
С.УЯНГА
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой ярилцлаа.
-Сэлэнгэчүүдийг ирэх дөрвөн жил удирдах хүний хувьд орон нутаг, иргэдийнхээ амьдралыг хэр сайн мэдэх вэ?
-Би Сэлэнгэ аймагт төрж өссөн. Шаамар сумын хүн. Сүхбаатар хотод бага насаа өнгөрүүлж их, дээд сургууль төгсөөд нутагтаа ажилласан. Тиймээс Сэлэнгэчүүдийн ахуй амьдрал, уламжлал ёс заншлаас гадна орон нутаг ямар онцлогтойг сайн мэднэ. Тиймдээ ч мөрийн хөтөлбөрт тусч байгаа нэг чухал ажил бол иргэдийн эрүүл мэнд, боловсролын асуудал байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа иргэдийг эрүүл мэндийн нэгдсэн цахим сантай болох ажлыг хэдхэн хоногийн өмнө Дулаанхаан тосгоноос эхлүүллээ. Монгол Улсын хэмжээнд анх удаа эхэлж байгаа энэ ажилд Сэлэнгэ аймаг түүчээлж байгааг Ардын хувьсгал ялсан нутгаас эрүүл мэндийн хувьсгал эхэлж байна гэж хүмүүс ярьж байна. Монгол Улсын бүх хүн эрүүл мэндийн сантай болох ажлыг орон нутаг тэр дундаа төрж өссөн Шаамар сум Дулаанхаан тосгоноос эхлүүлсэндээ бэлгэшээж байгаа. Аймгийнхаа онцлогт тохируулаад эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хэрхэн хослуулж хөгжүүлэх вэ гэдэг дээр Сэлэнгэ аймагт хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Олон санал санаачлага дэвшүүлсэн үр өгөөжтэй уулзалт болсон. Хоорондоо уялдаа холбоотой нэгэндээ тусалж дэм дэмэндээ ажиллах хэрэгтэй. Аймаг орон нутгаа хөгжүүлэхэд чухал түлхэц болох ажлыг бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж санал бодлыг нь сонсч эхлүүлж байна.
Эрүүл мэндийн асуудал хүндрэлтэй байгаа учраас зөөврийн эхо аппаратаар эрүүл мэндийн төвүүдээ хангана. Мэргэжлийн эмч шаардахгүй гэрээсээ ирж эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүс дээр халаасандаа хийж очоод үйлчилгээ үзүүлэх боломжтой. Дотор эрхтэний эхо, зүрхний цохилт гээд эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх зөөврийн эхо аппаратыг судалсан. Үнэ нь ч боломжийн юм билээ. Заавал төв, томоохон суурин газар биш сум тосгондоо олгоно. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тулгуурлаж төлөвлөгөөндөө тусгана.
-Сонгуулийн дараах 100 хоногийн ажлуудаа Засгийн газар, яам, агентлагууд дүгнэлээ. Танай аймгийн хувьд энэ хугацаанд ямар ажил амжуулав?
- Засгийн газар, яам, Тамгын газраас хэрэгжүүлсэн олон ажил бий. Миний хувьд өмнө нь бодож санаж яваад хөөцөлдөөд хийсэн ажил маань аймгийн төв дулааны цахилгаан станцтай болох эхний алхмыг хийлээ. 50 мегаваттын дулааны цахилгаан станцтай болох гарын үсгийг зурлаа. Үүний үр дүнд Сэлэнгийн ард түмэн дулаан өвөлжиж, цахилгаанаа өөрсдөө хангана. XXI зуунд амьдарч байгаа мөртлөө аймгийн төвд хэрэглээний халуун ус байдаггүй. Тэгэхээр цахилгаан үйлдвэрлээд гарсан хоёр дахь түүхий эдээрээ дулаан үйлдвэрлэснээрээ өвөл, зунгүй хэрэглээний халуун устай болно.
Одоо байгаа дулааны станцыг хүмүүст шууд ойлгогдохоор ус буцалгагч гэж тайлбарлаж болно. Нүүрс, цахилгаанаа гаднаас аваад ус халаагаад гаргах зориулалттай учраас өртөг өндөр гарах нь тодорхой. Үнэ нь бодлогоор зохицуулагддаг байсан учраас өртгөө нөхөж чадахгүй алдагдалтай ажилладаг. 30 жил шинэчлээгүй учраас тухайн үеийн тоног төхрөөмж, сэлбэг нь олдохоо больчихсон. Техник технологи нь шинэчлэгдээд засч сэлбэх, тордох боломжгүй дулааны станцыг хамгийн түрүүнд шинэчлэх ажлыг эхлүүллээ. Гадны хөрөнгө оруулагч барьж ашиглалтад оруулаад шилжүүлэх нөхцөлтэйгөөр БНХАУ-тай ярьж тохирсон. Одоо концессын хуулиар Засгийн газар, яам, Тамгын газартай гэрээ хийчихвэл техник, эдийн засгийн үндэслэлийн ажил эхэлнэ.
Би өөрөө дулааны станцад дагалдан инженерээс захирал хүртэл ажилласан. Найман жил дулааны станцыг удирдсан хүний хувьд зовлон бэрхшээлийг сайн мэднэ. Тиймээс хамгийн эхний ажлаа бодож төлөвлөсний үндсэн дээр эхлүүлсэн учраас үр дүнг нь үзнэ.
-Дулааны үнэ буурснаар иргэдийн халааснаас хэдэн төгрөг хэмнэх вэ?
-Ижилхэн хэмжээтэй хоёр байшин сардаа дулаанд холбогдсон нь 20 мянган төгрөг, нүүрс түлээ хэрэглэдэг нь 200 мянган төгрөг төлж байна. Тэгэхээр дулааны станцтай болсноор хэрэглэгчид сард 180 мянган төгрөг хэмнэнэ. Айл өрхүүдээ дулаанд холбосноор шууд мөнгө өгч чадахгүй ч бодит хэмнэлт хийж чадна гэдэг чухал.
Аймагт ажилгүй залуус их байна. Мөн үйлдвэр эрхлэгчид, компаниуд зогсонги байдалд орсон. Дулааны цахилгаан станцтай болсноор цахилгааны үнэ 40-50 хувь буурна. Энэ нь эргээд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихөд их түлхэц болно. Өндөр дулааны үнэ төлдөг учраас хөгжихгүй байна. Цахилгааны үнэд сая төгрөг төлдөг байлаа гэхэд дулааны үнэ буурснаар 400 мянган төгрөг хэмнэнэ гэж үзэхэд тэр мөнгөөрөө дахин нэг хүн цалинжуулаад ажиллуулах боломжтой болно. Энэ мэтчилэнгээр үнэ буурснаар хаалгаа барьсан үйлдвэрлэгчид үүдээ нээж цаашид хөгжинө.
-Нам солигдохоор төрийн албан хаагчдыг халж сольдог. Ураг төрлийн хүнээ албан тушаалд томилдог үйл явц өрнөдөг. Таны хувьд энэ тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?
-Төрийн албан хаагчид чадвартай, мэргэшсэн, ажлаа сайн мэддэг байх ёстой гэсэн бодлого баримтална. Дээр нь сонгон шалгаруулалтаар төрийн албанд орох ёстой. Сонгуулийн дүнгээр төрийн албан хаагчдыг халж сольдог байдал манай аймагт харьцангуй гайгүй, тогтвортой ажилладаг. Улстөржилт бага. Төрийн албан хаагчдаас ажлын цаг ашиглалт, ажлын хариуцлагыг хатуу шаардана. Алдаа гаргасан бол гомдох эрхгүй гэдгийг хэлж байгаа. Ажлын цагтаа ажлаа л хийх ёстой.
-Улс орон даяар бүсээ чангалах шаардлага тулгарч байна. Сэлэнгэ аймгийн төсвийн дүр зураг хэрхэн батлагдав?
-Манай аймгийн эдийн засаг харьцангуй боломжийн байгаа. Гэхдээ хасах тодотгол батлагдсан. Засгийн газрын тогтоолын дагуу ажил нь эхлээгүй тендер, хөрөнгө оруулалтын ажлыг зогсоосон. Төсвийн тодотголоор сумдын өвөлжилтийн бэлтгэл ажилд нэлээд анхаарсан. Хөрөнгө мөнгөгүйгээс уурын зуух ажиллахгүй. Үүнээс болж сургууль, цэцэрлэг халахгүйгээс тэнд сурч байгаа хүүхдүүд халаалтгүй хүйтэн байранд хичээллэдэг. Тиймээс сургууль, цэцэрлэгийг хамгийн эхэнд тавьж асуудлыг нь шийдвэрлэсэн. Мөн эрүүл мэндийн төвийн доголдлыг засах ажилд нэлээд анхаарсан. Зам, барилга барихаас татгалзаж юуны өмнө амин чухал асуудлаа шийдвэрлэх чиглэлд ажилласан. Улс орон хүнд байгаа энэ үед амлалт нэхдэг зүйл дээр нэг зүйлийг бодож байлаа. Аливаа томоохон ажил хэдэн жилийн циклээр үргэлжлэх болохоос нэг хүн ирээд хэдхэн сарын дотор хийчихнэ гэж байхгүй. Болохгүй байгааг нь зөв замд нь чиглүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй.
-Та Ерөнхий сайдын багтай Японд ажиллаад ирсэн. Аймагтаа үр өгөөж өгөх ямар ажил амжуулж ирсэн бэ?
-Хамгийн эхэнд анхаарч байгаа ажлуудын маань нэг нь Алтанбулагийн чөлөөт бүс. Татвараас чөлөөлөгдөж байгаа учраас хөрөнгө оруулалт татна. Ерөнхий сайдын багтай явахдаа Шизүоки мужтай хамтарч ажиллахаар гарын үсэг зурсан. Япончууд их ач холбогдол өгч байгаа. Мөн Ерөнхий сайд байлцсан учраас ажил хэрэг болно гэдэгт итгэж байгаа. Уулзалтын үеэр нутгийн брэнд зөгийн балаа ярьж олон улсын стандартад нийцсэн сав баглаа боодолтой үйлдвэрээ Алтанбулаг чөлөөт бүс дээр барих саналыг япончуудад тавьсан. Зөвхөн Шаамар суманд гэхэд 200 гаруй өрх 3000 гаруй бүл зөгийтэй байна. Өвөл зөгий хоргоддог учраас айлуудад зөгийний дулаан байр барьж өгөх хэрэгтэй. Тэгээд зөгийн балаа аж ахуйн нэгж, айл өрхүүдээс зах зээлийн үнээр худалдаж аваад чөлөөт бүсэд барьсан үйлдвэртээ савлаад дуртай улс орон руугаа гаргах боломжтой гэсэн саналыг Японы тал дэмжсэн.
Мөн Солонгос, Хятадаас баг ирж чөлөөт бүсийг үзэж сонирхсон. Зөгийчидтэй уулзахдаа балны дээжийг шинжлэхээр авч явлаа. Монголчууд зөгийн балаа байгалиар нь хураадаг учраас гадаадынхан маш их сонирхож олзуурхаж байна.
-Сэлэнгэ аймгийнхан цас эрт орлоо гэцгээж байна. Танай аймаг өвөлд бэлэн үү?
-Манай аймаг өвөлд бэлэн. Цас эрт унаж их хэмжээгээр орлоо. Багахан хэсэгт тариагаа цасанд даруулсан ч гэсэн ургац хураалт боломжийн хэмжээнд авлаа. Нэг га-гаас 17 центр гэдэг бол амжилт гэж харж байгаа.
Аймгийн хэмжээнд 100 мянган тонн тэжээл, 20 мянган боодол өвс нөөцөлсөн. Бүх суманд нөөцийн фондод өвс, тэжээл бэлдүүлсэн. Аймаг айл өрхөөс бүтэж байгаа учраас иргэд дор бүрнээ өвлийн бэлтгэлээ базаасан. Аймаг өвлийг хэрхэн хүндрэлгүй давах талаар бодлого боловруулж ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин