Т.Аюурсайхан: ШӨХТГ-т доголдолтой зүйл олон байсан

2015-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзаж  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та О.Магнайн оронд томилогдлоо. Ажлаа юунаас эхлэв?

-ШӨХТГ-ын даргаар томилогдоод хоёр долоо хоног өнгөрлөө. Байгууллагын зүгээс хууль эрхзүйн орчныг сайжруулах, зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох, байгууллагын гадаад харилцааг бэхжүүлэх, төрийн захиргаа удирдлагын системийг бэхжүүлэх тал дээр үндсэн зорилтоо тавьсан. Ойрын хугацаанд хяналт шалгалт хийх, асуудал шийдвэрлэх гурван ажлын хэсгийг байгууллаа. Нэгдүгээрт, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зарим компанид хөнгөлөлттэй зээл олгосныг та бүхэн мэдэж байгаа. Зээлийн зарцуулалт, Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад нийцэж байгаа эсэхийг шалгаж байна. Хоёрдугаарт, эрчим хүчний асуудалтай холбоотой ажлын хэсэг гарсан. Цахилгааны болон дулааны үнийн өсөлттэй холбогдуулж судалгаа, хяналт шалгалт хийж эхэлсэн. Мөн шатахууны үнэ олон нийтийн анхаарлын төвд байдаг. Шатахууны компаниуд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд төрөөс дэмжлэг авсан. Олон улсын зах зээлд шатахууны үнэ буурч байгаа. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэг тонн газрын тосны үнэ 340-360 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан. Харин 2013 оны долдугаар сарын байдлаар нэг тонн газрын тос дунджаар 740 орчим ам.доллар байсан. Тэгэхээр одоо ямар хэмжээгээр буурсныг нь бид харж байна. Олон нийт шатахууны үнэ буурах ёстой гэсэн хүлээттэй байгаа учир манай байгууллагаас шалтгаалах ажил юу байна, судалгаа тооцоо хийх, санал дэвшүүлэх тал дээр анхаарч байна. Хуулийн хүрээнд шатахууны үнийн өсөлт байвал арга хэмжээ авна. Зохиомол хомсдол үүсгэж байгаа эсэхт хяналт тавина. Харин нэгэнт тогтсон үнийг буулгахад зөвхөн манайх хариуцах асуудал биш учир бусад байгууллагатай хамтарч ажиллана.

-Танай байгууллагад халаа, сэлгээ хийгдсэн мэдээлэл байсан. Уг нь байцаагчид олон байх тусам хэрэглэгчийн эрх ашиг хамгаалагдах биш үү?

-Засгийн газраас яам, агентлагийн орон тоог баталсан учир цомхотгол хийсэн. Төрийн алба яаж данхайсан, түүнийг дагаад хүнд суртал ямар байгаа бид мэдэж байгаа шүү дээ. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Цомхотголын хүрээнд байгууллагын ажилтнуудыг 15 хувиар цомхотгож 36 ажилтантай болсон. Хүн хүчний асуудал үүснэ. Үүнд зохицуулалт, менежмент хийж иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх чиглэлтэй ажиллаж байна.

-Таны өмнөх дарга энэ газрыг удирдах хугацаанд ард иргэдэд таниулж, тодорхой хэмжээнд үр дүнтэй ажиллаж чадсан гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Таныг ажиллах хугацаанд ШӨХТГ-т ямар өөрчлөлт гарах бол?

-Ажлаа авснаас хойш гаргасан анхны тушаалуудын нэг бол агентлагийн ажлын хариуцлага, сахилга батыг өндөрсгөх явдал байсан. Ний нуугүй хэлэхэд байгууллагад доголдолтой зүйл олон байсан. Иргэдийн өргөдөл дээд тал нь хоёр жил хүртэлх хугацаагаар дарагдсан. Хариуцсан албан тушаалтнуудын компьютерт ажил хийсэн тухай ямар нэгэн баримт, материал байхгүй. Зарим нь хяналт, шалгалтын материалгүй хоосон ширээ, хоосон өрөөтэй байсан. Ийм хүн ямар ажил хийж байсан нь тодорхой. Төрийн байгууллагад хүнийрхүү сэтгэлээр хандаж болохгүй. Агентлагт хувь хүний асуудал чухал биш. Энэ байгууллагыг тодорхой хүмүүс удирдсаар ирсэн. Цаашид ч удирдаад явах байх. Төрөл бүрийн мэргэжилтэй, арга барилтай хүмүүс ирнэ. Цаашид хүмүүст хүрсэн, бизнесийнхнийг дэмжсэн, шударга өрсөлдөөнийг бий болгосон, хэрэглэгчдийг хамгаалсан системтэй байх ёстой. Хамгийн гол нь үйл ажиллагаагаа тоочих биш, бодлого дэвшүүлж ажиллах ёстой.

-Ченжүүд махыг хэтэрхий өндөр үнээр зарж байна гэж олон нийт бухимддаг. Махны үнэд танай газраас зохицуулалт хийх боломжтой юу?

-Жижиглэнгээр мах борлуулагчдын үйл ажиллагаанд шууд арга хэмжээ авах боломж хомс. Гагцхүү Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуультай нийцэж байгаа эсэхийг хянадаг. Махны шат дамжлага дөрвөөс доошгүй байдаг юм байна. Тиймээс дамж­лагыг багасгаж махны үнийг бууруулж болох судалгааг хийж холбогдох бай­гууллагуудад хүргүүлсэн.

-Арилжааны банкуудын шимтгэл, хураамжтай холбоотой хэргийн шүүх хурал саяхан болсон. Шүүхийн шийдвэрийг хүлээж авсан уу?

-Бидний нэхэмж­лэлийн шаардлагыг зөв, зүйтэй байна гэсэн шүүхийн шийдвэр гараад өнгөрсөн долоо хоногт албан ёсоор манайд ирүүлсэн. Давж заалдах юм уу, шүүхийн дараагийн шат үргэлжлэх байх. Хэрэв эцсийн шийдвэр энэ чигээр гарвал зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргаад мөнгөө буцааж авах нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна бид банкны үйл ажиллагаа Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах төлөвлөгөөтэй байна. Учир нь иргэдээс хэрэглэгч, үйлчлүүлэгчид банкинд зөвшөөрч боломгүй зардал гаргаж байна гэсэн гомдол гаргах болсон. Тиймээс судалгаа хийж эхэлсэн. Олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж гэж бий. Өгөөж нь 10-15 хувьтай байдаг. Хэрэв 10 хувиас доош орвол банкинд эрсдэлтэй, 15 хувиас дээш гарвал нийгмийг шулж, идэж байгаа гэсэн ойлголт. Гэтэл манай арилжааны банкуудад өөрийн хөрөнгийн өгөөж 25-30 хувьтай байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Жилийн ашиг, орлого нь 80-100 тэрбум төгрөгт хүрсэн байх жишээтэй. Тиймээс бодит байдал дээр банкуудын хооронд эрүүл өрсөлдөөн байгаа эсэхийг нухацтай харах ёстой. Банкуудын холбооноос мэдээлэл хийснийг та бүхэн санаж байгаа байх. УИХ-ын гишүүн байна уу, хэн ч байсан мэдэхгүй асуудал руугаа битгий ор гэсэн. Бид энэ асуудалд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа банк болон бусад аж ахуйн эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналтыг тавих ёстой гэж үзэж байна.

-Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны, дулааны үнэ зах зээлийн үнээс доогуур байдаг учраас үе шаттайгаар үнийг чөлөөлж байгаа гэсэн тайлбар хэлдэг. О.Магнай даргын үед цахилгаан, дулааны үнийг хууль бусаар нэмлээ гэж мэдэгдэж байсан. Төрийн байгууллагын уялдаа холбоо зөрчилдөөд байна уу?

-Цахилгаан түгээх компаниуд зүй ёсны монополь байгууллагын статустай. Тэд үнийн өсөлтөд манайхаас зөвшөөрөл авах хуультай. Хуулийнхаа хүрээнд 2013 оны долдугаар сарын нэмэгдэлд зөвшөөрөл авч нэмсэн. Гэтэл 2014 онд зөвшөөрөлгүйгээр гурван удаа үнэ нэмэх шийдвэрийг гаргасан байсан. Нэр бүхий зургаан компанид 189 сая төгрөгийн торгууль ногдуулж, үнийн өсөлтийг шийдвэрийг хүчингүй болгуулсан. Тэд бас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин дулааны хувьд дулааны станцуудыг 2005 онд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон. Гэтэл зах зээлийн судалгаагаар тэд зүй ёсны монопол уу, давамгай байдалтай аж ахуйн нэгж үү гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Манайх хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Тиймээс шийдвэр гаргах хуралдаанаар хэлэлцээд станцуудыг давамгай эрхтэй эсэхийг тодорхойлсны дараа үнийн нэмэгдэлд ямар арга хэмжээ авахыг шийднэ.

-Үүнээс гадна танай газраас өнгөрсөн жилээс хяналт, шалгалтаар эхлүүлсэн хэд, хэдэн асуудал бий. Тухайлбал “Аса цирк”-ийг хувьчлах шаардлага юу болсон бэ?

-Өмнө шалгагдсан, хууль хяналт, шүүхийн шатанд байгаа байгаа бүх ажлыг цааш үргэлжлүүлнэ. Циркийн хувьд өмч хувьчлалын гэрээний тодорхой заалт зөрчигдсөн учир хувьчлалыг хүчингүй болгох асуудлыг ТӨХ-нд тавьсан. Гэвч тэд ямар нэгэн тайлбар, үйлдэл хийгээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хурлын тов хараахан гараагүй байна.

-Сүүлийн үед үүрэн телефоны компаниудын хувьцаа, давамгай байдлын тухай асуудал хөндөгдөж эхэллээ. Тэд танайд энэ талаар хандсан уу?

-Манайхаас ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бусад компанийн энгийн хувьцааны 25 хувиас дээш, давуу байдалтай хувьцааны 15 хувиас дээш худалдаж авбал заавал зөвшөөрөл авах ёстой. Үүрэн холбооны компаниуд хүсэлтээ ирүүлээгүй. Хэрэв ирвэл бид судалгаа явуулж байгаад дүгнэлт гаргана. Түүнээс гадна “Юнител” компанийг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон шийдвэр бид гаргаагүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

3 цаг 16 мин
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

3 цаг 19 мин
Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

Уржигдар 15 цаг 03 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Уржигдар 14 цаг 23 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

Уржигдар 06 цаг 00 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

Уржигдар 06 цаг 00 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

2025-06-26
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

2025-06-26
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

2025-06-26
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

2025-06-26