
Д.АÐÈÓÍ
Өлсгөлөнг хүчээр буулгав
"Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн Гацууртын орд ашиглах болон Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд 12 хоног өлсгөлөн зарласан. Гэвч өлсгөлөн даваа гаригаас мягмар гаригт шилжих шөнө хүчээр буулгалаа. Энэ талаар “Босоо хөх монгол бүлгэмийн https://www.facebook.com/profile.php?id=100007572735640&fref=ts цахим хуудсанд “Хоёрдугаар сарын 24-ий 00:50 цагийн үед Ноён уулаа хамгаалж хэлмэгдсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан долоон иргэн, тэднийг хамгаалж байсан 70 гаруй иргэдийг цагдаа, тусгайгийнхны хүчээр дээрээс нь Сүлжээ унагагч ашиглан мэдээллийг гадагш цацахаас сэргийлж хаалттайгаар бүгдийг буулгаад ачаад явчихлаа. Тэднийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр аваачсан байна” гэж мэдээлэв.
Цагдаагийнхан харин өлсгөлөн зарласан хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр эмнэлэгт хүргэсэн хэмээн мэдэгдэж бичлэг үзүүллээ. Цагдаа болон иргэний хөдөлгөөнийхөн өлсгөлөнг хэрхэн буулгасан талаар өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж, өөрсдийнхөө тайлбарыг зөвтгөх нотолгоо болгон бичлэг үзүүлсэн билээ.
Маргаан дагуулсан уучлал
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрдугаар сарын 25-нд зарлиг гаргаж “Саусгоби сэндс” компанийн ажилтан, АНУ-ын иргэн Ж.Капла нарт уучлал үзүүлэв. Тэд Монгол Улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн учир шүүхээс хорих ялаар шийтгүүлээд байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалын дараа Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам, болон Монгол дахь Америкийн Худалдааны танхимаас мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд “...гадаадын зарим бизнес эрхлэгчийн хилээр гарах эрхийг хязгаарласны улмаас бусад олон ажил хэрэгч хүмүүс Монгол руу зорчих болон Монголд бизнес эрхлэхээс татгалзаад байгаа үед энэхүү уучлалыг үзүүллээ” гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархсанаа илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгч энэ уучлалын цаана Монгол Улсынхаа нэр хүндийг хамгаалах гэсэн алхам байгаа хэмээн мэдэгдсэн. Харин татварын асуудалтай гадаадынханд өршөөл үзүүлсэн нь олон нийтийн дунд маргаан дагуулж, зөв, буруу гэсэн талцал хүчтэй өрнөв. Цахим ертөнцөөр өрнөж байгаа маргаанаас харвал олон нийт энэхүү уучлалд шүүмжлэлтэй хандаж байгаа нь давамгай байна.
Н.Энхбаяраар АТГ дахин оролдож эхэллээ
Өнгөрсөн пүрэв гаригт МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ дахин дуудаж байцаалт авна гэсэн байна. Чухам ямар асуудлаар гэдэг нь тодорхой бус АТГ-ын энэ алхамын цаана захиалгат улс төр байх магадлалтай хэмээн МАХН-ын удирдлагууд баасан гаригт хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлж байгаад цагаан сарын өмнө эх орондоо ирсэн билээ.
МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж өнгөрсөн баасан гаригт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр “МАХН-ын дарга Н.Энхбаярт зохиомол хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байгаа үйлдэл тасрахгүй байна. Өчигдөр 13.00 цагийн орчим АТГ-ын ажилтан болох н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр нар ирж Н.Энхбаяр даргад зарлан дуудах хуудас өгч гарын үсэг зуруулахаар оролдсон. Зарлан дуудах хуудаст хоёрдугаар сарын 27-ны 15.00 цагт АТГ дээр оч гэсэн байсан. Ямар шалтгаанаар ийнхүү зарлан дуудах хуудас өгч байгаагаа тайлбарлахаас татгалзсан Шинийн наймны билэгт сайн өдөр Н.Энхбаярын ээжийн 80 насны ой тохиосон. Гэтэл Н.Энхбаярыг ийнхүү саатуулж тэр сайхан өдрийн уур амьсгалыг АТГ-ынхан эвдэж, ямар ч шалтгаангүй хууль бус үйлдэл хийж байгаа нь ойлгомжгүй байна. Н.Энхбаяр урьд нь зохиомол хэргээс болж удаан хоригдож, эрүүл мэндээрээ хохирсон. Тиймээс АТГ-ынхан зарлан дуудах хуудас өгөх нэрийдлээр хүнийг яаж хэлмэгдүүлдэгийг сайн мэднэ” гэлээ.
Хүргэн Дэнзэн оргож, Я.Батсуурь баривчлагдав
АТГ өнгөрсөн лхагва гаригт буюу хоёрдугаар сарын 25-нд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг саатуулжээ. Түүний ажил дээр нь нэгжлэг хийгээд улмаар баривчлан авч явсан байна. Я.Батсуурийг буруутгаж байгаа асуудал нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнтэй холбоотой хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Г.Дэнзэн нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн хэмээн дуулиан дэгдэж байсан. Одоогийн байдлаар экс Ерөнхий сайдын хүргэн Монголд байхгүй, гадагшаа явсан байгаа аж.
Хөлбөмбөгийн холбоо шинэ Ерөнхийлөгчөө сонгов
Монголын Хөлбөмбөгийн холбооны их хурал өнгөрсөн баасан гаригт буюу хоёрдугаар сарын 27-нд боллоо. Хурлас олон нийтийн анхаарлыг татсан гол асуудал нь тус холбооны Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ нар өрсөлдсөн байна. Хуралд оролцсон 52 гишүүнээс 29 гишүүний саналаар МХБХ-ны Ерөнхийлөгчөөр А.Ганбаатар сонгогдлоо.
Бяцхан охин хүчирхийллийн золиос болон амиа алдав
Дөрвөн настай охин гэр бүлийн хүчирхийллийн золиос болон амь насаа алдсан хэрэг олон нийтийн жигшил зэвүүцлийг төрүүлж, бяцхан охины дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг иргэд өөрсдийн санаачилгаараа хийлээ. Зултай жагсаал төв талбай болон Зайсан дахь бурхан багшийн хөшөөний дэргэд боллоо.
Төрсөн охиноо зодож хөнөөсөн эцэг болон хойд эхийг нь цагдаагийнхан саатуулж, охин гадны нөлөөллөөс болж тодруулбал, зодуулснаас болж амиа алдсан гэдэг нь шүүхийн шинжилгээгээр тогтоогджээ.
Хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа талаарх мэдээллийн холбогдох байгууллагуудад өгч сурах, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг шинэчлэх гээд асуудал энэ эмгэлэлт хэргийн дараа нийгэмд хүчтэй өрнөж байна.
Ноён уул тойрсон маргаан Иргэний танхимд өрнөв
Ноён уул тойрсон асуудлаар өнгөрсөн пүрэв гаригт Иргэний танхимд хэлэлцүүлэг боллоо. Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан энэ хэлэлцүүлэгт “Сентерра гоулд” компани, ШУА, холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцон асуудлыг тал талаас нь хэлэлцсэн боловч тодорхой шийдэлд хүрсэнгүй тарлаа.
Спикер Япон улсад айлчлав
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийсэн байна. Уулзалтын эхэнд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура УИХ-ын дарга З.Энхболдтой хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн тэмдэглэлт өдөр уулзах завшаан олдсонд баяртай буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр хоёр орны Ерөнхий сайд нарын зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ нь хоёр орны хоорондын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглээд энэ жилийн хувьд Япон, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тун сайхан эхэлж байгааг онцолсон байна.
Эх сурвалж: www.polit.mn