С.Чинзориг сайд 22 хүүхэд төрүүлсэн ижийд хүндэтгэл үзүүлэв

2015-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.САРАА

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Өлзийт, Төгрөг, Гучин-Ус суманд ажиллаж иргэдтэй уулзан, хамтарсан Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулахын хамт хөдөө орон нутгийнхны санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр С.Чинзориг сайд Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн даргын хувьд  Баян-Өндөр сумын өндөр настан Цэнджавын Норжмаа гуайд хүндэтгэл үзүүлсэн юм. Ц.Норжмаа гуай өдгөө нас сүүдэр 88 хүрч буй энэ буурай 22 удаа амаржиж, 18 хүүхдийг эрүүл энх өсгөж хүмүүжүүлсэн буянтай ээж. Олон хүүхэд төрүүлж өсгөн, хүүхдүүд нь улс эх орондоо ихийг бүтээх сайн хүмүүс болж хүмүүжсэнд талархал илэрхийлж С.Чинзориг сайд Нутгийн зөвлөлийн “Хүндэт өргөмжлөл”-ийг 200 мянган төгрөгийн хамт Ц.Норжмаа гуайд гардуулсан. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн хэмээн түүнийг онцлон хүндэтгэл үзүүлэхээр ирсэн Хөдөлмөрийн сайдад Ц.Норжмаа эмээ насаа хайрлаж, үр хүүхдүүд нь талархал илэрхийлэв.

Хөдөө бага охиныдоо Гурванбулагт өвөлжиж байгаа ч төрийн сайд өөрт нь хүндэтгэл үзүүлэх гэж буйг дуулаад сумын төв рүү ирсэн гэнэ.  Түүнийг ирсэн сургаар хүүхдүүд нь ар араасаа цувсаар гэрт багтах зайгүй, эмээ ч хол ойрын сонин хуучлаад завгүй болсон тул түүний охин Д.Батцэрэнтэй ярилцлаа.

-Та Норжмаа гуайн хэд дэх хүүхэд вэ?

-Би хоёр дахь  нь. Дээрээ нэг эгчтэй. Эгч ээжийг 17-тойд, би 19-тэйд нь гарсан юм.

-Их эрт гэрлэжээ?

-Миний аав Энхийн Дампил гэж хүн байсан. Аав 1939 онд цэрэгт таван жилийн хугацаатай явж ирээд ээжтэй гэрлэж анхны хүүхэд нь 1944 онд төрсөн юм билээ. Ижий минь жил дараалж төрөөд олон хүүхэд гаргасан. 22 төрсөн юм шүү дээ. Түүнээс дөрөв нь нялхдаа эндээд, 18 нь хүн болсон. Одоо хүүхдүүд нь 13-уул болоод байгаа. Ижийтэйгээ хамт өтлөөд хөгшин улс л болж дээ, бид.

-Одоо ач зээ хэдүүлээ болсон бол?

-Хүүхэд шуухад хүргэн бэр гэж нийлээд тоогоо алдсан. 300 гарсан гэсэн шүү. 

-Аав ээж тань энэ нутгийн улс уу?

-Эндхийн, Баян-Өндрийн л айл.

-Мал хөрөнгө ихтэй айл байв уу, танайх?

-Амины хэдэн малтай байсан. Сүүлдээ нэгдэлд орж, ээж заводын үнээ саадаг байлаа. Би тэгэхэд арван хэдтэй л байж. Ижийдээ тус нэмэр болоод хэдэн үнээг нь хамт саана. Сүүнийхээ норм төлөвлөгөөг биелүүлэх гээд их юм болно шүү дээ. Өөрсдөө хар цай уунгаа л алдана. Амины малынхаа сүүг хүртэл нэмээд нэгдлийнхээ төлөвлөгөөг түрүүлээд биелүүлчихнэ ээ. Төлөвлөгөөгөө эрхтхэн биелүүлчихээд есөн сарын эхнээс л идээ авна. Түүгээрээ хүүхдүүдийнхээ гэдсийг цайлгана шүү дээ. 1960-аад онд би ч хот руу явж, манайх нэгдлийн хонь авч хариулсан. 1990 он хүртэй манайх хоньтой байсан.

-Доороо олон дүүтэй эгчийн үүрэг хариуцлага их байсан байх. Наад зах нь энэ олон хүүхдийн хоол гэхээр хэдий хэмжээний юм хийх үү?

-Бүхэл хоол хийх бол нэлээн том тогоогоор л мах чанаад хүн бүрт хавирга сүврэг, нуруу сээрээр нь  хуваагаад тараана. Адуу, тэмээ хамаагүй шүү дээ. Хүүхдүүдээ тойруулж суулгачихаад л тогоотой хоолоо хуваана даа. Намайг гэртээ байх үед манайх арван хүүхэдтэй, аав, ижийтэйгээ нийлээд 12-уул. Тогоо дүүрэн гурилтай хоол хүний нэг хоёр аяга л болно. Зарим нь нэмээд заримд нь ч хүрэхгүй.

-Та нараас сургууль номоор явсан нь хэд, нутагтаа мал маллаж үлдсэн нь хэр олон байна?

-Суманд мал дээр гурван айл л байна даа. Бид бүгд л сумдаа бага сургууль төгссөн. Тэгээд л цаашаа сургууль номоор явах нь яваад, хот хүрээнд ажил албатай болж, зарим нь аймагт худалдаа наймаа эрхэлж байна.

-Та өөрөө хэчнээн хүүхэд төрүүлэв?

-Таван хүүхэдтэй.  

-Норжмаа гуайг тав дахь үеэ үзэж байгаа гэсэн. Тав дахь үеийн төлөөлөл хэний хүүхэд вэ?

-Манай том хүүгийн ач охин. Ээжийн хамгийн том зээ нар гэхэд одоо тэтгэврийн насанд хүрээд байна шүү дээ. Бидний хамгийн том эгч минь бурхан болчихсон. Түүний том охин гэхэд 55-тай, манай том хүү 52-той болчихоод байна даа.

-Ээж нь залуудаа ямархуу хүүхэн байв?

-Ажилсаг сүрхийгээрээ нутагтаа л гайхагддаг байсан шүү, миний ээж. Үйл үртэст уран гэж жигтэйхэн.  Хэдэн хүүхдийнхээ дээл хувцасыг өөрөө хийнэ. Гутлыг нь хүртэл хийгээд уллаад тавьчихна шүү дээ. Ажилтай сүрхий болохоор заводын үхэр саагаад, дараа нь нэгдлийн хонь хариулаад жилийн эцэст 13 дахь сарын цалин гэж их мөнгө авна. Сум, аймгийн депутат, Нэгдлийн дээд зөвлөлийн их хурлын төлөөлөгч гээд ээж мундаг байсан шүү.

-Одоо ээжийгээ хэн нь асарч байна?

-Бидний бага эмэгтэй дүүтэй хамт байдаг юм. Хөдөө энүүхэнд ойрхон нутагладаг. Дүү минь л ээжийг гардаж асарч байгаа даа.

-Ач нараасаа хэр олныг өсгөсөн бэ?

-Залуудаа гаргасан олон охид нь зэрэгцэж төрөөд  хэн нь хэнийгээ харах вэ гэхээр л байсан даа.

-Олуулаа айлын хүүхдүүд хүмүүжилтэй, ажилтай өсдөг гэдэг?

-Манайд хүн бүр юу хийх нь хуваарьтай. Ажил хийх хүнгүйн зовлон байхгүй шүү дээ. Мод түлээ, хурга ишиг гээд хүүхдийн тус ч багадахгүй. Гэрт хүн ирвэл “Гарч саравчинд тогло” гээд хөөгөөд л гаргана. Бид ч хүн явтал гэр рүү орж ирэхгүй шүү дээ.  Охидоо ч ажилд эрт сургасан. Би л гэхэд хар багаасаа юм оёж, хэдэн дүү нарынхаа онгорхой цоорхойг нөхөөд, гутлыг нь уллаад өгчихдөг байсан юм даг.

-Та нар хоорондоо ер нь хэдэн насны зөрүүтэй юм бэ?

-Эхний хэд нь хоёр насны зөрүүтэй. Сүүл рүүгээ ч жил дараалсан.

-Норжмаа гуай өвдөж зовохгүй амархан төрчихдөг байж дээ, янз нь?

-Гайгүй ээ. Отгон дүү дээр л жаахан зовсон. Гэртээ амаржаад, ихэс нь гарахгүй нэлээн зүдэрсэн, хөөрхий. Нас нь явчихсан байж. 48-ныхаа жил дээр манай хамгийн бага Баттөрийг төрүүлсэн юм.

-Хүүхдийн мөнгө гэж овоохон юм авна биз?

-Дөрвөн хүүхэдтэй айлд 400 төгрөг өгдөг, тав болохоор 750 гээд дараа нь 2000 болсон бил үү дээ. Тэр үед бол их мөнгө шүү дээ.  Хүүхдийн мөнгөө аваад бид нарт хувцас хунар авч өгнө. Гурил будаагаа авна гээд болгоод л байдаг байж дээ, ээж аав хоёр минь.

Эх сурвалж: www.polit.mn

Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

9 цаг 16 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

9 цаг 57 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

18 цаг 20 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

18 цаг 20 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Уржигдар 06 цаг 25 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Уржигдар 06 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Уржигдар 06 цаг 10 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Уржигдар 06 цаг 05 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Уржигдар 06 цаг 00 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

2025-06-25