Сар шинийн мэндчилгээ

2015-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

2015 оны  02 сарын 17.                                                                   Улаанбаатар хот.                

Элгэн садан монголчууд минь ээ,

Өвлийг өнөтэй давж, тарган тавтай хаваржиж, сар шинэдээ сайхан шинэлцгээх гэж байна уу!

Юуны түрүүн уламжлалт ёсоор Монгол эх орны минь дөрвөн зүг найман зовхист болон  хилийн чанадад амьдарч, ажиллаж байгаа нийт Монголчууддаа хандан Арвандолдугаар жарны модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын цэнхэр хадгийг дэлгэн барьж,  аз жаргал, сайн сайхны ерөөлийг чин сэтгэлээсээ өргөн  дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилдаг, амьд бүхэн төлжиж, ургамал бүр дэлгэрдэг хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ билэгт сайн өдөр монголчууд маань энх мэндийг билэгдсэн өнө эртний заншлаар төрөл саднаараа хуран цугларч, настан буурлуудынхаа үнэт сургаалыг шимтэн тунгааж, насан багачууддаа хандан өсөж өндийхийн ерөөл хайрлаж, үдэж буй жилээ цэгнэж, ирэх цагийн дүн нурууг шинжин билэгшээж, муу муухайг бодохгүй, хэлэхгүй, хийхгүй байхыг хичээж, буянтай үйл үйлдэхийг зорьж, нэг нэгэндээ билэг дэмбэрэлтэй үг харамгүй хэлцгээдэг билээ.

Улиран одож байгаа морин жил улс орны амьдралд өөрийн гэсэн ул мөрийг үлдээж, монголчууд маань гурван сая дахь иргэнээ өлгийдэн авлаа. Хүний тоо өсөж байгаа нь нэн сайн хэрэг. Их яруу найрагч Д.Нацагдоржийн хэлсэнчлэн “Монголын үрс маш олон болтугай” гэсэн ерөөлийг энэ сайхан завшааныг ашиглан дахин өргөж байна. Гэхдээ хүний тоо өсөх нэг хэрэг. Хамгийн чухал нь монгол хүний амьдралын чанар сайжрах, ингэхийн тулд юуны түрүүн орлогын хуваарилалт шударга ижил тэгш болох, айл өрхийн орлого өсөх, ажлын байр шинээр нэмэгдэх, ялангуяа залуу үе сайн боловсрол эзэмших, мэргэжлийнхээ дагуу ажлын байраар хангагдах, төр засаг нь ард иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг болох, ингэснээр нийгмийн харилцаа эерэгшин тогтох, эцсийн дүндээ монгол хүн улс орондоо жинхэнэ эзэн суух цаг хэдийнээ болсныг нийт монголчууддаа хандан сануулж, тийм болох болтугай хэмээн билэгшээн ерөөж, ерөөлөөрөө зоригжуулж байна. Үүнтэй холбогдуулан өвөг дээдсээс маань уламжлагдан ирсэн “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн мэргэн үгийг дахин давтан хэлэх нь илүүдэхгүй бизээ.

Морилон ирж байгаа хонин жилд Монголын ард түмний тусгаар тогтнолоо бататган хамгаалах шаргуу тэмцлийн олон түүхэн үйл явдал тохиож байна. Амгалан энхийн ерөөлтэй модон хонин жилд хүн төрөлхтнийг фашизмын аюулаас аврах тэмцэлд ялалт байгуулсны 70 жилийн ойг дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Бидний ахмад үе эх дэлхий, эх орноо фашизмын аюулаас аврахын тулд чадах бүхнээ хийж, байсан бүхнээ зориулсныг түүх бэлхнээ гэрчилнэ. Чухамхүү ийм зорилгод хөтлөгдөн Монголын дайчид Чөлөөлөх дайнд оролцсоны 70 жилийн ойг хонин жилд бас тэмдэглэх болно.

Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн бүх ард түмний референдум буюу санал асуулга болсны 70 жилийн ой  мөн энэ онд тохиож байна. Миний бие ард түмнийхээ итгэл дэмжлэгийн дагуу Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа энэхүү түүхэн үйл явдалд онцгой анхаарал хандуулж, жил бүрийн 10 сарын 20-ны өдрийг ард түмнийхээ саналыг сонсож хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлдэг өдөр болгох санаачилгыг гаргаж, төр засгийн байгууллагууд албан контороосоо гарч, гудамж талбайд ширээ сандалтайгаа сууж, ард түмнийхээ дунд орж,   тавьсан санал, хүсэлт гомдлыг нь шуурхай шийдвэрлэдэг сайхан уламжлал тогтоохыг хичээсэн билээ. Ийм “нээлттэй өдөр”-ийг жилдээ нэг удаа биш, харин олон удаа хийж байх, тодруулвал ажлын өдөр болгоныг “нээлттэй өдөр” болгох зорилго одоо хүртэл тулгамдсан асуудал байсан хэвээр байгааг сануулахад илүүдэхгүй.

Гарч байгаа модон хонин жилдээ Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөх, хамгийн гол нь ард түмэндээ бүх талаар ээлтэй жил болгохын тулд өнөөгийн засгийн эрхийг голлон барьж буй АН ба МАН, эдгээр улс төрийн намтай засагт хамтран ажиллаж байгаа МАХН-ын аль аль нь тус тусдаа болон хамтдаа их зүйлийг хийж бүтээх ёстой. Ард түмэн маань ч улс төрийн намуудаас тэгэхийг хүсэн хүлээж, шаардаж байгаа нь зүйн хэрэг мөн. Тухайлбал, олон жил яригдсан боловч одоо хүртэл зөв зүйтэй шийдэгдээгүй гэсэн олны шүүмжлэлд өртсөн хэвээр байгаа Оюу толгой, Таван толгойн асуудлыг нийт ард түмнийхээ эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх нь өнөөгийн хамгийн чухал асуудал болоод зогсохгүй шийдвэр гаргах эрх бүхий өндөр албан тушаалтнууд, цаашилбал Засгийн газар, УИХ, улс төрийн намуудын нэг ёсны хэн нь хэн бэ гэдгийг үнэн мөнөөр нь харуулан тогтоох шалгуур болж байгааг хаана хаанаа гүн гүнзгий ухаарч, төр засгаас оновчтой мэргэн шийдвэр гаргах шаардлагатай байгааг онцгойлон тэмдэглэж байна.

Төр засгийн албан тушаалтнууд өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулахдаа “ард түмний дэмжлэг албан тушаалаас илүү хүчтэй” гэсэн зарчмыг ягштал баримтлах, өөрөөр хэлвэл ард түмнийхээ хатуу ч гэсэн үнэн үгийг сонсож, тэдгээр үгнээс айж зугталгүй нэгийг бодож хоёрыг сэтгэж, алдаагаа засаж, амжилтаа ахиулж, чин сэтгэлээсээ зүтгэх нь туйлын чухал гэдгийг туршлагадаа тулгуурлан, зөвхөн сайн сайхныг бодон анхааруулж байна. “Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэдэг үг чухамхүү монголын ард түмний тухай хамгийн оновчтой тодорхойлолт мөн гэж хэлвэл буруутахгүй бизээ. Монгол хүний хатуу үгний цаана ухаарч чадсан нэгнийг нь дэмжихэд бэлэн сэтгэл нь оршиж байдаг нь үнэхээр гайхамшигтай шинж чанар мөн. Ийм шинж чанартай ард түмэн хэзээд бурууг засаж, бас засуулж, зөвийг дэмжиж, бас тэтгэж явсаар хувь заяаныхаа замыг шулуун шударга болгож чадна гэдэгт миний бие огт эргэлздэггүй.

Энэхүү чин сэтгэлийн мэндчилгээний төгсгөлд “Шударга байвал эвтэй байна, эвтэй байвал хүчтэй байна” гэдгийг өөртөө болон бусаддаа зориуд сануулж, түмэн олон минь сэтгэлийн амар амгаланг олж цэнгэлийн манлайд хүрэхийн өлзий дэмбэрэлтэй ерөөлийг нийт Монголчууддаа хандан дахин өргөн дэвшүүлж байна.

Элгэн садан Монголчууд Та бүхэн минь сар  шинэдээ сайхан шинэлээрэй.

МАХН-ын дарга, “Шударга ёс” эвслийн тэргүүн,

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

3 цаг 42 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

4 цаг 22 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

15 цаг 26 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

15 цаг 26 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Өчигдөр 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Өчигдөр 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Өчигдөр 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин