П.ЛХАГВАЖАРГАЛ
НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг баталж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэх болсон билээ. Энэ өдрийг тохиолдуулан “Зууны мэдээ” сонин “Lumi care” хүүхэд, гэр бүлийн эмнэлгийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч Д.Ариунсайхантай ярилцлаа.
-Хүйтний эрч чангарч, томуу, томуу төст өвчний халдвар хатгаа болох эрсдэл нэмэгдэж байна. Хатгаа хэр хугацааны дараа бүрэн эдгэдэг вэ?
-Улирал солигдож, хүйтний эрч чангарч буй сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн дэгдэлт нэмэгдэж байна. Бидний хүрээлэн буй орчныг тойрон эргэлдэж байдаг 300 гаруй төрлийн вирусийн халдвар бий. Үүнээс А, В хүрээний вирус нь хүүхэд багачуудад томуугийн хүндрэл үүсгэдэг. Энэ үед өндөр халуурах, ханиалгах, толгой болон булчин өвдөх, бие сульдах шинж тэмдэг илрэх бөгөөд цаашлаад уушгины хатгаа, амьсгалын дутагдал зэрэг хүндрэл үүсгэж болзошгүй.
Хамрын ханиад зэрэг нь хүүхдийн өөрийн дархлаагаар 7-14 хоногт эдгэх боломжтой. Харин томуугийн вирусээр үүссэн халдварууд маш хоруу чанартай байдаг бөгөөд хүүхдийн дархлааны системийг унагаж, богино хугацаанд хатгаа болдог. Энэ үед улсын болон хувийн ямар ч эмнэлгийн ор хоног 5-7 хоног байна. Үүнээс олон хоновол сөрөөд өөр төрлийн халдварууд авах эрсдэлтэй. Эмнэлэгт хэвтэх энэ үед өвчний хүнд үеийг дарах эмчилгээ хийгээд өрхийн хяналтад гаргана. Гэвч ханиалгах, халуурах шинж тэмдэг буураад ирэхээр асран хамгаалагчид хүүхдийг эдгэчихлээ гээд тайвширдаг. Угтаа хатгаа туссан уушги бүрэн эдгэх хүртэл 21-60 хоногийг зарцуулдаг. Энэ үед хүүхдийн хүүхдийн дархлаа дэмжих, сэргээн засах эмчилгээнүүдийг хийлгэх шаардлагатай.
-Энэ үед улсын эмнэлэг ачаалал ихтэй, хувийн эмнэлгийн үзлэг оношилгоо төлбөртэй зэрэг хүндрэлүүд иргэдэд тулгамддаг. Тэгвэл “Lumi care” эмнэлэг энэ чиглэлд ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
-Хүний эрүүл мэнд гэдэг хамгаас чухал. Аз жаргал гэр бүлийн үндэс нь эрүүл саруул байхад оршино. Улсын эмнэлгүүдийн ачаалал их байдаг болохоор манай “Lumi care” хүүхэд, гэр бүлийн эмнэлэг бүх эмчийн үзлэг, зөвлөгөөгөө үнэ төлбөргүй хүргэдэг. Мөн амралтын өдрүүдээр ажилладаг.
Харин хатгааны дараах дархлаа дэмжих 3-5 хоногийн өдрийн эмчилгээг багцаар нь хүргэдэг. Ингэхдээ хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, уламжлалтын хүүхдийн эмчдээ үзүүлж зөвлөгөө мэдээлэл авч, сэргээн засах аппарат, физик эмчилгээг багцаар нь хүргэнэ. Энэ нь хатгааны дараах хүүхдийн уушгины эдгэрэлтийг хоёр дахин хурдасгадаг давуу талтай.
Иймд уламжлалт болон европ эмчилгээг хослуулахыг маш их эрмэлзэж байна. Уламжлалт анагаах ухаан Азийн орнуудад олон зуун жилийн өмнө үүссэн. Харин сэргээн засах салбар уламжлалтаасаа мөн ангид бөгөөд бидний түгээмэл мэдэх шарлагаас гадна, бариа засал, цэр ховлох физик эмчилгээнээс эхлээд олон төрөлтэй.
-Хүүхэд, гэр бүлийн эмнэлэг гэдэг үүднээс олон төрлийн багц эмчилгээнүүдийг гаргасан юм байна. Энэ дундаас нярайн гэдэсний дүүрэнгийн эрсдэлээр яриагаа үргэлжлүүлье?
-Нярай хүүхдүүдэд хамгийн их тулгардаг эрсдэлүүдийн нэг гэдэс дүүрэлт. Энэ нь хөхөө буруу хөхөх буюу буруу амлаж хийтэй сорсноор хүүхдийн гэдэс дотор хий ихээр хуримтлагддаг. Үүнийгээ уйлж илэрхийлдэг. Ээжүүд үүнийг нь өлсөөд байгаа юм байна гэж буруу ойлгоод нэмж хөхөө өгөөд байдаг. Гэтэл нь гэдэсний хана нимгэрч, өрөвсөл болох эрсдэлтэй.
Нярай хүүхдийг 2 цаг тутамд буюу хоногт багадаа найман удаа цадтал нь хөхүүлэх хэрэгтэй гэж заадаг. Хэрэв нэмэлт тэжээлээр хооллодог бол гурван цаг тутамд гэдэг.
Хөхний сүү үүсэх үйл явц эхийн сэтгэл зүйтэй шууд холбоотой. Стресс, нойргүйдэл ихтэй болон хагалгаагаар төрсөн ээжүүд сүү нь ширгэж, багасах гээд байдаг. Үүнд гэр бүлийн дэмжлэг их чухал.
Дөнгөж төрсөн ээжүүд хаягдчих гээд байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдээ нэгт тавиад өөрийн дархлаа, стресс, нойргүйдэлд төдийлөн анхаарч чаддаггүй. Үнэнийг хэлэхэд ар гэрийнхэн нь ч ээжийг хоёрт тавих хандлага элбэг. Үүнээс үүдэлтэй ээжүүдэд төрсний дараах сэтгэл гутрал зэрэг эмгэг үүсдэг. Тиймээс манай эмнэлэг эхийг хүүхэдтэй нь амраах, сувилах, сэтгэл зүйг нь дэмжих үйлчилгээг үзүүлдэг.
-Хөхүүл ээжүүдэд горьдох, хөх зангирах асуудлууд тулгарах нь их шүү дээ. Энэ тохиолдолд танай эмнэлэг ямар эмчилгээ хийдэг вэ?
-Энэ бол хөхний толгой руу буюу гадагшаа чиглэсэн сүүний суваг хатуурч, хаагдаад хөх зангирдаг. Үүнд хөхний цусан хангамжийг сайжруулах уламжлалт анагаах ухааны эмчилгээнүүдийг хийдэг. Хүндэрсэн тохиолдолд эмийн эмчилгээг хавсардаг. Энэ зангирал удах тусам өрөвсөл үүсэж, эд эрхтэн гэмтэж, мэс ажилбарт орох эрсдэл тулгардаг. Тиймээс эрт арга хэмжээ авах нь чухал.
Мөн олон жилийн дараа төрж байгаа ээжүүд анхны төрөлттэй адил ихэнх зүйлээ мартсан байдаг. Энэ үед сошиал орчноос дам сонссон мэдээлэлдээ итгэх, зөвлөгөөг хэрэгжүүлээд хүндрүүлчих гээд байдаг. Тиймээс заавал мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
-Тэгвэл монгол хүүхдүүдэд хамгийн их тулгамдаж буй эрүүл мэндийн асуудал юу байна вэ?
-Зөвхөн монголчуудаар зогсохгүй дэлхий дахинд утас дэлгэцийн хэрэглээнээс үүдэлтэй хүүхдийн зан авир, сэтгэл санааны өөрчлөлт, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлтүүд их байна. Угтаа хүүхэд хөдөлгөөн хийж энергиэ гадагшлуулж байх хэрэгтэй. Гэтэл өнөөгийн нийгэмд энэ хэрэгцээ хумигдаж, хүүхдийн бие сөрөг стресс ихээр хуримтлагдаж, уур уцаартай болох, санаа алдах, шүдээ хавирах, орондоо шээх эмгэгүүд үүсэж байна.
Монголчуудын нэрлэдгээр шөнийн шээрэнг хэмээх эмгэг үүсэхэд олон шалтгаан бий. Үүнд шөнө орондоо шээх, ханиалгах, найтаалгах үед шээс дусагнах, ойр ойрхон бага хэмжээгээр шээх зэрэг багтана. Энэ нь эцэг эхийн гений удамшил, давсгийн хөгжил сул буюу бүрэн хөгжөөгүй байх үе, сэтгэл зүй, стресс, хөдөлгөөний дутагдал зэргээс үүсэх боломжтой. Үргэлж хөдөлгөөнтэй, гадаа тоглодог, чийрэг борогжуу хүүхдүүдэд энэ эмгэг үүсэх нь ховор. Харин сүүлийн жилүүдэд хотжилтын энэ асуудлаас үүдэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн амбулаториор хоногт үзүүлж буй 60 хүүхэд тутмын 15-20 нь шээсний замын ийм асуудалтай байна.
-Энэ эмгэг бүрэн эдгэдэг үү. “Lumi care” эмнэлэг энэ чиглэлд ямар эмчилгээ хийдэг вэ?
-Энэ эмгэг бүрэн эдгэх боломжтой. Хамгийн гол нь зөв оношлуулж, үр дүнтэй эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь ганцхан эм уугаад эсвэл зүү төөнүүр тавиад эдгэхгүй. Цогцоор нь анхаарах хэрэгтэй.
Манай эмнэлэг байгуулагдсанаас хойш сар орчмын хугацаанд 10 гаруй хүүхэд шөнийн шээрэнгийн асуудлаар оношлуулж, бүрэн эдгээд байна. Үүний тулд манай эмнэлэг эмийн болон уламжлалт, физик эмчилгээг хослуулж, стресс үүсгээд буй сэтгэл зүйн асуудал, ар гэрийн зөвлөгөө гээд багцаар нь эмчилдэг.
Эцэг эхчүүд живхнээс гараад цэцэрлэгт ороод зүгээр болчих гээд арга хэмжээ авахгүй азнаад байдаг. Гэтэл хүүхэд нь сургуульд ороод цаашлаад 10, 11 нас хүртэл нь яаж арга хэмжээ авахгүй удах тохиолдлууд бий. Тиймээс эрт арга хэмжээ авах нь чухал юм.
Мөн томчуудаас гадна хүүхдүүд мэдрэлийн ядаргаанд орж, нүдээ завчлах, үе үе уртаар санаа алдах, шөнө хурхирах, хоолойгоо засах шинж тэмдгүүд илэрдэг.
Энэ бүгдэд манай эмнэлэг тохирсон эмчилгээнүүдийг цогцоор нь хийдэг. Түүнчлэн олон төрлийн шинэ тоног төхөөрөмжүүдээр үйлчлэхээс гадна хүүхдүүдэд эмнэлэг гэх айдас төрүүлэхгүй байхаар тав тухтай, гэртээ байгаа мэт дотно мэдрэмж төрүүлэхийг зорьж, тохижуулалт хийсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 220 (7962)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn
