Чингис хааны онгоныг хууль бусаар судалсан уу?

2015-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Сэтгүүлчийн эрэн сурвалжлага

Сансраас зураг аван  Бурхан Халдунд  олон жил су­дал­гаа хийсний дүнд  Чин­гис хааны онгоныг эрж хайх их эрлийг эхлүүлээд бай­гаа гэх  АНУ-ын суд­лаач Альберт Линий  га­даад ертөнц, цахим хууд­саар дэгдээгээд байгаа “Их хааны онгоныг оло­ход амархан болсон” гэх мэдээлэл ээлжит шоу юу,  ол­ныг турхирсан өдөөн хатгалга уу, эсвэл судалгааны үр дүн үү?

Хэдийгээр Альберт Лин байсхийгээд мэдэгдэл, мэдээлэл гаргадаг ч  дээрх асуулт хүн төрөлхтөний сонирхлыг  татаж ирсэн  хуучирдаггүй сэдэв, бас байнга анхаарлын төвд бай­­даг асуудал учраас  тэр бол­гонд олон нийт сортосхийдэг. Өнөөдөр ч тэр л үйл явц үргэлжилж байна.  Тий­мээс энэ талаар бодит мэ­дээл­лийн мөрөөр сурвалжиллаа.

ШУА-ийн нэрийг барьж  нэг ТББ, ердөө хоёрхон хүн л тэдэнтэй хамтардаг гэсэн мэдээлэл бидэнд байна. Тэр нь академич Ш.Бира, түүний шавь, доктор Ц.Ишдорж нар болон Олон улсын Монгол судлалын холбоо юм. Мөн Альберт Лин сайн дурынхантай хамтардаг гэж хэвлэлд ярьснаас үзвэл нэр бүхий хоёр эрдэмтэн маань тэдгээр сайн дурын гишүүдийнх нь багт харъяалагддаг бололтой.

Америк-Монголын хамтарсан гэх Альберт Линээр ахлуулсан экспедиц, тэдний Монголд хэрэгжүүлсэн “Хаадын хөндий” төсөл нь хиймэл дагуул ашиглан радиолокацийн тандалт хийж Монголын эзэнт гүрнийг үндэслэгчийн бунхныг олсон тухайгаа 2012, 2013 онд тус тус   мэдэгдэж тухай бүртээ шуугиан тарьж байв. Тэр бүү хэл нисгэгчгүй автомат удирдлагатай онгоцоор найман  мянган км газрын зургийг авсан. Түүний үндсэнд Калифорнийн их сургуулийн лабораторид  Чингис хааны бунхны гурван  хэмжээст зургийг гаргасан хэмээн мэдэгдэж байлаа. Судалгааны багийн удирдагчдын нэг Фред Хубертийн мэдэгдсэнээр Чингис хааны булш манай орны баруун хойд хэсгийн алслагдсан газар байгаа гэж байв.  Харин төслийн удирдагч Альберт Линий тайлангийн асуудлаар “News weaks” сэтгүүлээс 2013 оны хавар  Ц.Оюунгэрэлийг салбарын сайдаар ажиллаж байхад  захидал илгээж “Бурхан Халдунд их хааны булш байгаа талаар судалгааны дүнг  олон нийтэд танилцуулна” хэмээн мэдэгдэж багагүй сандаргасан удаатай. Манай Засгийн газраас тухайн үед   судалгааны дүнг танилцуул гэсэн шаардлага тавьсан дуулдсан. Мөн Альберт Линд зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэдээлэл хийхгүй байхыг сануулсан гэсэн. Мөн тэр асуудлаар хаалттай хуралдаанаар хэлэлцэх сураг ч гарсан. Ямар нэгэн мэдээлэл  гаргалгүй тэгсхийгээд чимээгүй болсон билээ.

 

Нэхэн сануулахад

ШУА & АЛЬБЕРТ ЛИН

Альберт Лин  манай улсад хэний зөвшөөрлөөр хэрхэн судалгаа хийсэн бэ.

ШУА-тай хамтардаг уу?

Ж.Гэрэлбадрах: ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СУДАЛГАА ХИЙСЭН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦ

-Бурхан Халдунд гадаадынхантай хамтраад зөвшөөрөлгүй судалгаа хийсэн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Хууль үйлчилж байгаа юм бол, төр гэж байгаа бол, дураараа дургих явдлыг цэглэх хэрэгтэй. Чингис хааны нэрээр олз олж байгаа хүмүүс байна. Тиймээс хамгаалалтыг тогтоож өгье, түүхээ судалъя, өөрсдөө эхлээд сайн мэддэг болъё.

