Хотын даргаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай зуу зуун эмчлүүлэгсдийг цагдаа, хувийн хамгаалалтын дэмжлэгтэйгээр хөөн гаргаж, татвар төлөгчдийн тэрбум давсан төгрөгөөр хэвлэл мэдээллийн зарим сайтуудаар бохир гүтгэлэг явуулж, олон нийтийг төөрөгдүүлж, хохироож байсан талаар Ардын эмч Ж.Хатанбаатар шүгэл үлээж, үнэнийг илчилсэн. Эдгээр мэдээллийн дотор маш ноцтой анхаарал татсан нэг асуудлын талаар энд тодруулъя.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа 1998 оны долдугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газар болон СОС Киндердорф Интернэшнл байгууллага хооронд хамтран ажиллах Гэрээний монгол орчуулгыг УБЕГ-ын “хуулбар үнэн” гэж тамгалсаныг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргуулан авсан байдаг. Гэтэл Гэрээний монгол орчуулгын удиртгал болон 22 зүйл заалт бүрийг “Нэмж, хасаж өөрчлөн зассан” байсан бөгөөд хамгийн ноцтой нь уг Гэрээний 3.7 дахь заалт болох эх хувилбартаа “СОС-КДИ-ийн үйл ажиллагаа Монголд зогссон тохиолдолд өмч хөрөнгийг СОС-КДИ өөрөө шийдвэрлэнэ. Засгийн газартай зөвшилцсөнөөс бусад хүүхэд залуучуудад үзүүлсэн тусламж, тэтгэлгийг дуусгавар болгон тараахгүй” гэснийг УБЕГ “өмч хөрөнгө, эд материалыг дуусгавар болгож, тараан байрлуулна" гэж өөрчилсөн байжээ.
Монгол Улсын Засгийн газрын байгуулсан Гэрээний монгол хэлээр баталгаажсан заалтыг дээрх байдлаар зассан нь өнчин хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулагдаж буй Үндэсний нийгэмлэгийн өмч хөрөнгө, түүний эзэмшилд байгаа газар сэлтийг тарааж тарамдуулах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлж, улмаар нийгэмлэгийн газар өмчийг эзэнгүйдүүлэн өөр зориулалтаар ашиглах, цаашлаад завших нөхцлийг санаатайгаар бүрдүүлсэн байх өндөр магадлал байна.
Учир нь Х.Нямбаатарын орлогч байсан Т.Даваадалайгийн “Дава бизнес консалтинг” ХХК 2022 оны 10 дугаар сард Монголын СОС Хүүхдийн хотхоны нийгэмлэгтэй “Ажилтан сонгон шалгаруулах” гэрээ байгуулж, олон нийтийн сүлжээнд санхүүгийн захирал хайж буй зарыг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байршуулан тус асрамжийн байгууллагын үйл ажиллагаанд шууд оролцож эхэлсэн байна. Цаашлаад 2022 оны 11 дүгээр сараас “Монголын СОС Хүүхдийн байгууллагын үйл ажиллагаа хууль зүйн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг шалгах” шалгалтаар эхэлсэн үйл ажиллагаа нь үргэлжлэн 2025 оны 4 дүгээр сарын 29-нийг хүртэл тасралтгүй 40-өөд байгууллагуудын шалгалтууд болон өргөжин явагдсан байдаг.
Түүнчлэн Монголын СОС Хүүхдийн хотхоны хэрэгжүүлж байсан төслийн санхүүжилтийг, Хотын даргын мэдэгдэл, нэргүй гомдол ирсэн гэх хоёр үндсэн шалтгааны улмаас зогсоосноор бүтэн 8 сарын турш асрамжийн газрын өдөр тутмын үйл ажиллагаа ямар ч санхүүжилтгүй болсон байна. Монголын СОС хүүхдийн төрийн бус байгууллагын удирдах зөвлөл эрх, олон мянган хүүхдүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд, Эрсдлийн менежментийн бодлого хэрэгжүүлж, энэ хүрээндээ тэвчиж, хойшлуулж болох зардлуудыг хэмнэх, гадаад дотоодын санхүүгийн боломжит эх үүсвэр, хувь хүн, пүүс компанийн хандив тусламж, зээл зэргээр хөрөнгө босгон ажиллаж, санхүүгийн хүнд нөхцлийг даван туулсан байдаг. Гэтэл Эрсдлийн менежментийн бодлого хэрэгжүүлж ажилласан удирдах албан тушаалтнуудыг буруутгаж, цаашлаад уг байгууллагыг олон улсын байгууллага мэтээр мушгин гуйвуулах, ажилтан албан хаагчдыг олон улсын байгууллагын ажилтан болгон харагдуулах увайгүй үйлдлүүдийг ээлж дараалан хийж иржээ. Энэ нь ч одоо үргэлжилж байна.
1998 онд Монгол улсын Засгийн газартай байгуулсан Гэрээнд Олон улсын СОС Киндердорф Интернэшнл байгууллага Монгол Улсад өөрийн салбарыг байгуулах бус, Засгийн газрын харьяа байгууллага байгуулах бус, харин бие даасан, хараат бус, Үндэсний нийгэмлэгийг байгуулж, төсөл, хөтөлбөрөө хөндлөнгийн нөлөөлөлгүй хэрэгжүүлэхээр тодорхой заасан. Ийм ч учраас Монголын СОС Хүүхдийн хотходын нийгэмлэг” НҮТББ байгуулагджээ. Тодруулбал, Монголын СОС Хүүхдийн хотхоны үндэсний нийгэмлэгийн ажилтан албан хаагчид Олон улсын СОС Киндердорф байгууллагаас томилогддоггүй гэсэн үг. Үндэсний нийгэмлэг нь Монгол Улсын хууль журмын дагуу монгол ажилтнуудыг ажилд томилон ажиллаж ирсэн. Тэгвэл энэ байгууллага, хамт олныг олон улсын байгууллага, олон улсын байгууллагын ажилтан болгох нь хэнд, яагаад хэрэгтэй болов ?!. Гол зангилаа нь тус асрамжийн газрын байр, байр барьсан газар нь юм биш биз ?!
Монголын СОС Хүүхдийн байгууллага нь СОС Киндердорф интернейшл байгууллагын гишүүн бөгөөд монголын хүүхэд багачуудад хэрэгтэй байгаа төсөл хөтөлбөрийг Херманн Гмайнерийн хүүхэд хамгаалал, асрамж, халамжийн нэгдмэл үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулан хүргүүлж, шаардлага хангасан тохиолдолд, тэд төсөлд зориулсан тусламжийн санхүүжилт олгох байдлаар хамтран ажилладаг журамтай. Монголын СОС хүүхдийн байгууллага нь Үндэсний нийгэмлэгийнхээ хувьд СОС Киндердорф интернейшл байгууллагын гишүүн байгууллага болохоос төлөөлөгчийн газар нь биш. Тиймээс олон улсын байгууллага байх ямар ч эрхзүйн үндэслэл байхгүй байдаг.
Монгол Улсын Засгийн газрын Гэрээний заалтыг өөрчлөхөд Х.Нямбаатар, түүний орлогч Т.Даваадалай нар өөрсдийн угсарсан хонгил, эрх мэдлийн сүлжээгээ ашиглан УБЕГ-ыг татан оролцуулсан уу. Хэрэв оролцуулсан бол тэр нь хэн гэдэг эрх мэдэлтний даалгавраар өөрчилснийг шалгаж тогтоох л ёстой.
Ардын эмч Ж.Хатанбаатар үнэний төлөө шүгэл үлээж, Хариад Г.Уянгад өгсөн ярилцлагаас олон зүйл тодорхой болсон. Энэ асуудал Ж.Хатанбаатар эмчийг Допингийн эсрэг үндэсний төвийг хариуцан ажиллаж байхад хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар нутгийн бөхийн Допингтой гарсан шинжилгээний хариуны талаар ярьж, Хатанбаатар эмч олон улсын журам дүрмийг тайлбарлан Х.Нямбаатарын хүслийг биелүүлээгүйгээс эхлэлтэй. Энэ ярианаас хойш Ж.Хатанбаатар эмчийг Допинг зардаг гэсэн худал үндэслэлээр саатуулж, монгол улсын анхны уламжлалт эмийн үйлдвэрийг хотын өмчид авлаа гэсэн ээлжит жүжгээ, Х.Нямбаатар өөрөө манлайлан хотын мөнгөөр угжсан сайтуудтай хавсран ямар увайгүй, хууль бус үйлдлийг хийснийг та бүхэн Ж.Хатанбаатар эмчийн ярилцлагаас эргэн харж сонсох боломжтой.
Эх сурвалж: Polit.nn