэдлэгийг дэлхийд хамгийн үнэ цэнтэйд тооцон итгэж үнэмших хэрэгтэй. Харин тэрхүү уламжлалт мэдлэгээ орчин үеийн технологиор баяжуулж, илүү хүртээмжтэй, үр ашигтай, өрсөлдөх чадвартай болгох нь жинхэнэ хөгжил шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л хөгжлийн үндсэн зарчим бол уламжлалаа шинэчлэх юм. 

-Нэг жил орчмын өмнө тантай ярилцаж байхад улс төрийн нөхцөл байдал хүнд байгаа цаг үед албан тушаал “хөөх” сонирхолгүй гэж байсан. Энэ удаа Нийслэлийн Ардчилсан намын даргаар эргэн ирж байна. Ер нь цаг нь болсон гэж үзэв үү?

-Би анхнаасаа Хамтарсан Засгийн газарт орохыг эсэргүүцэж байсан. Сөрөг хүчний байр суурь дээр байх нь зөв гэж үзэж ирсэн. Тухайн үед надад тодорхой албан тушаалын санал ч ирж байсан. Гэхдээ би өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсээр ирсэн. Би өлсөж үхэхгүй ээ, зарчмаа худалдахгүй гэж хэлээд татгалзсан. Ер нь хүчний дуу хоолойгоо хадгалах нь илүү чухал шүү дээ. Саяхан манай нам Улс төрийн намын тухай хуулийн дагуу намын шинэчлэлийн хүрээнд дотоод сонгуулиа явуулсан. Энэ өөрөө том өөрчлөлт. Учир нь улс төрийн нам гэдэг дотоод ардчилалтай байх ёстой. АН дотор өрсөлдөөн, маргаан, хэлэлцүүлэг өрнөдөг нь сул тал биш, харин давуу тал юм. Би нийслэлийн намын даргад нэр дэвших шийдвэрийг гэнэт гаргаагүй. Өнгөрсөн хоёрдугаар сарын 6-аас эхлэн нэр дэвшихээ ил тод зарлаж, бэлтгэлээ хангаж эхэлсэн.  Ер нь бол нэр дэвшигчдийн хувьд өрсөлдөөн болно гэж тооцоолж, мэтгэлцээн, илтгэл, намын анхан шатны байгууллагууд дээрх уулзалт гээд бүх талын бэлтгэлээ хангаад байлаа.  Оксфордын их сургуульд байх хугацаандаа ч системтэй бэлтгэсэн гэж хэлж болно.  Гэвч Нийслэлийн АН-ын сонгуулийн явцад өрсөлдөгч гарч ирээгүй. Бүртгэлийн  хугацаа дуусахад “Та шаардлага хангасан, өрсөлдөгчгүй нэр дэвшигч боллоо” гэдгийг мэдэгдсэн.  Уг нь би өрсөлдөөнтэй сонгууль болно гэж хүлээж байсан шүү.

Ер нь өнөөдрийн Монголд тогтвортой ганц зүйл байна.  Тэр нь авлига, харин тогтворгүй нэг зүйл байгаа нь иргэдийн ахуй амьжиргаа байна. Энэ бол нуух аргагүй бодит үнэн. Ийм нөхцөлд сөрөг хүчний хувьд бодит байр суурь илэрхийлж, цаашлаад улс орныг зөв чиглэлд аваачих нь бидний үүрэг гэж харж байна.  АН энэ үүргийг гүйцэтгэж чадна.  Шалтгаан нь улс төрийн нам гэдэг хийсвэрээр бий болдоггүй, харин нийгмийн тодорхой хэрэгцээ, түүхэн нөхцөлөөс урган гардаг шүү дээ. Тухайлбал, МАН хувьсгалын үр дүнд бий болсон бол АН дэлхий дахины өөрчлөлтийн нөлөөгөөр, тухайлбал, Берлиний хана нуралт, Зүүн Европын шинэчлэлийн давлагааны үед Монголд үүсэж хөгжсөн.

Өнөөдөр дэлхий ертөнц улам бүр нэгдмэл болж, улс орнууд технологи, эдийн засаг, соёлын хувьд харилцан хамааралтай болж байна.  Нэг улсад бий болсон дэвшил нөгөөд нь шууд нөлөөлдөг болсон энэ цаг үед улс төрийн бодлого ч мөн адил дэлхийн чиг хандлагатай уялдах шаардлагатай. Тиймээс уламжлалаа шинэчлэх зарчим нь зөвхөн хувь хүний үзэл санаа биш, намын бодлогын түвшинд хэрэгжих боломжтой.

-Нийслэлийн АН-ын дарга үзэл баримтлал, бодлого, гарц шийдлээрээ эрх баригч намын нийслэлийн удирдлагатай өрсөлдөж таарна. Одоогийн Хотын дарга Х.Нямбаатарын баримталж буй бодлогыг та хэрхэн үнэлж байна вэ?

