Төмөрбаатарын БАТСАЙХАН
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь Монголын улс төрийн түүхэнд урьд өмнө болж байгаагүй үйл явдал байв. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тухай мэдэгдэл хийж, улмаар УИХ-д хүсэлтээ хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хүсэлтийг лхагва гарагийн хуралдаан хэлэлцэн дэмжиж, пүрэв гарагт нэгдсэн чуулганаар хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв. Баасан гарагт Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө хуулийн дагуу Төв талбайгаас үдэн гаргав. Энэ процесс тун шуурхай, нүд ирмэхийн зуур гэдэг шиг л болоод өнгөрөв. Ямар сайндаа л АН-ын дарга О.Цогтгэрэл чуулганы танхимд “Ерөнхийлөгчөө одоо бид цаашид яах вэ” хэмээн гайхан асууж байхав. У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 67.69 хувийн санал авч сонгогдсон бөгөөд зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хэдхэн сарын хугацаа үлдээд байв. Тэрээр 2027 оны зургаадугаар сар хүртэл ажиллах ёстой байсан ч хугацаанаасаа 221 хоногийн өмнө албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэв. Энэ үйл явдлын дараа Монголын улс төрд маш олон асуудал ойлгомжгүй, шийдлээ хүлээж үлдэв. Ерөнхийлөгчийн сонгууль, эрх баригч намын дотоод харилцаа, улстөрчдийн хариуцлагын асуудал зэрэг, зэрэг хөндөж эхэллээ. Монголын улс төрд сүүлийн жилүүдэд албан тушаалын томилгоо, огцролт, итгэл үзүүлэх болон үл үзүүлэх асуудал ээлж дараалан өрнөж ирсэн. Засгийн газар, УИХ-ын удирдлагын түвшинд өөрчлөлтүүд гарч, эрх баригч намын дотоод зөрчил ч ил, далд хэлбэрээр үргэлжилсэн. Харин энэ удаа Төрийн тэргүүн өөрөө бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй ажлаа хүлээлгэн өгсөн нь улс төрийн үйл явдлыг шинэ, өөр түвшнээс харах нөхцөл болж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг сүүлийн нэг сар гаруйн хугацаанд гутаан доромжилж, өөрийг нь ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгааг дурдсан. Тэрээр хэсэг хугацаанд дуугүй байж, нөхцөл байдлыг ажигласан ч төрийн тэргүүний нэр хүндийг хамгаалах асуудал зөвхөн хувь хүний асуудал биш хэмээн тайлбарласан юм. Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа улс төрийн үйл явц хурдацтай өрнөлөө. Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан гэх асуудлын цаана ямар баримт, ямар мэдээлэл байгаа, тэдгээр нь хууль зүйн ямар үндэслэлтэй болохыг холбогдох байгууллагууд шалгаж тогтоох учиртай. Нөгөө талаас төрийн тэргүүн өөрөө нэр төрөө сэргээлгэхийн тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргасан нь төрийн өндөр албан тушаалтны хариуцлагын асуудлыг дахин хөндөж байна. Арваннэгдүгээр сарын 19-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зөвхөн Ерөнхийлөгчийг чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэсэн хуралдаан байсангүй. Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаанаас өмнө албан тушаалаа хүлээлгэн өгөх болсон шалтгаан, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, төрийн тогтолцооны асуудал чуулганы танхимд зэрэгцэн яригдав. Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэх үеэр 30 гаруй гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн нь энэ асуудал парламентын хүрээнд хэр өргөн хүрээтэй яригдсаныг харуулна. У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн гадаад бодлого, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөхөд оруулсан хувь нэмрийг онцолж байв. Түүний төрийн тэргүүний хувьд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ёс зүйн манлайллыг өндрөөр үнэлсэн байр суурь ч илэрхийлэгдсэн. Харин нөгөө хэсэгт улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, төрд итгэх иргэдийн итгэл суларсан шалтгаан, авлига, хээл хахууль, өмнөх эрх мэдэлтнүүдийн байгуулсан тогтолцооны асуудлыг хөндсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудал нэг хүний албан тушаалын асуудлаас хальж, Монголын төрийн өнөөгийн байдал, улс төрийн хариуцлага, засаглалын тогтолцооны талаар хэлэлцэх талбар болж хувирлаа. Чуулганы үеэр гишүүд Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг үнэлэхийн зэрэгцээ улс төрийн нөхцөл байдлыг шүүмжилж, цаашид төрийн тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлагатай эсэхийг ч хөндөв. Тухайлбал, У.Хүрэлсүх чуулганы үеэр нэг бол хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжих, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалын хувилбарыг авч үзэх тухай байр суурь илэрхийлсэн нь анхаарал татав. Энэ нь зөвхөн дараагийн Ерөнхийлөгчийг сонгох асуудал бус, Монгол Улсын засаглалын хэлбэрийн талаарх хэлэлцүүлгийг ч дагуулж мэдэхээр байр суурь байлаа.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон үйл явцтай зэрэгцэн улс төрийн хүрээнд анхаарал татаж буй өөр нэг асуудал бол “Бодь интернэшнл” компанитай холбоотой оффтейк гэрээ, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт юм. Шадар сайд Н.Номтойбаяр уг асуудлыг дахин хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргасан. Хэрэв хянан шалгах түр хороо байгуулагдаж, нээлттэй сонсгол зохион байгуулагдвал төмөр замын бүтээн байгуулалт, оффтейк гэрээний талаарх олон нийтэд тодорхойгүй үлдсэн асуудлуудыг баримтаар нягтлах боломж бүрдэнэ. Харин сонсгол нь улс төрийн харилцан буруутгалын талбар болох уу, эсвэл бодит баримт, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд тулгуурласан парламентын хяналт болж чадах уу гэдэг нь зохион байгуулалт, явц, үр дүнгээс хамаарах биз. Тиймээс дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах улс төрийн үйл явцтай зэрэгцэн “Бодь”-ийн асуудлаарх хяналт шалгалт хэрхэн өрнөх нь Монголын улс төрийн ойрын өдрүүдийн анхаарал татах сэдвүүдийн нэг болж байна.
