Т.БАТСАЙХАН
Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор шинэ гишүүдийг сонгон шалгаруулах ажиллагаа үргэлжилж байна.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 20 иргэн бүртгүүлсэн бөгөөд өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Ажлын хэсэг нэр дэвшигч тус бүртэй ганцаарчилсан ярилцлага хийх ажиллагааг зохион байгуулав.
ХЭҮК нийт долоон гишүүнтэй. Тус комиссын дарга Д.Сүнжид, гишүүд Г.Нарантуяа, Х.Мөнхзул, Ж.Хунан, Б.Энхболд нар 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд томилогдсон бөгөөд зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь энэ сарын 6-нд дуусгавар болсон юм. Иймээс тэдний оронд ажиллах таван гишүүнийг сонгон шалгаруулах үйл явц ийнхүү эхэлсэн.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Тулга ахалж байгаа бөгөөд холбогдох байгууллагуудын төлөөлөл бүрэлдэхүүнд нь ажиллаж байна.
Сонгон шалгаруулалтын зарыг аравдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 17:30 цаг хүртэл олон нийтэд нээлттэй байршуулсан. Улмаар арваннэгдүгээр сарын 9-нд Ажлын хэсэг хуралдаж, нэр дэвших хүсэлт гаргасан иргэдийн анкет, холбогдох баримт бичгийг хянажээ. Ингэхдээ нэр дэвшигч бүр журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгасан байна.
Ажлын хэсгийн олонхын саналаар нийт 20 иргэнийг сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэсэн бөгөөд үүнд Д.Жамъяндагва, Л.Галбаатар, Г.Ууганбаатар, Х.Цэцгээ, Б.Болорсайхан, Б.Энхболд, Т.Ихтамир, Б.Хишигсайхан, Ц.Үүрцайх, Э.Эрдэнэжамъян, Г.Наранбаатар, Ц.Адъяахишиг, Д.Ганбаяр, Д.Баянбилэг, Д.Гэрэл, Д.Ёндонжамц, Б.Одонгэрэл, Д.Батсайхан, Д.Цогтбаатар, Ч.Ханддулам нар багтаж байна.Эдгээр нэр дэвшигчдээс Б.Энхболд нь 2020 онд ХЭҮК-ын гишүүнээр томилогдон ажилласан бөгөөд энэ удаа дахин нэрээ дэвшүүлжээ.
“Нэр дэвшигчдэд тавих шалгуурыг өөрчилсөн нь анхаарал татаж байна”
Энэ удаагийн сонгон шалгаруулалтын нэг онцлог нь ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдэд тавих шаардлагыг зохицуулсан журмыг шинэчилсэн явдал юм. Өмнөх журамд нэр дэвшигчдэд тавьж байсан зарим шаардлагыг хэт явцуу хүрээтэй, хуульд зааснаас давсан гэж үзэн өөрчилсөн нь маргаан дагуулсан.Тухайлбал, өмнөх журмаар ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшихийн тулд 10 жил хуульчаар ажилласан, таван жил зөвхөн ХЭҮК болон хүний эрхийн байгууллагад ажилласан байх зэрэг шаардлага тавьж байжээ. Мөн сахилгын шийтгэл авч ажлаас халагдаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй байх шалгуур багтаж байсан .Харин шинэчилсэн журмаар нэр дэвшигчдийн хүрээг өргөжүүлж, нийгмийн болон салбар бүрийн төлөөллөөс сонгон шалгаруулах боломжийг бүрдүүлсэн байна.
Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга “2021 онд шинэчлэгдсэн ХЭҮК-ын тухай хуульд нийцүүлэх шаардлага үүссэнээс гадна 2020 онд батлагдсан журамд тухайн үеийн хууль тогтоомжид зааснаас давсан шаардлагууд туссан байсан.Тэрээр нэр дэвших эрхийг өргөжүүлж байгаа нь ямар нэгэн асуудалтай хүмүүсийг шууд сонгогдох боломжтой болгож байна гэсэн үг биш гэсэн юм.
“Сонгон шалгаруулалт гурван үе шаттай”

ХЭҮК-ын шинэ гишүүдийг сонгон шалгаруулах ажиллагаа гурван үе шаттай явагдана гэдгийг Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Тулга тайлбарласан. Нэгдүгээрт, Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийн бүрдлийг шалгаж, хүн тус бүртэй ганцаарчилсан ярилцлага хийнэ. Үүний дараа Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нэр дэвшигч бүрд үнэлгээ, дүгнэлт гаргах юм. Өчигдөр зохион байгуулж буй ярилцлага нь энэ шатны ажиллагаа юм.
Хоёрдугаарт, Ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулна. Улмаар Байнгын хороо нэр дэвшигчдийг олон нийтийн төлөөллийг оролцуулсан нээлттэй сонсголоор хэлэлцэх юм. Гуравдугаарт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн саналаар томилгооны асуудлыг шийдвэрлэнэ.Өмнө нь нэр дэвшигчдийн сонсголыг Ажлын хэсэг зохион байгуулдаг байсан бол шинэчилсэн журмаар УИХ-ын Байнгын хороо зохион байгуулахаар болсон нь бас нэг өөрчлөлт юм. Энэ нь УИХ-ын тухай болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэх зорилготой байна.
Мөн нэр дэвшигчдийн сонсголыг арванхоёрдугаар сарын 16-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 20 нэр дэвшигчээс шаардлага хангасан таван хүнийг сонгож, ХЭҮК-ын гишүүнээр томилуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 222 (7964)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn