
Ч.ОЛДОХ
Ургаж буй жилийн өнгө хийгээд хүмүүний амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх, түүнчлэн цээрлэх зүйлүүд, мөр зүг гаргахдаа юу анхаарах ёстой талаар Бурхны шашны байгууллагуудын тэргүүн, хамба лам, зурхайч нарын айлдварыг хүргэж байна.
-Монголын уламжлалт баяр Цагаан сарын мэндийг түмэн олондоо айлтгахын хамт энэ жил өргөн олноороо анхаарч, дагаж мөрдөх зүйлүүдийг хэлнэ үү?
-Монголын ард түмэн, сүсэгтэн олондоо XVII жарны модон хонин жилийн мэнд дэвшүүлье. Монголын уламжлалт баярын нэг Цагаан сараар монголчууд аав ээж, өтгөс буурал, төрөл төрөгсөдтэйгээ учран золгож энх мэнд, элбэг сайхны бэлэг ерөөлийг бүрдүүлдэг учиртай. Хуучин он хангиран одож, шинэ оноо угтан золгож байгаа нь цаг хугацааны огт өөр үед шилжиж байгаа зүйл бус цаг хугацааны үргэлжлэл болой. Дорно дахины Азийн улсуудад бурхан шүтээн болон нэг нэгнээ хүндэтгэн дээдэлж таван зүйлийн өргөн тахил буюу сайхан дүрс, сайхан дуу, сайхан үнэр, сайхан амт, сайхан хүртэхүйг өргөдөг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу монгол түмэн минь Цагаан сарын баяраараа гэр орноо цэмцийлгэж, шинэ хувцсаа өмсч, билэг дэмбэрэлтэй сайхан үгсийг хэлэлцэж, арц хүж тэргүүтэн анхилам үнэртнээ асааж, амтат идээ ундаагаар дайлж, хамгийн зөөлөн хүртэхүйн дээд болсон мэндийн цэнхэр хадгаа солилцон баяр хөөртэйгээр сар шинээ тэмдэглэдэг заншилтай.
Мөн монголчууд бид бусдад номын өглөг, асралын өглөг, эдийн өглөг зэргийг өгч баярлуулан буян хураадаг уламжлалтай. Цагаан сарын баяраар ахмад буурлууд нь үнэт сургаалаа айлдаж, номын өглөг өгдөг. Бие биеэ үг хэл, үйл хөдлөлөөрөө хүндэтгэн асралын өглөг өгдөг. Гар хоосон гаргалгүй бэлэг сэлтийн өглөг өгдөг. Бэлэг сэлт өгнө гэдэг нь энэхүү гурван өглөгийг бүрдүүлж буйн учир утгатай бөгөөд бэлэг сэлт нь их бага, үнэтэй үнэгүйдээ бус сэтгэлд нийцсэн билэг дэмбэрэлтэй, хэрэгцээтэй зүйл байх нь чухал.
Монголчууд та бүхэндээ оюуны тусгаар тогтнолын илэрхийлэл болсон уламжлалт ёс заншлаа хадгалан, эцэг өвгөдөөсөө өвлөн авч үеийн үед энх тунх оршин буй байгаль дэлхийгээ хайрлаж, үндэсний шашин соёлоо эрхэмлэн дээдэлж явахын ерөөлийг дэвшүүлж байна. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Энэ жилийн өнгө зурхайд хэрхэн буув. Та ямар гаргалгаа хийж байна?
-Арван долдугаар жарны модон хонин жил морилон ирж байна. Жилийн өнгийг зурхайн цаг тооллын үүднээс авч үзвэл, хаврын саруудад салхи шуургатай жиндүү байх төлөвтэй. Зундаа хур бороо бага байх ч зарим газраар бороо, мөндөр орохоор байгаа тул усны аюулаас болгоомжлох хэрэгтэй юм. Тариа ногоо, өвс хадлан сайн боловч хурааж авч байгаа арвай буудай нь багахан байхаар байдал зурлагаас харагдаж байгаа. Мөн халдварт хижиг, боом тэргүүтэн өвчнүүд дэгдэх байдал зурхайн зурлагуудад гарсан. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, хамгаалах шаардлагатай. Ихэс дээдсүүдийн хувьд амгалантай боловч, түшмэд ноёдын дунд хямрал тэмцэл үүсэх, ард иргэд хулгай дээрмээс болгоомжлох хэрэгтэй. Эд агуурс , санхүү мөнгөний ерөнхий байдал дунд зэрэг байх байдал бий.
- Энэ бүгдийг монголчууд яаж даван туулах вэ?
-Шинийн 1-ний өглөө хотол олноороо сайхан байхын ерөөл тавьж, гарч буй жилээ ажилсаг, хөдөлмөрч, эв найртай, бие биеэ хайрлаж хүндэтгэсэн байдлаар угтаж, сайн сайхан үйлсийг дэлгэрүүлье гэж бодох хэрэгтэй, бас дор бүрдээ хичээх учиртай.
-Жилийн нэр цаглабаруудад согтууруулагч, галзууруулагч гэж байгааг тайлбарлаж өгнө үү?
-Энэ нь тухайн жилийн төвд нэрийн орчуулга юм. Тэгэхээр ямар тайлбар хэлэх вэ гэвэл, тэр үгийн цаана нисванисийн сэтгэлээ ариусгаач гэсэн утга санаа байгаа. Хүмүний нисванис хэдий чинээ ихсэх тусам согтуу, галзуу юм шиг авир ааш гаргадаг, бусдад буруу зүйлийг ихээр хийдэг. Тэр байдлаас болж олон нийтэд нөлөөлөл нь их. Тиймээс гол нь сэтгэлээ сайхан ариусгах, ариун байлгах, хоорондоо эв түнжинтэй, ам муруйхгүй байлгах, нөгөөтэйгүүр оюун санаагаа баттай төлөв төвшин байлгах жил юм байна гэж ойлгох хэрэгтэй.
-Модон хонин жил монголчуудад хэр өгөөжтэй жил байх бол. Та юу гэж үзэж байна?
-Юуны өмнө Монголын ард түмэн, сүсэгтэн олондоо сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Цаг тооны бичгүүдээс харахад энэ жил сайхан байх төлөвтэй. Зуны дэлгэр цагт хур бороо, ургамал ногоо нь жигдэрсэн, түүнийг дагаад мал сүрэг өсч, тариа будаа арвин байхаар зурхайд зурсан байна. Тэгэхээр хүн болгон цаг тооны бичгээ хараад түүнээс өөр, өөрийн засал номыг хийлгээд явбал энэ жилийн өнгө, ноён нуруу тэгш сайхан байх нь. Хотол олноороо эрүүл энх, эв найрамдалтай байж, юу хүссэн есөн хүсэл нь биелэх болтугай.
-Шинийн нэгний өглөө монголчууд, гэрийн эзэн зүг, мөрөө гаргадаг уламжлалтай. Ингэхдээ анхаарах зүйлүүдийг хэлнэ үү?
-Монголчууд зүг, мөрөө гаргахдаа ойр байгаа уул овоон дээрээ гарч идээ будааныхаа дээжийг өргөж, лус авдаг, байгаль дэлхийдээ залбирч ажил үйлс, гэр бүл, хүссэн зүйлүүдээ даатгадаг уламжлалтай. Энэ ёсыг хийгээрэй. Мөрөө гаргахдаа аль зүгт гаргах, хаанаас эргэх, мөн цээр гаргах ёс дэгийг хэрхэн үйлдэх зэрэг тогтсон уламжлалын дагуу хийх учиртай. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлж, шинэ ондоо өнтэй тарган орж, ажил үйлс нь бүтэмжтэй, амьдрал үйлс нь аз жаргалтай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
-Нийт монголчууддаа ургаж буй хөхөгчин эм хонь жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, халуун хошуут хонь жилдээ хамаг үйлс нь бүтэж, эрүүл энх, эв найрамдалтай, элбэг дүүрэн ,эрч хүчтэй байхын ерөөл дэвшүүлъе.
Бурхны шашны зурхайн ухаанд ургаж байгаа жилийн өнгийг шороон үхрийн шинжээр зуран дүрсэлж ажиглан шинждэг. Үүнийг цаг тооны бичгүүдээр тодорхой гаргажээ. Миний үзэж байгаагаар ирж байгаа хонь жил маань хэдийгээр ээлтэй зөөлөн жил болох боловч өвгөд хөгшдөд сайн, идэр залууст дунд зэрэг, нялхас хүүхдэд таагүй байх нь. Эрх мэдэлт язгууртанд ширүүн, гадаадын дайсан өндөлзөх нигуртай байна. Мөн хүн малд өвчин гэм ирэх, жилийн дундаас эхэлж газар, ус, байгалийн таагүй байдал илрэнэ. Тиймээс ямагт сонор сэрэмжтэй байх нь илүүдэхгүй билээ. Улс орны хувьд дотооддоо үймээн самуун бага гарах боловч, хаад, ноёд хүчээ нэгтгэвээс бага үйлээс их хэрэг бүтнэ. Уламжлалт нүүдэлчин соёлоо илүү сэргээн дэлгэрүүлж, уужуу тайван Монгол ухаанаар аливааг шийдвэрлэвээс улам сайн болох нь дамжиггүй юм.
-Монголын ард түмэндээ ирж буй модон хонин жилийн мэндийг дэвшүүлье. Амьтнаар бол халуун хошуут хонь бол нүүдэлчин түмний таван хошуу малын нэг, тиймээс жилийн өнгө зөөлөн байх болтугай гэж ерөөе. Цаг тооны бичгүүдээс харж байхад жилийн эхэнд хур ус элбэгтэй зуншлага сайхан байна. Хавар хэрүүл тэмцэл ихтэй, байгаль цаг агаар салхи шуургатай байх нь. Ер нь жилийн өнгө ерөнхийдөө их хувьсгал, тэмцлийн нигууртай гэж зурхайд буусан байгаа. Иймд өвчний үүдийг хааж, хүн болгон өөрийгөө асарвал зохилтой. Уур хилэнгээр түмнийг тэтгэхгүй учир бүгд найрамдан зохицвол зүйтэй. Энэ бүхнийг жилийнхээ эхнээс хичээн санаж, ажил амьдралдаа хэрэгжүүлэн сахиж сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Монгол түмэндээ морилон ирж буй Согтууруулагч хэмээх модон хонин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Энэ жилийн ерөнхий зураглал хаврын саруудад шороон болон цасан шуургатай. Тариа будаа арвин, жилийн дунд үед газар тариаланд нэн зохимжтой. Хавар намрын цагт мөндөр буумтгай. Хууль цааз чангарна. Өндөр дээд суудалтанд тааламжтай, түшмэдүүдэд ширүүн, эгэл ардад маш ширүүн жил болно. Сүсэгтэн олон та бүхэн дор бүрдээ буянд шамдаж, маань мэгзэмээ амны уншлаганд авч бусдын сайн сайхны төлөө залбирахыг хичээнгүйлэн хүсье. Олон зууны туршид магадлагдан тунгаагдсан зурхайн ухааныг амьдрал ахуйдаа хэрэглэсэн та бүхний ажил, амьдрал өөдрөг байна гэдэгт бурхны шашны хувраг хүний хувьд итгэлтэй байна. Та бүхэн сайхан шинэлээрэй.
-Гарч буй жилийн өнгө таны зурхайд хэрхэн бууж байна вэ?
-Модон хонин жилийн өнгийг зурхайн зурлагаас харахад өвгөд хөгшдөд сайн, залууст дунд, нялхаст ширүүн байхаар байна. Жилийн энгээр өвчин элбэг байх нь. Хур тундас элбэг, газар усны аюул ихтэй байх тул анхаарал болгоомж тун чухал. Сайн тал нь хонин жил авьяастан, алдартан олноор төрнө.
-Онцгой засал ном хийлгэх нь ямар жилтэй хүмүүс байгаа бол?
-Гурван хөх мэнгэтэй жил орогсод, тухайлбал 13, 25, 49, 61, 73, 85 насны хүмүүст ширүүн тул онцгой засалтай. Мэнгэний засал, есөн нүдний засал, сүлд дуудах засал хийлгэх ёстой.
-Жилийн онцлог нь юу байх бол. Танай зурхайн дацанд хүмүүс их төлөв ямар заслууд хийлгэж байна вэ?
-Жилийн онцлог гэхээс илүү хүмүүс өөрсдөө хичээх хэрэгтэй юм. Үүнд эв эе маш чухал. Заслын тухайд хэлэхэд, шинийн 15-ны дотор заслуудаа хийлгэх нь буян сайн арвиждаг, ад зэтгэрийг дарахад тохиромжтой байдаг. Манай дацанд хандаж буй сүсэгтэн олон их төлөв жил, мэнгэний засал, буян хишиг дуудах, гэр бүл эв найртай байх, мөнгө дуудах, ханийн тэнгэр, үрийн заяа дуудах заслууд хийлгэж байна. Айчлан ирж буй хонь жилдээ ард түмэндээ эрүүл энх байж, урт насалж, санасан хүсэл нь биелэхийг хүсэн ерөөе. Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, хотол олноороо түмэн амгалан байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин