
С.УЯНГА, Ч.ЗОТОЛ
Монголчуудын уламжлалт баяр Цагаан сарын өмнөхөн нэгэн сонирхолтой бас билэгдэлтэй сайхан нэр бүхий ном “Монголын театрын урлагийн музей”-д нээлтээ хийлээ. Энэ бол сэтгүүлч Н.Сарангэрэл, Д.Отгонбаяр нарын бүтээл БНМАУ-ын гавьяат жүжигчин Лхамжавын Долгор гуайн тухай “Театрын өдөр ээж” ном юм. Номын нээлтэд театрын өндөр ээж өөрийн биеэр ирсэн бол алтан тайзнаа хамт уран бүтээл туурвиж ирсэн Монголын үе үеийн урлагийн нэрт зүтгэлтнүүд, зохиолчид, хэвлэл, мэдээллийнхэн оролцов.
Номыг бүтээгчид 2011 онд Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын 80 жилийн ойд зориулсан “Алтан тайзны эзэд” түүхэн боть бүтээх багт оролцон ажиллажээ. Тийнхүү баримт цуглуулж, 200 гаруй уран бүтээлчтэй уулзаж явахдаа театрын нүүр царай болж олонд ил явдаг нэг хэсэг байхад, бүтээл туурвил төрөн гарах нөхцөл бололцоог бүрдүүлж чимээгүй явдаг мөн ч олон эрхэм хүмүүс байдгийг ойлгож, тэр л санаа нь явсаар өнөөдөр “Театрын өндөр ээж” гэх бас нэгэн сайхан бүтээлийг үзэгч, уншигчдын гар дээр тавьсан байна. Учир нь хэдэн жилийн өмнө “Алтан тайзны эзэд” ном бүтээх багт ажиллаж байхад нь уулзсан хүн болгон “За наадахын чинь талаар Лха.Долгор гуай л сайн мэднэ. Долгор эгчээс асуу. Заавал асууж нягталж шалгаарай” хэмээн хэлж байж. Харин тэрхүү номд Лха.Долгор гуайн ярьснаас орсон нь ч их, ороогүй нь ч мөн их болохыг ном бүтээгчид онцлон дурсч байна.
Номын гол баатар “Театрын өндөр ээж” буюу Лха.Долгор гуай Монгол оронд орчин үеийн тайзны урлаг 1930-аад онд ханаа шийрлэж, өрхөө татахад хүчин зүтгэж явсан анхдагчдаас арай хойхно, тодруулбал 1940-өөд онд Монголын урлагт хөл тавьжээ. Тэр цагаас урлаг гэх зөөлөн сайхан юм шиг хэрнээ “хатуу” босготой тэрхүү ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн яахын аргагүй “хүн судар” ажээ. Тиймээс үе тэнгийнхэн нь хийгээд хойч үеийнхэн, мэргэжил нэгтнүүд, нь бүгд л түүнээс асууж тодруулахыг номыг бүтээгчдэд зааж байсан аж. Түүнээс урган гарсан үр жимс, сэтгүүлчийн санаанд олон он дамжин тунгаагдаж өдгөө уншигч, үзэгч танаа учран золгож буй “Театрын өндөр ээж” ном ингэж бүтээгджээ.
Номыг бүтээсэн сэтгүүлч Н.Сарангэрэл, Д.Отгонбаяр нар Монголын өдөр тутмын тэргүүлэх сонинуудад сэтгүүлчээс алба, хэлтсийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгчийн албыг хашиж яваа туршлагатай сэтгүүлч бас уран бүтээлчид. Ингээд номыг бүтээгчид болон номын нээлтэд оролцсон хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.
Д.Отгонбаяр: Лха.Долгор гуай бол театр, урлагийн амьд архив
-Бид 2011 онд Мэргэжлийн театрын урлаг байгуулагдсан буюу театрын 80 жилийн ойд зориулж бүтээсэн “Алтан тайзны эзэд” номыг хийх багт ажилласнаар энэ номыг бүтээх санаа төрсөн. Тухайн үед Лха.Долгор гуайтай маш олон удаа уулзаж, олон хүний түүх дурсамжийг яриулж байсан. Тиймээс түүний ярьж байгаа үүх түүхийг авч үлдэх хэрэгтэй юм байна гэж ойлгоод ажил хэрэг болгохыг зорьсон маань өнөөдөр “Театрын өндөр ээж” ном болоод хэвлэгдэн гарч байна. Лха Долгор гуй бол 1930-ад оны Бөмбөгөр ногоон театрыг мэдэх сүүлчийн хүмүүсийн нэг буюу өдгөө 90 гарч байгаа буурал юм.Лха. Долгор гуайг Театр урлагийн амьд архив гэж хэлж болно. 1940-өөд оноос эхлэн театрт ажилласан хүмүүс тухайн үед яаж ажиллаж байсан, мөн тэр хүмүүсийн дурсамжийг бүгдийг мэддэг, сонин сайхан түүх дурсамж ярьдаг хүн дээ.
Н.Сарангэрэл:Тэр өөрийнхөө бус уран бүтээлчдийнхээ тухай илүүтэй ярьдаг
- Архиваас Лха Долгор гуайн гавьяат жүжигчин цол авч байсан, шагнуулж байсан зэрэг бүх баримтыг цуглуулсан. Номоо яагаад ингэж нэрлэв гэвэл драмын театрынхан Лха. Долгор гуайг “Өндөр ээж” хэмээн өргөмжилсөн байдаг. Ер нь яалт ч үгүй театраас үлдсэн өндөр ээж юм билээ. Лха. Долгор гуай бол өөрийнхөө талаар магтаж ярьдаг хүн биш хамт тоглосон уран бүтээлчдийнхээ талаар ярьдаг хүн. Театрын мундаг жүжгүүдэд гол болон туслах дүрд тоглосон байдаг.
Б.Тунгалаг /гавьяат жүжигчин/ :Урлагийнхан, судлаачдад энэ ном хэрэгтэй
- Театрын алтан үеийнхний нэг Лха. Долгор гуай өдгөө нас сүүдэр 93 хүрч байна. Түүхийг яаж үлдээх юм бэ гэвэл өнөөдөр номонд л мөнхөлж үлдээнэ. Энэ ном бол зөвхөн өөрийнх нь тухай ном биш теартын нэгээхэн үеийг харуулсан бүтээл юм. Түүх сөхөхөд энэ номыг л сөхөж харна. Тиймээс театрын урлагийн чиглэлээр сурч байгаа бас театр судлаачдад энэ ном хамгийн чухал хамгийн хэрэгтэй ном болжээ. Лха.Долгор гуай театрт анх орж ирсэн цаг мөчөөсөө нэг ч удаа гуйваагүй театрын урлагт амьдралаа зориулж яваа нандин хүн юм. Энэ хүний талаар, театрын урлагийн талаар залуучууд заавал мэдэж авах ёстой. Мэдэхийн тулд “Театрын өндөр ээж” гэсэн энэ номыг уншиж судлах хэрэгтэй. Би бол театрыг ариун сүм гэхээс илүү сэхээрлийн ордон гэж хэлмээр байдаг. Тиймээс хүмүүс театрт ирээсэй гэж хүсдэг.