
Ц.БАЯР
Монголын Үндэсний музейн урд талбайд жагсаал цуглаан болсноор соёлын өвийн хадаглалт хамгаалалтын тухай хууль зөрчигдөж үзэгчдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үүсч гадна тохижилтод санхүүгийн хохирол байнга учирч буй нөхцөл байдал үүсч байгаа талаар захирал Д.Сүхбаатартай ярилцлаа.
-Энэ талаар Нийслэлээс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан 04 дүгээр сарын 7-нд болж Монголын Үндэсний музейн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд Нийслэлийн удирдлагууд болоод нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн цагдаагийн газар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, цагдаагийн хэлтэс бусад холбогдох байгууллагууд оролцсон. Өмнө манайх эдгээр байгууллагуудад нийтдээ 9 албан бичгийг өгсөн. Энэ албан бичгийн агуулга нь Монголын Үндэсний музейн урд талбай дээр сүүлийн нэг жилийн хугацаанд жагсаал цуглаан хийсээр байгаа. Энэ нь жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11-р зүйлийн 6 дахь заалтыг зөрчиж буй юм. Жагсаал цуглаан хийхдээ замын хөдөлгөөн хааж, аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулахгүй байх гэсэн заалттай. Энэ заалтыг зөрчиж буйг олон зүйлээр батлагдсан. Зөвшөөрлийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга н.Ганболд олгодог. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг үндсэн хуулиар олгосон хэдий ч байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад болсоор байна. Тйимээс хуулийг хэрэгжүүлж цаашид Монголын Үндэсний музейн урд талбай Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд жагсаал цуглаан хийхгүй байх Нийслэлийн Засаг даргын захирамжаар хориглож өгөхийг хүссэн.
-Жагсаал цуглаанаас болж музейгээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоонд нөлөөлсөн үү?
-Монголын Үндэсний музей гадаад дотоодын жуулчид, бага насны хүүхдүүд, их дээд сургуулиудын оюутнуудад үйлчилдэг. Жилд 80-85 мянган жуулчид хүлээж авдаг. Үзвэр үйлчилгээ үзэж буй иргэд, жуулчид тав тухтай үйлчлүүлэхэд саад болж буй талаар гомдол гаргадаг. Ялангуяа хүүхдүүд тэдний эрхийг хамгаалах асуудал хөндөгдөж байна. 2015 онд гэхэд манай музейгээр нийтдээ 14 мянган хүүхэд үйлчлүүлсэн. Жагсаалтай холбоотойгоор сүүлийн жилд манай нийт үзэгчдийн тоо буурсан хэдий ч хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Сургууль цэцэрлэгийн багш нар гудамж зам талбай хааснаас болж музей үзэхээр ирж буй хүүхдүүдийн аюулгүй байдалд асуудал үүсч байна гэдэг. Мөн орох, гарах хаалган дээр саадтай. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх талаар хандаад байна. Жагсаал цуглаан хийж буй ТББ-дад шаардлага тавьдаг. Гэвч дүүргээс зөвшөөрөл авсан учраас танайд хамаагүй гэдэг. Энэ байдал нь байнгийн маргаан дагуулсаар байна. Түүнчлэн гадаад дотоодын жуулчдад ая тухтай үйлчлэх гол зорилготой. Өвлийн улиралд жуулчид бага ирдэг ч зориод ирсэн хүмүүст жагсаал цуглааны үйл ажиллагаанаас болж өмнөх талбай нь хаагдсан машинаа тавих зогсоолгүй. Дуу чимээ, бохир заваан орчин угтаж үүд хаалга нь саадтай гээд олон давхар бэрхшээлээс түүртэж үзэгчдийн тоо буурахад нөлөөлдөг. Том оврын машин техник зогсоож тайз засаж хашаалдаг. Музей үзэхээр ирж буй 3-5 насны гар гараасаа хөтөлцөн яваа 20 орчим хүүхдүүдийн сэтгэл зүйд ч гэсэн дарамттай. Энэ бүгдийг таслан зогсоохыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс хүсч хурлынхаа шийдвэрийн дагуу захирамжаа хурдан гаргахыг хүсч байна.
-Музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтад сөрөг нөлөөлөл үүссэн үү?
- Одоогоор сөрөг нөлөөлсөн зүйл үгүй. Гэхдээ Монголын ард түмэн 7 сарын 1-ний үйл явдлыг санаж байгаа байх. Энэ үеэр соёлын үнэт зүйлүүдэд асар их хохирол учруулсан. Энэ үйл явдал давтагдахгүй гэх явдал энд болж байна. Монголын Үндэсний музейн сан хөмрөгт 56 мянган үзмэр хадгалддаг. Монголын ард түмний түүхэн үнэт соёлын өвүүд юм. Эдгээр өв соёл, үзмэрийг аюулгүй хамгаалах нь манай байгууллагын туйлын зорилго.
-Хуралдааны шийдвэрт юу гэж тусгасан юм бэ?
-Зөвхөн Монголын Үндэсний музей биш үзвэр үйлчилгээ соёлын газрын орчимд жагсаал цуглаан хийхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гаргана гэж хурлын тэмдэглэлд тусгасан. Тиймээс өнөөдрөөс эхлэн / 04.18 / Монголын Үндэсний музейн урд талбайд ямар нэгэн жагсаал цуглаан хийхийг хориглосон гэдгийг үүгээр мэдэгдье. Мөн жагсаал цуглаан хийхээр төлөвлөж буй байгууллагуудад Чингисийн талбай, Эрх чөлөөний талбай, намын байгууллагууд өөрийнхөө өмнөх талбай зэрэгт цуглаанаа хийнэ үү гэж уриалж байна. Нөгөө талаар энэ жижигхэн давчуу талбайд олон хүнийг цуглууж үймээн самуун дэгдээж цагаан хоолойгоор орилж их дуу чимээ гаргаж буй нь ойр тойронд нь байгаа байгуулага хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж буйд санаа зовж байна.
- Танайх үүднийхээ хэсэгт төмөр хашаа хатгасан байна?
- Урд талын жагсаал хийж буй талбай дээрээ явган хүний шатыг шинэчилж хөгжлийн бэршээлтэй иргэд ордог шат болгохоор засварын ажил эхэлсэн. Мөн хоёр дугаар давхартаа Хөгжлийн бэршээлтэй иргэдэд зориулж үзвэрийн танхим уруу ордог зам нээхээр ажиллаж байна. Түүнчлэн уг талбайд музйгээс зохион байгуулж байгаа үзэсгэлэнгүүдийн тухай танилцуулга мэдээлэл, гэрэлтүүлэгтэй самбар зэргийг хийнэ. АСЕМ-тай холбогдуулан байгууллага аж ахуйн нэгжүүдийг гаднах орчноо тохижуулах үүрэг өгөдсний дагуу ийнхүү бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
-Жагсаал цуглаанаас болж танай байгууллагад учирсан хохирол байна уу?
- Манай байгууллагын үүдэнд түүнчлэн Хэлмэгсэдийн талбайг тойриулж гэр барьж гал түлдэг. 00 байхгүйгээс шөнө, орой булан тохой бүрийг бохирдуулдаг. Манай үйлчлэгч нарын ажлын ачаалал жагсаал цуглаан хийсний дараа эрс нэмэгддэг. Энэ орчин гал асаахдаа хэрэглэсэн тос масло, бинзен шатахууны үлдэгдэл, үнс нурам элдэв янзын хог новшоор дүүрдэг. Мөн гадна талын тохижилтыг буулгаж орхидог. Тухайлбал, үүдний довжооны шатны плита хуурч, хагарч, эвдэрч нурсан. Жагсаал хийх болгонд тодорхой хэмжээний их бага хохирол амсч байдаг. Гэтэл үүнийг хэн ч засдаггүй. Манайх өөрсдөө л засдаг. Нийтдээ 20-30 орчим сая төгрөг гаргаж тохижуулсан. Хамгийн гол нь жагсаал хийх зөвшөөрлийг олгохдоо Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд гэх боловч манай талбай уруу нэвтэрч тавцанд гарч ирдэг. Саяхан хамгийн сүүлийн жагсаалаар олон тооны улаан майхан, гэр барьж бидний хооронд хэрүүл маргаан болсон. Манай урд хэсэг 165 метр га талбайг хамардаг.
Эх сурвалж:www.zms.mn