Тэгэхгүйгээр мөнгөний үнэр авсан хүмүүс ухах гээд ухалзаад байх юм. Ухах ажил нь эхэлчихсэн юм биш үү, тухайлбал академич  Ш.Бира, Ц.Ишдорж нар байна. Эхнээсээ ажиллаад эхэлчихсэн байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө Чингис хааны шарилыг оллоо гээд Өглөгчийн болон  Киданы хэрэмийн талаар баахан шуугиулсан. Одоо дараагийн ажилдаа орчихсон явна. 

 

Ц.Ишдорж: ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН

-Бид  гурван жил дараалан зөвшөөрөл авсан. Ер нь энэ асуудлыг Альберт Линтэй холбох хэрэггүй байгаа юм. Энэ асуудлыг анх хэн тавьсан бэ гэвэл АНУ-ын National Geographic байгууллага тавьсан юм. Тэд юу гэж хэлсэн бэ гэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд захиа бичсэн гэсэн. Тэр байгууллага бол ЮНЕСКО-гийн гол гишүүд байдаг газар. Тэгээд Бурхан Халдуныг ЮНЕСКО-гийн хамгаалалтад авах хэрэгтэй, баримт материал тодруулах хэрэгтэй гэсэн.

 

Д.Цогтбаатар /ШУА-ийн археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч/: ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ, ТАЙЛАН Ч ТАВИАГҮЙ

-Мэргэжлийн зөвлөлөөс Бурхан Халдунд ажиллах зөвшөөрөл авсан юм уу. 2010, 2011 онд зөвшөөрөл авагдаагүй. Ямар нэгэн тайлан тавигдаагүй. Бид нүүр нүүрээ харж байгаад үнэнээ хэлэх хэрэгтэй. Бид газрын зургийн юм хийдэг, археологит ерөөсөө хамаагүй гээд зөвшөөрөл ч авахгүй тайлан ч тавихгүй гээд өнөөдрийг болтол явж ирсэн шүү дээ.

 

Г.Бадамсамбуу /сэтгүүлч, судлаач/:  БИД ТЭР ҮЕД ЯАМАНД НЬ ХЭЛЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИД Ч ХАНДАЖ БАЙСАН

- Гадны экспедицүүд зайн аргаар, сүүлийн үеийн технологиор Чингис хааны онгоныг турших гэж байна гэдгээ зарлачихлаа. Үүнийг анхааралдаа аваач ээ гэж бид хэлж байсан, дуулгаж байсан. Тийм учраас эхнээсээ үйл явцыг ажиглаж байсан. Одоо бол нэлээд өндөр төвшинд яригдаж байна. Өнгөрсөн жил Алберт Лин цаг 30 минутын илтгэл тавьсан. Үүгээрээ Чингис хааны онгоныг нээнэ, шинэ технологийг ашиглаж байгаа гэдгээ хэлж байсан. Монголоос ямар улсууд оролцож байна гэхээр Ш.Бира гуайн удирдаж байгаа баг оролцож байгааг би сайн мэдэж байна. Эхэндээ бол зөвшөөрөлгүй байсан. Дараа нь ёс төдий зөвшөөрөлтэйгээр Монголын үнэт зүйлсийг агуулсан уул руу яваад байна.

2013.04.13 Эх сурвалж:

“Үндэсний мэдээллийн төв”-д болсон хэлэлцүүлгээс 

 

 

Т.Дорж: ШУА АЛЬБЕРТ ЛИНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАДАГГҮЙ

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр саяхнаас гарч буй мэдээлэлд Альберт Линийг Монголын ШУА-тай урт хугацаанд хамтран ажилласны дүнд Их хааны онгоныг илрүүлэх ажилд ахиц гаргасан талаар дурдаж буй. Тиймээс магадгүй 2013 оноос хойш буюу  өнгөрсөн хугацаанд  гэрээ хэлцэл албан ёсоор хийсэн байж  болзошгүй хэмээн ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Доржоос тодруулахад “Альберт Лин манай ШУА-тай хамтарч ажилладаггүй. Тэр талаар хийсэн гэрээ, контакт байхгүй. Бид мэдэхгүй” гэсэн хариу өгч байна.

Дашрамд дуулгахад ШУА-ийн байранд албан өрөө бүхий Олон улсын Монгол судлалын холбоо гэх байгууллага Альберт Линтэй хамтран ажилладаг гэсэн мэдээллийн мөрөөр 2013 онд тодруулахад академич Д.Төмөртогоо “ТББ-ын шугамаар хамтарч ажилладаггүй. Зөвхөн ганц хоёр эрдэмтэн, Ш.Бира гуай, Ц.Ишдорж нар хамтарч ажилладаг” гэсэн хариуг мөн өгч байв.

