Зуслангийн 26 байршилд 18216 нэгж газрыг өмчлүүлнэ

2016-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ХАТАН

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэдээллийн технологийн газартай хамтран зуслангийн газрыг өмчлүүлэх ажил маргаашнаас эхлэх гэж байна. Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга Т.Энхтуяа, ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

26 байршилд зуслангийн газар өмчилнө

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн 26 байршлын /амны/ ерөнхий төлөвлөгөөг, 2014 оны 101 дүгээр тогтоолоор 5 байршил, мөн оны 181 дүгээр тогтоолоор үлдэх 21 байршлын хаягийн зураг төслийг батлан гаргаснаар төлөвлөлт, хаягжилтын суурь мэдээлэл бүрджээ. Ингэснээр зуслангийн газруудад газар өмчлөлийн ажлыг зохион байгуулахдаа шинэчилсэн хаягийн бүртгэл хийх боломжтой болжээ.

Батлагдсан 26 байршил нь Сүхбаатар дүүрэгт Ар хустай, Цолмон, Цээнэ, Бэлхийн даваат, Бэлхийн мааньт, Гоодой, Баянбулаг, Бэлхийн хадат, Бэлх, Бэлхийн цуурайт, Хандгайт, Хандгайтын богино, Хуурай мухар, Майхан толгой, Санзай, Сэлбэ, Сэлх, Шарга морьт, Зуун мод зэрэг 19 ам, Чингэлтэй дүүрэгт Жигжид, Яргайт, Ар согоот, Гүнт, Ойн булаг, Шадивлан, Яргайтын богино зэрэг 7 аманд тус тус өмчлөлийн ажил зохион байгуулагдах юм байна.

Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахад газар өмчлөлийн үргэлжлэн явагдах аж.

Ойн болон голын эргээс 100 метрт газар өмчүүлэхгүй

Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын даргын 2006 оны долдугаар сарын 28-ны өдрийн 155 дугаар тушаалаар батлагдсан “Зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл”-д тусгагдсаны дагуу зуслангийн газруудыг өмчлүүлэхдээ зөвхөн тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэх юм байна. Батлагдсан төлөвлөлт зөрчигдсөн тохиолдолд тухайн газрыг өмчлөхгүй бөгөөд төлөвлөлттэй уялдуулах арга хэмжээ авсны дараа өмчилж авах боломж бүрдэнэ. Тиймээс иргэн та өөрийн зуслангийн газраа батлагдсан төлөвлөлтөд орж байна уу гэдгийг шалгаарай.

Мөн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасанчлан хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг нийтийн эдэлбэрийн газрууд, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газруудыг өмчлүүлэхгүй юм байна.

Монгол Улсын “Ойн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасанчлан ойн цоорхой, ойн захаас гадагш 100 м газар, тарьц суулгац бойжуулах мод үржүүлгийн газруудын эзлэх талбай нь ойн сан бүхий газарт хамаардаг байна. Мөн “Усны тухай” хуулийн 22 дугаар зүйл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 тоот тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-д заасанчлан хот суурин газрын усан сан бүхий газрын эргээс 100 метрээс доошгүй зайд газар өмчлүүлэхийг хоригложээ.

Иймд холбогдох хууль тогтоомжид заасанчлан ойн сан бүхий болон усны сан бүхий газрын онцгой, эрүүл ахуйн, энгийн хамгаалалтын бүсүүд, нийслэл хотын нутаг дэвсгэр дэх Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заагдсан ангилал бүхий нийтийн эдэлбэрийн газрууд, зам, шугам сүлжээний газруудын трасс, улаан шугам, хамгаалалтын бүсүүдэд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх боломжгүй юм байна.

Шадивлан, Жигжид, Шарга морьт, Майхан толгойд “Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоо” ажиллана

Иргэдийн зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дэх 26 байршилд /аманд/ суурин болон хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2014 оны долдугаар сарын байдлаар нийт 40059 нэгж талбар байгаагаас 18216 нэгж талбар нь өмчлүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүн гаргажээ. Бусад нэгж талбаруудын хувьд хуульд заасан шаардлага хангахгүй тул өмчлөгдөх боломжгүй, мөн тодорхой зөрчил арилгасны үндсэн дээр өмчлөгдөх боломжтой юм байна. Судалгааны урьдчилсан дүн

Дүүрэг

Чингэлтэй

Сүхбаатар

Нийт

Амны тоо

9

17

26

Өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тоо

4040

14176

18216

Өмчлөгдөх боломжгүй нэгж талбарын тоо

8655

13188

21843

Нийт дүн

12695

27364

40059

 

Хаягийн зураг төсөл батлагдсан 26 байршилд хийгдсэн урьдчилсан тооллогоор өмчлөгдөх боломжтой 18216 нэгж талбарыг “Зуслангийн газрыг өмчлүүлэхэд баримтлах чиглэл”-ийн дагуу батлагдсан төлөвлөлттэй уялдуулах арга хэмжээг авсны үндсэн дээр өмчлүүлнэ.

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй зэрэг дүүргүүдийн зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлын хүрээнд газар дээрээ бодит байдлаар ямар байгааг нэгж талбар, хашаа бүрээр нь очиж кадастрын зураг болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй харьцуулан судалж, тоолж, бүртгэх, зөрчлийн байдлыг нарийвчлан гаргах ажлыг хийж, газрын зөрчил арилгуулах, мэдээлэл сурталчилгаа хийх, иргэдийн газрын эрхийн бүртгэл болон газар ашиглалтын байдлыг танилцуулах зорилгоор “Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоо”-г Шадивлан, Жигжид, Шарга морьт, Майхан толгой зэрэг дөрвөн байршилд байгуулжээ.

Зуслангийн газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авна

Нийслэлд зуслангийн газар өмчлөлийн ажлыг зохион байгуулахдаа иргэд болон албан байгууллагууд, албан хаагчдад хэт ачаалал үүсгэхгүй байх, зардлыг хэмнэх, иргэд газрын харилцааны албанд биеэр ирж, урт хугацаагаар дугаарлахгүй байх нөхцлөөр хангах зорилгоор иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хэрэгжсэн төслийн хүрээнд бий болсон “Газрын харилцааны цахим үйлчилгээний систем U-Las”-ийн программ хангамжийг ашиглан цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгч ажиллахаар болжээ.

Иргэдийн хүсэлтийг www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулах хүлээн авах бөгөөд системд иргэд өөрийн мэдээлэл болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой, өмчлөгдөх боломжгүй, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт хүлээн авах бөгөөд тухайн шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

18 цаг 23 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

23 цаг 56 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

23 цаг 56 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Уржигдар 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

2025-08-12
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

2025-08-12
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

2025-08-12