К.АНУ
Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-Пиотровска 2026 оны 10 дугаар сарын 30-нд шүүхийн дарга Богдан Свенчковски, орлогч Бартоломей Соханьски нарын эрхийг нэг сараар түдгэлзүүлж, шүүхийн удирдлагыг өөртөө авснаа мэдэгдсэнээр олон жилийн маргаан улс төрийн хямрал болон гүнзгийрлээ. Ерөнхийлөгч Кароль Навроцки үүнийг "хүчээр булаан авсан" хэмээн нэрлэсэн бол Ерөнхий сайд Доналд Туск "хууль дээдлэх ёсыг сэргээх алхам" гэж үзэж байна.
Үйл явдлын өрнөл
10.30-ны баасан: Түдгэлзүүлэх тогтоол шүүхийн цахим хуудсанд гарч, цагдаа нар барилгыг хамгаалалтад авчээ. Түдгэлзүүлсэн үндэслэлд Свенчковски, Соханьски нар Сеймээс сонгогдсон шүүгчдийг ерөнхий чуулганд оролцуулахаас татгалзсныг дурдсан. Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор Вальдемар Журек тэдний халдашгүй байдлыг цуцлах таван хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ. Барилгын гадаа жагсагчид цугларч, цагдаатай мөргөлдөж, гурван хүн хашаа давсан гэж цагдаагаас мэдээлсэн байна.
10.31-ний шөнө: Сенегалд айлчлал хийхээр явсан Ерөнхийлөгч Навроцкий онгоцоо буцааж, шүүхэд өөрөө очив. Тэр шөнийн 1 цагийн орчимд ирж, 5 цагийн хүртэл тэнд байжээ. Корвин-Пиотровска "Бид Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид" гэхэд Навроцки "Та нар шүүгч биш" гэж хариулсан нь бичлэгт үлдсэн байна.
10.31-ний Бямба: Тус улсын Ерөнхийлөгч Навроцкий "Дотоод аюулгүй байдалд заналхийлж байна" гэж яаралтай зөвлөлдөөн хийсэн. Үүнд үндсэрхэг, баруун үзэлтэн болон Засгийн газрын эвслийн зарим нам оролцсон. Харин Ерөнхий сайд Тускийн “Иргэний эвсэл”-ээс төлөөлөл очоогүй байна. Мөн Польшийн Хятад, Румын дахь элчин сайд нар огцрохоо зарлажээ. Ерөнхий сайд Туск бямба гарагийн оройн үгэндээ консерватив сөрөг хүчний удирдагчдыг ардчилал, хууль дээдлэх ёсыг устгахыг оролдож байна гэж буруутгаж, Свенчковскийг огцруулсан нь "зовлонтой боловч" зайлшгүй шийдвэр гэсэн байна.
Олон жилийн маргаан гэдгийн учир
Маргаан 2015 онд "Хууль ба шударга ёс" нам (PiS) өөрийн шүүгчдийг томилсноос эхэлжээ. 2023 оноос Дональд Тускийн эвсэл шүүхийн шинэчлэл хийхээр оролдсон боловч Ерөнхийлөгч болон шүүхийн удирдлагын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан байна. Эвсэл PiS-ийн үед томилогдсон шүүгчидтэй шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, харин Ерөнхийлөгч Сеймээс сонгогдсон шинэ шүүгчдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн нөхцөл байдал үүсчээ.
Тус улсын Үндсэн хуульд шүүгч Ерөнхийлөгчийн өмнө тангараг өргөхөөр заасан ч, энэ нь зөвхөн ёс төдий үү, эсвэл Ерөнхийлөгч татгалзаж болох уу гэдгийг тодорхой заагаагүй байна. Харин Корвин-Пиотровска шүүх бараг ажиллахгүй байгаа тул нэг мянга гаруй хэрэг шийдэгдээгүй, зарим нь 12 жил хүлээж байна гэж мэдэгдсэн байна.
Хууль зүйн маргаан
Анна Корвин-Пиотровска түдгэлзүүлэх тухай тогтоол гаргахдаа тус улсын Шүүхийн ерөнхий тогтолцооны тухай хуулийн 130 дугаар зүйлийг үндэслэсэн байна. Энэ зүйл тодорхой тохиолдолд шүүгчийг дээд тал нь нэг сараар түдгэлзүүлэх боломж олгодог байна. Гэвч Rzeczpospolita-ийн мэдээлснээр хуульчид үүнийг Үндсэн хуулийн шүүхийн даргад хэрэглэж болох эсэх талаар санал нэгдэхгүй байгаа аж. Нөгөө талаас, Свенчковски ч, Навроцки ч Корвин-Пиотровскаг шүүгч гэж хүлээн зөвшөөрдөггүй гэсэн гурвалжилсан бие биеэ үл хүлээн зөвшөөрсөн хууль зүйн маргаан одоо бий болчихоод байгаа юм.
Ямар үр дагавартай вэ
Хямрал шүүхээс хэтэрч, Польшийн дипломат албан хаагчид огцроход хүрсэн нь улс төрийн шинж чанартай болсныг харуулж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
11 дүгээр сарын 3 буюу мягмар гарагт Анна Корвин-Пиотровскагийн зарласан Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн ерөнхий чуулган болно. Энд бас шүүхийн 2027 оны төсвийг батлах нь хэлэлцэх чухал асуудлын нэг юм.
Одоогоор хоёр тал үйл явдлын талаар огт өөр тайлбар хийж байна. Долоон шүүгчийн зарласан уулзалт шинэ шийдвэр гаргахад хүргэж болзошгүй ч, сүүлийн жилүүдийн хамгийн ноцтой Үндсэн хуулийн хямралын нэгийг дуусгавар болгох магадлал багатай гэж Euronews мэдээлсэн байна.
11 дүгээр сарын 3-ны чуулган, Прокурорын хүсэлтүүдийн дараагийн шийдвэр, Ерөнхийлөгч Навроцкий болон Ерөнхий сайд Тускийн хэлэлцээ хямралын дараагийн шатыг тодорхойлно.
Эх сурвалж: Euronews, Reuters, Kоммерсанть