В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

8 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан ч Украины дайн, Ираны асуудлыг баримт бичигт тусгаагүй нь анхаарал татав. Олон улсын хэвлэлүүд уулзалтыг дипломат харилцааны бэлгэдэл гэж үнэлэхийн зэрэгцээ бодит үр дүн хомс байсныг онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар арваннэгдүгээр сарын 19-нд БНХАУ-ын Шэньжэнь хотноо гурван талт дээд хэмжээний уулзалт хийлээ. Дэлхийн гурван том гүрний төрийн тэргүүн анх удаа нүүр тулан уулзсан энэхүү үйл явдал олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орсон юм.

Уулзалтын дараа талууд “Энх тайвны төлөөх тунхаглал” гаргаж, НҮБ-ын шинэчлэл, эрчим хүчний нийлүүлэлт, олон улсын шүүхийн харьяалал, цөмийн эрсдэлийг бууруулах асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Гэвч тунхаглалд Украины дайн болон Ираны асуудлыг дурдаагүй, цөмийн зэвсгийг хорогдуулах хэлэлцээний тодорхой хугацаа, хэрэгжүүлэх алхмыг зарлаагүй нь уулзалтын бодит үр дүнгийн талаарх эргэлзээг дагуулсан байна. Гадаадын хэвлэлүүд уг уулзалтыг өөр өөр өнцгөөс тайлбарлажээ.

Bloomberg: Путинд улс төрийн томоохон ялалт авчирсан уулзалт

Bloomberg агентлагийн тоймч Марк Чемпион Шэньжэнь хотын уулзалтыг Владимир Путины хувьд томоохон ялалт гэж дүгнэжээ. Түүний үзэж буйгаар, гурван улсын удирдагч нэг ширээний ард суусан нь ОХУ-ыг олон улсын тавцанд тусгаарлах гэсэн Өрнөдийн оролдлого амжилтгүй болсныг харуулсан бэлгэдэл болжээ. Мөн Москва дэлхийн томоохон гүрнүүдийн дипломат харилцаанд оролцох байр сууриа хадгалж байгааг бататгасан гэж тайлбарласан байна.

Чемпион цаашид гурван гүрний удирдагчдын уулзалт дахин зохион байгуулагдаж, дэлхийн нөлөөний хүрээний асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзжээ.

Spiegel: Гоёмсог зураглал, харин бодит үр дүн бага

Германы “Spiegel” сэтгүүл уулзалтыг сүрлэг зохион байгуулалт, олон нийтэд хүргэсэн дүр зураг ихтэй боловч бодит агуулга багатай үйл явдал болсон гэж дүгнэжээ. Сэтгүүлийн сурвалжлагч Бернхард Зандын тайлбарласнаар, гурван удирдагч хамтдаа алхаж, нэг ширээнд сууж, бие биедээ найрсаг үг хэлж буй дүр зураг өөрөө уулзалтын гол мэдээ болсон байна.

Гэхдээ гурван гүрний удирдагч уулзаж, харилцан санал зөрөлдөөнтэй байсан ч яриа хэлэлцээ хийсэн нь эерэг алхам гэж сэтгүүл үзжээ. Уулзалт болоогүй бол харилцаа улам хөндийрч, харилцан үл итгэлцэл нэмэгдэх эрсдэлтэй байсныг онцолсон байна.

Global Times: Хятад улс яриа хэлэлцээний талбар бүрдүүлэгч болж байна

Хятадын “Global Times” сонин Шэньжэний уулзалтыг Бээжингийн гадаад бодлогын үүрэг, нөлөө өргөжиж буйн илрэл гэж тайлбарлажээ. Тус сонины үзэж буйгаар, Хятад улс өмнө нь тогтсон олон улсын дэг журмын хүрээнд оролцогч байсан бол одоо томоохон гүрнүүдийн хооронд яриа хэлэлцээ хийх шинэ боломж, талбар бүрдүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байна.

Сонин Саудын Араб, Ираны харилцааг хэвийн болгоход Бээжингийн гүйцэтгэсэн үүрэг, Палестины бүлэглэлүүдийн хоорондын Бээжингийн тунхаглалыг дэмжсэн зэрэг жишээг дурджээ. Түүнчлэн Шэньжэний уулзалт ОХУ-д цөмийн зэвсгийн хяналт, олон улсын зөрчил мөргөлдөөнийг зохицуулах, эрчим хүчний экспорт зэрэг асуудлаар байр сууриа шууд илэрхийлэх дипломат боломж олгосон гэж үзсэн байна.

Гэхдээ уулзалтын түүхэн ач холбогдол нь зөвхөн гурван удирдагч нэг дор цугласнаар хэмжигдэхгүй. Хэлэлцсэн асуудлууд цаашдын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны бодит үйл явц болж үргэлжлэх эсэхээс шалтгаална гэж нийтлэлд тэмдэглэжээ.

Politico: Том гүрнүүдийн тохиролцоонд жижиг орнуудын байр суурь орхигдох эрсдэлтэй

АНУ-ын “Politico” хэвлэл гурван талт уулзалт дэлхийн томоохон гүрнүүд олон улсын асуудлыг шийдвэрлэхдээ бусад улс орны ашиг сонирхлыг хэрхэн харгалзах вэ гэсэн асуултыг хөндсөн гэж бичжээ.

Тус хэвлэлд ярилцлага өгсөн Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан дипломат Роберт Дейлигийн үзэж буйгаар, ийм уулзалт Ши Жиньпинийг зөвхөн Хятадын ард түмэнд төдийгүй дэлхийн өмнөд бүсийн орнуудад дэлхийн нөлөө бүхий удирдагчийн дүрээр харуулах ач холбогдолтой.

Трампын уулзалтаар дэвшүүлсэн зорилгын нэг нь гурван улсын цөмийн зэвсгийн нөөцийг бууруулах хэлэлцээнд шинэ түлхэц өгөх явдал байв. Гэвч одоогоор энэ чиглэлээр тодорхой тохиролцоо байгуулагдаагүй байна.

АНУ, ОХУ-ын стратегийн зэвсгийг хязгаарлах хоёр талын гэрээний хугацаа 2026 оны хоёрдугаар сард дууссан бол Хятад улс цөмийн зэвсгийн нөөц нь АНУ, ОХУ-ынхаас хавьгүй бага гэсэн үндэслэлээр гурван талт хэлэлцээнд оролцохоос татгалзсаар ирсэн юм.

Мөн АНУ-ын холбоотон орнууд Вашингтон Москва, Бээжинтэй харилцахдаа нэг талын шийдвэр гаргаж, Украины асуудлаар Европын ашиг сонирхлыг үл тоомсорлох, Тайванийн асуудлаар Хятадад буулт хийх вий гэсэн болгоомжлолтой байгааг “Politico” онцолжээ.

NBC News: Гурван удирдагчийн нэг ширээнд суусан нь өөрөө хүчтэй дохио

АНУ-ын “NBC News” телевизийн нийтлэлд уулзалт нь Вашингтоны гадаад бодлогын хандлагад гарч буй өөрчлөлтийг илтгэж байна гэж дүгнэжээ. Олон улсын хямралын бүлгийн АНУ-Хятадын харилцааны ахлах зөвлөх Али Уайн хүйтэн дайн дууссанаас хойш АНУ Москва, Бээжингийн ашиг сонирхлыг салангид байлгахыг эрмэлзэж ирсэн бол одоо Трамп, Путин хоёр Ши Жиньпиний дэмжлэгийг авахын төлөө өрсөлдөж буй дүр зураг харагдаж байна гэж тайлбарласан байна.

“Одоо Трамп, Путин хоёр Ши Жиньпиний тааллыг хүртэхийг эрмэлзэж байна. Энэ бол хүчтэй бэлгэдэл” хэмээн Али Уайн хэлжээ. Мөн цөмийн зэвсэгтэй дэлхийн гурван том гүрний удирдагч зэвсгийн тархалтыг хязгаарлах асуудлыг хэлэлцэхээр нэг ширээнд суусан нь өөрөө чухал үйл явдал гэж АНУ-ын дипломатч асан Жон Б.Эмерсон онцолсон байна.

Гэхдээ Хятад улс цөмийн зэвсгийн нөөцийн хэмжээгээр АНУ, ОХУ-аас хол хоцорч байгаа учраас гурван талт бодит хэлэлцээнд оролцох сонирхол нь хязгаарлагдмал байж болохыг шинжээчид анхааруулжээ.

Тунхаглалын бодит үр дүн юу байв?

Гурван улсын удирдагчдын гаргасан хамтарсан тунхаглал дөрвөн үндсэн асуудлыг хамарчээ. Үүнд:

-НҮБ-ын шинэчлэл: Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн гурван улс дэлхийн сорилтод илүү үр дүнтэй хариулахын тулд НҮБ-ыг шинэчлэх зорилтоо илэрхийлэв.

-Эрчим хүчний аюулгүй байдал: Газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, эрчим хүчний тогтвортой урсгалыг хангахаар тохиролцов.

-Олон улсын шүүхийн харьяалал: Улс орны зөвшөөрөл болон төрийн албан тушаалтнуудын халдашгүй байдлыг хүндэтгэх ёстойг онцолж, Олон улсын эрүүгийн шүүх болон ижил төрлийн байгууллагууд харьяаллаа урвуулан ашиглах ёсгүй гэж мэдэгдэв.

-Цөмийн эрсдэл: “Цөмийн дайнд ялагч гэж байхгүй, ийм дайн хэзээ ч болох ёсгүй” гэсэн байр сууриа дахин бататгаж, цөмийн эрсдэлийг бууруулах, цөмийн зэвсгийн тархалтаас сэргийлэх талаар яриа хэлэлцээ хийхээр болов.

Гэсэн хэдий ч тунхаглалд Украины дайн, Ираны мөргөлдөөний талаар тодорхой байр суурь тусгаагүй бөгөөд цөмийн зэвсгийг хорогдуулах хэлэлцээний хугацаа, зорилт, хэрэгжүүлэх механизм тодорхойгүй үлджээ.

Ийнхүү Шэньжэний уулзалт гурван их гүрний харилцаанд шинэ дипломат суваг нээсэн ч дэлхийн томоохон зөрчил, мөргөлдөөнийг шийдвэрлэх бодит тохиролцоонд хүрээгүй байна. Тиймээс олон улсын хэвлэлүүдийн дүгнэлтээр энэ уулзалтын түүхэн ач холбогдлыг сүрлэг зураглал, улс төрийн бэлгэдлээр бус, цаашид гарах бодит үр дүнгээр нь хэмжих шаардлагатай аж.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

8 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

5 цаг 14 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

11 цаг 42 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

11 цаг 42 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

11 цаг 42 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Өчигдөр 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Өчигдөр 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Өчигдөр 06 цаг 00 мин