Ерөнхийлөгчийн албан тушаал эзгүйрсэн ч төрийн эрх мэдлийн залгамж чанар тасалдахгүй байх зохицуулалт Үндсэн хуульд бий. Монгол Улсын Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, эсвэл хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл түүний бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэхээр заасан. Мөн энэ тохиолдолд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулах үүрэгтэй. Иймээс У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хүлээн авснаар УИХ-ын дарга С.Бямбацогт төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх болсон юм. Гэхдээ энэ нь УИХ-ын дарга дараагийн Ерөнхийлөгчийг сонгох хүртэл төрийн тэргүүний бүх бүрэн эрхийг өөрийн үзэмжээр хэрэгжүүлнэ гэсэн үг биш. Хуульд заасан зохицуулалт, парламентын шийдвэрийн хүрээнд ажиллах шаардлагатай. Тэрээр арваннэгдүгээр сарын 20-нд өгсөн мэдээлэлдээ Ерөнхийлөгчийн 22 бүрэн эрх, бусад хуульд туссан 45 бүрэн эрхийн зохицуулалтыг судалж, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлж, бусад тохиолдолд хэрэгжүүлэхгүй байх зарчим баримтлахаа илэрхийлсэн. Харин дараагийн Ерөнхийлөгчийг ард түмний шууд сонгуулиар тодруулна. Үндсэн хуульд зааснаар УИХ-д суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд сонгогчид нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмаар саналаа өгнө. Сонгуулийн товыг УИХ хуульд заасан хугацаанд зарлах бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлд бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд дөрвөн сарын дотор сонгууль зарлан явуулахаар зохицуулжээ. Тиймээс Монгол Улс 2027 оны эхний хагаст Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах нөхцөл үүсээд байна. Одоогоор ирэх оны гуравдугаар сард сонгууль зохион байгуулах урьдчилсан тов яригдаж байгаа ч эцсийн хугацааг УИХ хуульд нийцүүлэн тогтооно. Ингэснээр улс төрийн намуудын хувьд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал ойрын хугацаанд улс төрийн гол сэдвүүдийн нэг болох нь тодорхой.
Дараагийн нэг зүйл нь Төрийн тэргүүн ажлаа хүлээлгэн өгсөн үйл явдлыг эрх баригч намын дотоод улс төрөөс салгаж ойлгох боломжгүй. МАН-ын доторх улс төрийн байр суурийн зөрүү, эрх мэдлийн хуваарилалт, авлигын асуудал, төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлагын асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдэгдэлд дурдсан гүтгэлэг, нэр төрөө сэргээлгэх асуудал нь улс төрийн зөрчилтэй давхцаж байгаа нь ч энэ үйл явдлын цаашдын өрнөлийг сонирхолтой болгож байна. Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын олонх дэмжсэн ч энэ нь улс төрийн бүх маргаан дууссан гэсэн үг биш. Харин ч одоо уг маргааныг хууль хяналтын байгууллагууд ямар байдлаар шалгах, улс төрийн хүрээнд хөндөгдсөн асуудлууд хэрхэн шийдвэрлэгдэх нь анхаарал татах сэдэв болж байна. Нөгөө талаас дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль эрх баригч намын дотоод харилцаанд чухал нөлөө үзүүлнэ. Нэр дэвшигчийг тодруулах үйл явц намын доторх хүчний харьцаа, улс төрийн бүлэглэлүүдийн байр суурь, ирэх сонгуулийн стратегитай шууд холбогдоно. Гэхдээ дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ гэдэг асуултаас илүүтэй төрийн тэргүүнд ямар шалгуур тавих вэ гэдэг асуудал чухал хэвээр байна. Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх, улс төрийн намуудаас хараат бус байх зарчмыг хэрхэн хангах, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн үүргээ хэрхэн биелүүлэх вэ гэдэг нь дараагийн төрийн тэргүүний өмнө тавигдах үндсэн асуудлууд юм.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанаас өмнө ажлаа хүлээлгэн өгсөн шийдвэрийн дараа Монголын улс төрд хариулт нэхсэн олон асуудал үлдэж байна. Асуултын хариулт нэг өдрийн дотор өрнөхгүй.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон энэ үйл явдал Монголын улс төрийн түүхэнд шинэ жишиг бий болгосон нь тодорхой. У.Хүрэлсүхийн хувьд төрийн тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь улс төрийн замналынх нь нэгэн томоохон эргэлт болов. Харин Монголын төрийн хувьд энэ нь зөвхөн нэг Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон асуудал биш юм.Төрийн өндөр албан тушаалтан хэн байхаас үл хамааран хуулийн өмнө тэгш байх зарчим, төрийн институцийн тогтвортой байдал, улс төрийн хариуцлагын тогтолцоо хэрхэн хэрэгжих вэ гэдэг асуудал дахин тавигдлаа. Одоо Монголын улс төр дараагийн Ерөнхийлөгчөө тодруулахын зэрэгцээ энэ үйл явдлын шалтгаан, үр дагаврыг бодит баримтаар нягтлан үзэх нь хамгийн чухал өрнөл байх биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 221 (7963)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn