УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 00 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцсэн. УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарын 9 гишүүнээс 2026 оны 7 дугаар сарын 22-нд өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Хууль санаачлагчийн илтгэлийг П.Наранбаяр танилцуулав.
Тэрээр цахим орчинд хүүхдийн хувийн мэдээлэл, дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй ашиглах, хүүхдийг зохисгүй харилцаанд татан оролцуулах эрсдэл нэмэгдсээр байгаа нь төсөл боловсруулах үндэслэл болсныг дурдав. Зөвхөн хориг, хязгаарлалт тогтоох бус хүүхдийн эрх, эцэг эхийн үүрэг, нийгмийн сүлжээ болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлага, төрийн үүргийг тодорхой болгосон цогц зохицуулалт хэрэгтэй гэж үзсэн байна.
Төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:
-13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэх, хэрэглэхийг хориглох
-13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээ, аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотойгоор ашиглуулах
-Эцэг эхийн хяналт тавих боломж бүрдүүлэх, хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах
-Хориотой болон хүүхдэд хортой агуулгаас сэргийлэх технологийн хамгаалалтыг тус тус тусгасан байна.
Монгол Улсад оршин суугаа хүүхэд харьяаллаас үл хамааран хамрагдана. Нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч, төрийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллага хуулийн үйлчлэлд хамрагдахыг санаачлагч дурдав. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт өнөөдөр буюу аравдугаар сарын 30-нд болох юм.
Эх сурвалж: polit.mn