
С.САРУУЛ
Нийтийн тээврийн жолооч, кондукторууд өнөөдөр 06.00 цагт ажил хаяна гэдгээ мэдэгдээд байсан. Тэд үндсэн цалингаа 35-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Энэ талаар Автобус-1 компаниас тодруулахад “Ажил хаялт болоогүй байна. Гэхдээ ҮЭ-ийн холбооноос албан ёсны бичиг ирээгүй” гэсэн юм. Харин ажилчдын зүгээс компанийн удирдлагуудтай ярилцаад 25 хувиар цалингаа нэмэгдүүлэхээр зөвшилцөж байгаа учраас ажил хаялтаа ирэх баасан гариг хүртэл хойшлуулсан гэсэн юм.
“Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” баазын ажилтнуудын зүгээс тарифын хэлэлцээрийг мөрдөхийг шаардаж байгаа юм. Энэхүү хэлэлцээрт ажилтнууд цалингийн 70 хувь үндсэн, 30 хувь нь шагналт цалин байх ёстой гэж заажээ. Гэтэл одоо цалингийн 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин болчихсоноос ажилтнууд хохирч байгаа гэнэ. Орлогын төлөвлөгөөг биелүүлэхгүй бол 60 хувийн цалин авахгүй байгаа юм байна.
Эх сурвалж: www.polit.mn