
М.ЦЭЦЭГ
Тэрээр бидний урилгыг уриалгахан хүлээж авсан ч бүх зүйлээ дэлгэхийг хүссэнгүй. Гэхдээ тэр улс төрийн талаарх үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэв. Ингээд МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэнгийн амьдралын нэгэн хэсгээс сийрүүллээ. Улстөрч төрхөөс нь эхлээд хувь хүний үүднээс хэн бэ гэдгийг дэлгэхийг хичээв. Тэрээр өөрийгөө, өрхөө засчихаад төрөө засахад хувь нэмрээ оруулахыг зорьж яваа эмэгтэй юм.
УЛСТӨРЧ О.ЛХАГВАЦЭДЭН
МАХН-ын Цагаан ордонд хөл хөдөлгөөнтэй байв. Эх орончдын өдрийг тохиолдуулан тус намд элсэхээр хот, хөдөөнөөс олон хүн цуглажээ. Энэ ажлыг зохион байгуулах гол үүрэгтэн нь манай дугаарын зочин байв. Энэ сэдвээр бид эхэлж ярилцлаа. Тэрээр өөрийгөө “Улс төрд шинэ хүн” гэж даруухан танилцуулав. Энэ салбарт 2012 онд орсон. Тухайн үед МАХН намынхаа нэрийг сэргээж үүсгэн байгуулагдаад удаагүй байлаа. Түүнээс хойш сүүлийн гурван удаагийн сонгуулийн зохион байгуулалтад гол үүрэгтэй оролцсон хүмүүсийн нэг. Гурван сонгуулийн туршлагатай ч гэж хэлж болно.
Тэр өмнө нь аль ч намын гишүүн, идэвхтэн, дэмжигч байгаагүй. Улс төр туйлын зорилго нь ч биш байлаа. Гэхдээ хүний амьдралд олон боломжууд үргэлж нээлттэй байдаг, олон сонголт ч хүлээж байдаг. 2012 он бол О.Лхагвацэдэнгийн хувьд улс төр гэх хатуу замыг сонгосон жил байлаа.
Тэрээр МАХН-ыг сонгох болсон шалтгаан нь тус нам бусдаасаа илүү тэмцэгч, шударга ёсны төлөө хүчтэй дуугардаг, жинхэнэ ард түмний төлөөлөл болж чаддаг учраас илүүд үзэж сонгожээ. Түүний өмнө улс төрийн олон намын үүд хаалга нээлттэй байсан аж. Өмнө нь бизнесийн олон салбарт нэлээдгүй хугацаанд амжилттай ажиллаж байв. Энэ үед түүнд зарим намаас санал ирдэг байсан ч тухайн үед улс төрд орох бодол төрж байгаагүй байна. Харин дараа нь гэр орноо, хувийн бизнесээ төвхнүүлчихсэн, зөвхөн өөрийгөө болон өөрийн гэр бүлээ бодно гэдэг дэндүү хувиа хичээсэн жижигхэн зүйл мэт санагдах болж бусдын төлөө санаа зовж бусдын төлөө амьдрах ёстой юм байна, улс эх орныхоо төлөө зүтгэх ёстой юм байна гэж өөрийн эрхгүй бодогдох болж улс төрийн ажилд оролцохоор хүсэл зорилгоо чиглүүлжээ. Ингэхдээ хэн нэгэн хүнээр улс төрд хөтлүүлсэнгүй. Нийгмийн захиалга л түүнийг хөтөлсөн гэж болно. Түүний аав ээж, ах дүүс нь бүгд л МАХН-ын гишүүд дэмжигчид гэнэ. Гэхдээ улс төрд ороход нь ямар ч нөлөө үзүүлээгүй бөгөөд цэвэр өөрийнх нь сонголт аж.
Эмэгтэй хүнд улс төр хатуу гэж олонх нь ярьдаг. Тэр ч гэсэн амаргүй даваа, гэхдээ үүнд тэсвэр тэвчээр, хатуужил хэрэгтэйг онцолж байв. Эмэгтэйчүүд хувийн амьдрал, ажилдаа нэлээд үүрэгтэй оролцдог учраас улс төрд ч хариуцлагатай ажилладаг гэдэг. Тэрээр энэ тухайд “Эрчүүд давамгайлсан засаг төр байхаар нийгэмд илүү хатуу ширүүн шийдвэр гаргах гээд байдаг тал бий. Тэгэхээр эмэгтэйчүүд улс төрд олноор оролцож байгаа нь өөрсдийнх нь хүсэл тэмүүллээс илүү нийгмийн захиалга гэж хардаг” гэлээ.
Улс төрийн намын гал тогоонд ажилладгийн хувьд хатуу ширүүн зүйл ч тулгардаг. Хууль хүчний байгууллагаас очдог дарамт, МАНАН-гийн бүлэглэлийн эсрэг тэмцэл, Оюутолгой, Тавантолгойн байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хүртээх талаарх МАХН-ын тэмцэл олон эсэргүүцэлтэй тулгардаг. Тэдний тухайн үед хэлж ярьж байсан зүйлс, тэдний тэмцэл өнөөдөр хүн болгоны ярьдаг сэдэв хүн болгоны тэмцэл болжээ. Энэ нь тэдний тэмцэл зөв байсныг баталж буй. Тус намын эмэгтэйчүүд энэ тэмцэлд гар бие оролцож ирснийг О.Лхагвацэдэн онцолж байлаа.
БИЗНЕСЭЭ ГАНЗАГЫН НАЙМААНААС ЭХЛЭВ
Социализмийн үед амьдарч байсан монголчууд бид зах зээлийн нийгэмд шилжих үед бүгд л ганзагын наймаанд явж, ТҮЦ, дэлгүүрүүд нээж нэг гараанаас бизнесээ эхэлж байлаа. О. Лхагвацэдэн ч яг л ийм жимээр бизнес хийж эхэлж, өдийг хүртэл амжилттай явж ирсэн байна. Гэр бүлийнхээ хүний хамт хүүхдээрээ шахуу бизнесээ эхлүүлж одоог хүртэл үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар, гоо сайхан, үйлчилгээний салбарт ажилласаар ирсэн байна. “Бизнест одтой хүн гэж байдаг. Би өөрийгөө бизнест азтай одтой хүн гэж боддог. Бизнес маань ч ийм байлаа. Амжилт маань миний хань, миний бага настай холбоотой гэж боддог. Багаасаа спортоор хичээллэдэг байсан. Хүний амьдрал бүхэлдээ тэмцэл, спорт мөн адил тэмцэл байдаг. Өрсөлдөгчдөө хожигдохыг хүсдэггүй, ялахын төлөө тэмцдэг, тэсвэр хатуужилтай болгож төлөвшүүлдэг. Энэ чанар миний бизнест нөлөөлсөн” гэж дурсав.
СПОРТЫН МАСТЕР
Тэрээр сагсан бөмбөгийн спортын мастер зэрэгтэй. Зургадугаар ангиасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн бөгөөд одоо ч гэсэн зааланд чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай гэнэ. О.Лхагвацэдэн хотын унаган хүүхэд, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг төгссөн. 10 жилийн сурагч байхаасаа сагсан бөмбөг, гандболын улс, хотын аварга шалгаруулах тэмцээнд нэлээд оролцдог байв. Ер нь тэр спортын авъяастай хүүхэд байжээ. Багш нар нь түүнийг спортын олон төрөлд бэлдэхийг хүсдэг байв. Хөнгөн атлетик, буудлагаар ч хичээллэсэн байна. Энэ төрөлд тэмцээнд оролцож мөнгөн медаль авсны дараа буудлагын тамирчин болгоно гэж үзсэн байна. Гэвч О.Лхагвацэдэн багийн спорт, тэр дундаа сагсан бөмбөгт илүү сонирхолтой учраас энэ төрлөөрөө явсан байна. Тэрээр “Хувь хүн өөрийн зан араншинд тохирсон спортыг сонгодог байх. Жишээ нь тайван удаан хөдөлгөөнтэй хүмүүс сагсан бөмбөгөөс илүүтэй буудлагаар хичээллэвэл амжилт гаргах болов уу, миний хувьд илүү хурд хүч шаардсан багийн спортыг илүүд үзэж сонгосон гэж боддог” гэв.
Сүүлийн үед ахмадуудын сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог болжээ. Ахмадын тэмцээн гэхээр ихэд гайхав. Түүнд ямар ч овор алга. Залуу харагддаг нууц, эмэгтэй хүний гоо сайхны талаар сонирхвол “Энэ нь хүний амьдралын хэв маяг, зуршилтай ихээхэн хамааралтай түүнээс гадна манайхан ер нь овор багатай хүмүүс. Сүүлийн 10 жилийн турш гоо сайхны салбарт ажиллаж ирсэн. Үүнтэй ч салшгүй холбоотой. Монголынхоо эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийг гоё сайхан байлгахын төлөө сайхан гэгээлэг бизнес эрхэлдэг. Үйлчлүүлэгчээ гоё болж байгааг хараад кайф авдаг. Би энэ салбарт угийн дуртай. Залуу байх гэдэг хувь хүний үзэл бодол, сэтгэлгээтэй ч холбоотой. Залуу харагдах гэж хичээхээсээ илүү эрүүл байж зөв амьдралын хэв маягтай байвал гоо сайхан аяндаа бүрддэг гэж боддог” хэмээв.