 

Ц.Оюунгэрэл: СУДЛААЧ, ЭРДЭМТДИЙГ МЭТГЭЛЦЭЭНД ДУУДСАН НЬ ТЭР БАЙХ

Энэ асуудлын мөрөөр тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй холбогдсон юм. Тэрээр Альберт Лин судалгааны тайлангийнхаа хуулбарыг  манайд албан ёсоор ирүүлээгүйг хэлж байна. Одоо түүний цацаж буйн мэдээллийн тухайд тэрээр “Тэр бол нэг л судлаачийн байр суурь гэж ойлгож байна. Түүнийг нь батлах, эсвэл няцаах нь эрдэмтэн, судлаачдийн хувьд нээлттэй. Тэр нь ямар ч хугацаанд байж болох юм.  Өөрөөр хэлбэл, Альберт Лин олон нийтийн мэдээллийн сүлжээгээр мэдээлэл цацаж байгаа нь манай улсын төдийгүй энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэн, судлаачдыг нээлттэй мэтгэлцээнд дуудаж байгаа хэлбэр гэж ойлгож болох юм” гэлээ.

 

З.Батсайхан: ЧИНГИСИЙН ОНГОНЫГ МОНГОЛ СУДЛААЧИЙН ОРОЛЦООГҮЙГЭЭР ИЛРҮҮЛЭХ  БОЛОМЖГҮЙ

Бид археологич, доктор З.Батсайхантай холбогдох гэсэн боловч чадсангүй. Харин тэрээр энэ долоо хоногийн эхээр Polit.mn сайтын зочны буланд  хэд хэдэн сэдвээр томоохон ярилцлага өгсөн байна. Түүнд Альберт Линий судалгааны ажлын явцын талаарх мэдэгдлүүдийн  тухайд  өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “...Сансрын зургаар археологийн олон обьектийг илрүүлж болох боловч тухайлсан нэг дурсгалыг, өөрөөр хэлбэл тэр хүний гол зорилго нь Чингис хааны булш бунхныг олох гэдгээ өөрөө зарласан байгаа шүү дээ. Тэгвэл шинээр илрүүлэн харж байгаа, эсвэл бидний мэддэг обьектуудын чухам алийг нь Чингис хааны онгон гэж үзэх вэ, ямар аргаар тэрийг мэдэж болох вэ гэдэг маш ээдрээтэй, нэг үгээр хэлбэл боломжгүй асуудал. ...Хэдийгээр Альберт Лин эрэл хайгуулдаа сэтгэл хангалуун байгаа мэтээр судалгааны ажил өмнөхөөсөө илүү хялбар дөхөм боллоо гэж мэдэгдсэн ч монгол судлаачдын оролцоогүйгээр  тэр ажлыг хийх бололцоогүй. Энэ үгийг би монгол судлаачийн хувиар итгэл төгс хэлж чадна” гэжээ. 

 

БУРХАН ХАЛДУНЫ ТУХАЙ ДУРТАЙ НЬ “БУРЖ” БАЙХАД БИД ДУУГҮЙ СУУСААР БАЙХ УУ?

Эцэст нь тэмдэглэхэд, цаашид  Альберт Лин гэгч далдыг хардаг  “зайран” байсхийгээд  олон нийтийг донсолгон дөвчигнөдөг, тэгэхдээ Монголын соёлын өвийг өмнөө барьж мэдэгдэл хийдэг, монголчууд харин ямар ч мэдээлэлгүй сууж байж болох уу гэдэг нь анхаарал татна.  Энэ асуудлыг Монгол Улс, Засгийн газар, салбарын яам, цаашлаад ШУА нэг мөр болгох цаг болжээ.

 

Дэлхийд

Их хааны онгон анхаарлын төвд

Шинэ он гарс­ны дараагаар дэлхийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр найман зууны турш оньсого хэвээр байсан их эзэн Чингис хааны онгоныг илрүүлэх ажил шат ахисан тухай шил шилээ даран мэдээлэх боллоо. Шинэ зууны Индиана Жонс гэгдсэн АНУ-ын Сан-Диего хотын Калифорнийн их сургуулийн хятад гаралтай судлаач Алберт Линээр ахлуулсан судалгааны багийнхан сансрын хиймэл дагуулаас авсан өргөн уудам газар нутгийн өндөр нарийвчлалтай зургуудыг 10 мянган сайн дурынхны тусламжтайгаар сүүлийн хэдэн жилийн турш шинжлэн судалж их хааныг оршуулсан байж болзошгүй 100 орчим газрыг тогтоосон талаар шинжлэх ухааны “PLOS One” сэтгүүлд тайлагнажээ.

Алберт Линий удирдсан “Хаадын хөндий” төслийн баг АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй хамтран 2010 оноос эхлэн орчин үеийн виртуал хайгуулын системийг ашиглаж 6500 хавтгай дөрвөлжин км газар нутгийн өндөр нарийчлалтай гэрэл зургуудыг нягтлан судлах нөр их ажлыг гүйцэтгэж иржээ.  Одоогийн байдлаар Чингис хааны бунхан байж болзошгүй 100 орчим газраас гадна хүрлийн үеэс өгсүүлэн Монголын эзэнт гүрний үед хамаарах археологийн үнэт олдвор байж болох 55 газрыг тогтоосон байна хэмээн олон улсын мэдээллийн порталууд онцлов.

Алберт Лин манай оронд хөл тавин ариун дагшин Бурхан Халдун уулын орой хүртэл авиран судалгаа хийж монголчуудын дургүйцлийг хүргэсэн нэгэн. Тэрээр “Бид Бурхан халдунд маш нарийн судалгаа хийсэн ч Чингисхааны бунхан байх ямар ч ул мөр олоогүй. Тэгэхээр Бурхан халдун зүгээр л нэг уул юм билээ” гэж дүгнэсэн нь бий. Алберт Лин түүнээс хойш Монголд ирээгүй бөгөөд “Аливаа хаадын бунхан нь бүхий л улс үндэстнүүдийн хувьд хүрэх байтугай ойртох ч учиргүй хориотой бүс байдаг. Иймд бид Чингис хааны бунханг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан сансраас илрүүлэхийг чармайж буй” гэжээ.

1227 онд өөд болсон Чингис хааны онгоныг олох оролдлого цөөнгүй хийгдсэн ч өнөөг хүртэл олдоогүй юм. Хойд хөршийн эрдэмтэд Тувад байж болзошгүй хэмээн судалгаа явуулсан ч үр дүнд хүрээгүй бол урд хөршийнхөн Өвөрмонголын Ордос, Шинжаан-Уйгарын Алтайн нурууны бэлээр хайгаад мөн л олоогүй.

Хамгийн сүүлд амьдралынхаа 40 гаруй жилийг энэ эрэлд зориулсан АНУ-ын судлаач Маури Кравиц их хааны бунхан Бурхан Халдунаас зүүн зүгт 100 км зайд буй гэж сүржин мэдэгдсэн ч үүнийгээ нотолж чадалгүй 2012 онд өөд болжээ. Энд тэмдэглэхэд, Эртний Египетийн фараон Тутанхамон, дундад зууны цуутай жанжин Барлас овгийн доголон Төмөр хаан нарын бунханг хөндсөн эрдэмтэд учир битүүлгээр өөд болсон бөгөөд шалтгаан нь одоо хэр тайлагдаагүй билээ. 

Орчин үеийн технологи олон зууны турш нууцлаг байсаар ирсэн дэлхийн хамгийн том хуурай газрын эзэнт гүрнийг үүсгэсэн суут хүний онгоныг илрүүлж чадах эсэхийг маш ихээр сонирхож байгаа нь ч ойлгомжтой биз ээ. Гэвч эзэн хааныхаа энэ нууцыг чандлан хадгалсаар ирсэн монголчууд асар их далайцтай энэ судалгааны ажилд чухам яаж хандах бол оо. Чингис хааны бунхны байрлалыг тогтоочихвол дараагийн алхам нь ойлгомжтой. Бунханг хөндөн нууц руу нэвтрэхийг оролдоно шүү дээ.

Ер нь аливаа үндэстэн суут хүмүүсийнхээ шарилыг хөндүүлэхийг ихээр эсэргүүцсээр ирсэн байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л эрдэмтэд аугаа зохиолч Вильям Шекспирийн шарилыг хөндөн судалгаа явуулахаар завдахад англиудын ширүүн эсэргүүцэлтэй тулгаран төлөвлөгөөнөөсөө ухарч байсан юм билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

Өчигдөр 15 цаг 03 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Өчигдөр 14 цаг 23 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

Өчигдөр 06 цаг 00 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

Өчигдөр 06 цаг 00 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Уржигдар 06 цаг 25 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Уржигдар 06 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Уржигдар 06 цаг 10 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Уржигдар 06 цаг 05 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Уржигдар 06 цаг 00 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

2025-06-25