Төмөрбаатарын БАТСАЙХАН
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өглөө. Түүний хүсэлтийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу зургаан жилээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч юм. Мөн тэрээр хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн анхны Төрийн тэргүүн болж байна. Өчигдөр болсон чуулганы нэгдсэн хуралдаанаас тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан:
-Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг анх удаа хэлэлцэж байна. УИХ хэлэлцээд шийдвэрээ танилцуулах ёстой. Тантай холбоотой хэргийг шалгуулахын тулд та заавал бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах шаардлагатай байсан уу. Эсвэл өөр шалтгаан байсан уу?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Нэгэнт Ерөнхийлөгч чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн, үүнийг шийдэх эгзэгтэй цаг үед ирсэн байна. Улсын Ерөнхийлөгчийн ажил бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлтэй холбоотой эрхэм дээд алба юм. Надад бас ярих зүйл байна, ярихгүй зүйл ч байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Одоогоор төрийн тэргүүний ажлаа өгөөгүй байна. Өгөөд иргэн болсны дараа надад ярих зүйл нэлээдгүй гарах байх.Ерөнхийлөгчийн нэр хүнд цэвэр, цэмцгэр байх ёстой. Ерөнхийлөгч бол ард түмнээ, аюулгүй байдлаа, гадаад ертөнцөд улс эх орноо төлөөлдөг эрхэм алба. Сүүлийн 5-6 сарын хугацаанд Ерөнхийлөгчийн нэр төрд эрээ цээргүй халдлаа. Хүний санаанд багтамгүй асуудал зохиож, гүтгэж байна. Хилийн чанадад оргон зайлсан гэмт хэрэгтнүүд бий. Гэмт хэргийн бүлэглэл байна. Ажил хийлгэхгүй байна. Ард түмний дунд эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдож байна. Надад нэг л сонголт байна. Үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд, төрийн тэргүүний эрхэм нэр хүндийг сэргээх. Тиймээс би энэ шийдвэрийг гаргасан.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
- Та бүрэн эрхийнхээ хугацаанд хэдэн ширхэг одон, медаль гардуулсан бэ. Төрийн шагналд хэдэн төгрөг зарцуулсан бол. Нэг бүрийн одон, медальд хэдэн төгрөг зарцуулдаг вэ. Ер нь үе үеийн Ерөнхийлөгч нар энэ тоог гаргаж өгч байгаагүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Ерөнхийлөгчид зарцуулаад байх зардал байхгүй. Ө.Шижир ЕТГ-ын дарга байсан, сайхан хариулаад өгөөрэй. ЕТГ-ын зардлыг Тамгын газрын дарга л мэддэг. Ерөнхийлөгч өөрөө ч мэдэхгүй, гарын үсэг зурдаггүй. Гол зүйл нь ажилчдын цалин. МОНЦАМЭ агентлаг шилжиж ирээд төсөв нэмэгдэж харагдаж байгаа юм билээ. Ерөнхийлөгчид өөр илүү, дутуу ямар ч зардал байхгүй. ЕТГ хэцүү шүү дээ. Техник хэрэгсэл, сандал ширээгээ шинэчилж чадахгүй, өгсөн мөнгийг нь аваад явж байдаг. Цаашдаа ЕТГ-аа харж, хандаж, дараагийн шинэ Ерөнхийлөгчид хэдэн цаас тавьж өгөөрэй.Шагнал их зовлонтой асуудал байдаг. Хэдэн мянган хүний шагналын материал ирдэг байх. Ерөнхийлөгчийн үнэхээр хэцүү ажлын нэг. ЕТГ-ын Шагналын тасаг бүгдийг нь шалгаж үзнэ. Орон нутаг, УИХ-ын гишүүдээс тодорхойлолт ирдэг. Би шагналыг ахмадуудад өгөх зарчим баримталсан.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
- У.Хүрэлсүх Ерөнхийлөгч эргэн ирэлт хийдэг гэж хүмүүс ярьж байна. Та өнөөдөр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн өндөр албан тушаалд эргэн ирэх үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар хамгаална гэж заасан ч огт хамгаалдаггүй юм билээ. Захын нөхөд гүтгэж, доромжилж байгаа. Ерөнхийлөгч ажлаа хийх аргагүй болтол доромжилж байгааг та бүхэн харж байгаа. Сүүлдээ Ерөнхийлөгчийг хамгаалах зүйлгүй болохоор ажлаа өгөөд нэр төрөө сэргээлгэхээс аргагүй болж байна.Гүтгэлийн хууль чинь байхгүй болсон. Одоо та нар удахгүй өөрсдөө гүтгүүлнэ. Сүүлдээ Хууль зүйн сайд байсан хүн гэмт хэрэгтэн болж, гадагшаа гарчхаад хилийн чанадаас бусдыг гүтгэж байна. Янз бүрийн зургийн эвлүүлэг хийж байна. Тэр хүн хэчнээн гүтгэсэн ч хариуцлага хүлээх хуулийн заалт байхгүй, аваад хаячихсан. Одоо энэ хуулиа хурдан хийх ёстой. Тэгэхгүй бол Монгол төрийн дархлаа өдөр ирэх тусам унана. Хэн дуртай нь юу ч зохиож ярьж болдог болсон. Хуулийн байгууллага яаж ч чадахгүй.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг яг өргөн барих гэж байсан ч амжсангүй. Бэлэн болчихсон байгаа. Эх оронд хэрэгтэй бол би хаана ч очиж магадгүй.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч өргөдлөө өгч, чөлөөлөгдлөө. 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн хууль. 2023 онд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ зөвхөн намаа ялуулах өөрчлөлт хийсэн. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийг гацаанаас гарах шаардлагатай. 126 гишүүний маш том үүрэг бол шинэ Үндсэн хууль батлах.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэж амлачихсан. Гэхдээ тогтолцооны өөрчлөлт хийх нь зүйтэй. Шинэ Үндсэн хууль хийх хэрэгтэй. Хоёр танхимтай парламенттай болох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эсвэл Ерөнхийлөгчийн тогтолцоо руу орох гэсэн хувилбарууд бий.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Сүүлийн жилүүдэд улс оронд авлига гаарч, шударга ёс бүдгэрч, төрд итгэх иргэдийн итгэл, сэтгэл буурсан. Төрийн тэргүүн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байгаа энэ үед АН парламентаа хамгаалах, шударга ёсны талд байна.Ерөнхийлөгч олон жил төрийн дээд албанд ажиллалаа. Бид цаашдаа яах ёстой вэ?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Тогтолцооны өөрчлөлт хийх ёстой. Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард түмний санал асуулга явуулах ёстой. Шинэ Үндсэн хууль хийх ёстой. Хоёрхон сонголт байгаа. Нэгдүгээрт, хоёр танхимтай парламенттай болж, Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог тогтолцоо руу явах. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн тогтолцоотой болох. Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдоод гарч ирж, Засгийн газраа өөрөө байгуулж, Ерөнхий сайдаа өөрөө томилоод, парламент нь хяналт тавиад явдаг. Энэ тогтолцоо дэлхийн бараг бүх ардчилсан улсад байгаа. Би хэлсэндээ байдаг хүн шүү. Тогтолцооны өөрчлөлтийн асуудлаар та бүхэн ажиллах ёстой. Бүх ард түмнээс асуу.УИХ дээр Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг заавал батлах ёстой. Энэ хуулийг эсэргүүцэж, иргэний дайн хийнэ гэж ярьсан хүмүүс ч бий.Шувуу болоод нисчихсэн нөхрийг авчрах хэрэгтэй. Орогнол хүсээд явж байгаа гэсэн. Асар том гэмт хэрэг хийгээд зугтчихсан нөхөр шүү дээ. 500 тэрбум ам.доллар хууль бусаар олгоод, завсраас нь авлига аваад явсан.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Асуудлыг олон талаас харах хэрэгтэй. Ерөнхийлөгч ч бай, Ерөнхий сайд ч бай, Ерөнхийлөгч ч бай яагаад заавал албан тушаалаасаа чөлөөлөгдөж, иргэн болж байж шалгуулдаг болчихсон юм бэ гэдгйиг ярих ёстой. Яагаад гэвэл, хууль хяналтын байгууллагад итгэх итгшэл алдарсан байна. Тиймээс нэг тад иргэд итгэх, албан тушаалтнууд санаа зовсондоо чөлөөлөгдөж байна. Ерөнхийлөгч танд ч хүмүүс итгэхгүй, өөрийн томилсон хүмүүсээр шалгуулсан болоод өнгөрөх гэж байна гэж ярьж байгаа, үнэн үү. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогдсоны ашиг нь юу вэ. Ганц Ерөнхийлөгч ч дэглэм угсардаг юм биш парламентын дарангуйлал ч тогтдог. Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дарангуйлал тогтоочихсон байсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар авлигатай тэмцэх субъект гэж үзээд Ерөнхийлөгчийн томилгооны эрхүүдийг шилжүүлсэн. Одоо АТГ-ын даргын УИХ томилж байгаа. Шүүгч нар сонгон шалгаруулалтаар ордог болсон. Ерөнхийлөгчид ганцхан ард түмний дэмжлэг л байгаа. Байгаа ганц эрх нь хориг тавих. Ийм байхад зарим нэг хүн хаан гэж яриад байгаа. Тухайн хүний харизм, хүчээс л шалтгаалж байгаа байх.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Сүүлийн үед дарангуйллын дэглэм тогтлоо гээд яриад байна. Ерөнхийлөгчийн институц нь эрх мэдэл хуваарлах тэнцвэрийг алдагдуулж хэт давамгай байдалтай байна гээд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болъё гэж яриад байгаа. Давхар дээлтэй болох боломжийг олгож эхэлснээс хойш тэнцвэр алдагдсан. Үнэхээр тийм том эрх мэдлийг та авсан юм уу.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг л болж байна. Би уг нь дэг журам тогтоохыг хүсэж л ажилласан. Миний бие 70 мянган ард иргэдтэйгээ уулзсан хүн. Ард түмэн ч үүнийг хүссэн. Маш том хулгайд холбогдсон бүлэглэл байна. Эдгээр хүмүүст л хариуцлага тооцох хэрэгтэй. Зарим нь энэ танхимд ч сууж байгаа. Миний хийж буй ажил энэ хүрээд дуусаж байх шиг байна. Гэхдээ миний хувьд шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэх болно. Гудамж талбайд нь үргэлжлүүлнэ гэж бодож байгаа, ард түмэнтэйгээ хамт. Тийм дэглэм тогтоочихоор институц Ерөнхийлөгчид байхгүй. Үндсэн хуулийг өөрчлөхөд заавал ард түмний санал асуулга хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр:
-Сүүлийн 6 жил гадаад харилцаа сайжирсан. Өндөр хэмжээний айлчлал, уулзалтууд үр дүнгээ өгч байгаа. Мөн ажлаа эхлэх үедээ том том асуудлуудыг барьж авсан. Хэрэгжилт үр дүнгээ байсангүй байх гэж харж байна. Та дөрвөн удаа хориг тавьж, нэг удаа хууль санаачилжээ. Өөрийнхөө хийсэн ажлын тайланг яагаад тавиагүй вэ?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Миний санаачилсан төсөл, хөтөлбөрүүд дандаа манай улсын аюулгүй байдалтай холбоотой, үр шимийг нь ард түмэн хүртэх хүйн холбоотой хөтөлбөрүүд. Би тайлангаа тавьдаг байсан та хараагүй юм шиг байна. Би Ерөнхийлөгч болсноосоо хойш зургаан удаа үндэсний аюулгүй байдлын хаалттай хуралдаанаар тайлан тавьсан. Ерөнхийлөгчийн тамгын газрын сайт дээр Ерөнхийлөгчийн ажлын тайлан гээд бүхэл бүтэн видео, зурагтай, кинотой "Нэг монгол" гээд нэвтрүүлгээ гаргасан. Юм цахимжсан учраас ороод харчих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр их гэнэтийн байлаа. Таны энэхүү шийдвэр гадна дотнын бүлэглэлийн эсрэг хүчтэй цохилт болж чадлаа гэж хэлмээр байна. Та манай зургаа дахь Ерөнхийлөгч бил үү. Өмнө нь хулгар, хүзүүгүй, хээгүй, хийгүй Ерөнхийлөгч нар байсан. Харин та бол шуналгүй Ерөнхийлөгч. Би өөрөө цэрэг армийн хүн болохоор сайн мэдэж байна. Цэрэг армийнхан шуналгүй байдаг. Гадна дотнын нөхцөл байдал хүнд байна. Энэ хүнд үед Монголын төрийг самарчихлаа. Та одоо шалгуулна. Би бол танд бүрэн итгэлтэй байгаа. Хулгайд автаагүй гэж бодож байна. Миний хувьд таныг цаашдаа бүрэн эрхээ хэрэгжүүлээд явах ёстой гэж үзэж байна. Энэ бол үндсэн хуулиар танд ард түмний өгсөн эрх.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Хорвоо дээр байгаа бүхий л хүмүүс бие биенийгээ гүтгэж доромжилж байна. Сүүлдээ бүр Хууль зүйн сайд байсан хүн хилийн чанадаас яаж хүнийг гүтгэж доромжилж, хүний ой тойнд орохооргүй тоо баримт тавьж, мөрөөрөө төрийн алба хашиж байгаа, тусгай албаны хүмүүсийг юу юу гэж ярьж байгааг харж байгаа биз дээ. Үүнд хариуцлага тооцох боломжгүй болгосон. Та бүхний сонгууль ч дөхөж байна. Сүүлдээ бүр Монголын төрд бүтэн нэртэй, бүлээн царайтай хүнгүй болох нь.Монголын төрийг олигтой удирдагчгүй болгож байна. Янз янзын байдлаар зохиож, нааж, гүтгэж байна. Иймэрхүү гэмт бүлэглэлтэй болж байна. Монголын төр удирдагчгүй боллоо. Үүний нэг тод жишээг та бүхэн харж байна. Энэ цаг үед дэлхий ертөнцтэй хамгийн сайн харилцаатай байгаа төрийн тэргүүн бол нөхөр У.Хүрэлсүх. Монголын төрийг самарчихлаа шүү дээ Хууль зүйн сайд байсан нэг нөхөр. Шувуу болоод ниссэн. Энэ нөхрийг шалгах ёстой.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Бүх ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаад харамсаж байна. Би эрх барьж байгаа намын даргын хувьд намаасаа дэвшүүлж, Ерөнхийлөгчөөр ажиллах 6 жилийн хугацаанд төрийн тэргүүний стандартыг тогтоож чадсан гэдгийг цаг хугацаа нотолно. Ерөнхийлөгчийн гаргасан энэ шийдвэр залуу үед ёс зүйн өндөр манлайлал үлдээж байгаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын ард нуугддаг, сайд болохгүй бол амьдрал дуусах гээд байгаа мэт ханддаг улстөрчид нэгийг бодох ёстой. Монгол төрийн тэргүүн, бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нэр төрөө сэргээлгэхээр гаргаж байгаа шийдвэр бол ёс зүйн манлайлал. Тиймээс УИХ-ын гишүүд сахилга хариуцлагаа сайжруулна шүү. Албан тушаалын ард нуугдаж шантааж хийдэг элдэв зүйлээс холхон байгаарай. Дэлхий нийт биднийг харж байна. Улстөржиж болно. Гэхдээ улс орноо бодох хэрэгтэй гэлээ.
“Худал хуурмаг, гүжир гүтгэлэг хэт даамжирвал Монгол Улсын нэр хүнд сэвтэх аюултай”

Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх парламентын гишүүдэд хандаж үг хэлэв. Санал хураалт явагдахын өмнө түүний хэлсэн үгээс онцлон хүргэж байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бөгөөд Монгол Улсыг олон улсад бүрэн эрхтэй төлөөлдөг нэн хариуцлагатай албан тушаалтан билээ.Төрийн тэргүүний нэр төр бол бүрэн эрхт тусгаар улсын нэр хүнд, Монгол төрийн дархлаа, манай ард түмний эв нэгдэлтэй салшгүй холбоотой эрхэм зүйл байдаг.
-Тиймээс төр, ард түмнийг хагалган бутаргаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах гэсэн улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн гүжир гүтгэлэг, гэмт үйлдлийг таслан зогсоож, Монгол төрийн дархлааг хамгаалахын тулд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй албан тушаалаас өөрийн хүсэлтээр ийнхүү чөлөөлөгдөж байна.
-Манай ард түмэн төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, “Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрийн сүлдэндээ сүслэн залбирч, амь нас, ажил үйлсээ даатган сүүнийхээ дээжийг өргөдөг түүхэн сайхан уламжлалтай билээ. Худал хуурмаг, гүжир гүтгэлэг хэт даамжирвал төрд итгэх түмэн олны итгэл суларч, гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүнд сэвтэх аюултай. Тиймээс улс төрийн тохиролцоо хийж, хуулийн хариуцлага, ял шийтгэлээс зугтах гэсэн атгаг санаа, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бузар санаархалд миний бие цэг тавихаар энэхүү эрс шийдвэрийг гаргаж байна.
-Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй. Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдэд ял завшуулж болохгүй. Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож чадах, үнэн мөнөө дэнслүүлж чадах эр зориг байх учиртай.Энэхүү шийдвэр цаашид Монголын улс төрд ёс суртахууны жишиг болж, залуу үе, төрийн түшээдэд ёс зүйн манлайлал үзүүлж чадна гэдэгт би итгэж байна.
-Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай. Өнгөрсөн хугацаанд хулгайд алдагдсан байгалийн баялаг, үйлдвэр, аж ахуйн газруудаа төр, ард түмэндээ эргүүлэн авчрахын тулд миний бие Баялагтаа эзэн Монголын төлөө тууштай тэмцэж ирлээ. Үүний үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Бор-Өндөр”, “Багануурын уурхай”, “Асгат”, “Салхит”-ын мөнгөний ордууд, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён Уул” зэрэг орд газруудаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авч, хууль бусаар олгогдсон 938 лицензийг цуцлан, 33 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан билээ.
-Ингэснээр “Үндэсний баялгийн сан” бий болох эх үндэс тавигдан, байгалийн баялгийнхаа үр өгөөжийг ард иргэд хүртэх эрх зүйн орчин бүрдэж, улмаар олон жил хүлээсэн Оюу толгойн ноогдол ашгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бий болоод байна.
-Энэ дашрамд хэлэхэд, ард түмний баялаг болсон Оюу толгойн анхны ноогдол ашгийг иргэн бүрийнхээ дансанд ижил тэгш хүртээж, баялагтаа эзэн байх Төрийн тэргүүний байр суурийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд дахин сануулж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч өглөө босохдоо санаж, орой унтахдаа боддог гурван чухал үнэт зүйл байдаг. Энэ бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, манай ард түмний эв нэгдэл юм.Эрхэм төрийн түшээд Та бүхэн ч бас төрийн үйл хэргийг шийдэхдээ энэхүү гурван үнэт зүйлийг цаг ямагт санаж, эрхэмлэн дээдэлж, чандлан баримталж, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж яваарай.
-Мөн Монголын ард түмний түүхэн сонголт, Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан төр засаг, парламент ёсоо улам бэхжүүлэх нь төр засаг, улс төрийн нам, эвслийн эрхэм үүрэг, манай ард түмний үнэт зүйл байх учиртай. Монгол төрийн эрхэм түшээд та бүхэн улс, үндэснийхээ язгуур эрх ашгийг дээдлэн сахиж, эзэн Чингис хааны билиг сургаалыг даган мөрдөж, ард түмнийхээ эв нэгдлийг сахин бататгаж, эе эвээ хичээн, эх орныхоо хөгжил дэвшил, улс монголынхоо ирээдүйн сайн сайхны төлөө хичээн зүтгэх ёстой гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 220 (7962)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn