Чингисийн төрсөн өдөр болон Анхдугаар Үндсэн хууль баталсан өдрийг УИХ-аар хэлэлцсэн 2012 оны протоколоос

2016-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Арваннэгдүгээр сарын 26 буюу анхдугаар Үндсэн хуулийг баталсан өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хамруулж, энэ өдөр бүх нийтийн амралтыг өдөр болгохоор холбогдох хуульд МАН олонх болсон шинэ парламент шийдвэрлэлээ. Тэгвэл яг энэ асуудлыг өнгөрсөн парламентын үед хэлэлцээд яагаад нийтээр тэмдэглэх баяр ёслол биш болгож байсныг өмнөх парламентын үеийн хурлын протоколоос толилуулж байна.

Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр (Пүрэв гариг)-ийн хуралдаан 10 цаг 49 минутад Төрийн ордны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд эхлэв.

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд ирц, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, хуралдааныг даргалав.

... З.Энхболд: - Миеэгомбын Энхболд гишүүн асууя.

М.Энхболд: - За баярлалаа. Би Байнгын хорооноос орж ирж байгаа санал, дүгнэлт ялангуяа Эзэн Чингис хааны өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг томъёоллоор өөрчилж Байнгын хороо дээрээ олонхиороо дэмжиж орж байгаа энэ саналыг бол дэмжиж байгаа юм. Энэ хууль санаачлагчдын одоо оруулж ирсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх дээр ярьж байснаас илүү ч оновчтой аятайхан болгож орж ирж байна гэж ингэж ойлгож байгаа юм. Хоёрдугаарт бол би энэ Бүгд Найрамдах улсаа тунхагласан Анхдугаар Үндсэн  хууль баталсан өдөр 11 дүгээр сарын 26-ны өдрийн талаар бас асууж, тодруулж горимын бас нэг санал байдлаар хэлье гэж ингэж бодож байгаа юм. Энэ асуудал дээр хууль санаачлагчид болон Улсын Их Хурлын гишүүд бас их зөв зүйтэй талаас нь хандаж, энэ 11 дүгээр сарын 26-ны энэ өдрийг баяр ёслолын өдөр байдлаар нь амралтын өдөр байдлаар нь болгоё гэж ингэж санаа оноо нэгдэж, Их Хурал дээр харин санал хураах үед бол санамсаргүй байдлаас ингээд Их Хурал бол дэмжээгүй ингээд хэлэлцэх эсэх дээр шийдчихсэн. Энийг бол би Дэгийн хуульд асар их зөрчилдөхгүй болов уу гэж бодож байгаа юм. Энэ дээр олонхи цөөнх гэхгүй тэр хэлэлцэх эсэх дээр тэр энэ наашаа цаашаа санал өгсөн гэхгүйгээр Их Хурлын дарга та бас санаачилга гаргаад 3/2-оороо Улсын Их Хурал дээр эргүүлээд энэ асуудлыг хөндөж ярих боломж бололцоо байгаа болов уу? Байх талаас нь анхаарч үзээч гэж ингэж хүсч байгаа юм. Энэ Анхдугаар Үндсэн хууль баталсан Бүгд Найрамдах Улсаа байгуулсныг зарласныг бид нар монголдоо төдийгүй гадаадад бас нэлээн өргөн дэлгэр тэмдэглэдэг ийм арга хэмжээ. Гадаадад сууж байгаа Элчин сайдын яамд 11 дүгээр сарын 26-нд бол бүгд Улс тунхагласны баярыг тухай орныхоо төр засгийн төлөөллийг оролцуулж тэмдэглэдэг ийм уламжлалтай. Энэ талаас нь ч гэсэн аваад үзсэн, тэгээд болоод өнгөрсөн үйл явдлын ач холбогдлыг түүхэн үйл явдлыг бол тэр түвшинд нь хадгалах талаас нь ч тэр энэ амралтын өдөр байдлаар нь байлгах нь зөв юмаа энэ дээр олон Их Хурлын гишүүд бол надтай санал  нэг байгаа гэж бодож байгаа юм. Энийг горимын санал хураалгадаг юм уу, ямар байдаг юм Байнгын хорооны дарга нэг та бас бодолцоод энэ дээр нэг дахин Их Хурал эргүүлээд авч үзэх нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгөөч гэж хүсэлт тавьж байгаа юм. 

З.Энхболд: - А.Бакей гишүүн хариулах уу? Дахиж тэгж санал хурааж болдог горим байна уу, энэ чинь одоо үндсэндээ 3 дахиа хэлэлцэх гээд байна шүү дээ. 

А.Бакей: - За энэ дээр бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д бол заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос доош нь энэ дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд санал хураалт явуулж болох талтай. Мэдээж бид бол түрүүчийн Байнгын хороон дээр яг энэ асуудлаар санал хураалт явуулсан. 3/2-оос дээш дэмжсэн санал авч чадаагүй байна л даа. Тэгэхээр тэр дэгээр л явчихсан асуудал байгаа юм. Гарцыг нь би мэдэхгүй л байна.

З.Энхболд: - М.Энхболд гишүүн тодруулъя.

М.Энхболд: - Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдлыг бид нар хаа хаанаа бүгдээрээ ойлгож байгаа. Байнгын хорооны гишүүд яг албан ёсны гишүүд гээд хэн нь санал хураалтад оролцож байгаа билээ, хэн нь зөвхөн санал хэлээд хоцорч байгаа билээ гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас энэ асуудлыг Улсын Их Хурал дээр горимын саналыг хураалгаад энэ асуудлыг дахин Их Хурал дээр санал хураалгая гэдэг байдлаар Их Хурал санал хураагаад 3/2-оороо дахин хураая гээд  шийдчихвэл энэ саналыг хураагаад явчихвал нэг их дэг зөрчигдөхгүй байх гэж бодож байна. Энийг Их Хурлын дарга та анхааралдаа аваач. 

З.Энхболд: - Хуулийн хэлтсийнхэн байна уу? Ойлгосон уу саяын асуултыг? Хариулаад байх.

Н.Цогтсайхан: - Дэгийн хуульд хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээрээ горимын санал гараад санал хураалгах ийм зохицуулалт байхгүй. Байнгын хороон дээр 3/2-оор санал хураагаад дэмжигдсэн бол орж ирсэн тэр саналаар нь хураадаг ийм дэгийн зохицуулалт яваа. Тэгэхээр сая Байнгын хороон дээр 3/2-ын дэмжлэг авагдаагүй болохоор санал хураалт байхгүй гэсэн үг.

З.Энхболд: - За ийм хуультай учраас санал хураалгаж болохгүй байна горимын саналаар. З.Баянсэлэнгэ гишүүн асууя.

З.Баянсэлэнгэ: - За би энэ Их Эзэн Чингис хааны мэндэлсэн энэ өвлийн эхэн сарын, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнтээ холбогдуулж асуух гээд байна л даа. Тэгээд энэ Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг яг судлаачид нарийн тогтоож чадаагүй, энэ маргаантай байдаг ямар ч байсан өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гээд ингээд орж ирж байдаг. Гэтэл Их Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг Төвдийн зурхайн тооллоор оруулж ирэх нь хэр зохимжтой юм болоо? Тэгэхээр энийг бас л цагаан сараар маргалддаг шиг маргаан төрөх байх гэж бодогдоод байгаа байхгүй юу. Тэгэхээр монгол тооллоороо гэж оруулчихаад тэгээд тухайн үедээ цагаан сараа аль зурхайгаараа авч үзэх нь үү, энэ бас л их нэг тал руугаа  шийдэхгүй бол маргаантай асуудлууд дагуулах гээд байна л даа. Монгол тооллоороо гэж оруулвал яадаг юм? Тэгээд бас нэг арай сонсголонтой юм болов уу гэж бодоод байгаа байхгүй юу. Их Эзэн Чингис хааны үед ямар арга, билгийн тоолол байгаагүй шүү дээ. Тэгэхээр монгол тооллоороо гэж явчихаад тухайн жилийнхээ зурхайгаар цагаан сартайгаа уялдуулаад ингээд тооцоолж байвал яасан юм бэ гэсэн ийм асуулт байх юм.

З.Энхболд: - Хэн хариулах уу? А.Бакей гишүүн.

А.Бакей: - За энэ асуудлыг бол Байнгын хороонд оролцсон гишүүдийн дийлэнх нь бол за гол зарим иргэдийн зүгээс гаргаж байгаа саналд бол бид нар хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ тэр нь бол он цаг тооллыг ямар цаглабраар хийх вэ гэдэг дээр л янз бүрийн саналтай мэр сэр гишүүд байдаг юм байна хүмүүс. Тэгэхдээ энийг бол эцэс төгсгөлгүй яриа болгоод яваад байх юм бол энэ бол хэзээ ч тогтоож болохгүй тийм асуудал руугаа явах гэж байна. Тийм учраас тэр асуудлын гол нь тэр ач холбогдол байгаа шүү тэмдэглэж өнгөрөх. Ер нь түүхэнд бол Чингис хааныхаа энэ алдрыг тэмдэглэх 2 удаагаа түүхэн үе тохиох гэж байна шүү дээ. 1962 онд бас анх удаа нэлээд тэмдэглэх асуудал яригдаж,  нэлээд улс төрчид тэр үедээ ярьж байсан байна. Тэгэхээр одоо энэ удаад бол тэр Их Эзэн Чингис хааныхаа алдаршуулах гэж байгаа асуудал дээр манай гишүүд тэгж янз бүрийн байр сууринаас, өнцгөөс хандаад ингээд байх юм бол энэ өөрөө зохимжгүй байх гэж бодож байна.