-Х.Нямбаатар гэдэг хүнд бодлого байхгүй. Х.Нямбаатартаа байгаа юм биш. Улаанбаатар хотын хөгжлийн өнөөгийн дүр зургийг харахад газрын наймаа давамгайлсан, богино хугацааны ашиг сонирхолд тулгуурласан шийдвэрүүд зонхилж байна. Хот төлөвлөлтийн алдаанаас үүдэж барилгажилт хэт төвлөрсөн.

Хэт өндөр орон сууцуудыг олноор нь зөвшөөрсөөр байгаа нь дэд бүтцийн ачааллыг эрс нэмэгдүүлж, дулаан, зам, инженерийн шугам сүлжээний хүчин чадал хүрэхгүй байна. Үүний улмаас жил бүр засвар, өргөтгөл хийхээс өөр аргагүй нөхцөл үүсч, хотын хөгжлийг урьдчилан төлөвлөхөөс илүүтэй араас нь нөхөж явж байна. Түгжрэлийн асуудлыг зөвхөн зам, автомашины хүрээнд ойлгох нь өрөөсгөл. Энэ бол хот төлөвлөлт, хүн амын нягтаршил, орон сууцны бодлоготой шууд холбоотой цогц асуудал. Хэт төвлөрсөн барилгажилт нь явган хүний орон зайг хумьж, иргэдийн амьдрах орчны чанарыг дордуулж байна. Бид ийм их газар нутагтай байж заавал нэг цэгт хэт төвлөрөх шаардлагагүй. Харин ч хотыг тэлж, дагуул хотуудыг хөгжүүлэн, дэд бүтцийг уялдуулан зохион байгуулах нь илүү зөв гарц юм. Эрчим хүч, үйлдвэрлэлийг нөөцдөө ойр байршуулж, хотын ачааллыг тэнцвэртэй хуваарилах бүрэн боломж бий. Өнөөдрийн нөхцөлд хотын иргэдийн хамгийн том асуудал бол стресс болсон. Түгжрэл, агаарын бохирдол, төлөвлөлтгүй барилгажилт нь амьдралын чанарт шууд нөлөөлж байна. Тиймээс хотын бодлого гэдэг нь зөвхөн барилга барих, зам тавих асуудал биш, харин хүний амьдрах орчныг бүхэлд нь шийдэх ёстой цогц бодлого байх учиртай. Би нийслэлийн хөгжлийг илүү задгай, ухаалаг төлөвлөлттэй, хүний амьдрах орчинд ээлтэй хэлбэрт шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь бодлогын өрсөлдөөний гол ялгаа байх ёстой.

- Сүүлийн үед Туул гол дагуух хурдны замын асуудал олны анхаарлын төвд байна. Та төслийг хэр судалсан бэ, ямар байр суурьтай байгаа  вэ?

- Өнөөдөр нийслэлийн иргэд энэ асуудал дээр хоёр талд хуваагдсан мэт харагдаж байна. Нэг хэсэг нь хурдны замыг дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь эсэргүүцэж байна. Гэхдээ үнэндээ иргэд өөрсдөө талцаад байгаа гэхээс илүүтэй, бодлогын зөрчлөөс болж ийм нөхцөл байдал үүссэн гэж харж байна.Улаанбаатар хотын хувьд энэ асуудал шинэ зүйл биш. 2012–2016 оны үед хурдны замын хоёр өөр концепц яригдаж байсан.

Нэгдүгээрт, хотын баруун, зүүн хэсэгт логистикийн том төвүүд байгуулж, аймаг орон нутгаас ирж буй бараа бүтээгдэхүүнийг тэнд төвлөрүүлэн, хот дундуур дамжин өнгөрөх ачааллыг бууруулах шийдэл байсан. Хурдны зам нь энэ хоёр төвийг холбох, транзит хөдөлгөөнийг зохицуулах зорилготой байв.

Хоёрдугаарт, төмөр зам дагасан хурдны коридор байгуулах, цаашлаад Богд уулыг тойрсон дэд бүтцийн шийдлүүдийг судалж байсан. Эдгээр нь хотын төвийн ачааллыг бууруулах, урт хугацааны төлөвлөлтөд чиглэсэн бодлогууд байлаа.

Харин өнөөдрийн яригдаж буй Туулын хурдны замын төсөл нь анхны зорилгоосоо хазайж, түгжрэлийг шийдэх нэрийн дор өөр агуулгатай болсон мэт харагдаж байна. Үнэндээ түгжрэлийн асуудал бол зөвхөн нэг замаар шийдэгдэхгүй, хот төлөвлөлт, хүн амын тархалт, эдийн засгийн урсгалтай холбоотой цогц асуудал юм. Мөн энэ төслийг тойрсон маргаан улс төрийн шинжтэй болж, дотоод зөрчлөөс ч үүдэлтэй байж болзошгүй. Өмнө нь батлагдсан бодлого, төсвийн хүрээнд хэрэгжих ёстой зүйлс зөрчилдөж эхэлж байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна.

Ер нь хотын хөгжлийн гарц шийдлийн хувьд миний баримталдаг үндсэн зарчим маш энгийн. Нэгдүгээрт, чаддаг хүнээр нь чаддаг ажлыг хийлгэх ёстой. Хот төлөвлөлт бол өндөр мэргэжлийн салбар. Тиймээс улс төрийн томилгоогоор бус, мэргэжлийн баг бүрдүүлж ажиллах шаардлагатай. Хоёрдугаарт, үндэсний компаниудыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Томоохон бүтээн байгуулалтад дотоодын аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг бүрдүүлэх нь эдийн засгийн үр өгөөжийг дотооддоо үлдээх чухал нөхцөл болдог. Дэлхийн олон улс, тухайлбал БНСУ өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан томоохон дэд бүтцийн төслүүдээ амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Гуравдугаарт, хот төлөвлөлтийг олон улсын түвшинд, мэргэжлийн өндөр стандарттай хийх шаардлагатай. Үүний тулд гадаадын туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, ялангуяа энэ чиглэлээр тэргүүлэгч улс орнуудын туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй. Эцэст нь хэлэхэд, өнөөдрийн нөхцөл байдалд тулгамдаж буй гол асуудал нь бодлогын алдаа, хэрэгжилтийн сул талтай холбоотой. Иргэдийн хувьд шударга, ил тод, мэргэжлийн шийдвэрийг л хүсэж байна. Үүнд улс төрийн нам, сөрөг хүчний хувьд бодит дуу хоолой болж, зөв шийдлийг шаардах нь хамгийн чухал үүрэг гэж үзэж байна.

-Ардчилсан нам дотооддоо фракц ихтэй, эв нэгдэлгүй мэт харагддаг.  Та нийслэлийн намыг  удирдахдаа эв нэгдлийг хэрхэн хангаж ажиллах вэ?

-Эв нэгдлийг хангахын тулд хамгийн чухал зарчим бол даргын дүрд орохгүй байх. Өөрөөр хэлбэл, би захиран тушаах биш, харин зохицуулах үүрэгтэй хүн байх ёстой гэж харж байна. Намайг их хурлаар батламжилсны дараа би өрөөнийхөө үүдэнд “Нийслэлийн намын зохицуулагч” гэсэн хаяг хадна гэсэн бодолтой байна. Энэ нь Монголын ардчилсан хөдөлгөөний зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг ардчиллыг бүтээхдээ зохицуулагч гэх нэршилтэй ажиллаж байсантай адил зарчим юм. Би эрх мэдлийг төвлөрүүлэх биш, харин талуудыг тэнцвэртэйгээр нэгтгэж ажиллана.  Хэрэв хоёр тал 50:50 хувийн харьцаатай, харилцан хүндлэлтэйгээр ажиллавал үр дүнд хүрнэ. Харин нэг тал нь давамгайлж, нөгөө талыг шахах тусам  зөрчил нэмэгддэг. Тиймээс намын дотоод харилцаанд мөнгө, албан тушаалын, нөлөөллөөс үл хамааран бүх гишүүдийг ижил тэгш харж, харилцах нь чухал. Жирийн гишүүн ч бай, туршлагатай лидер ч бай ялгаагүй нэг зарчмаар хандах ёстой.

-Ер нь АН-д одоо өрнөж байгаа үйл явцыг та хэрхэн харж байна вэ. Намын шинэчлэл байж чадах уу?

 -Намын гишүүд одоогийн энэ үйл явцыг маш их хүлээж байсан. 2016 оны сонгуулийн ялагдлаас хойш дотоод сонгууль явагдаагүй, бараг 10 жилийн дараа дахин зохион байгуулагдаж байна. Энэ хугацаанд ҮБХ-ны гишүүд орон нутагтаа ажиллаагүй. Ер нь нэг байр суурин дээр удаан хугацаанд байж ирлээ. Харин О.Цогтгэрэл дарга намын даргаар сонгогдсоноор тодорхой өөрчлөлт гарч эхэлсэн. Тухайлбал, нийслэлийн намын хорооны 225 гишүүний 72 хувь нь шинэ залуу хүмүүс байна. Энэ нь намд шинэ уур амьсгал, шинэ өнгө төрх авчирч байгаа. Шинэ баг бүрдэж, тэдэнтэй хамт урам зоригтой ажиллах нь улс төрийн амжилтын үндэс юм. Улс төр өөрөө хобби, сэтгэл зүтгэл дээр тулгуурладаг салбар. Багийн ажиллагаа сайн байвал үр дүн гардаг. Харин эсрэгээрээ дотоод зөрчил, бугшсан байдал давамгайлах үед хор хов, мөнгөний нөлөө орж ирж, ажил урагшлахгүй болох эрсдэлтэй. Манай намын хувьд тодорхой хугацаанд ийм бугшсан байдалтай байлаа. Бүр тодруулбал, дотоод зохион байгуулалтад гаднын нөлөө орж ирсэн. Үүнээс улбаалан нам өөрийн бие даасан байдал, эрх чөлөөгөө бүрэн хэрэгжүүлж чадаагүй нөхцөл байдал үүслээ. Тиймээс иргэдийн итгэлийг эргүүлэн авахын тулд эхлээд нам өөрөө цэвэршиж, шинэчлэгдэх шаардлагатай. Энэ шинэчлэлийн эхлэл тавигдаж байгаа нь эерэг үзэгдэл гэж харж байна.

-Намын дарга О.Цогтгэрэлийг бүлгийн даргаас нь огцруулах асуудал яригдаж байгаа гэж ойлгосон. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Намын дарга болон бүлгийн даргын байр суурийг салгах нь зөв шийдэл биш.  Дэлхийн олон орны жишээн дээр намын дарга нь парламент дахь бүлгээрээ дамжуулж сөрөг хүчний үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, намын бодлого, байр суурь парламентын гишүүдийн үйл ажиллагаагаар илэрч, тэдгээр нь намын “нүүр царай” болдог. Жишээлбэл, парламентын мэтгэлцээн, ерөнхий сайдын асуулт хариултын цаг зэрэг нь тухайн намын чадавх, соёл, бодлогын илэрхийлэл болдог. Энэ утгаараа намын дарга болон бүлгийн дарга нь  хамтдаа уялдаа холбоотой ажиллах нь сөрөг хүчнийг илүү хүчтэй, үр нөлөөтэй болгоно. Зарим улс оронд бүр парламент дотроосоо намын даргаа сонгодог жишиг ч бий. Энэ нь намын үйл ажиллагаа парламентад төвлөрч, бодлого нь гишүүдээрээ дамжин хэрэгждэгтэй холбоотой.

Манай улсад намын дотоод бүтэц, сандал суудал, эрх мэдлийг хуваарилахдаа илүү “бялуу” хуваах хандлага давамгайлж ирсэн тал бий. Үүнийг өөрчилж, бодлого, зарчимд суурилсан шинэ хандлага руу шилжих шаардлагатай. Ерөнхийдөө энэ шинэчлэлийн үе шат бол намын хувьд том боломж. Шинэ хүмүүс, шинэ уур амьсгалтайгаар илүү нэгдмэл, зарчимч байдлаар ажиллаж чадвал нам иргэдийн итгэлийг эргүүлэн авах үндэс бүрдэнэ. 

-Та ажлаа аваад удаагүй байна.  Ер нь багаа хэрхэн бүрдүүлж ажиллах вэ?

-Багаа илүү нээлттэй байдлаар бүрдүүлж байна. Тухайлбал, Хэрэг эрхлэх газрын даргын суудал буюу манай намын хамгийн чухал албан тушаалын томилгоог бид нээлттэй, сонгон шалгаруулалтын зарчмаар шийднэ.  Зөвхөн намын гишүүдээр хязгаарлахгүйгээр, сайхан хотод ажиллаж, амьдрахыг хүсэж байгаа иргэдэд энэ албан тушаал нээлттэй. Сонирхсон хүмүүс Нийслэлийн намын хороонд анкетаа ирүүлж, нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. Бид энэ үйл явцыг ил тод, өрсөлдөөнтэй байдлаар зохион байгуулна.

Хувь хүнийхээ хувьд би тодорхой нэг чиг баримжаа, судалгаанд суурилсан хандлагыг чухалчилж байгаа. Тэгэхээр энэ сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс маань Ли Куан Югийн Сингапурыг хөгжүүлсэн бодлогыг уншиж, зарчмуудыг судалж, ойлгоосой гэж хүсч байна. Ядаж тухайн чиглэлээр уншиж, тодорхой ойлголттой байх нь энэ албан тушаалд ажиллахад чухал суурь болно. Учир нь хотыг амжилттай хөгжүүлсэн олон улсын туршлагаас суралцах, тэдний бодлого, менежментийн зарчмыг ойлгох нь бидэнд “зөв загвар”, “модель” бий болгоход тусална. Ялангуяа Сингапур шиг хот улс хэрхэн дэлхийн түвшний төв болж хөгжсөнийг судлах нь манай нөхцөлд ихээхэн ач холбогдолтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 66 (7808)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 цаг 28 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

1 цаг 28 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

13 цаг 51 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

14 цаг 10 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

14 цаг 20 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Уржигдар 12 цаг 34 мин