
Монголын шүүх гадаадын иргэн холбогдсон томоохон хэргийг өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэв. Монгол Улсад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр 5.5 жилээс таван жил 10 сар хүртэл хугацаагаар ял сонссон АНУ-ын иргэн Жастин Капла нарын хэрэг юм. Уг хэргийн шийдвэр гармагц Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас шуурхай мэдэгдэл гаргасан байлаа. Мэдэгдэлд “...АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэлл болон ЭСЯ-ны хэд хэдэн албан хаагч шүүх хуралд оролцсон ба шүүх хурлын үеэр орчуулгатай холбоотой асуудал үүсч байсныг ажигласан. Энэ асуудлаас улбаалан шүүгдэгчид шүүх хурлын үеэр орчуулгыг ойлгохгүй байгаагаа мэдэгдэж, өөрсдийгөө ч мөн ойлгуулж чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Ноён Каплагийн хэрэг хэрэг гурван жил орчим үргэлжиллээ. Шүүх хурлын товыг олон дахин хойшлуулсан, хилийн хориг тавьсан зэрэг нь ноён Каплад ихээхэн бэрхшээлүүдийг дагуулсан.... Монгол Улсын эрх барих байгууллагууд өөрийнх нь үндсэн эрхийг зөрчиж байгаа талаарх нэхэмжлэлийг нь НҮБ-ын Хүний эрхийн комисс нягталж үзэхээр хүлээн авсан гэдгийг ноён Каплагийн хуульчдын баг бидэнд мэдэгдсэн. Бид үйл явцыг цаашид анхааралтай ажигласаар байх болно” гэсэн байв. Монгол Улсад АНУ-ыг төлөөлөн сууж буй Элчин сайдын яамныхан нутаг нэгтнийхээ эрх ашиг зөрчигдөхөөс хамгаалахаа ингэж сануулжээ.
Ер нь зөвхөн АНУ-аар зогсохгүй бусад улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамд иргэдийнхээ эрх ашиг зөрчигдөж, гэмт хэрэгт холбогдвол шуурхай арга хэмжээ авдаг. БНХАУ-ын хоёр иргэн өнгөрсөн онд Улаанбаатар хотод хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн талаарх цахим хуудаст тавигдсан мэдээллүүдэд аллагыг дэмжсэн утгатай сэтгэгдэл хүчээ авснаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас манай Засгийн газарт хандаж мэдэгдэл хүргүүлсэн. “БНХАУ бол Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын тал хүртэлх хувийг эзэлдэг. Ийм нөхцөлд манай улсын иргэд амь насаараа хохирчихсон байхад хэргийг өөгшүүлсэн нөхцөл байдал бий болгож байгаад анхаарлаа хандуулна уу” гэсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр цахим хуудас дахь сэтгэгдлүүдийг зогсоохыг шаардсан гэдэг. Үүний дагуу холбогдох байгууллагууд ч арга хэмжээ авсан тухай мэдээлэл бий. Монголд ажиллах хүчээр орж ирсэн хятад ажилчид цалингаа авч чадахгүй байсан учир эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг завдсан юм. Энэ нь хууль бус байснаас цагдаагийн байгууллага хятад иргэдийг саатуулахад Хятадын Элчин сайдын яамныхан хамт очсон байна. Тэд байцаагдах шаардлагатай иргэдээс бусдыг нь чөлөөлөх хүсэлт тавьснаар цөөнгүй хятад ажилчнаа суллуулан яаралтай нутаг буцаасан. Үүнээс гадна саяхан вьетнам иргэдтэй холбоотой мэдээлэл цахим ертөнцөөр тархаж олныг бухимдуулав. Ингэхэд мөн л тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамнаас вьетнам иргэдийн зураг яагаад олонд ил болсныг бататгахаар цагдаагийн байгууллагад хандсаныг албаны хүмүүс мэдээлж байгаа юм.
Эдгээрийг дурьдахын учир нь манай улсад ажиллаж, амьдарч байгаа гадаад иргэдийн эрх ашгийг хамгаалахаар тухайн улсын ЭСЯ нь яаж анхаарч, шуурхай арга хэмжээ авч байгааг хэлэх гэсэн хэрэг. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийнхээ шүүх хуралд нь оролцож мэдэгдэл гаргадаг, цахим хуудсаар сэтгэгдэл гарсан төдийд Засгийн газар, цагдаагийн байгууллагад хандаж иргэдийнхээ эрх ашгийг тууштай хамгаалж байна. Нэг үгээр тэд Монгол Улсад байгаа гадаадын иргэд ямар үнэ цэнэтэйг харуулж байхад монгол хүн гадаадад ямар үнэтэй байна вэ?
Манай улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд ингэж ажиллаж чадахгүй байгаад олон нийт шүүмжилсээр ирсэн. Малайзад бусдын гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг. 2006 онд гарсан уг хэргийг есөн жилийн дараа Малайзын дээд шүүх шийдвэрлэлээ. Хэрэг гарсны эхний жилүүдэд хэрэгтнүүдийн буруутайг нотлох баримтууд хангалттай олдсон ч цаг хугацаа алдсанаар гол буруутан гэмгүй өнгөрч байгааг хохирогчийн ар гэрийнхэн мэдээлж байгаа юм. Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа хэвлэлээр нэг бус удаа ярьсан. Тэрээр хэрэгтнүүд бүгд хариуцлага хүлээгээгүйгээс гадна хэргийг шийдвэрлэх хугацаа олон жил үргэлжилсэн. Манай Гадаад хэргийн яам, тус улс дахь Консулын газар хангалттай ажиллаж чадаагүй хэмээсээр байгаа юм. Тэрээр өмнө нь ч хэргийг шийдвэрлүүлэх талаар олон жил төр засаг, холбогдох байгууллагад хандсан тухайгаа ярьсаар ирсэн. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Хууль зүйн яамнаас тусламж гуйсан ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй явсаар есөн жил алдсан. Энэ хугацаанд хөл хүрэх бүх газраар явж цөхөрсөн. Шүүх хуралд хохирогчийн талаас ганцаараа сууж байсан удаатай” гэжээ.
Гадаад улсад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалагч төрийн байгууллага бол Гадаад хэргийн яам. Бүр тодруулбал тухайн улсад суугаа Элчин сайдын яаман дахь Консулын хэлтэс юм. Энэ хэргийн талаар Гадаад хэргийн яамнаас тухай бүрт холбогдох арга хэмжээ авч байгаа л гэдэг. Хэрэв Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамныхан шиг шүүх хуралд эхнээс нь оролцож, шуурхай арга хэмжээ авсан бол, БНХАУ-ын Консул шиг Засгийн газар, цагдаа, хүчний байгууллагад байр сууриа илэрхийлсээр байсан бол Малайзад монгол хүний эрх есөн жилийн турш үнэгүйдэхгүй байх байлаа.
Хэдхэн хоногийн өмнө Өвөр Монголд хошин урлагийн жүжигчид зам тээврийн осолд орж нэг нь харамсалтайгаар амиа алдсан. Түүнээс сар гаруйхны өмнө Франц улсад ч дөрвөн монгол залуу нэгэн зэрэг ослоор хорвоог орхисон. Тухай бүрт манай Гадаад хэргийн яамныхан хохирогчийн ар гэрийнхнийг хилээр гаргахад тусалж байна гэсэн тайлбараас өөр “ажил” хийсэнгүй. Таван залуугийн аминд хүрсэн хэрэгтнүүд хариуцлага хүлээх эсэх, манай улсын талаас тухайн улсуудад ямар байр суурь илэрхийлсэн нь ч тодорхойгүй хэвээр үлдэв. Уг нь цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд нэг иргэн ч үнэтэй баймаар. Нэгэнт Монгол Улсыг төлөөлж суугаа Элчин сайдын яамд, гадаад улсуудтай харилцах Гадаад хэргийн яамныхан хилийн чанадад байгаа нутаг нэгтнүүдийнхээ төлөө хүчтэй дуугарах цаг болсныг олон нийт сануулсаар байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин