Т.Шатарбал: Хичээл зүтгэлийнхээ үрээр хүнд бэрхийг давсан

2016-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Гавьяат эмч Т.Шатарбалыг энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор урилаа. Тэрээр Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газар хэмээх нэр хүндтэй, өндөр босготой айлын нэг гишүүн болж, энэ салбарт 46 жил ажилласан бөгөөд үүний 36 жилийг хөдөө сум дундын эмнэлэгт, сүүлийн 10 жилийг аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

Т.Шатарбал гэргий Б.Оролмаагийн хамт.

Т.Шатарбал гуай эцэг эхээс тавуулаа. Хоёр ах, нэг эгч, нэг дүүтэй. Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул юм. Түүнийг бага байхад хааяа нэг эмч дуудлагаар ирэхэд саван ч юм уу нэг тийм сайхан үнэр үнэртдэг байсан нь ихэд таалагджээ. Мөн дуудлагаар ирж буй эмч нохой шуугиулаад, морь нь амьсгаадчихсан, өвөл бол цан хүүрэг цохисон, гөлөм, дөрөө морины амьсгалаар сар сар гэж дуугараад ирэх нь сүртэй санагддаг байсан нь эмч болоход нөлөөлсөн гэнэ.

Сургууль төгссөнийхөө дараа ах, ээж хоёртойгоо.

Түүний удамд 7-8 үе дамжсан оточ, маарамба байсан бөгөөд өөрийгөө 14 дэх үе нь, эмчийн хүрээлэл дунд өссөн гэв. Тухайлбал, аавынх нь авга эгчийн хоёр хүүхэд нь бага эмч, аавынх нь дүүгийн нэг хүү, хүргэн ах, хүр дүү нь эмч байсан ажээ. Т.Шатарбал гуай 1959 онд Х ангиа төгсөөд Анагаах ухааны дээд сургуульд элсэн орж таван жил суралцаад ерөнхий эмчээр төгссөн байна. Түүнийг сурч байхад одоогийнх шиг на­рийв­чилсан анги гэж байсангүй. Зөвхөн эмчилгээний анги буюу ерөнхий эмч мэргэжлээр төгсгөдөг байж.

 

ӨРТӨӨНӨӨС ГУРВАН МОРЬ, ГУРВАН ТЭМЭЭ ӨГӨВ

 

Т.Шатарбал гуайг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын их эмчээр очиход Говь-Алтай аймаг 18 сумтай, Баян тоорой, Гуулингийн гэсэн цэргийн хоёр тосгонтой. Үүнээс зургаан сум нь их эмчтэй гэдэг ч зарим нь их эмч, бага эмчгүй сувилагчтай, ганц­хан Баян-Уул су­манд Даваацэрэн гэдэг эмч ажилладаг, намын үүрийн дарга, нэгдлийн дарга хоёр А-69 машинтай, гурван хүн л мотоцикльтой байжээ. Тухайн үед материаллаг бааз гэх юмгүй, эмнэлэг гэхэд хоёр гэр, шалгүй шавар байшинтай. Унаа тэрэг, харилцаа холбоо байхгүй, шуудангаар захиа бичиж аймаг руу дуудлага өгнө.

Түүнд өртөөнөөс өвөл унах гурван тэмээ, зун унах гурван морь өгчээ. Тэмээ нь ганцаараа явбал хэвтчихнэ, хэвтчихвэл босохгүй. Тиймээс сонин шатааж доогуур нь хийнэ эсвэл чулуу хүртэл тавих зэргээр тухайн үеийн сумын эмч нар дуудлагад ихээхэн бэрхшээлийг туулж явдаг байжээ. Харин морины аль хөнгөн аятайхан явдалтайг нь унадаг байсан гэнэ.

Т.Шатарбал гуай Эрдэнэ сумаас гадна зэр­гэлдээх Цогт, Чандмань, Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр сумын дунд морь, тэмээгээр дуудлагад явна. Өвлийн өдөр богино учир ирж, очиход 7-8 хоног яваад ирдэг байсан аж. Хааяа аз таарвал мотоциклиор явдаг байжээ. Олон хоног морь, тэмээгээр явахад хоёр гуя, өвдөгний дотор тал халцарч, зулгардаг байсан. Хөдөө орон нутагт ажиллаж буй эмч нар мэдэхгүй, чадахгүй зүйлээ чадахын төлөө тэмцдэг. Хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, халд­варт, зүрх судас, гэмтэл юу байна тэр бүхэнд явдаг байсан хэмээн дурсч байна.

 

АНХ ОЧСОН ӨДРӨӨ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ, МЭС ЗАСАЛ ХИЙЖЭЭ

Эгч, дүү хоёрын хамт.

Тэр үед одоогийнх шиг харилцаа холбоогүй байсангүй. Тиймээс ганц­хан номтой нөхөрлөдөг байжээ. Учир нь зааж, сургах хүнгүй тул ном харж биеэ дайчилж, мэдлэг чадвараа дээш­лүүлдэг байжээ. Т.Шатарбал гуай мэс заслын эмч болсноосоо хойш 900 гаруй хүнд том, жижиг мэс засал хийж, 20 гаруй мянган хүнд үзлэг хийсэн байна. Тэрээр хүнд мэс хүргэнэ гэдэг хариуцлагатай ажил. Наад зах нь судсыг нь таслахаас эхлээд мэдрэлийг нь таслаад татанхай болгохгүйн тулд хүнд, хөнгөн гэхээсээ илүү том, жижиг гэж хэлдэг гэж байсан юм. Түүнээс хамгийн анх ямар мэс засал хийсэн бэ гэхэд “Их эмч болоод 30 гаруй хүнд хийсвэр хийж мэс заслын аргаар хүүхдийг нь авсан. Энэ хүмүүсийн есийг нь гэрт нь мэс засал хийж төрүүлжээ. Анх их эмчээр очоод хоолоо хийж идчихээд байтал 2-3 хоног өвдөөд, хүүхдийнх нь толгой цухуйчихаад гардаггүй гэсэн дуудлага ирлээ. Гэрт нь очтол үнэхээр толгойны үс нь цухуйсан, эх нь ядарсан, дүлэх тэнхээгүй болсон эмэгтэй угтсан.

Дөнгөж сургуулиа төгсч ирсэн болохоор харьж номоо харчихаад ирье гээд гэр рүүгээ гүйх зуураа “Эмчийн ажил хариуцлагатай, хэцүү юм байна. Дэмий ч эмч болов уу” гэж бодож билээ. Тэгээд гэртээ очоод номоо хартал ачаа дүүжилнэ гэсэн байв. Тэгээд дүүжлэх юм хайгаад олдоггүй. Гэтэл цонхон дээр бахь байж байна. Түүнийг авч харахад овоо хавчиж болмоор санагдахаар нь угаар нь 00-ын утсаар чангалж боогоод уутанд чулуу хийж дүүжилчихлээ. Амьхандаа хүүхдийг доош нь суулгах санаатай. Нэлээд байж байтал нөгөө хүүхэд ч овоо суугаад эхэллээ. Тэгээд төрүүлчихээд гэртээ очоод унтаад өглөө.

Гэтэл хэсэг хугацааны дараа эмчээ нөгөө хүүхэд чинь өлгийндөө хар чацага алдчихлаа гэсээр гэрээс нь хүн ирлээ. Тэр үед гэрэл чийдэн, мотор гэж байхгүй лаа, өөхөн дэнгээр хийсэн гэрэлтэй байсан. Яваад очтол нээрээ хар зунгаг дотор байна. Тэгээд хартал зунгаг биш нөгөө хүүхдийн хуйхыг дөрөв хуваасан байж. Дөнгөж сургууль төгсөөд эмчээр очсон өдрөө мэс засал хийсэн болохоор хүүхдээ гарангуут нь шархыг нь оёлгүй өлгийдчихөөр цус алдалгүй яах вэ. Тэгээд 00-ын утсаа задалж хуйхан доогуур нь баахан пенциллин шахаж байгаад оёж билээ. Энэ нь миний анхны мэс засал, эмэгтэйчүүдийн төрөхийн тусламж үзүүл­сэн нь энэ. Одоо энэ хүүхэд улсын заан Соронзонболдын авга эгчийнх нь хүүхэд юм” гэв.

Хэд хоногийн дараа эмнэлгийн гадаа нэг машин ирсэн нь анагаахын сургуулийн захирал Балдандорж, физиологийн багш Од, мэс заслын багш Рэнцэндорж нар байв. Тэднийг орж ирэнгүүт нь шууд барьж аваад уйлахад учрыг ойлгосон бололтой түүнийг тайвшруулж, нэг ширхэг лаазалсан мах, хэдэн чихэр өгөөд аймаг руу явжээ. Рэнцэндорж багш аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга байсан Сосорбарамд мэс заслын курст явуулахыг зөвлөснөөр нэг жилийн дараа мэс заслын эмч болжээ.

 

09-ЫН УУСМАЛЫГ 90 ПОРЦЕНТ БОЛГОСОН НЬ

 

Тухайн үед нэг суманд 20, таван граммын тариурыг тоотой өгнө. Үүнийгээ байнга буцалгаж хэрэглэнэ. Олон хүнд хийсэн тариурын зүү мохоход зүлгүүрдэж билүүднэ. Хэрэв тариур хагарвал эвтэйхэн хөрөөдөж аваад хар тугалга хайлуулж багаж, тоног төхөөрөмждөө ашиг­ладаг байжээ. Холын дууд­лагаар явахдаа тариур, багаж хэрэгслээ ариутгаж аваад явна. Амь тулсан үед ариутгасан, ариут­гаагүй тарих шаард­лага гардаг байсан аж. Тэр үед хүнд зүйл их тохиолддог байсан ч нийгмийн шаардлага, хувь хүний хичээл зүтгэл, чармайлт нийлж байж хүнд бэрхийг давсан. Яагаад гэвэл орчин нөхцөлдөө тааруулж нөөц бололцоогоо ашиглахыг их шаарддаг байсан хэмээн “Амьдралын тойрог”-ийн зочин маань дурссан. Эрдэнэ суманд дөнгөж ирсний дараахан сумаас 70-аад км-ийн зайд гурван настай хүүхэд бөөлжөөд байна гэсэн дуудлагаар очиход шарлаад комд орсон байж. Тэгээд аймаг руу дуудлага өгтөл халдвартын эмч ирж үзээд хөдөлгөж болохгүй, эмчилгээ байхгүй гээд орхиод явчихаж. Гэтэл дусал хиймээр санагдаад байдаг, тэнд дуслын шингэн байтугай систем нь ирдэггүй байв.

Зайсангийн аманд Хүүхдийн халдварт дээр дадлага хийж байхад ганц хоёр хүнд хүүхдэд дусал хийж байхыг харсан. Түүнээс шингэнийг гуяны арьс руу нь хийлсэн бөмбөлөг шиг шахаад шимэгдүүлэх гэж халуун, хүйтэн жин тавьдаг байлаа. Гэтэл нөгөө хүүхдэд дусал хиймээр санагдаад байдаг.Тэгээд эмийн сангийн эрхлэгчийг хайж олоод “Чи 09 бэлдэж чадах уу гэтэл чадна” гэж байна. Тэгэхээр нь номоо аваад ир гээд хоёулаа номоо уншаад хийхээр боллоо. Эрдэнэ сум ус муутай. 10 гаруй км газарт сайн устай худаг байдаг гэж сонсоод мотоциклиор яваад 20 литрийн хоёр саваар ус авчраад хоёр дахин нэрлээ. Нэг шил шингэн гаргаж аваад бригадынхаа бага эмчид өгөөд бушуухан очоод хийж бай гээд явуулчихлаа.

Гэтэл эмийн сангийн эрхлэгч нүд нь орой дээрээ гарчихсан ирдэг байна. Нөгөө дэх чинь дотроо тунадас үүсээд биш байна гэлээ. Эмийн сангийн эрхлэгч нэг муу эвдэрхий мотоцикльтой. Түүнийг нь унуулаад бригадын төв рүү явуулахад ашгүй хийгээгүй байв. Ингээд нөгөө шингэнээ авчирч үзэхэд шорвог байлаа. Тэгсэн 09 порцентийг 90 болгож ханасан уусмал болсныг мэдээд дахин шинээр хийж, нөгөө хүүхдэд дусал хийсээр байгаад сэргээсэн дээ. Одоо манайхан хийж байсан зүйлээ хийж чадахаа больсон. Манай эмнэлэгт миний санаанд таардаггүй стандарт гэж нэг зүйл байна. Ямар ч эмнэлэг дээр яваад очиход 10 хоног эмчлээд эдгэрсэн гээд гаргачихдаг. Өвчтөний түүх дээр эдгэрсэн, хүндэрсэн, нас барсан гэдгийг юү гэж бичдгийг мэдэхгүй. Харин урьдчилан сэргийлэх зүйл дээр стандарт гэсэн зүйл байх хэрэгтэй хэмээн  ярьж сууна.

 

ЭРХ МЭДЭЛ, МЭРГЭЖЛЭЭ ХЭТРҮҮЛСЭН ХЭМЭЭН ШИЙТГҮҮЛЖЭЭ

 

Түүнийг сүүлийн гурван жил хөдөө сум дундын эмнэлэгт ажиллаж бай­хад жирэмсэн эхчүүдийг аймаг руу явуулж байв. Сумын эмнэлэгт төрүүлэхээ байж. Эмч нараас эндээ төрүүлчихээ гэхэд “Тэгвэл та хариуцах юм уу” гэжээ. Тэгэхээр нь “Чи бид хоёр хариуцна. Хариуцахын төлөө энд байна” гээд муудалцаж байжээ. Гарцаагүй юмыг аймаг руу явуулна. Энэ эмчийн буруу биш. Хэн хэрэгт орохыг бодох юм бэ. Энэ нь манай эрүүлийг хамгаалах байгууллагын нэг талын доголдол юм уу. Үүнийг стандартад бариулах нь эмчийг өөд нь дэвшүүлэх, биеэ дайчилж хөгжих, нөхцөл бололцоогоо ашиглахад саад болдог. Нэг үгээр эмч нар аймхай болчихдог. Ер нь эмнэлэг, эмч сайн байна гэдэг бол ард түмэн эмчдээ итгэж байж тэр эмч амжилтад хүрнэ. Эмч зүтгэж байж сайн эмч болдог хэмээн Шатарбал гуай хэлж байна.

Тэрээр цааш ярихдаа Төгрөг, Цээл сумын хооронд бригадаар мал төллүүлэхээр нэг удаа явлаа. Тэгээд нар жаргахын өмнөхөн айлд иртэл тэр айлын авгайн эхэс түрүүлээд гарчихсан цус алдчихсан, 4-6 насны гурван хүүхэдтэй байсан. Нөхөр нь байдаггүй, гал түлээд нөгөө хүүхнийг үзэж тариа хийгээд авч явах гэтэл газар хол, цас ихтэй. Бригадын төв нь ойрхон байсан болохоор бага эмчтэй нь мэс засал хийхээс өөр арга байсангүй. Тэр үед нөгөө бригад нь төлийн штаб байсан. Одоогоор нүүдлийн контор гэсэн үг. Аймаг, сумаас ирсэн төлөөлөгчид энд конторлодог байсныг нь эмнэлэг болгоод мэс засал хийсэн. Гэтэл сүүлд нь намын үүрийн дарга Намын хорооноос явж байсан хүмүүс төлийн штабын гэрийг Т.Шатарбал эмч эрх мэдэл, мэргэжлээ хэтрүүлж ашигласан, дур зоргоороо штабынхныг орох оронгүй болгосон гэж шийтгүүлж байсан. Хэрэв тэр хүн үхсэн бол би нэлээд юм дуулах байсан. Азаар тэр хүн сэхэж эх, хүүхэд хоёр эсэн мэнд гарсандаа хэмээн хуучилсан.

 

НАЙДВАРТАЙ АРЫН АЛБА

Эмчийн ажилд өдөр, шөнө, амралт, баярын өдөр гэж байдаггүй. Дуудлагаар хэдэн өдөр явна, жижүүрт гарна, эмнэлэгт ажиллана, хүнд хүн ирвэл сахина. Манай гэр бүлийн хүн лаборант, бага эмч болохоор энэ бүгдийг сайн ойлгодог. Хэрэв ар гэр ойлгохгүй бол хэцүү. 1989 оны сүүлээр үзсэн хүн, хийсэн эмчилгээ, мэс заслаа тэмдэглэсэн зүйлээ харахад 50 хувийг гэрт, 50 хувь нь хол ойрын дуудлагад явах, эмнэлэг дээр хоноход өнгөрөөсөн байна. Энэ үед алба, амины бүх ажлыг зохицуулах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд ээж нь эхнэрт нь тусалдаг байжээ. Түүний эхнэрийг Б.Оролмаа гэдэг. Тэрээр “Лаборант мэргэжилтэй намайг Эрдэнэ сумын бага эмчээр томилж, би­чиг хийж өглөө. Ямар учиртай юм бэ гэхэд дуудлагад явуулж болохгүй гэсэн бичгийг на­дад хийж өгсөн. Ингээд Т.Шатарбал их эмчээр, би бага эмчээр томилогдож билээ. 2-3 жил бага эмчээр ажиллаж байгаад мэргэжлийнхээ ажлыг хийсэн. Миний хадам ээж их сайхан хүн байсан. Долоон хүүхдийг маань хүн болгож өгсөн буянтай хөгшин. Бид хоёр бараг хүүхэдгүй хүн шиг л ажлаа хийдэг байлаа. Ээж маань 96-тай өнгөрсөн” гэв. Тэрээр Лаборант мэргэжилтэй, мэргэжлээрээ 36 жил ажиллаж байгаад тэтгэ­вэртээ гарсан байна. Тэд ханилан суугаад 50 гаруй жилийг үдэж байгаа бөгөөд таван хүү, хоёр охинтой өнөр өтгөн айл болжээ. Тэдний нэг охин нь аавынхаа мэр­­гэжлийг өвлөж эмч болжээ.  Одоо хоёр хөгжшин I хороололд бага охин, зээ охины хамт амьдарч байна. Түүнтэй хийсэн “Амьдралын тойрог” булан энд хүрээд өндөрлөж байна.

Т.Шатарбал эмч болон Говь-Алтай аймгийн Тонхил суманд 45 жил ажилласан гавьяат эмч П.Шижээ, Баян­хонгор аймгийн Заг суманд 38 жил ажилласан, хүний гавьяат эмч Д.Шаравнямбуу нарын бодит амьдралаас сэдэвлэн хийсэн “Сумын эмч” олон ангит киног “ТВ-9” телевизээр дэлгэрэнгүй үзээрэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

14 цаг 34 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

14 цаг 34 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

14 цаг 34 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

14 цаг 34 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Өчигдөр 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Өчигдөр 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Өчигдөр 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Өчигдөр 06 цаг 00 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин