Б.НАНДИН
Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа, мэдээний шинэ формат болон сэтгүүл зүйд хиймэл оюун ухаан ашиглах талаар хэлэлцлээ.Энэ сарын 19-нд болсон хоёр улсын сэтгүүлчдийн форумын хүрээнд гурван хэлэлцүүлэг өрнөсөн.
Эхний хэлэлцүүлгээр хэвлэл мэдээллийн шинэ формат, редакц хоорондын хамтын ажиллагаа, болон Монголын өнцөг, байр суурийг хэрхэн тусгах талаар ярилцсан бол хоёр дахь хэлэлцүүлэг дэлхийн үйл явдлыг орон нутгийн үзэгч, уншигчдад ойлгомжтой хэлээр хүргэхэд чиглэжээ. Харин сүүлийн хэлэлцүүлгээр редакцууд соёлын онцлогийг хадгалсан мэдээ бэлтгэхдээ алгоритм, хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар санал солилцов.
Мөн редакцын ажилд хиймэл оюун ухаан ашиглах, дэлхийн үйл явдлыг өөрийн редакцын өнгө төрхөөр хүргэх сэдвээр мэргэжлийн сургалт зохион байгууллаа. Хөтөлбөрт «Спутник», RT International, РИА Новости, «Российская газета», Оросын бүс нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, Монголын телевиз, радио болон МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчид оролцжээ.
Форумын нээлтэд зориулсан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг тус яамны хэвлэлийн төлөөлөгч П.Нямдаваа форумд танилцуулсан юм. Сайд мэндчилгээндээ Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож буй энэ цаг үед хамтарсан форум болж байгааг онцолсон. Тэрбээр хэвлэл мэдээлэл олон улсын харилцааны чухал хэсэг бөгөөд харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, соёл, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэсэн байна. Мөн форум сэтгүүлчдэд туршлага солилцож, хамтын ажиллагааны шинэ чиглэл эрэлхийлэх боломж олгож байгааг дурджээ.
Форумыг ОХУ-ын Цахим хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн яам болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулсан бөгөөд хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Хаалтын үеэр хэлэлцүүлгүүдийн үр дүнг нэгтгэн, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ.