
Э.Бэрцэцэг
“Шийдлийн засгийн газар”-ын Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай уулзаж энэ салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлт хийхээр төлөвлөөд байгаа талаар тодруулав.
-Та 2015 онд нэн тэргүүнд ямар үйл ажил хэрэгжүүлэх гэж байна. Өмнөх сайд нарын хэрэгжүүлж ирсэн чиг бодлогын залгамж чанар хадгалагдах уу?
-Эрүүл мэнд, спортын яаманд хийж, хэрэгжүүлэх маш олон ажил байгаа нь ойлгомжтой. Эдгээрээс хамгийн тулгамдсан чухлаас эхэлнэ. Хамгийн чухал гэдгийн хувьд мэдээж эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх зорилт байгаа. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага /ЭМБ/ болох өрхийн эмнэлэг, хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн үйлчилгээ, эмчилгээний чанарыг сайжруулах замаар дараагийн шатлалын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачааллыг бууруулж, илүү чанаржуулах боломжтой. Өнөөдөр нийгэмд бухимдал үүсгээд байгаа хүүхдийн эмнэлэг, эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн зэрэг олон эмнэлгийн асуудлыг дэс дараатай шийдвэрлэж үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллана. Ирэх хоёрдугаар сард Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр анхан шатны ЭМБ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх жил болгож үйл ажиллагаа явуулах зорилготой байна. Үүний дараа эрүүл мэндийн санхүүжилтын асуудалд бид анхаарна. Энд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах, иргэд өөрсдийн даатгалаас авах хувь хэмжээг яаж илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллана.
-Эмнэлгүүдийн санхүүжилтийн асуудалд нэлээд анхаарал хандуулж ажиллана гэж дуулсан. Энэ талаар?
-Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтын асуудлаа тодорхой болгох шаардлагатай.Өнөөдрийн байдлаар ЭМБ-ууд улсын төсөв, даатгал болон өөрсдийн явуулдаг тусламж үйлчилгээний орлогоос гэсэн гурван хэлбэрээр санхүүждэг. Эдгээрийн зөв, зохистой харилцааг цаашид тодорхой болгох асуудал чухал юм. Гуравт нь ЭМБ-уудын засаглалыг авч үзэж тогтолцоог нь илүү оновчтой, зөв зохистой, боловсронгуй болгох асуудал байгаа юм. Засаглал гэдэг нь улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн үйл ажиллагааны менежментийн асуудал маш чухал. Улсын эмнэлгийн менежментийг илүү сайжруулж эрүүл мэндийн салбарын зах зээлд өрсөлдөх өндөр чадамжтай болгох гэсэн эн тэргүүний гурван асуудал байгаа юм.
-Элэгний С вирусыг эмчлэх эмийг нэг сарын дотор улсын бүртгэлд бүртгэж авах гэж байгаа талаар товчхон мэдээлэл өгөөч?
-Эм, эмийн бүтээгдэхүүнийг бүртгэх журам байдаг. Үүнд зарим нэг өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнуудад олон улсын стандартыг хангасан эмийн өндөр хяналт дор бүртгэгдсэн байдаг. АНУ болон Европын холбооны улсууд ийм эмийг хэрэглэдэг. Эдгээр эмийг Монголд оруулж ирэхэд өмнөх журмаар их чирэгдэл учруулж байсан заалтыг өөрчилж, боломжийг нээж өгч байгаа юм. Энэ эмүүд дотор таны асуултанд хөндөгдөж байгаа элэгний С вирусыг эмчлэх зарим эм орж байгаа. Манайд энгийн болон түргэвчилсэн гэсэн зохицуулалтаар эмийн бүртгэл хийж байсныг өөрчилж шууд бүртгэж авах өндөр шалгуур давсан эмийг 2-3 жил гэж хугацаа алдалгүй бүртгэж иргэдэд хүргэх юм. Эдгээр эм дотор элэгний С вирусыг эмчлэх эмүүд орж байгаа. Ингэж шууд бүртгэх болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмүүдийг шууд ашиглах журмыг мөрдөх юм. Өнөөдөр манай улсад 400 мянга гаруй элэгний С вирустэй хүмүүс бий гэсэн судалгаа байдаг. Энэ хүмүүст эмчлэгдэх боломжийг нээж өгч байгаа юм.
-Эрүүл мэндийн төсөв танагдсантай холбоотой эмнэлгүүдийн үйл ажиллагаа хүндэрсэн, ачаалал их байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тухай?
-Төсөв танагдсан гэдэг нь өнгөрсөн Засгийн газрын үед 2015 оны төсвийг хэлэлцэхэд эмийн төсөвт таналт үүссэн. Энэ нь 2015 онд ЭМ-ийн салбарт чамгүй хүндрэл үүсгээд байгаа. Өнгөрсөн онд тус салбарын эмийн төсөвт 68-69 тэрбум төсөвлөсөн бол энэ жил 60 орчим тэрбум болсон. Бүх эмнэлэг эмийн хэрэглээний дутагдалд орох нөхцөл үүссэн. Одоо УИХ-аар төсвийн тодотгол хийхэд болон ЗГ-т уг асуудлыг анхааруулж зохих байгууллагуудад хандаж асуудал дэвшүүлнэ. Жилээс жилд бүх өвчлөлийн хувь, хэмжээ буурахгүй ихсэж байна. Утаа, уршиг, нийгмийн өвчин гэгдэх стресс, бухимдал ихээхэн нөлөөлж байгаа. Байдал ийм байхад төсвийг бууруулж болохгүй. Аливаа улс орныг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг хөрөнгө оруулалтыг ДНБ-ий хувь хэмжээтэй харьцуулан тооцож гаргадаг. Өндөр хөгжилтэй оронд 15 хувиас дээш, хөгжиж байгаа оронд 6-10 хувь байхад манай улсад 3 хувьтай л байна. Төрөөс үзүүлэх эдийн засгийн хувь хэмжээг нэмэх байтал танаж байгаа нь ард иргэдийн бухимдлыг төрүүлэхийн зэрэгцээ энэ салбарыг хүнд байдалд оруулж байна.
-Хүүхдийн эмнэлэг, хүүхдийн эмч гэсэн нийгэмд тулгамдсан асуудлыг яаж шийдвэрлэх гэж байна вэ?
-За хүүхдийн эмнэлгийн асуудал хамгийн их яригддаг үе бол томуу, томуу төст өвчний тархалт эрс өсдөг 11 дүгээр сараас 3, 4 дүгээр сар хүртэлх үе. Энэ үеэр нийгэмд их бухимдал бий болж, жилээс жилд л эмнэлгийн хонгилд өвчтөн байрлаад байгаа асуудал нь олныг бухимдуулдаг. Үүнийг зогсооё, эмнэлэгтэй болъё, мэргэшсэн хүүхдийн асрагч сувилагч, эмчтэй болох хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлыг цогцоор нь шийдэх, байгааг нь улам сайжруулж, чанаржуулах асуудлыг жил бүр ярьж шүүмжлэл дагуулдаг. Үүнийг л таслан зогсоох ажлыг бид хийж, хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа. Хүүхдийн эмчийг бэлдэх асуудал маш учир дутагдалтай. Эмч бэлдэх талаар салбарынхан ярьж байна. Бодлогоор хүүхдийн эмч бэлддэг болох. Энэ мэргэжлийг эзэмших сонирхлыг төрүүлэх асуудал чухал болоод байна. Ер нь энэ салбарт ажиллаж байгаа хүний нэг хүнд оногдох цалин урамшууллыг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүргийг бий болгох нь хамгийн чухал юм. Тухайлбал, хүүхдийн эмчийн ачаалал, илүү цагийн урамшууллаас эхлээд зохистой санхүүжилтын тогтолцоог баримтлах шаардлага байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn