П.БАЯР
Монголын Бие хамгаалагчдын Хүндэт академи, Монголын бие хамгаалагчдын Шадар хамгаалалтын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монгол Улсад бие хамгаалах салбарыг мэргэжлийн хөгжлийн шинэ шатанд гаргах, салбарын төлөөллүүдийг нэгтгэх, харилцан туршлага солилцох, цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлох зорилготой Монголын бие хамгаалагчдын үндэсний чуулган зохион байгуулах талаар онцоллоо.
Чуулган нь салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэхээс гадна мэргэжлийн нэр хүнд, ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх нэгдлийн эхлэл болно гэдгийг онцоллоо. Мөн ахмад үеийн мэдлэг, туршлагыг хүндэтгэж, залуу үеийн боловсрол, хөгжлийг дэмжих замаар салбарын ирээдүйд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байгаагаа илэрхийлсэн юм.
Монголын бие хамгаалагчдын Шадар хамгаалалтын холбоо нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2006 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 128 дугаар тушаалаар байгуулагдсан төрийн бус байгууллага аж. Тус холбоо төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ мэргэжлийн хувийн хамгаалагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой. Түүнчлэн гишүүддээ тулгамдсан асуудлаар мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлдэг байна.
Мөн Хувийн хамгаалалтын тухай хуулийн 10.2-т заасны дагуу хувийн хамгаалалтыг биечлэн гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, дотоод болон гадаадад сургалт зохион байгуулах, сертификат, батламж олгох, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ажилладаг аж. Цаашид олон улсын бие хамгаалагчдын холбоодтой хамтран ажиллаж, туршлага солилцох, хувийн шадар хамгаалалтын онцлогт тохирсон арга барилыг хөгжүүлэх зорилт тавьжээ.
Эх сурвалж: www.zms.mn