Арвиндер Сингх Соин: Энэтхэгчүүдийн 2-4 хувь нь В, С вирустэй

2015-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОН

Элэг шилжүүлэн суулгах хагалгааг манайхан Солонгос, Америк, Сингапурт хийлгэх нь элбэг. Гэвч сүүлийн жилүүдэд Энэтхэг улсыг зорих өвчтөнүүдийн тоо нэмэгдсэн байна. Саяхан Энэтхэгийн “Меданта” эмнэлгийн элэгний мэс заслын их эмч манай улсад ирэх үеэр түүнтэй ярилцлаа.  

-Сайн байна уу. Таныг манай улсад ирсэнд баяртай байна. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Миний нэрийг Арвиндер Сингх Соин гэдэг. Энэтхэгийн Дели хотын Гургон дүүрэгт байрлах “Меданта” эмнэлгийн харъяа элэг шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн эрхлэгч, ерөнхий мэс засалч. 

-Та манай улсад ямар ажлаар ирээд байна вэ?

-Би Энэтхэгт 2000 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Мэс засал хийлгэсэн хүмүүсийн дунд цөөн тооны монгол хүн байсан. Надаар хагалгаа хийлгэсэн монгол хүмүүс болон танай улсын зарим эмч нар элэгний өвчлөл, элэг шилжүүлэн суулгалт, эмчилгээ, сүүлийн үеийн ололт амжилтын талаар туршлага судлах зорилгоор намайг урьсан юм. Үүнээс гадна энэ салбарт хамтран ажиллах, эмч мэргэжилтнүүдийг “Меданта” эмнэлэгт сургах, мэргэжил дээшлүүлэх болон цаашид хамтран ажиллах хүсэлт тавихаар ирсэн.

-Та “Меданта” эмнэлгээ танилцуулаач. Элэг шилжүүлэн суулгах хагалгаагаар Азидаа тэргүүлдэг гэж сонссон?

-Манай эмнэлэг 45 хагалгааны өрөө, 1500 ор бүхий олон улсын JCI зөвшөөрөлтэй Азидаа цөөнд тооцогдох том эмнэлгийн нэг. Тэр дундаа “Меданта” элэг шилжүүлэн суулгах тасаг нь дэлхийд томд тооцогддог бөгөөд 500 гаруй эмч жилд 350 гаруй элэг шилжүүлэн суулгах хагалгааг 95 хувийн амжилттай хийдэг.

-Манай улсын хүн амын дийлэнх нь В, С вирусын халдвартай. Мөн үүнээс үүдэлтэй элэгний хавдар их бий. Харин танай улсад энэ төрлийн өвчлөл хэр байдаг вэ?

-Судалгаагаар Монголын хүн амын 12 хувь нь В, 11 хувь нь С вирустэй гэж гарсан юм билээ. Дэлхийн хэмжээнд элэгний хорт хавдраар нас барах тохиолдол хамгийн өндөр буюу 100 мянган хүн тутамд 86 нас баралттай байна. Энэтхэг улсын хувьд энэ өвчлөл хамгийн бага бөгөөд хүн амын дөрвөн хувь нь В, хоёр хувь нь С вирустэй гэсэн тоо байдаг. Тиймээс элэгний хорт хавдраар нас барагчдын харьцаа танай улстай харьцуулахад 100 мянган хүн тутамд 2-3 хүн нас бардаг гэсэн үг юм.

-Элэгний өвчлөлийг ядуу буурай орны өвчлөл гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Элэгний хорт хавдар, В, С вирусын өвчлөл хөгжиж буй болон буурай хөгжилтэй орны төвшинд бага зэрэг өндөр байх хандлага ажиглагддаг. Энэ нь В, С вирусын талаарх ойлголт муу, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хожуу авдагтай холбоотой. Түүнээс элэгний энэ төрлийн өвчлөл дэлхийн аль ч оронд бий.

-Элэгний өвчлөл ихсэх шалтгаан нь юутай холбоотой вэ. Хоол хүнс энэ өвчлөлд нөлөөлөх үү?

-Элэгний өвчлөл дөрвөн үндсэн шалтгаантай. Гепатит В,С вирус, согтууруулах ундаанаас шалтгаалсан элэгний өөрчлөлт болон архины хэт их хэрэглээ. Үүнээс гадна элэгний өөрчлөлт нь чихрийн шижин, өөх тос ихтэй хоол, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, таргалалтаас шалтгаалдаг.  

-Манай улс элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийдэг болсон. Гэвч манай иргэд гадаадад энэ хагалгааг хийлгэх нь их байдаг. Танай эмнэлэгт монгол өвчтөнүүд хэр их ханддаг вэ?

-Би олон улсын 2000 гаруй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг Энэтхэг улсад хийгээд байна. Манай элэг шилжүүлэн суулгах тасагт сүүлийн гурван сар гаруйн хугацаанд Монголын талын хүмүүстэй харилцаж эхэлсэн. Одоогоор зургаан хүнд донорын хамтаар 100 хувь амжилттай элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийгээд байна. 

-Танайд хандсан Монгол иргэдийн хувьд биеийн байдал нь ямар байсан бэ. Манайхан өвчлөлөө эцсийн шатанд нь оношлох нь элбэг байдаг? 

-Элэгний хорт хавдар бусад хорт хавдраас ялгагдах нэг онцлогтой. Энэ нь эхний шатандаа оношлогоогоо зөв хийсэн тохиолдолд эмчилгээ хийж, эдгэрэх бүрэн боломжтой. Хэрэв хавдар гүнзгий тархсан тохиолдолд элэг шилжүүлэх хагалгаа зайлшгүй хийх шаардлагатай. Надаар хагалгаа хийлгэсэн өвчтөнүүд мэйлээр болон утсаар эхний ээлжинд холбогдож өөрийн биеийн байдлын талаар мэдээлэл өгсөн. Түүний дагуу бид Монгол дахь элэг болон хоол боловсруулах тасгийн эмч нартай холбогдож, тэдний нарийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар харилцан мэдээлэл авсан. Үүний үндсэн дээр хагалгаа хийх эсэхээ шийдсэн. Зарим өвчтөний биеийн байдал хагалгаа хийх төвшнөөс оройтсон эсвэл донор нь тохирохгүй тохиолдолд хүлээн авах боломжгүй байдаг.  

-Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараа хэр удаан амьдрах боломжтой вэ?

-Элэгний хорт хавдар гүнзгий тархсан тохиолдолд тухайн өвчтөн хэдхэн сарын настай байдаг. Харин элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн тохиолдолд цаашид эмчийн зааврын дагуу гам барихад 95 хувийн амьд явах магадлалтай гэж үздэг. Тиймээс эмч нар энэ хагалгааг маш амжилттай эрхтэн шилжүүлэх хагалгааны нэгд тооцдог.

-Элэгний донорыг хэрхэн сонгодог вэ. Хагалгааны дараа донорын биед өөрчлөлт орох эрсдэл бий юу?

-Тухайн өвчтөний гэр бүлийн 18-55 насны ижил цусны бүлэгтэй, энгийн жинтэй гишүүн донор болж болно. Донор болсон хүнд ямар нэг аюул байхгүй. Бид донорын элэгнээс тодорхой хэсгийг авч өвчтөнд суулгадаг. Ингээд хагалгаа хийлгэснээс нэг долоо хоногийн дараа эмнэлгээс гардаг. Дөрвөн долоо хоногийн дараагаас хэвийн амьдралдаа ордог. Ер нь 2-3 сарын дараа гэхэд тухайн донорын элэг буцаад хэвийн хэмжээндээ хүрч ургадаг. Гурван сарын дараагаас энгийн биеийн хүчний болон спортын үйл ажиллагаанд оролцох боломжтой. Цаашид элэгний үйл ажиллагаанаас хамаарсан ямар нэг нөлөө гарахгүй. 

-Та манай улсын төв эмнэлгүүдийн удирдлагуутай уулзсан гэсэн. Ямар асуудлыг хөндөж ярив. Үр дүнг нь юу гэж харж байна вэ?

-Би 1998 оноос хойш элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байсан. Манай улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байгаа мэс заслын эмч нарын 80 хувь нь миний шавь. Тиймээс би Энэтхэг гэлтгүй олон улсын эмч нарт зааж, сургах туршлагаасаа хуваалцах талд хичээн ажилладаг. Миний хувьд хэд хэдэн эмнэлэгт зочилж, удирдлагуудтай нь уулзаж санал сэтгэгдлээ солилцлоо. Мөн хэд хэдэн эмнэлгийн удирдлагууд болон эмч, сувилагч нарыг манай эмнэлэгт сургах, мэргэжил дээшлүүлэх, зочлон танилцах хүсэлт тавьсан. Цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо. Би Монголд байх хугацаандаа элэг шилжүүлэн суулгах, уг өвчний өнөөгийн болон цаашдын эмчилгээ, оношлогоо, ололт амжилт сэвдээр 80 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудад лекц уншсан. Лекцэнд маань суусан эмч мэргэжилтнүүд манай эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах хагалгааны үр дүн маш өндөр хувьтай байгаад болон зардал хямд байгаад ихээхэн ач холбогдол өгсөн.

“Меданта” эмнэлэгт элэг шилжүүлэх хагалгаа хийлгэх нь Өмнөд Солонгост энэ төрлийн хагалгаа хийлгэснээс гурав дахин, Америк, Сингапурт хийлгэснээс тав дахин хямд юм. Тиймээс цаашид олон салбарт манай эмнэлэг Монголын эмнэлгүүдтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

10 цаг 2 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

10 цаг 42 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

19 цаг 5 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

19 цаг 5 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Уржигдар 06 цаг 25 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Уржигдар 06 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Уржигдар 06 цаг 10 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Уржигдар 06 цаг 05 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Уржигдар 06 цаг 00 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

2025-06-25