Тэрээр чөлөөт цагаараа аль болох хөдөлгөөнтэй байхыг хичээдэг байна. Боломж олдвол ямар нэгэн спортоор хичээллэж ууланд алхаж эрч хүчтэй болдог. Амралтын өдрөө өөртөө зарцуулахаас илүүтэй хүүхдүүддээ цаг гаргахыг чухалчилдаг байна. Тэднийх гурван охинтой. Том охин нь Швейцарьт оюутан, хоёр бага нь дунд сургуулийн сурагч. Амралтынхаа өдрөөр охидтойгоо гоо сайхны салонд нэлээд цагийг зарцуулдаг гэнэ. О.Лхагвацэдэн Анагаах ухааны дунд сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн юм байна. Мөн Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
“МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХЭД ХАМТРАХ БАГ, ХҮЧ ХЭРЭГТЭЙ”
-Хүний амьдралд олон боломж байдаг гэж та дээр хэлсэн. Таны цаашдын зорилго юу вэ?
-Хүн бүр өөрийн гэсэн зорилготой, олон мөрөөдөлтэй, түүнийгээ биелүүлэхийн төлөө явдаг. Залуу байхдаа зөвхөн өөрийгөө, үр хүүхдээ, гэр бүлээ бодож түүний төлөө ажиллаж ирсэн. Харин одоо улс эх орныхоо төлөө, газар шороо, баялгийнхаа төлөө өөрийн чадах зүйл юу байна, түүнийгээ хийх юмсан гэж зорьж явна.
-Яаж энэ мөрөөдлөө биелүүлэх вэ?
-Хүнд чадах, чадахгүй зүйл гэж бий. Ийм том зорилгын төлөө ганцаараа тэмцэх боломжгүй бөгөөд тэр бүр амжилтад хүрэх нь юу л бол. Тиймээс улс төрийнхөө замаар явж багаараа энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж зорьж байгаа. Ганцаараа хийж чадах зүйл байсан бол улс төр, нам сонгох шаардлагагүй шүү дээ. Тиймээс хамтрах баг, хүч хэрэгтэй. Эх оронгүйгээр бид баяр баясалтай, жаргалтай амьдарч чадахгүй учраас Монгол орныхоо сайн сайхны төлөө өөрийн чадах зүйлээ хийх болно.
-Ийм зорилготой хүмүүс сонгуульд оролцох хэрэгтэй болдог шүү дээ?
- Өнөөдрийг болтол сонгууль шударгаар явагддаггүй гэдгийг хүн болгон мэддэг, ярьдаг ийм нийгэмд бид амьдарсаар байна. Эрх мэдэлд хүрэхийн төлөө, ямар ч хамаагүй аргаар сонгуульд ялахын тулд сонгуулийг будлиантуулсаар ирлээ. Өнөөгийн шударга бус байдал бүгд сонгуулиас эхтэй. Үүнийг бид өөрчлөх хэрэгтэй. Олон талын төлөөллийн санал бодлыг хуульд тусгах ёстой. Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр парламентын ажлын хэсэг ярьж байгаа. Улс төрийн намуудын төвшинд энэ тухай хэлэлцэж бидний саналыг авдаг ч бодит амьдрал дээр тусгалаа олохгүй байгаа. Сонгууль дөхөхөөр эдгээр хуулийг өөрсдийн эрх ашигт тааруулан нэг л өдөр баталсан байх болов уу гэж санаа зовдог. Ард түмний эрх ашгийн төлөө биш улстөрчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хууль баталвал энэ нийгэм хэзээ ч цэвэршихгүй. Шударга ёсыг тогтоохын тулд сонгуулийн хуулиасаа эхлэх ёстой.
-Нийгэм бүхэлдээ хар бараан, шүүмжлэлийн нүдтэй болчихжээ?
-Заавал бүгдийг харлуулах гэдэг нь энэ нийгмийн өнөөгийн төрх болжээ. Нийгмийн сүлжээнд хүмүүс юм болгонд шүүмжлэлтэй ханддаг. Шүүмжлээд л орхичих юм. Ингэхийн оронд хүн бүр дор бүрдээ хариуцлагатай байж нэгдэн ажиллаж, асуудлаа шийдэж, засаж сайжруулах ёстой.
-Улс төр хатуу учраас замаасаа буцдаг хүмүүс бий. Танд айдас байна уу?
-Дайралт янз бүрээр олон талаас ирдэг. Бодож санасан зорилготой учраас энэ бүгдийг даваад гарна. Зорьсон, хүссэн бүгдийнхээ төлөө ажиллаж, ард нь гарчихаад бахархаад сууж байхыг мөрөөдөж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин