Евразийн стратегийн хүрээлэнгийн захирал Пак Бён Хван Ли Жэ Мёны засгийн газрыг ч Юн Сок Ёлийнхоос ялгарахгүй гэж шүүмжиллээ
Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн хүрээлэнгийн захирал Пак Бён Хван мэдэгдэв. Тэрээр өмнө нь Солонгосын Элчин сайдын яамны эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх байжээ. Харилцаа муудсан нь үндэсний ашиг сонирхолд харш, эдийн засгийн боломжийг хумьж, Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд ч хүндрэл учруулж байна гэж тэрээр үзэж байна. “Пусан Ильбо” сонины мэдээлснээр, шинжээч Пусан хотын “Лотте” зочид буудалд далай, загасны аж ахуйн салбарын удирдлагуудад зориулсан боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Яагаад Орос вэ?” сэдэвт лекц уншжээ.
Баруунд хэт чиглэсэн бодлогыг шүүмжиллээ
Пак Бён Хван Сөүл Москвагийн харилцаанд ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Тэрээр Өмнөд Солонгос зэвсэгт мөргөлдөөний тал биш хэрнээ барууны орнуудын бодлогод нэгдэхийн тулд 30 гаруй жил болгоомжтой бий болгосон харилцаагаа золиосолсныг “өөрийгөө сүйтгэсэн сонголт” гэж нэрлэв. Түүний шүүмжлэл өмнөх консерватив Юн Сок Ёлийн Засгийн газарт хандахаас гадна одоогийн Ли Жэ Мёны засаг захиргаанд ч хамаарна. Шинжээчийн үзэж байгаагаар, энэ асуудалд хоёр Засгийн газар нэг их ялгаагүй.
Мөн Солонгосын шинжээч ийм бодлого Орос, Хойд Солонгосын ойртолтыг түргэтгэж, Солонгосын компаниудын Евразийн зах зээлд гарах боломжийг багасгасан гэж дүгнэсэн гэж rg.ru-гийн тоймч Олег Кирьянов бичсэн байна.
Яагаад Москватай яриа хэрэгтэй вэ
Шинжээчийн хэлснээр, Хойд Солонгосын цөмийн асуудал, Солонгосыг нэгтгэх асуудал болон АНУ, Хятадын стратегийн өрсөлдөөний үр дагаврыг даван туулахын тулд Сөүл Москвагийн хамт стратегийн яриа хэлэлцээ өрнүүлэх хэрэгтэй. Тэрээр Орос-Өмнөд Солонгосын харилцаа сайжрах нь Орос-Хойд Солонгосын хамтын ажиллагаатай заавал зөрчилдөх албагүй гэж онцлов.
Эдийн засгийн боломж
Пак Бён Хван Оростой хамтрах эдийн засгийн боломжийг гурван зүйлээр тайлбарлажээ.
-Ойролцоогоор 140 сая хүний зах зээл
-Харьцангуй хямд эрчим хүч, түүхий эдэд хандах боломж
-Хойд тэнгисийн замын хөгжлийн хэтийн төлөв. Энэ нь Пусан болон Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийн бусад боомтод нэмэлт боломж нээж магадгүй гэж тэрээр үзэж байна.
Харин Арктикийн тээвэр хөгжихөд улирлын чанартай хөлөг онгоцны хөдөлгөөний хязгаарлалт, засварын дэд бүтэц, мэргэжилтнүүдийн хомсдол одоогоор саад болж байгааг тэрээр хүлээн зөвшөөрөв.
Практик дипломат ёс
Шинжээч санал болгож буй гадаад бодлогынхоо гурван зарчмыг ингэж томьёолжээ. Оросыг үл тоомсорлохгүй, АНУ-ыг дургүйцүүлэхгүй, Хятадад өөрийн хүслийг тулгуулахгүй байх. Түүний үзэж байгаагаар, олон улсын харилцааг улс орнуудын ашиг сонирхол тодорхойлдог бөгөөд “сайн” ба “муу” гэж ангилж хуваадаг зүйл биш. Тиймээс Сөүл үзэл суртлын хандлагаасаа татгалзаж, геополитикийн бодит байдалд тулгуурласан практик дипломат ёсыг баримтлах ёстой гэж тэрээр дүгнэв.
Эх сурвалж: “Пусан Ильбо”, Российская газета