
А.БЯМБАСҮРЭН
Засгийн газрын шалгуур үзүүлэлтүүдийг өндөр хувьтай хэрэгжүүлж 2014 онд Ховд аймаг Улсын тэргүүний аймаг болсон юм. Тус аймаг Улсын тэргүүний шилдэг хоёр сум төрж, сүүлийн жилүүдэд эдийн засаг хямралтай байгаа хэдий ч дэд бүтэц, бүтээн байгуулалтыг үсрэнгүй хөгжүүлж, нийгмийн олон салбарт дэвшил гаргаж байгаа талаар Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдантай уулзаж ярилцлаа.
-Аймгийн нүүр царай өдрөөс өдөрт шинэчлэгдэн хөгжиж, дэвшиж байгаагийн давуу тал нь юунд оршиж байна вэ?
-Манай аймгийн хувьд хамгийн олон овог угсаатан амьдардаг гэдгээрээ бусдаас ялгарч байдаг. Учир нь олон овог угсаатнууд нэг дор байхад дотоод өрсөлдөөн их байдаг. Овог угсаатан болгон өөр хоорондоо ажил хөдөлмөр хийе, амьдрал ахуйгаа өөд татая, нутаг усандаа нэр хүндтэй, хойч үедээ ач,гучдаа сайн сайхныг өвлүүлэх гэж илүү хөдөлмөрлөж зүтгэдэг. Иймд хөдөлмөрч, дайчин аливаа юмыг даван туулах сэтгэлийн тэнхээтэй хүмүүс байдаг.
-Сүүлийн жилүүдэд аймгийн хувьд амжилт арвин, бүтээл өрнүүн сайхан он жилүүд болж байгаад олон түмэн ам сайтай байгаа. Тэгэхээр аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэд, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид ямар дүн тавьж байна?
-Ховд аймаг 13 угсаатантай. Алдарт найрагч нэгэнтээ үхрийн бөөр шиг алаг хэрнээ ихрийн сэтгэлтэй ард нь сайхан гэж шүлэглэсэн байдаг.Үнэхээр овог угсаатнууд маань орон нутгийнхаа удирдлагын үйл ажиллагааг дэмжиж, өрх гэрийнхээ амьдралыг өөд нь татахын төлөө болон баг, сум, аймгийнхаа төлөө ч хувь нэмрээ оруулж, мэрийж зүтгэдэг нь ажлын их урам өгдөг. Сонгуулийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд аймгийн Засаг даргын дэвшүүлж тавьсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт сайн байна. Хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр аймгийн ИТХ болон ард иргэддээ тайлагнаж, дараа нь үнэлэлт дүгнэлт авч цааш нь улам сайжруулж, чанаржуулах талаар иргэдтэйгээ байнга холбоотой ажилласнаараа мөрийн хөтөлбөр хэрэгжихэд ихээхэн дэмжлэг болсон. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр тухайн жил бүрт 100-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа нь манай аймгийн ажилсаг, хөдөлмөрч хүн зоны зүтгэлийн үр дүн юм. Хамтран нэг баг болж ажилласан аймгийн ЗДТГ-ын баг хамт олон, харьяа хэлтсүүд, газрын дарга нар, сум багийн засаг дарга нар, сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар, бүх байгууллагуудын удирдлагууд хөгжил дэвшлийн төлөө нэгэн зүрх сэтгэлтэй байдаг юм.
-Аймагтаа сайхан амьдрах бизнес,эдийн засгийн таатай орчин бүрдээд ирэхээр хүмүүсийн сууршил нэмэгдэж хот улам тэлж байна. Үүнийг хэрхэн дүгнэж байна?
-Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд аймгаа хүн амьдрах таатай орчин болгохыг нэг дэх гол зорилгоо болгосон. Хоёр дахь нь үйлдвэрлэл бизнес эрхлэхэд Ховд аймаг Монгол Улсын хэмжээнд ээлтэй байх. Гурав дахь зорилт нь ногоон хөгжлийн загвар аймаг болж хөгжинө гэсэн гурван чиглэлээр ажиллалаа. Үр дүнд нь гурван жил дараалан аймгийн хүн ам таван мянгаар өссөн юм. Хүмүүс хот сууринд шилжин суурьшихаар явдаг биш, харин аймаг орон нутагтаа амьдрахаар ирж, үйлдвэрлэл бизнес эрхлэхээр шилжин ирж байгаа нь бидний бодлого зөв явж байгааг харуулна.
-Нийслэлээс алслагдсан гэгддэг холын Ховдод дэд бүтэц, зам харилцаа үсрэнгүй хөгжиж “тэсрэлт” хийсэн жил боллоо. Зам харилцааны хөгжлийн тухайд?
-Сүүлийн жилүүдэд дэд бүтцийн салбар үсрэнгүй хөгжлөө. Автозамын салбарт гэхэд Алтайн нуруу дамнасан Бодончийн хавцлыг гатлах хамгийн хүнд газруудад зам барилаа. БНХАУ, ОХУ-тай холбосон олон улсын А4 замын 80 гаруй хувийг барьж байгууллаа. Одоо Алтай хот хүртлэх зам бас Мянгад сумаас Саранхайрхан чиглэлийн зам, Эрдэнэбүрэнгээс Баян-Өлгий чиглэлийн замыг тавьж байна. Аймгийн 16 сумын 10 нь аймгийн төвтэйгөө засмал замаар холбогдсон. Ойрын хугацаанд нэмж хоёр сумыг аймгийн төвтэй холбоно.Мөн 17 сумын 12 нь төвдөө их бага хэмжээний хатуу хучилттай хар замтай болсон. Аймгийн нутаг дэвсгэр дээр нийт 1000 км илүүтэй засмал зам тавигдсан.
Наад зах нь Булган сумаас БНХАУ-ын нутаг хүртэл бүтэн өдөр зарцуулдаг байсан бол одоо дөрөвхөн цаг явдаг болсон. Улаанбаатар хот руу 48 цаг явдаг хугацаа ч богиноссон. Нөгөөтэйгүүр Улаанбаатар Ховд аймгийн хооронд долоо хоногт 11 удаа нислэгтэй боллоо. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас МИАТ компанийн 162 хүний суудалтай онгоц долоо хоногт гурваас дээш нислэг хийхээр боллоо. Сарнаас ч хол гэгддэг Ховд нутаг нийслэл бусад аймаг, хотуудтай хамгийн ойрхон болж байна.
-Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хоёр жилийн өмнө гадна дотны мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн. Энэ төлөвлөлт бодитой, хурдтай хэрэгжиж олны нүдэнд харагдаж, байгааг бид харж байна?
-Эртний түүхт Ховд хот 330 гаруй жилийн түүхтэй . Ховд хот үүссэн цагаасаа үе шаттайгаар хот төлөвлөлт хийж ирсэн. 30 гаруй мянган хүн амтай байсан бол одоо 40 гаруй мянган хүн амтай болсон нь хотын инженерийн суурь асуудлыг цогцоор нь шийдвэрлэснээр тэлж хөгжих суурь нь болсон. Үүнд таван хүчин зүйл байгаа. Нэгд 2030 он хүртлэх Ховд аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр хийлгэж мөрдөж байна. Дулааны хоёрдугаар станцыг төв магистрал шугам болон дулаан түгээх найман төв салбар шугамуудын хамт барьж ашиглалтад орууллаа. Мөн цахилгааны хоёрдугаар дэд станцын хувиарлах байгууламж 6,0 мянган кв-н шугам сүлжээ болон 04-ын шугам сүлжээний өргөтгөлч бүрэн хийлээ. Цэвэр усны өргөлтийн хоёрдугаар станц цэвэр усны 18 км шугам сүлжээг ус нөөцлөх савны хамт барьж байгуулж байна. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүллээ. Ингэснээр Ховд хот ирэх жилүүдэд 80 мянга болон түүнээс дээш хүн амтай үйлдвэрлэл үйлчилгээ бүс нутгийн соёл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, санхүү үйлдвэрийн таталцлын төв болж хөгжих боломжоо нээж байна. Сүүлийн гурван жил шинээр 900 гаруй компани, аж ахуй нэгж, хоршоо байгуулагдлаа. Өнгөрсөн жил гэхэд аймгийн төвд зургаан зочид буудал ашиглалтад орлоо. Булган, Зэрэг сумуудад өндөр зэрэглэлийн зочид буудлуудтай боллоо. Энэ бол аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл, бизнесийн орчин бий болж нэмэгдэж байгааг харуулж байна. Аймгийн эдийн засгийн гол үзүүлэлт ДНБ-ий өсөлт 2012 онд 160 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 360 тэрбум болов. Ингэснээр аймгийн нэр хүнд, өрсөлдөх чадвар жилээс жилд өсч байна.
-Алслагдсан аймгуудад бензин шатахууны үнэ өндөр байгаа тухай олон жил яригдаж, оны өмнөхөн нийслэл хотын үнэ ханштай ижил болгосон. Шатахууны үнэ буурснаар ямар ахиц дэвшил гарч байна вэ?
-Засгийн газарт баруун бүсийн аймгуудын шатахууны үнэ ханш өндөр байгаа талаар удаа дараа асуудал оруулж бензиний үнийг Улаанбаатар хотынхтой адил болголоо. Ингэснээрээ хүмүүсийн амьжиргааны түвшин сайжирч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах сайхан нөхцөл бүрдлээ. Ховд аймгийн тээвэрчид өнгөрсөн 2015 онд нэг сая илүү тонн ачаа тээвэрлэжээ. Үүний 370 мянган тонн нь Хөшөөтийн уурхайгаас коксжих нүүрс экспортод тээвэрлэсэн байна. Бусад нь барилгын материал, өргөн хэрэглээний бараа байна. Эндээс үзэхэд тээвэрчдийн орлого нэмэгдэж байна. 2012 оноос эхлэн Ховд аймагт 1300 гаруй орон сууц баригдаж ашиглалтад оруулсан. Жилийн дотор Ховд аймгийн барилгачид 70 мянган метр хавтгай талбайд барилга барьсан. Энэ бол социализмын үед таван жилийн зорилго болгож байсан барилгатай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин