
С.САРУУЛ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариатай ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэл их гарч байна. Нийгэмд мэдэгдэхгүй байгаа гаралт ихэсч байна. Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт муу байгааг шүүмжлэх хүн олон бий. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Төрөөс ч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд ач холбогдол өгч баталсан байдаг. Гэхдээ амьдрал дээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдээ төдийлөн сайн хамгаалж чадахгүй байгаа. Энэ нь хуулийн зохицуулалтын сул талтай холбоотой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анх батлахдаа дангаар нь баталсан. Бусад хуулиудтай уялдуулж батлаагүй. Мөн хэрэгжилт маш муу учраас шүүхийн шийдвэр биелэгдэхгүй цаасан дээр үлдэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хохирогчыг хамгаалж, хүчирхийлэл үйлдэгчийн эрхийн хязгаарласан зүйл заалтийг тодорхой оруулсан. Үүний дагуу хохирогч шүүхэд хандаад өөрийнхөө эрхийг хамгаалуулах шийдвэр гаргуулдаг. Гарсан шийдвэр нь шийдвэр гүйцэтгэл дээр очоод биелддэггүй. Яагаад гэвэл Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд хүчирхийлэл үйлдэгч нөхрийг хэрхэн хянаж, ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байдаг. Мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэггүй. Иргэн хоорондын маргаан гэж үзэж, Захиргааны зөрчлийн арга хэмжээ аваад явуулдаг. Тиймээс хохирогчоо давхар хохироогоод байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг цагдаагийн албан хаагчид Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар баривчилж, торгодог. Эсвэл эрүүлжүүлэх байранд байршуулдаг. Гарсан зардал мөнгийг тухайн хохирогч төлөх ч тохиолдол бий. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртлөө гэх дуудлага өгснөөс гадна давхар хохироод үлддэг. Шүүхэд хандлаа гэхэд хэргийг шийдвэрлэх хугацаа хэтэрхий урт. Энэ хугацаанд хохирогч хүчирхийлэгч үйлдэгчийнхээ гарт амь насаа ч алдаж байсан тохиолдол байдаг.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг таслах зогсоох, урьдчилан сэргийлж, тухайн гэр бүлийг эвлэрүүлэн зуучлах зорилготой. Гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд байж болохгүй зан үйл гэдгийг хуульчилж өгөөгүй байдаг. Ийм учраас хүмүүс хүчирхийллийг байдаг л зүйл мэтээр өрөөсгөл ойлгодог. Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөг. Эрэгтэйчүүд өртөх нь харьцангуй бага. Эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлнэ гээд зоддог нь ч хүчирхийллийн нэг хэлбэр. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгад олон өөрчлөлт оруулж байгаа. Жишээлбэл, хүчирхийлэгч этгээдийн хийсэн хэргийг нь харгалзан шат дараалсан арга хэмжээ авах болно. Эцэг эх байх эрхийг нь хасах, хамгийн дээд шийтгэл нь ял оноох юм. Мөн хүүхдийн хамгаалалын асуудлыг тодорхой зааж өгч байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд хүүхдийн талаарх тодорхой заалт байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд хаанаас, ямар үйлчилгээ авах, холбогдох газарт хэрхэн мэдээлэх, хэн нэгэн хүүхэд хүчирхийлэлд өртсөнг харсан хэрнээ мэдээлээгүй, хамгаалаагүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн.
-Шинэчилсэн хуулиар хүүхдийн эрх ашгийг хамгаалах заалт түлхүү оруулна гэсэн. Тодруулахгүй юу?
- Хүүхдийг хүчирхийлсэн байвал Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд зааснаар эцгийг нь тусад нь амьдруулах, хүүхэдтэй харилцаа тогтоохийг хориглодог. Гэвч хуулийн энэ заалт хэрэгжиж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Одоо шинэчилэн найруулж буй хуульд хүүхдийг зодож гэмтээвэл ямар хариуцлага хүлээлгэх талаар тодорхой зааж өгсөн. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэсэн бүлэг нэмэгдэж байгаа. Хүүхдүүд хүчирхийлэлд өртсөнөө төдийлөн мэддэггүй. Тиймээс энэ бүлэгт тухайн хүүхдийг хүчирхийлэлд өртсөнийг мэдвэл уг асуудлыг мэдээлэх нь иргэний үүрэг байхаар заасан. Нүдэн дээр нь хүүхэд хүчирхийлэлд өртөж байхыг харсан хүн холбогдох газарт мэдээлэх ёстой. Хэрвээ иргэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно. Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэлд өртөхгүй байх талаар бүтэн бүлэг оруулж байгаа. Ингэснээр, аавдаа, хойд эцэг, эхдээ зодуулдаг, дарамтлуулдаг хүүхдүүд ч эрхээ хамгаалуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шинэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн ч байсан эрхээ хамгаалуулж, хүчирхийлэгчид хариуцлага тооцдог тогтолцоо бий болох юм. Мөн нийслэлийн хэмжээнд хамгаалах байр хангалтгүй байна. Олон улсын жишгээр бол 100 мянган хүнд нэг хамгаалах байр байх ёстой байдаг.
-Хамгийн их үйлдэгдэж байгаа нь ямар төрлийн хүчирхийлэл байна. Танай байгууллагад хандсан иргэдэд ямар туслалцаа үзүүлдэг вэ?
-Хүчирхийллийг бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн, эдийн засгийн гэж дөрөв ангилж үздэг. Бие махбодь болон бэлгийн хүчирхийллийг нотлоход харьцангуй амар байдаг. Харин сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэл нь далд хэлбэрээр үйлдэгддэг. Хамгийн их үйлдэгдэж байгаа нь бие махьбодын хүчирхийлэл. Цагдаагийн байгууллагад мэдээлж, хэрэг үүсгэх боломжтой. Эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийллийг нотлоход тодорхой цаг хугацаа шаардлагатай болдог. Манай байгууллага иргэдийг хамгаалах байрандаа байршуулж, хууль эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөөг өгдөг. Манай байгууллагад өнгөрсөн онд 2000 гаруй иргэн хандсанаас 108 хүнийг хамгаалах байрандаа тодорхой хугацаанд байршууллаа. Үйлчлүүлэгчдийн 60 гаруй хувь нь хүүхдүүд байсан. Ирж байгаа иргэдийн дийлэнх нь бие махбодын бэртэлтэй, сэтгэл санааны дарамттанд орсон байдаг. Сүүлийн үед бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охид, эмэгтэйчүүд хандах нь эрс нэмэгдлээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнууд ирж байна. Амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учирч болохуйц байдалд орсон эмэгтэйчүүд, хүүхдийг 14 хоногоос гурван сар хүртэлх хугацаатай байрлуулж, бүхий л талын туслалцаа үзүүлдэг.
-Хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдэд өмгөөлөгч олдох боломжтой байдаг уу?
-Насанд хүрээгүй хүүхдүүдэд өмгөөлөгчийн зардал олдох боломж муу. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд өмгөөлөгч олж өгөхөд манай төв анхаарч ажилладаг. Сэжигтэн, яллагдагч нарт улсаас үнэгүй өмгөөлөгч томилдог хэрнээ эмзэг бүлгийн хохирогч хүүхдүүдэд өмгөөлөгч болон зардал нь ч олдохгүй байна. Энэ асуудалд төрөөс анхаарал хандуулах шаардлагатай байна.
-Гэр бүлийн хүчирхийллийн ихэнх нь хардалтаас болдог юм шиг санагддаг. Ер нь гадаад орнуудын туршлага хэр байдаг юм бол?
-Хүчирхийллийн суурь шалтгаануудыг багасгах хэрэгтэй. Наад зах нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг төр, засгаас бодлогоор дэмжиж, бодит ажил хэрэг болгомоор байна. Ажилгүй байх нь эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд нөхрөөс нь хараат болгодог.Энэ нь эргээд дарамтад өртөх эрсдэлийг ихэсгэдэг. Ер нь нийгмийн хандлагыг өөрчлөхийн тулд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг олноор ажиллуулах шаардлага бий. Түүнээс нийгмийн халамжийн хэдэн төгрөгөөр гэр бүлийн асуудлын шийдэх боломжгүй л дээ. Гадаад орнуудын жишгээс харахад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаардаг юм байна. Дээр нь хүчирхийллийг өөгшүүлэхгүй байхад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Манайд гэр бүлийн хүчирхийллийг хэвийн зүйл мэт ойлгож, хүлээж авах хандлага түгээмэл байдаг. Жишээ нь, эмэгтэй хүн ажилдаа нүд нь хөхрөөд, хавдчихсан ирэхэд хэн ч тоодоггүй. Тоож анзаарлаа ч түүнийг асуудал болгон авч үздэггүй. Нөхөр нь эхнэрийнхээ ажил дээр ирээд зодоход хүртэл ажлынхан нь цагдаад мэдэгддэггүй. Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоо тун чухал. Энэ талаархи сурталчилгаа, таниулгыг сайн хийх хэрэгтэй байна.
Эх сурвалж: www.polit.mn