З.Энхболд: - Ё.Отгонбаяр гишүүн.

Ё.Отгонбаяр: - За Байнгын хорооноос ганц хоёр зүйл асуух гэсэн юм. Түрүүчийн анхдугаар хэлэлцүүлгийн үеэр би бас хэлж байсан санаа байгаа юм. Мэндэлсэн гээд яг хэдэнд мэндэлсэн гэдэг нь судар дээр янз бүрээр бичигдээд жишээлбэл “Алтан товч” бол зуны тэргүүн сарын 16-нд гээд биччихсэн байх жишээтэй гээд их маргаан үүсэх нь. Аль ч өдөр байсан яах вэ, Их Эзэн Чингис хааны өдөр гээд явчихъя гэж санал хэлж байсан. Тэгэхэд гишүүд овоо дэмжиж байх шиг байсан юм. Заавал мэндэлсэн гэж бичих юу байсан уу, одоо энэ Чингис хааны менежментийн холбооноос ч гадна бас энэ сонин хэвлэлээр эрдэмтэд хандаад энэ дээр маргаан үүсгээд байна л даа. Энэ төрсөн өдөр мөн биш гээд. Эзэн хааныг ийм маргаантай сэдэв рүү оруулж яах юм бэ гэсэн санал хэлсэн юм. Энийг заавал мэндэлсэн гэдгээр нь авах хэрэгцээ шаардлага байсан юм уу?

Хоёрдугаарт Улс тунхагласны баярын өдөр гээд 11 дүгээр сарын 26 Байнгын хорооноос дэмжихгүй гэсэн байдлаар орж ирсэн юм байна л даа. Энийг одоо Их Хурлын чуулган дээр энэ санал унавал аль нь босоо үлдэх юм бэ тэрийг бас тодруулж өгөөч гэж хүсэх гэсэн юм.

З.Энхболд: - А.Бакей гишүүн.

А.Бакей: - За энэ дээр нь бол анхны хэлэлцүүлгийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр гишүүдээс гаргасан саналыг Байнгын хороогоор дахиж хэлэлцэх үедээ бид нэлээд нухацтай хандсан. Жишээлбэл “Монгол бахархлын өдөр” гэсэн тэр нэр томъёог өөрчлөөд, “Чингис хааны өдөр” гэж нэрлэхээр болж байгаа. Энэ хуульд бол “Чингис хааны өдөр” гэсэн нэрээр орж байгаа шүү. Харин “Чингис хааны өдөр” гэдгийг үндэслэх юм болохоор Их Эзэн Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тодотгож өгч байгаа. Тэр нь болохоор жил болгон өөр өдөр байх нь байна шүү дээ. Билгийн тооллын дагуу. Тийм учраас нэршиж байгаа нэршил нь бол Их Эзэн Чингис хааны өдөр шүү. Тэр Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийн асуудал бол мэдээж Их Хурлын нэгдсэн чуулган дээр гишүүдийн нэгдсэн шийдвэрээр шийдэх асуудал.

З.Энхболд: - Ё.Отгонбаяр гишүүн тодруулъя.

Ё.Отгонбаяр: - Тийм юм бол одоо энэ дээр бичсэн тэр Их Эзэн Чингис хааны өдөр тэгээд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдгээрээ явчихаж болохгүй байгаа юм уу, заавал мэндэлсэн гэдэг үг оруулж ирж маргаан үүсгэх шаардлага би байхгүй юм шүү гэж. Хоёрдугаарт энэ өнөөдөр өглөө чуулганы хуралдааны өмнө тараасан Чингис хааны менежментийн холбооноос тараасан юун дээр 2015 он, өвлийн эхэн сарын шинийн нэгэн гэж тооцвол 2015 онд 12 дугаар сарын 13, 2016 онд 10 дугаар сарын 31 гээд 44 хоногийн зайтай өдөр таарна гээд биччихсэн байх юм, энийг та анхаарч үзсэн үү?

З.Энхболд: - А.Бакей гишүүн.

А.Бакей: - За Их Эзэн Чингис хааны өдөр гэж өдрийн хувьд бол яг тэгж томъёолсон. Тэгэхдээ энэ томъёоллыг тодотгохын тулд бол тэр мэндэлсэн өдөр гэдгээсээ зугтааж болохгүй. Байнгын хороон дээр санал гаргасан гишүүдийн дийлэнх  нь болохоор тэрийг тогтоох үндэс нь өөрөө мэндэлсэн өдөртэй холбоотой учраас тэрийг тодотгож оруулах нь зүйтэй гэж ийм байдлаар томъёолж байгаа хэрэг. Мэдээж тэр нь бол тэр тооллоороо тухайн жилд бол хэдэнд таарах нь уу, тэрүүгээрээ тэмдэглэж  явахаас өөр арга байхгүй шүү дээ. Хэдэн өдрөөр зөрөх нь онцын ач холбогдолтой асуудал биш байх. Тэмдэглэх нь гол асуудал.

З.Энхболд: - Д.Лүндээжанцан гишүүн асууя.

Д.Лүндээжанцан: - Энэ нэг иймэрхүү юм дээр л бид уддаг болчихсон хүмүүс юм. Анх хэлэлцэх эсэхийг ярьж байхад бол манай хууль санаалагчид бид ойлголоо, яг нэг саналтай байна гээд одоо Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг бол хэвээр нь үлдээе гээд ингээд тохирсон. Байнгын хорооны хурал дээр яг тэрүүгээрээ орсон юм. Тэгээд чуулган дээр уначихсан байх ямар сонин юм бэ? Би одоо өнөөдөр хараад гайхчихлаа. Хоёрдугаарт бол чуулган дээр бол бишээ, Байнгын хорооны хурал дээр би нэг л асуулт тавьсан шүү дээ, ганцхан будлиангүй юм байна 1162 оны 11 дүгээр сарын 14-нд Чингис богд төрсөн байна уу гэсэн чинь яг тийм гэж хариулсан шүү дээ. Би хууль санаачлагчдаас асууж байгаа А.Бакей дарга сууж байна, хэн хэн сууж байсанг би санаж байна. Тэгсэн чинь яг тиймээ, тэгэхээр нь би тэгсэн юм. Тэр дараа өдөр судар өөрчлөгдөх хамаа байхгүй 1162 оны яг одоогийнхоороо хэдэн сарын хэдэнд төрсөн байна тэгээд маргаангүй яваад байя, одоо хэний төрсөн өдөр Христосын төрсөн өдөр 12 дугаар сарын хэдэн билээ, 25 ч билүү гэдэг шиг ингээд л явчихъя тэгээд будлиангүй 1162 оны 11 дүгээр сарын яг хэдэнд төрсөн байна яг тэрүүгээр нь явчихъя. Тэгсэн чинь 14 гээд байсан чинь одоо өөр болчихсон гээд одоо бүр, яг тийм гээд таны зөв гээд тэрүүгээр чинь явлаа гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь 7 хоногийн дараа шал өөр юм яриад ороод ирэх  юм. Ингээд би бол гайхаад 7-хон хоногийн дотор хорвоо ингэж өөрчлөгдчихөөд байхаар чинь одоо ер нь хэр удах юм. Гэхдээ ер нь юманд чинь логик, шинжлэх ухаан юм байдаг шүү дээ. Бид бол яг нэг тогтсон тоо авъя тэрүүгээрээ явчихъя будлих юм байхгүй гэсэн чинь яг тийм, та зөв ойлгож байна тийм байна гээд байсан. Хоёр дахь болсон чинь Бүгд Найрамдах Улсын юун дээр би дуугараагүй Байнгын хороон дээр. За ингээд бүгдээрээ сэргээгээд аль алинаар явчихъя гээд, түрүүний хурал дээр нь хэлсэн л дээ. Бүгд Найрамдах байгуулвал энэ XXI зуун энэ XX зуун манай шинэхэн түүхийн гол дэвшил байсан. Түүхэнд анх удаа Үндсэн хуультай болоод тэрэндээ тусгаар монгол улс гэдгийг тунхаглан зарласан өөрийнхөө хэмжээнд энэ бол Де факто, Де юре гэдэг нь бол одоо 1945 он тэгээд статус-кво гээд 1961 он болоод явчихна. Энэ чинь маш их зовлон туулж байж энэ Монгол Улсын тусгаар тогтнолыг асар их үнээр олж авсан, хэмжээлшгүй их үнээр хамгаалж ирсэн. Олон мянган хүнээ золиосонд гаргаж байж тусгаар тогтнолыг чинь авсан шүү дээ. Тэгээд энийг оруулъя, Монгол Улсын газрын доорх болон дээрх бүх баялаг ард түмний өмч хөрөнгө гэдгийг тунхагласан, хамжлагат ёсыг халсан, түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн тэгш эрхийг Азидаа анх удаа тэгш эрхтэй болгосон, нийгмийн дэвшлийн замд бол асар их том алхам хийсэн, Бүгд Найрамдах байгууллыг сонгосон. Тэрний дараагийн үйл явдлууд бол хувьсгал гэдэг үг орж ирсэн гээд яривал зөндөө юм бий шүү дээ. Тэгэхдээ муу нь ч бидний багш, сайн нь ч бидний багш өнгөрсөн үеийн түүхээ адалж болохгүй урагшаа харж амьдрах ёстой гэдэг энэ зарчмаар бид яриад харилцан сайхан ойлголцоод, 22 жилийн өмнө 11 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Октябрийн баярыг тэмдэглэх үү үгүй юу гэж маргасаар байгаад л тэгээд Бүгд Найрамдах Улсыг тунхагласан өдрийг тэмдэглэе гэж шийдээд,  за сайхан энүүгээрээ явцгаая гэсэн чинь өнөөдөр ороод ирсэн чинь ийм байдалтай, энэнээс гарах гарц бол би ингээд байгаа юм. Дөнгөж дагаж мөрдөх журмын тухай хууль гэж гаргаад энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 14-өөр явъя, ирэх жил тогтсон тоо олоод тэгээд тэрүүгээрээ явж байвал яасан бэ л гэж. Тэрнээс биш жил болгон ингээд өөрчлөгдөөд яваад байх нь бол үнэндээ зохимжоор сайнгүй байна. Дагаж мөрдөх журмын тухай хуулийг оруулж ирж болох уу, үгүй юу. Энэ жил ямар энэнээс болоод Эзэн Чингисийнхээ өдрийг хийхгүй байлтай нь биш, одоо юманд чинь билэг дэмбэрэл байна их аятайхан хиймээр байна. Тийм учраас Эзэн Чингисийн өдөр 11 дүгээр сарын 14-нд хийсүгэй гээд энэ жилийнхээ хувьд, ирэх жилээс бол яг тэр тогтсон өдрийг нь тогтоож аваад тэгээд жил болгон нэг өдөр хийдэг болгох../минут дуусав/

З.Энхболд: - А.Бакей гишүүн асуултад хариулъя.

А.Бакей: - За Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөр бол өнгөрсөн 7 хоногийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр уг нь бол тэр баярын өдөр болгох асуудлыг нь эргээд сэргээе гэж санал хураалгахад тэгээд уначихсан байгаа. Энэ дээрээ бол тухайн үедээ бол Улсын Их Хурлын гишүүд  өөрсдөө яг санал өгч байж кнопоо дарж байж унагаасан. Тийм учраас энэ дээрээ бол тэр үедээ хариуцлагатай хандсан бол энэ асуудал огтхон ч яригдахгүй байх байсан. Гэтэл тэр үедээ яг ингээд хуралдаа орсон гишүүд маань хариуцлагагүй хандсан уу, эсвэл яг өөрийнхөө итгэл үнэмшлээрээ кнопоо дарсан уу, би тэрийг мэдэхгүй. Нэгэнт тэгээд шийдэгдээд явчихсан шүү дээ. Гэхдээ энд нэг зүйлийг би онцолж хэлэхийг хүсч байгаа. Ямарваа нэг тэмдэглэлт болоод баярын өдрийг заавал амарч байж тэр ач холбогдол нь өндөрсөнө гэж би ойлгохгүй байгаа. Тэмдэглэлт өдөр гэдэг чинь өөрөө   тэр өдрийг бол түүхэн талаас нь бусад олон талаас нь ач холбогдлыг нь өргөж тэмдэглээд байж болох талтай гэдгийг бас манай гишүүд анхаарах нь зүйтэй байх гэж бодож байна. Мөн тэр 11 дүгээр сарын 14-ний асуудлыг бол хууль санаачлагчид танд хариулсан байх. Би бол хууль санаачлагч нь биш, зөвхөн Байнгын хорооны даргын хувьд бол энэ  асуултад бол түрүүчийн чуулган дээр ч хариулсан, өнөөдөр ч гэсэн Байнгын хороонд яригдсан гишүүдийн дийлэнх олонхийн итгэл үнэмшилд тулгуурлаад хариулж байгаа шүү. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт явагдсан Улсын Их Хурлын чуулганы хугацаанд бол дийлэнх олонхи гишүүн бол ерөөсөө Чингис хааны төрсөн өдрийг яг цав тийм өдөр төрсөн гэж хэлэхэд боломжгүй байна. Тийм учраас тэр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг чинь ихэнх түүх, сурвалж бичгүүдэд бол байсан учраас тэндээ тулгуурлаад эргэж засаасай гэдгийг ийм санал хэлсэн маш олон гишүүд байсан. Тэр дээр тулгуурлаад энэ Байнгын хорооны санал орж ирж байгаа шүү. Түүнээс биш үүнийг бол 7 хоногийн дотор шууд өөрчилсөн асуудал байхгүй, гишүүдийн саналд тулгуурлаад ийм өдрийг бол тэр илүү зохимжтой байдлаар нь оруулж ирж байгаа. Мэдээж яах вэ энэ дагаж мөрдөх журмын тухай хууль оруулж болох уу гэж асууж байна энэ бол болохгүй гэх асуудал байхгүй. Гэхдээ тэрийг одоо Улсын Их Хурлын тодорхой гишүүд бүрэн эрхийнхээ дагуу өргөн барьсан тохиолдолд тэр үедээ ярих асуудал байна.

З.Энхболд: - Нэмэлт хариултыг С.Баярцогт гишүүн, дараа нь Нямжавын Батбаяр гишүүн хариулна, тэрний дараа нэмж тодруулчих.

С.Баярцогт: - Д.Лүндээжанцан гишүүний асуултад нэгдүгээрт Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүний хувьд, хоёрдугаарт энэ хууль санаачилсан гишүүний хувьд нэмэлт хариулт өгч байгаа юм. Би байсан. Тэрийг бол нөгөө НАСА-д ажилладаг би Д.Лүндээжанцан гишүүний асуултад хариулаад байх юм. Энэ хуулийг санаачлах үүднээс эхлээд тэр тогтоолын төсөл бол Ерөнхийлөгчийн Тамгын газраас орж ирсэн шүү дээ. Энэ дээр бол Ерөнхийлөгчийн зарлигтай, дээрээс нь Засгийн газрын тогтоолтой ингээд энэ жилийн хувьд бол 11 дүгээр сарын 14-нд тэмдэглэх гэж байгаа юм байна. Энэтэй холбогдуулаад Ерөнхийлөгчтэй уулзаад тэгээд Ерөнхийлөгчтэй нэлээн сайн ярилцсан юм. Тэгээд юу гэж ярилцсан бэ гэхээр билгийн тооллоор нь авъя гээд тэгсэн. Билгийн тооллоор авахаар жил болгон хөдөлж тэмдэглэх гээд байна. Яагаад вэ гэхээр Чингисийн өдөр гэдгийг бол дэлхий нийтээрээ бол маш их харна. Тийм учраас нэг өдөр авъя гэсэн. Тэгээд бид нар ярилцаад Улсын Их Хурлын Шударга ёс эвслийн бүлгийнхэнтэй, мөн Ардын намын бүлгийн хамаарагддаг гишүүдтэй, тэгээд бие даагчидтай яриад консенсусд хүрч энийгээ өргөн барья гэж анх өргөн барьсан юм. Тэгээд явцын дараа бол энэ нэг өдөр заах өөрөө маш их хэмжээний маргаан дагуулаад байгаа юм. Яагаад гэвэл аргачлал өөрөө дандаа билгийн тооллоор явж байсан  учраас билгийн тооллоо дагахгүй бол энэ эцэс төгсгөлгүй маргааны эх болох юм байна гэдэг асуудал бол тэр анхдугаар хэлэлцүүлгийн үед маш их хэмжээгээр яригдсан юм байна лээ.

Тэгэхээр нь зэрэг хууль санаачилсан гишүүд эргэж ярилцаад ерөөсөө энийгээ бол Их Эзэн Чингис хааны өдөр, тэгээд Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж авъя. Тэгэх юм бол манай түүхчид, зурхай судалдаг хүмүүс, он тооллын асуудлаар ярьсан бүх хүмүүсийн хувьд бол маргаан бол алга гэсэн. Дээрээс энэ Америкийн НАСА-д ажилладаг монгол инженер залуу бол өөрөө сайн дураараа урагшаа хойшоо бараг 400 орчим жилээр энэ тооллогыг бүгдийг нь гаргачихсан юм байна лээ. Тэгээд яг анх төрсөн оныг нь аваад үзэх юм бол 12 дугаар сарын 8-нд бол байна. Гэхдээ жил болгон хөдөлж байна, хөдөлдөг рендж нь бол ойролцоогоор сарын хугацаанд хөдлөх юм байна олон  жилийн туршдаа бол гэсэн ийм дүгнэлт гаргасан юм байна лээ. Ингэж ярилцаад ерөөсөө монголчууд тэртээ тэргүй билгийн тооллоор бол нэгдсэн ойлголтонд хүрэх юм байна. Яагаад гэвэл цагаан сар дээр бид нар бол ерөөсөө маргалддаггүй, хаврын тэргүүн сарын шинийн  нэгэн хоёронд бол энэ хууль заачихсан энэ хуулиараа ингээд тэмдэглээд явдаг. Тийм учраас монголчуудын хувьд яг энэ билгийн тооллоороо явах нь бол зөв юм байна, бас үндэснийхээ онцлогийг ч бас харуулах юм байна гэдэг ийм зүйл дээрээ бол бүгд нэгдсэн ийм зүйл байгаа юм.

Хоёр дахь нь техникийн асуудлын хувьд энэ хууль бол хоёрдугаар хэлэлцүүлэг нь ороод ирчихсэн байгаа. Энэ хууль эсвэл батлагдана, эсвэл батлагдахгүй ийм л асуудал. Тэгэхээр таны санал болгож байгаа дагаж гаргах хууль, өөрчлөлт оруулах тухай асуудал бол тусдаа асуудал болно. Та бол Их Хурлын дарга байсан хүн, хуульч хүнийхээ хувьд энийг мэдэж байгаа бололцоогүй. Ийм зүйлүүд байгаа гэдгийг хэлэх гэсэн юм баярлалаа.

Н.Батбаяр: - Д.Лүндээжанцан гишүүний асуултад хариулъя. Манай Д.Лүндээ юм мэддэг хүмүүсийн нэг л дээ. Тэгээд нэг асуулт асуугаад байгаад нь би гайхаад байгаа юм. Их Эзэн Чингис хаан 1162 оны 11 дүгээр сарын 14-нд төрсөн нь яг үнэн үү гэж асуугаад байна л даа. Тэрийг өнөөдөр Өүлэн-Үжинээс өөр хүн мэдэхгүй гэдгийг та өөрөө мэдэж байгаа шүү дээ. Таны өнөөдөр паспорт дээр байж байгаа мэндэлсэн он, сар, өдөр чинь өөр гэдгийг та өөрөө мэдэж байгаа шүү дээ. Монгол уламжлалаа хүний мэндэлсэн өдрийг зарладаггүй юм. Энийг бид нар монголчууд бүгдээрээ мэднэ. Тэгээд саяхнаас 1950 оноос эхлээд гэрчилгээ олгодог болсон, тэр дээр тавьдаг болсон. Хашир хүмүүс нь бүгдээрээ тэр дээр арай жаахан зөрүүлээд тавьчихдаг. Энийг монголчууд бүгдээрээ ёсоо мэднэ. Тийм учраас яг тэр өдөр мэндэлсэн үү, үгүй юу гэдэг яриагаа бүгдээрээ орхичихъё. Өнөөдрийн энэ арга хэмжээ гэдэг бол ерөөсөө л монголчууд Чингисийн монгол, Чингисийн монголоо шүтдэггүй монгол хүн гэж байдаггүй, Чингисээ боддоггүй өдөр гэж энэ жилийн 365 хоногт байдаггүй. Гагцхүү Чингисийн монгол юм бол Чингисээр амьсгалсан бүгдээрээ амьсгалсан, Чингисийнхээ нэр дор бүгдээрээ нэгдсэн тэр монголын сайхан өдөртөө болъё гэдэг утгаар энэ Чингисийн өдөр гэдэг санаачилгыг гаргасан гэж ухаарч байгаа. Энийг бүгдээрээ дэмжиж байгаа гэж бодож байгаа. Энэ дотор энийг эсэргүүцэж байгаа нэг ч хүн байхгүй гэж анзаарч итгэж байгаа. Өдөр судрын хувьд ярих юм бол одоо ингэж сонгож авч байгаа өвлийн эхэн сарын шинийн нэгэн гэдэг бол дахиад билэгдлээр сонгож авч байгаа. Яагаад вэ гэвэл бид нар Их Эзэн Чингис хааны мэндэлсэн ойг нь 850 жилийн ойг энэ жил анх удаагаа тэмдэглэж байна. Урд өмнө нь тэмдэглэж байгаагүй түүхэндээ. Яагаад 840, 830-ийг тэмдэглээгүй юм. Болох ёстой цаг нь болоод болж байгаа хэрэг гэж ухаарч байгаа юм. Тэгэхээр нэгэнт одоо ийм болж байгааг үзэхэд бид нар энэ цаг үедээ билэгдлээр өдрийг нь сонгоод ингээд энийг хуульчилж зарлаж байгаа гэж ухаарч байгаа юм.

Тийм учраас энэ дээр бүгдээрээ тал талаас гэлгүй Их Эзэн Чингис хааныхаа өдрийг тэмдэглэдэг хуулиа 100 хувийн саналтай гаргая гэдэг саналыг хүмүүстээ хэлмээр байгаа юм. Нөгөө талдаа гэх юм бол тэр 11 дүгээр сарын 26 гээд манай Д.Лүндээ гишүүн асуугаад байна. Яг таны хэлсэн саналын дагуу Байнгын хороон дээр анхны хэлэлцүүлэг хийгээд энэ Улс тунхагласны баяраа уламжлалт ёсоор үлдээе гээд ороод ирсэн чинь таны хажууд сууж байгаа Ц.Нямдорж гишүүн асуудал болгоод, уг нь асуудал байхгүй юман дээр асуудал босгоод хүмүүсийг жаахан янз янзын байдалд оруулсан үр дүн нь энэ өдөр баярын өдөр биш болчихсон. Санал хураалтын дүнд би авч үзсэн. Тэгэхэд тэр саналын 11 дүгээр сарын 26-ны өдрийг уламжлалт ёсоороо баяр болгож тэмдэглэх өдрийг эсэргүүцсэн хүмүүс нь танай талын жигүүрийнхэн, дэмжсэн хүмүүс нь манай зүгийнхэн байхгүй юу даа. Тэгэхээр энэ талаар бүгдээрээ нэгэнт болоод өнгөрчихсөн юм чинь хэдүүлээ энийг хаячихъя тийм биз дээ. Цаашдаа бид нар Их Эзэн Чингис хааны өдөр гэдэг чинь монголчуудын эв нэгдлийн өдөр байдаг энэ билэгтэй сайхан учраас энийгээ дагаад явъя гэж. Билгийн тооллын хувьд та нар яриад байна л даа өөр болчихоод байна гээд. Аргын тоонд бид нар шилжээд 1940-өөд оноос эхлээд явж байгаа шүү дээ яг нарийндаа  хүрэх юм бол 60, 70 жил явж байгаа шүү дээ. Цагаан сараа бид нар бүгдээрээ хуульд юу гээд биччихсэн байдаг уу, цагаан сараа хаврын эхэн сарын шинийн нэгэн, хоёрон, гурванд тэмдэглэнэ гээд биччихсэн байдаг. Тэр нь ямар өдөр байх нь хамаагүй байдаг аргаар нь. Дээр нь монголчууд билэгдэл боддог хүмүүс хурим найраа хийхдээ намрын дунд сарын шинийн 17-нд хийдэг. Тэр өдөр нь аргаараа 2 дахь, хагас сайн өдөр байна уу ямар ч өдөр байсан хамаагүй хийдэг. Бид нар билгийн тооллоороо амьдраад бэлэгшээлтэй, ерөөлтэй монголчууд шүү дээ. Тийм учраас энэ утгаар явахад болохгүй юм байхгүй. Уг тооллоороо хорвоо жамаараа нэг тооллоос нөгөө тоолол руу шилжиж байгаа үе, энийг монголчууд анхдагч утгаар тэр дээр манлайлагчийн нэг болж явдаг гэсэн утгаар энэ асуудал хөндөгдөж байгаа гэж ухаарч байгаа. Тийм учраас бүгдээрээ энэ асуудлаа маргаад байлгүй../минут/

Д.Лүндээжанцан: - Нэмэлт тодруулга тэгэхээр энэ л дээ. Энэ дээр маргаад байх юм алга байна шүү дээ. Ерөөсөө ганцхан ажил хэргийн санал хэлсэн байхгүй юу. 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэд юм бэ гээд тавьчихаад тэгээд тэрнээс хойш тэрүүгээрээ явчихъя гэсэн чинь за зүй болоод бүгдээрээ. 11 дүгээр сарын 14 чинь байна шүү дээ, одоо яг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэдэн байж вэ, тэрийг тавьчихаар л тэгээд энэ бүх маргаан тэр нөгөө нууна уу, цаана нь байна уу тэр тэр падгүй, бидэнд. Эзэн Чингисийнхээ өдрийг тэмдэглээд ингээд явчихъя гээд нэг юм яриад байна шүү дээ.  Тэгвэл ингэсэн чинь энийг тойроод ингээд бужигнасаар байгаад л одоо хэчнээн цаг алдаад явчихсан байна шүү дээ. Бодит байдал бол ийм. Тэгээд энэ будлиантай явж байгаад будилж кнопоо дараад тэгээд санаатай санамсаргүй унагачихсан байгаа байхгүй юу. Ийм л юм болсон байна шүү дээ хар ухаанаар бодоход. Тэгэхээр энэ байна шүү дээ уг нь гарцаагүй дэлхийн иргэд../минут дуусав/

Эх сурвалж: www.polit.mn

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

12 цаг 5 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

12 цаг 9 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

13 цаг 1 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

22 цаг 6 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

22 цаг 6 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Уржигдар 15 цаг 55 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Уржигдар 15 цаг 45 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Уржигдар 15 цаг 42 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

Уржигдар 15 цаг 01 мин